"Meters/Bonwe" нь олон улс дахь 4500 гаруй салбар дэлгүүрээрээ дамжуулан шинэ үеийн залууст өөрийн гэсэн дүр төрхөө бүрдүүлэх боломжийг олгож буй, Азийн бэлэн хувцасны зах зээлийн томоохон брэндүүдийн нэг юм. Шанхай хотод төвтэй, 26 жилийн түүхтэй уг брэндийн Монгол дахь төв салбар өнгөрөгч долоо хоногт албан ёсоор нээгдсэнийг тохиолдуулан бид өнөөдрийн дугаартаа "Meters/Bonwe Mongolia"-г онцолж байна.

Нэр: Meters/Bonwe Mongolia
Хаяг: 13 дугаар хорооллоос Зүүн 4 зам өгсөх замд, Намъянжүгийн гудамж, "Central Mall"-ийн хоёрдугаар давхар (Төв салбар); Улаанбаатар их дэлгүүрийн III давхар (Салбар-2)
Чиглэл: Франчайзинг, худалдаа, үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Л.Бат-Оргил, Д.Батцэнгэл, Д.Яруу
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Холбоосууд: @meters.mongolia (Инстаграм), Meters Mongolia (Фэйсбүүк)


Хамтран үүсгэн байгуулагч Л.Бат-Оргил

сэдэл

"Балт Плас" нь 2018 онд олон улсын нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүн, фрайнчайз бизнесүүдийн албан ёсны эрхийг авч, дотоодын хэрэглэгчдэд стандартын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор гурвуул үүсгэн байгуулсан компани юм. Бэлэн хувцас, түргэн хоол гэсэн хоёр зах зээлд төвлөрөн судалгаагаа хийсний дотроос залуусын хувцасны "Meters/Bonwe" брэнд бидний анхаарлыг татсан юм. Оюутан насаа Азийн орнуудаар сурч, аялж өнгөрүүлсний хувьд Азид алдартай уг брэндийг 10 гаруй жил хэрэглэж заншсан, чанарыг нь хэдийнээс мэддэг байсан нь үүнд нөлөөлсөн байх.

Бидний хийсэн судалгаа Монголын 15-30 насны залууст зориулсан, дэлхийн чиг хандлагатай зэрэгцэн явдаг брэнд хувцасны дэлгүүр дутагдалтай байгааг харуулж байлаа. Тиймээс ч бид эргэлзэж, алгуурлалгүйгээр "Meters/Bonwe" брэндтэй бизнес уулзалтууд хийж, 2019 оны тавдугаар сард албан ёсны франчайз эрхээ амжилттайгаар авч, арванхоёрдугаар сард нийслэл хот дахь эхний салбараа Улаанбаатар их дэлгүүрт нээж, жил гаруй хугацаанд брэндээ зах зээлд нутагшуулахад шаардлагатай туршилтуудыг хийсэн. Бидний гурван жил гаруйн хугацаанд үргэлжилсэн судалгаа өндөрлөж, өнгөрөгч долоо хоногт брэндийнхээ төв салбарын нээлтийг "Central Mall"-д хийлээ.

ялгарал

Зах зээлийн үнэлгээ, брэндийн нэр хүндээрээ өндөрт эрэмбэлэгддэг "Meters/Bonwe" брэндийн франчайз эрхийг авсан 10 дахь улс нь Монгол юм. Уг брэндийн онцлог, ялгарлыг цөөн үгэнд багтаавал чанар, загвар, үнэ гэж болно.

Дэлхийн алдарт "Uniqlo" брэндтэй чанарын хувьд өрсөлдөхүйц хэр нь хэрэглэгчдэд харьцангуй боломжийн үнэ санал болгодог нь тэдний үйлдвэрлэл, удирдлагын баг нэг улсад төвлөрсөн байдагтай холбоотой. Учир нь Zara, H&M зэрэг томоохон компаниуд загвараа өөрсдөө гаргаад үйлдвэрлэлээ өөр улс оронд, ихэвчлэн Зүүн Өмнөд Азид хийлгүүлдэг нь нэгж бүтээгдэхүүний өртөг зардлыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна "Meters/Bonwe" франчайз дэлгүүрүүддээ нэг үнийн бодлого баримталдгийг онцлууштай. Манай дэлгүүр дэлхийн бусад улс оронд байрлах "Meters/Bonwe"-гийн салбаруудтай адил үнэтэй гэсэн үг.

Чанартай материалтай учир эдэлгээ даах тал дээр бусад брэндээс давуу. "Meters/Bonwe" жилд 12 мянган шинэ загварыг шинээр танилцуулдгаас бид ажил хэргийн, чөлөөт, өдөр тутмын зэрэг дөрвөн ангиллын 7000 гаруй загварыг сонгон Монголын хэрэглэгчдэдээ санал болгож буй.

Meters/Bonwe Mongolia-гийн хувьд бид анхнаасаа онлайн худалдаанд анхаарал хандуулж Shoppy, Monpay, Storepay, Pocket зэрэг платформтой хамтран ажиллаж ирсэн. Аз болоход "Meters/Bonwe" нь ази брэнд болохоор ч тэр үү бэлэн хувцасны онлайн худалдаанд голчлон тулгардаг, хэмжээ зөрөх, буцаах асуудал манайд бага тулгардаг шүү. Нөгөөтээгүүр, бид бүтээгдэхүүнийхээ зураг авалтыг хийхдээ аль болох засвар оруулалгүй, буруу хүлээлт төрүүлэхээргүй, бодитоор харуулахыг чухалчилдаг нь нөлөөлдөг болов уу.


Meters/Bonwe Mongolia гэж юу вэ?

Азийн залуусын хувцасны хамгийн том брэнд.

нэр

Meters/Bonwe гэдэг нь "Харилцагч бүрдээ өөрийгөө илэрхийлэхэд нь тусалж, үргэлж загварлаг, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх" гэх утгатай. Франчайзаа аль ч улсад жигд буюу Meters/Bonwe Russia, Meters/Bonwe Indonesia, Meters/Bonwe Mongolia гэхчлэн нэрлэдэг.

одоо

Монголчууд бидний хувцаслалтын чиг хандлага хар бараан өнгөнд түлхүү төвлөрдөг. Хүйтний улиралд бол бүр ч илэрхий харагддаг гээч. Бид энэ хандлагыг өөрчлөхөд, ялангуяа зорилтот зах зээл болох 15-30 насныханд өөр байж болно гэдгийг харуулах, уриалах ажилд анхнаасаа л анхаарч ирсэн.

Мөн саяхан төв салбарынхаа нээлтийг хийсэн учраас хэрэглэгчдээ идэвхжүүлэх, үйл ажиллагаагаа тогтворжуулахад төвлөрч ажиллаж байна. Түүнчлэн ирэх сард багтаагаад вэбсайтаа нээхээр төлөвлөсөн. Вэбсайтдаа бид бүтээгдэхүүнийг буцаах, солих үйлчилгээг оруулж, түүгээр дамжуулж хүргэлтийн системээ илүү боловсронгуй болгох юм. Үйлчлүүлэгчид бөөгнөрч, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөхөөс сэргийлж, Shoppy, Monpay, Storepay, Pocket-ын онлайн дэлгүүрүүд дээрх үйлчилгээгээ өргөжүүлж буй. Энэ дагуу апп тус бүрд долоо долоо хоногоор маркетингийн идэвхжүүлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Эцэст нь, 2021 оны зун, намрын коллекцио танилцуулж эхлээд буйгаа дурдах нь зүй.

баг 

Манай багт бэлэн хувцасны худалдаа, үйлчилгээний чиглэлд 5-10 жил ажиллаж туршлагажсан мэргэжилтнүүд байдаг нь том давуу тал болдог. "Улаанбаатар" их дэлгүүрийн салбар, удирдлагын багаас гадна саяхан нээлтээ хийсэн төв салбар дэлгүүрт 20 орчим хүн ажиллаж буй.

ирээдүй

Бид нийслэлд дөрөв, орон нутагт гурван салбар нээхээр төлөвлөж буй. Нийт долоон салбар төлөвлөснөөс одоогоор хоёрыг нь нээгээд байна гэсэн үг. 2021 оны хоёрдугаар улиралд Эрдэнэт хотод орон нутгийн эхний салбараа, 2022 оны нэгдүгээр улиралд нийслэл дэх гурав дахь салбараа нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Монголд дэлхийн брэндүүдийг оруулж ирэх, зах зээлээ тэлэх, үлгэр жишээ франчайз компани болох зорилгынхоо хүрээнд ирээдүйд илүү сайн, өгөөжтэй бизнесүүдтэй хамтран ажиллахыг хичээсээр, тасралтгүй эрж хайсаар байх болно. Одоо арваад компани, брэндийн судалгааны ажлыг эхлүүлчихсэн яваа бөгөөд 2022 онд франчайз компанийн тоогоо гурваар нэмэгдүүлэхийг зорьж байна.

эрсдэл

Шинэхэн компанийн хувьд цар тахал, түүнтэй холбоотой хөл хорионы асуудлууд яалт ч үгүй эрсдэл хүндрэл дагуулж байна. Бидний хувьд эртнээс төлөвлөж, түүнийгээ яс мөрдөж явсан учир өдийг хүртэлх хугацаанд борлуулалт багассан ч үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ажилтнуудынхаа цалинг алгасалгүй тавьж чадсан.

Нөгөө талаас дотоодын бэлэн хувцасны салбар маань ид шилжилтийн үе дээрээ явж буй. Өнөөг хүртэлх манай бэлэн хувцасны зах зээлийг хувиараа ажиллаж буй худалдаачид, хөдөлмөр эрхлэгчид нуруун дээрээ үүрч ирсэн. Олон нийт саяхнаас л албан ёсны дэлгүүр, франчайз бизнесийн ач холбогдол, түүний онцлогийг ойлгож эхэлж байна шүү дээ. Энэ байдлаараа 10 жилийн дараа гэхэд гаднын томоохон брэндүүд Монголд орж ирж, хэрэглэгчид аливаа бүтээгдэхүүнийг албан ёсны газраас авахыг эрхэмлэдэг болно. Тиймээс бид уг өөрчлөлт шилжилтийн нэг хэсэг, зарим талаар түүчээлэгч, нөлөөлөгч байхыг хүсэж байна. Олон нийтэд шинэ соёл, шинэ хандлагыг таниулах нь өөрөө том сорилт.