Урлагийн бүтээлийг ширтэн зогсоход тархинд дурласан үеийнхтэй ижил хэмжээний таатай мэдрэмж төрдөг гэдэг. Урлаг буй газар л илүү хүнлэг, өнгөлөг, дулаан нийгэм цогцолдог. Тиймдээ ч эртнээс нааш тухайн цаг үеийнхээ өндөр хөгжилтэйд тооцогдож ирсэн улс орнууд бүгд л урлаг соёлдоо гойд анхаардаг байсан нь цаг үе бүхэнд түүхийн хуудаснаа тодоор тэмдэглэн үлдсэн жишээ олон бий. Тэгвэл бид соёл урлаг тэр дундаа дүрслэх урлагийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран мэдэрч, ойлгож, хүртэж чадахаар болжээ. Өнөөдрийн танилцуулах "Монарти" бол уг боломжийг олгогч нь юм. Тэд юу хийдэг гээч?

Нэр: Monarty
Хаяг: Сансарын Имартын хойно, "Seoul Business Center"-ийн гуравдугаар давхарт
Чиглэл: Технологи, дүрслэх урлагийн виртуал артланд
Үүсгэн байгуулагч: Д.Оюунцэцэг
Үүсгэн байгуулагдсан: 2021 оны аравдугаар сарын 1
Холбоос: monarty.mn (Вэб), Monarty (Фэйсбүүк), monarty.mn (Инстаграм) monarty.mn@gmail.com (имэйл)


Үүсгэн байгуулагч Д.Оюунцэцэг

сэдэл

Миний бие дүрслэх урлагийн салбарт сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа галлерейст, арт терапист мэргэжилтэй хүн. Ажлын гараагаа "Монголын уран зургийн галлерей"-н урлагийн боловсролын төвийн мэргэжилтнээр эхлүүлж, улмаар 2014 онд олон нийтэд урлагийн боловсрол түгээх зорилгоор "Гламур" арт галлерейг байгуулснаас гадна салбарынхаа мастер болон залуу уран бүтээлчдийн олон төрлийн үзэсгэлэн, сургалтуудыг зохион байгуулж байлаа.

Дотоодын дүрслэх урлагийн салбарт тулгардаг гол асуудал нь уран бүтээлчдийн талаас өөрсдийгөө олон нийтэд таниулах, бүтээлээ борлуулах, олон улсад гарахад оновчтой менежмент, бодлогогүйд байдаг. Харин олон нийтийн талаас соёл урлагийн тухай мэдлэг, мэдээлэл, үйлчилгээг хаанаас, хэрхэн хангалттай авахаа сайн мэддэггүй байх жишээтэй. Гэтэл дэлхийн чиг хандлага хэдийн урлагийг технологитой хослуулан, түүнийг олон нийтэд энгийн атлаа хялбар аргаар хүргэдэг болоод байна шүү дээ. Урлагийн боловсролыг хүртээмжтэйгээр олгох олон бүтээлч жишээг соёл урлагаар тэргүүлэгч улс орнуудаас бэлхнээ харж болно. Иймд бид технологи ашиглан Монголын дүрслэх урлагийн салбарыг дараагийн түвшинд гаргахаар дотооддоо анхны виртуал арт ланд Монартиг бүтээхээр зорьсон.

ялгарал

"Монарти" бол цаг хугацаа, орон зайнаас үл хамааран урлагийн боловсролыг энгийн, хялбараар хүртэх боломжийг олгож буй виртуал орчинд орших "Монголын анхны виртуал арт ланд" юм. Энд зөвхөн Монгол уран бүтээлчдийн оюунаас төрөн гарсан бүтээлүүд байрших болно. Нийт 60 га талбайг эзлэх арт ланд маань зургаан давхар “М” ордон, урлагийн боловсролын төв, бүтээлийн сан хөмрөг, шилэн галлерей, алдрын танхим, арт терапи танхим, эвент халл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Мөн уран бүтээлч, бүтээл цуглуулагч, галерей, урлагийн сургуулиадад зориулсан бодит хэмжээсийн дагуу хийгдсэн, хувьдаа хүссэн хугацаагаараа эзэмших боломжтой 40 гаруй тусдаа галлерейг байршуулаад байна.

Энд уран бүтээлчдээс эхлээд цуглуулагчид, соёл урлагийн байгууллага болох галерей, урлагийн сургуулиуд ч үзэсгэлэн гаргаж, хүсвэл бүтээлүүдээ борлуулж болно. Улс орны хил зааггүйгээр хүссэн хүнтэйгээ хамтдаа үзэсгэлэн үзэж, уран бүтээлийн талаар ярилцангаа виртуал орчинд "болзох”, урлагийн боловсрол олгох сургалтад суух төдийгүй урлагийн сэтгэл заслын үйлчилгээ ч авах боломж олгодгоороо онцлог. Мөн хэрэглэгчид монгол уран бүтээлчдийн бүтээсэн хосгүй үнэт бүтээлийн хөдөлгөөнт сангаас урлагийн бүтээлийг биет, хэвлэмэл, захиалгын хэлбэрээр худалдан авах, зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр мерчандайз хийх боломжийг бүрдүүлж өгчээ.



Monarty гэж юу вэ?

"Монарти" бол Монголын дүрслэх урлагийн нэгдсэн арт платформ юм. Уран бүтээлч, урлагт дурслагсдыг орон зайнаас үл хамааран холбох, Монголын дүрслэх урлагийг хил хязгааргүй түгээх зорилгоор бүтээгдсэн дотоодын анхны виртуал арт ланд.

Бид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дүрслэх урлагийг ойлгож мэдрэхэд тань туслахаас гадна уран бүтээлч, үзэгч, цуглуулагчдыг холбох, зөвлөх хамгийн хялбар, нөхөрсөг гүүр байх болно. "Монарти" хэрэглэгчдэдээ нэгдсэн сувгаар урлагт ойртох, мэдээ мэдээллээр тогтмол хангах, урлагийн боловсрол олгох, урлагийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, олон улсад танигдах, бүтээл борлуулахад нь дэмжлэг болох зорилготой.



нэр

"Монарти": Монгол урлаг хэмээх утгатай.

одоо

Одоогийн байдлаар бид www.monarty.mn вэбийнхээ эхний хувилбарыг олон нийтэд хүргээд байна. Манай арт ландад 40 гаруй уран бүтээлчид нэгдэн, 270 гаруй бүтээлээ төв галлерейд байршуулан, олон нийтэд хүргэж байна. Уран бүтээлчдэд энэхүү дижитал шилжилт нь хэдий шинэлэг байгаа ч гэлээ цаг үетэйгээ хөл нийлүүлэн бидэнтэй нэгдсээр байгаад талархууштай. Жишээ нь, ирэх сард гэхэд дөрвөн уран бүтээлчийн виртуал үзэсгэлэн манай арт ландад нээлтээ хийх гэж буй билээ.

Мөн арт ландын маань нээлтийн өдөр бидний олон улсын тавцанд гарах анхны үүд хаалга нээгдэж, ирэх наймдугаар сард Азийн 20 улсын хамтарсан “Азийн Уран Бүтээлчдийн Олон Улсын фестиваль”-ийг албан ёсоор зохион байгуулах саналыг хүлээн авсандаа туйлийн их баяртай байгаа.

баг

Монарти баг хамт олон нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Бид дүрслэх урлаг, технологи, контентын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, урлагт хайртай, урлагаар нийгмийг соён гэгээрүүлэх хүсэлтэй залуусын нэгдэл.



ирээдүй

Бид тун удахгүй www.monarty.mn вэбийнхээ 2.0 хувилбарыг гаргахаар ажиллаж байгаа. Мөн Монарти аппаа гарган, АR тохнологийг нэвтрүүлсэнээр хэрэглэгчдэд илүү хялбар, ухаалаг үйлчилгээг хүргэх болно. Мэдээж урлагийн бүтээлийг NFT хэлбэрээр авах боломжийг ч энд олгоно. Бид арт ландаа үе шаттайгаар өргөжүүлэн олон нийтэд урлагийг судлах, ойлгох явцад урлагаар гоо зүйн таашаал, сэтгэлийн тайвшрал авахад туслах "мета арт верс"-ийг бүтээхээр зорьж байна.

эрсдэл

Зарим хүмүүс виртуал галлерей нь бодит галлерейтэй адил мэдрэмж, үр өгөөж өгч чадах эсэхийг сонирхдог юм. Бидний хувьд виртуалд бодит хэмжээсийн дагуух галлейрейг бүтээж, түүнд нь хэрэглэгчид интерактив байдлаар оролцож, мэдлэг мэдээллийг текст, аудио, видео гэсэн цогц хэлбэрээр авах, солилцох, VR болон AR технологийг хослуулж бодит мэдрэмжийг өгөхийг хичээдэг.