Дэлхий нийтээр шинэ эгэлд дасан зохицон зайнаас ажиллаж, амьдрах арга барилд суралцаж буй өнөө үед өөрөө л хүсэж, зорьж чадвал ажиллаж, хөгжих боломж дүүрэн болсон. Өнөөдрийн танилцуулах "Momade" агентлаг нь гэртээ хүүхдээ харж буй ээжүүд, хүндэтгэх шалтгааны улмаас зайнаас ажиллах шаардлагатай болсон хэн бүхэнд карьераа тасралтгүй үргэлжлүүлэх, орлогын сувгаа нэмэгдүүлэхэд нь тусалж чадах виртуал туслахын үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж, богино хугацаанд байнгын харилцагчдын хүрээг бий болгож чадсан юм. Хэрвээ та гэрээс ажиллах, виртуал хамт олонтой болохоор судалж байгаа бол уг нийтлэлд анхаарлаа хандуулаарай. 

Нэр: Momade
Хаяг: Виртуал орчин
Чиглэл: Виртуал туслахын агентлаг
Үүсгэн байгуулагч: Л.Бадамцэцэг, Д.Бат-Октябрь, Г.Энхболор, О.Чанцалдулам
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны наймдугаар сар
Холбоос: momade.org (Вэб), Momade (Фэйсбүүк), @momademongolia (Инстаграм), Momade (Фэйсбүүк нэгдэл)

Үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг

сэдэл

Бүсгүйчүүд бид хэчнээн амбицтай, ажлын байран дээрээ тасралтгүй ажиллаж, өсөн дэвших хүсэлтэй байлаа ч, байгалийн жамаар үр хүүхдээ төрүүлж, өсгөхийн тулд карьерын завсарлага авахаас өөр аргагүйд хүрдэг. Миний хувьд дөрвөн хүүхэдтэй, айл гэрийн эзэгтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлээ төвхнүүлэхээс гадна өөрийн хүсэл тэмүүлэл, оролдлого идэвхээрээ есөн ч гарааны болон жижиг дунд бизнес эхлүүлж, долоог нь дампууруулж үзсэн нэгэн. Энэ хугацаанд надад хамгийн их тулгамддаг байсан асуудал нь хүний нөөц, итгэлтэй найдвартай ажиллах хүч болон ээж, эзэгтэй хүний амьдралын хэмнэлд тохирсон ажлын соёл, цагийн хуваарь байв.

2020 оны эхээр бага хүүхдээ тээж байхтай зэрэгцэн дэлхий даяар цар тахал дэгдэж, бүх нийтээрээ хөл хоригдсон нь олон улс дахь виртуал ажилчдын эрэлтийг нэмэгдүүлж өгсөн юм. Миний хувьд энэ үеэр нэгэн Америк хүнд онлайнаар ажил гүйцэтгэж өгч, эерэг сэтгэгдэл авсан нь өөрт тулгардаг дээрх асуудлуудаа нэгдор шийдэж чадахуйц виртуал туслахын агентлаг байгуулж болох юм байна гэх бодлыг төрүүлсэн. Ингээд виртуалаар ажиллахад сургаж, чиглүүлэх онлайн сургалтыг долоон сарын турш гэрээсээ уйгагүй зохион байгуулж, нийт 2200 хүнийг хамруулсны дараа, эцсийн шатанд 250 орчим ажилтан буюу ээжүүдийг шалгаруулж, 2020 оны наймдугаар сард албан ёоор нээлтээ хийсэн.

ялгарал

"Momade" агентлаг одоогоор бизнес төлөвлөлт-хөгжүүлэлт, маркетинг менежмент, контент үйлдвэрлэл-дижитал шийдэл, гадаад харилцаа-орчуулга, санхүү-эдийн засаг гэсэн үндсэн таван чиглэлд мэргэшсэн 150 гаруй виртуал ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бүгд л салбартаа мэргэшиж туршлагажсан чадварлаг мэргэжилтнүүд. Гагцхүү хүүхдээ харах, хүн асрах гэх мэт гэртээ зайлшгүй байх ямар нэг онцгой шаардлагатай учраас л илүү уян хатан цагаар, зайнаас ажилладаг онцлогтой. Иймд, бид "Нэг хүний цалингаар бүтэн баг ажиллуул" консептыг боловсруулан, харилцагчдадаа санал болгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бид тухайн ажлыг хийхээр бэлтгэгдсэн хэд хэдэн ажилтныг нэг баг болгон, нэгийгээ завгүйд нөгөө нь нөхөх, орлох зарчмаар ажилладаг. Ингэснээр гэрээс ажиллаж буй тухайн ээж хамт олонтой болж, өөрийн цаг завт тохирсон ажлаа гэрээсээ хийж, орлогоо нэмэгдүүлж чадах бол захиалагч тал шаардлагатай ажлын байран дээрээ тохирох ажилтнаа хурдтай, найдвартай олж чадна. Одоогоор бид нийт 230 гаруй харилцагчтай болсноос 40 орчим хувь нь ААН, компани байгаа бол үлдсэн 60 орчим хувь нь хувь хүн, хувиараа бизнес эрхлэгчид байна.

Бид ажилтнуудаа ажилд зуучлахаас өмнө хоёр төрлийн сонгон шалгаруулалтад оруулдаг. Хэрвээ тухайн хүний ажлын ур чадвар болон виртуалаар ажиллах чадвар нь хангалттай сайн бол шууд сонгон шалгаруулалтаар оруулж ажилд зуучилдаг. Харин мэргэжлийн ур чадвар сайтай ч виртуалаар ажиллах туршлагагүй тохиолдолд бидний зүгээс хоёр удаагийн сургалтад хамруулж, онлайн ажлын онцлог, ёс зүйг танилцуулан, дараагаар нь программ угсрах, вэб хөгжүүлэлтийн ойлголт өгнө. Энэ нь хийж буй ажлаа уг үндсээр нь ойлгож, цэгцтэй зөв төлөвлөлттэй ажиллахад тусалдаг. Бүх ажилтнууд маань анхан шатны вэб хөгжүүлчихнэ шүү.



Momade гэж юу вэ?

Виртуалд ажилладаг ээжүүдийн нэгдэл. Одоогоор манайд Америк, Япон, Солонгос, Австрали, Герман, Чех улс болон Монгол орны 16 аймгаас гэрээс ажиллах боломжтой ээж, аавууд нэгдэн, ажилд тогтмол зуучлуулж байна. Бид эцэг эхчүүдийн хүүхдээ асрахын тулд гэртээ өнгөрүүлдэг тэр хугацааг өөрийгөө хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, дотоод нөөц бололцоогоо шинээр нээн илрүүлэх боломж болгон хувиргахад нь тусалж, тэдний үнэнч хамтрагч, дэмжигч гүүр нь байх болно.

нэр

Анх тодорхой, ойлгомжтой байлгах үүднээс зүгээр л "Виртуал туслахын агентлаг" гэх ерөнхий нэрээр явж байлаа. Тодорхой хугацаанд, зах зээлд үйлчилгээгээ ойлгуулсны дараа хамтран үүсгэн байгуулагчдынхаа саналаар рэбрэндинг хийж, олон нэрийн хувилбараас "Momade" нэрийг сонгосон. Уг нэр гурван утгыг агуулж буй.

1. Mom made: Ээжүүд хийж бүтээж байна.
2. Mom aid: Ээжүүдийн тусламжийг хүргэнэ.
3. Nomad: Дуудлага, сонсогдоцоороо "нүүдэлчин" хэмээх монгол агууламжийг илэрхийлж, олон улсын зах зээлд гарахад брэндингийн давуу тал болно.

одоо

Одоогоор бид аппын албан ёсны нээлтээ арваннэгдүгээр сарын 11-нд танилцуулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр бета хувилбараа гаргаад, туршилтын ажлууддаа орж эхэлсэн. Мөн саяхан "M-Stars Hub"-аас явуулсан гарааны бизнесийн хөтөлбөрт амжилттай оролцож, 180 байгууллагаас шилдэг 12-т шалгаран, таван сарын хугацаанд үргэлжлэх хурдасгуур хөтөлбөрт хамрагдах эрх аваад байна. Ойрын хугацаанд уг хөтөлбөртөө үр дүнтэй оролцож, төгсөх чухал ажилтай байгаа.

Түүнчлэн сургалтын хөтөлбөрөө улам төгөлдөржүүлж "Momade academy" болгон өргөжүүлэх төлөвлөгөөтэй. Тусдаа сургалтын агентлаг хөгжүүлэх гэж байгаа учир нь ээжүүдийн сурах арга барил өөр байдагтай холбоотой. Ээжүүд маш их ахуйн ажилтайгаас гадна, гэр бүлийн гишүүн бүрийн асуудалд оролцож, анхаарлаа хуваарилдагийн улмаас болохоор аливааг илүү удаан, тод хэлбэрээр тайлбарлуулж байж хүлээж авдаг юм. Бид яг уг онцлог, ялгааг шингээж сургалтын хөтөлбөрөө бэлтгэдэг.



баг

Одоогоор үндсэн менежментийн баг найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Багийнхан маань бас л бүгд ээжүүд. Бид ээжүүдийн жинхэнэ хүч, үнэ цэнийг нийгэмд ойлгуулж, таниулахын тулд ажилладаг учраас хэнийг ямар нөхцөлд байгаагаас үл шалтгаалан үргэлж дэмжиж, хөгжүүлэхийг хичээдэг. Жишээ нь, манай үйл ажиллагаа хариуцсан захирал таван хүүхэдтэй, агентлаг хариуцсан захирал маань тушаал дэвшсэн өдрөө бага хүүхдээ өлгийдөн авсан, санхүү хариуцсан захирал маань хийж байгаа ажил, хамт олныхоо дэмжлэгт урамшин дахин төрөхөөр шийдсэн гэх мэт. Түүнээс гадна академийн бүх ажилд багийн үндсэн гишүүдээс гадна ээжүүд маань хамтран оролцож, хөгжүүлэлтийн ажилд тусалдаг болохоор ажилтныхаа тоог хэлэхэд нэлээд төвөгтэй.

Ер нь манай компанийн систем өөрөө маш онцлогтой. Юун түрүүнд байгууллагаараа бүрэн цуглах боломжгүй дэлхийн өнцөг булан бүрээс ажилладаг. Цаашлаад дотооддоо судалгаа хийж үзэхэд нийт ажилтнуудын маань 70 хувь нь тодорхой хугацааг гэртээ өнгөрүүлж, нийгмийн харилцаанд бага орж байсантай холбогдуулан сэтгэл гутралтай хэмээн оношлогдсоноос 20 хувь гүн хэлбэрийн сэтгэл гутралтай байсан юм. Иймд бид хурал хийхдээ ч бусдаас өөр соёлоор ажилладаг. Ажил ярихаас урьтаж ажилтан бүрийнхээ амьдралыг асууж, сэтгэл санааг нь дэмжиж, шаардлагатай тохиолдолд ярих бүхнийг нь анхааралтай сонсож, шинэ мэдсэн сурсанаа хуваалцаж явдаг. Тиймдээ ч манайх жирийн компани шиг маркетинг, санхүү гэх алба нэгжид хуваагдалгүй, аравт бүхий багийн системд орж ажилладаг юм. Одоогоор дотроо 12 багтай. Баг бүрийн ахлагч багийнхныхаа сэтгэл зүй, хэрэгцээ, шаардлага бүхнийг мэддэг байх, түүний төлөө арга хэмжээ авдаг байх үүрэгтэй. Нэлээд мэдрэмж, тэвчээр, нарийн уялдаа холбоо шаардсан ажил шүү.

ирээдүй

Бид 2022 ондоо аппынхаа олон улсад гарах бета хувилбарыг ашиглалтад оруулж, 2023 онд багтаан гаднын зах зээлд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Ялангуяа хамтран үүсгэн байгуулагчид маань энэ чиглэлд ихээхэн анхаарлаа хандуулж, түлхүү төвлөрөн ажилладаг. Тэд багт маань нэгдэхээсээ өмнө анхлаад хэрэглэгчийн үүднээс манай үйлчилгээг авч үзэж байсан юм. Улмаар ээжүүдийн хариуцлагатай, найдвартай байдлыг биеэр мэдрэн, ажлын явцад өөрт нь тавьж байсан анхаарал халамжаас бизнесийн маань үнэ цэн, ялгарлыг бүрэн ойлгож, улмаар багт маань нэгдсэн.

Компаниуд тодорхой ажлын байрууд дээрээ аутсорсинг хэлбэрээр зайнаас ажиллах ажилтан авах нь байдаг л зүйл болсон хэдий ч яг манайх шиг гэртээ суугаа ээжүүдийг нэг системд оруулж, баг болгон, бүхэл алба хэлтсийн ажлыг нэг хүнээс хамаарах хамаарал багатайгаар, аутсорсинг байдлаар хийдэг загвар арайхан гарч ирээгүй л байна. Энэ нь биднийг ирээдүйд монгол ээжүүдийн хөдөлмөрийг дэлхийн зах зээлд экспортлох, улс үндэстэн бүрийн чадварлаг хүчирхэг ээжүүдийг нэгтгэн, тэдний үнэлэмжийг нэмэгдүүлэх том зорилгоруу хөтөлж байгаа юм. Ирээдүйд HRtech, edtech салбарт мэргэшин ажиллах болно.

эрсдэл

Ямар ч ажилд эхлээд хийж буй зүйлээ ойлгох, мэдрэх шаардлага өндөр байдаг. Ялангуяа зайнаас ажиллах тохиолдолд. Анх биднийг үйл ажиллагаагаа эхлүүлж байхад захиалагчид үүнийг тооцоололгүй, гэрээ хиймэгц л бид ажлыг нь шууд хийгээд эхлэх юм шигээр ойлгодог байсан нь нэлээд ойлголтын зөрүү үүсгэдэг байсан шүү. Одоо бол урьдчилан маш сайн анхааруулж хэлдэг болсон. Бид танай байгууллагыг, та бүхний хийж буй ажлыг, түүний онцлогийг ойлготол нэг сар зарцуулна шүү гэдгээ. Нэг үйлчилгээ аваад үзсэн байгууллага цаашид урт хугацаанд хамтрах сонирхолтой болдог ч яг энэ танилцах эхний үе дээр буруу ойлгоод, гарах хүмүүс байдаг нь бидний хувьд том сорилт байдаг.

Түүнээс биш ажилтнуудын зүгээс санаа зовох зүйл харьцангуй багатай. Ээжүүд олон хүүхэдтэй болох тусмаа ачаалал даах чадвар маш сайтай, хариуцлагатай, цаг барилт нь өндөр түвшинд болж хөгждөг. Тэгээд бие биеэ нөхөөд ирэхээр бүр ч хүчирхэг гээч.