Хөгжимд дуртай хэн бүхний магнайг тэнийлгэсэн нэг үйл явдал өнгөрсөн долоо хоногт болов. Тэр бол дуртай хөгжмөө тун хялбархнаар, хаанаас ч гэсэн сонсох боломжийг олгох M+ Music апп-ийн нээлт байлаа. Тус апп-ийг хөгжүүлэгчид одоогоор монгол хамтлаг, дуучдын ихэнх уран бүтээлийг байршуулаад байгаа бөгөөд цаашдаа гадаадын дуу хөгжмийг нэгтгэн олон төрлийн шинэлэг үйлчилгээ бүхий бүрэн цогц хөгжмийн платформыг бий болгохоор зорьж байгаа юм. Ингээд M+ Music-ийн гүйцэтгэх захирал, "Люмино" хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишигтэй ярилцсанаа хүргэе.

Нэр: M+ Music
Хаяг: Аюуд тауэр, 16-р давхар
Чиглэл: Хөгжмийн платформ
Үүсгэн байгуулагч: World Plus
Үүсгэн байгуулагдсан: 2020
Холбоосууд:​ M+ Music, www.music.mplus.mn

СЭДЭЛ

M+ Music аппликэйшнийг гаргагч "World Plus" компани "M+", "World+" гэсэн хоёр апп-тай. World+ нь дэлхийн шилдэг 100 гаруй сэтгүүлийг багтаасан бол M+ апп нь дижитал болон аудио ном, сэтгүүлийн том сан болоод байгаа. M+ апп-даа подкастууд хийж эхлэх үед үүсгэн байгуулагч Эбэ ахад монгол дуу оруулж өгөөч гэх хүсэлт ирэх болсон юм билээ. Ингээд 2020 оны эхээс би Эбэ ахтай энэ төсөл дээр хамтарч эхэлсэн дээ. Би бас монгол Apple Music бий болоосой гэж хүсэж мөрөөддөг байлаа.

Дуу хөгжмийн монгол платформ үгүйгээс болж хэрэглэгчид, уран бүтээлчдийн аль аль нь их хохирдог. Хэрэглэгчдийн хувьд утсандаа дуу татаж авъя гэвэл Youtube-аас татаж хувиргах маягаар л ашиглаж байна. Уран бүтээлчдийн хувьд оюуны өмч гэх ойлголт Монголд орхигдсоноос болж олон жилийн хөдөлмөрөө янз бүрээр л мөлжүүлсээр ирсэн. Зарим нь Spotify, Apple Music зэрэг гаднын платформуудад дуугаа тавьдаг ч түүнийг нь эндхийн хэрэглэгчид олж сонсоход амаргүй. Spotify л гэхэд Монголд ажилладаггүй. Apple Music-ийг сонсохын тулд "Apple"-ийн ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэдэг байх ёстой байх, ам.долларын карттай байх ёстой гэдэг ч юм уу. Энэ байдлыг бодолцон хөгжмийн үндэсний платформтой болцгооё гэж шийдсэн юм. Өмнө нь энэ оролдлогыг хэд хэдэн газар хийж байсан ч үйл ажиллагаа нь жигдрээгүй, хэлсэндээ хүрэлгүй өдийг хүрч, уран бүтээлчид хохироод үлдсэн. Миний бие урлагийн тогоонд 22 жил чанагдлаа. Тэр утгаараа хэрэглэгч, уран бүтээлчийн аль аль өнцгөөс харж ажиллаж чадна гэдгээ баттай хэлнэ.

ЯЛГАРАЛ

M+ Music аппликэйшнд нэлээд хэдэн давуу тал бий. Одоогоор бид Монголын 71 уран бүтээлчийн 224 цомог, 2500 орчим монгол дуу байршуулаад байна. Өдөр бүр олон шинэ дуу нэмэгдэж орж байна. Чанарын хувьд манай апп өндөр дэвшилтэт технологиор хийгдсэн. Хэрэглэгч дуугаа татаад интернэтгүй үед ч сонсох боломжтой. Нэг дууг хоёр секунд татна гэхээр нэг цомгийг 20-30 секундэд л утсандаа суулгачих тул дата хэрэглээнд маш хэмнэлттэй. Youtube-ээс ялгаатай нь бусад апп-ийг хэрэглэнгээ дуугаа сонсох боломжтой.

Өөр нэг том онцлог бол манай апп Pandora шиг фм-тэй. Одоохондоо M+ Music, рок поп, хип хоп гэсэн гурван сувагтай байна. Үүнийгээ цааш Хурдын суваг, Харангын суваг гэх мэтээр өргөжүүлээд явах төлөвлөгөөтэй. Хэн нэг уран бүтээлч live ФМ хөтлөөд, дуртай дуунуудаа тавих боломж бүрдэнэ гэсэн үг.

Уран бүтээлчдийн хувьд манайд уран бүтээлээ байршуулснаар сонссон тоо, орлого зэрэг бүх л тоо статистик нь “шилэн” байх юм. Өөрөөр хэлбэл бүх уран бүтээлчид апп-д админ эрхээрээ нэвтрэн уран бүтээлийг нь өдөрт, сард хэдэн удаа сонсож байна, хэр хэмжээний орлого олж байна гэдгээ шууд харах боломжтой. Ингэснээр бид хамгийн бодитой, “жинхэнэ” чартыг үүсгэх юм. Эндээс уран бүтээлчид хэр чанартай уран бүтээл хийж байгаагаа, хэрэглэгчид ямар хөгжмийг илүү таашаан сонсож буйг харж чадна.

Төлбөрийн хувьд сарын ердөө 6000 төгрөг. Орчин цагт хүн хобби, таашаалдаа ийм хэмжээний зардлыг гаргахад асуудалгүй болов уу. Ердөө нэг аяга кофены үнээр өөрийн дуртай, сонсдог хамтлаг дуучдаа дэмждэг, олон жилийн хөдөлмөрийг нь үнэлдэг болно гэсэн үг. Энэ бол оюуны өмчийг дэмжихэд том хувь нэмэр болно. Оюуны өмчийг хамгаалсан улс орнууд л хурдан хөгждөг шүү дээ.

БАГ

200 орчим хүнтэй компаниас гаргаж буй апп тул хөгжүүлэлт, ажиллагаа зэргийн хувьд өндөр түвшинд байна. Энэ багаа бид бас том давуу тал гэж бодож байгаа.

ОДОО

Бид өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 9-нд апп-ийнхаа нээлтийг Шангри-Лад хийлээ. Сарантуяа, Ариунаа гээд л Монголын олон топ уран бүтээлч ирж дэмжиж буйгаа илэрхийлсэнд баяртай байна. Одоо бид монгол дууныхаа санг гүйцээх, ирэх сараас нийтийн дууны уран бүтээлчдийг нэмэх ажлуудыг хийж байна. Дууны тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа. Өнөөдөр гэхэд л "Номин талст"-ын хоёр шинэ цомог, "Минт" клубийн дуунууд орох жишээтэй.

ИРЭЭДҮЙ

Ирэх жилийн эхнээс бид бүх л гадаад дуунуудыг албан ёстой эрхтэй нэгтгэх зорилт тавин ажиллаж байна. Мөн уран бүтээлчдийн тоглолтын мэдээллийг оруулдаг болно.

Ирээдүйн төлөвлөгөөгөө товчхон хэлэхэд, бид өгөхийн төлөө, уран бүтээлчдээ дэмжихийн төлөө ажиллах болно. Нэг жишээ гэвэл, бид сардаа нэг залуу уран бүтээлчид клип хийж өгч байхаар төлөвлөсөн. Клип хийлгэх маш өндөр зардалтай байдаг. Тиймээс жилд 12 уран бүтээлчийг, хамтлагийг дэмжинэ гэдэг багагүй хувь нэмэр болох байх. Мөн хэрэглэгчид ямар хөгжмийг хэр сонсож байгаа бүх мэдээлэл нээлттэй, ил тод тул бид M+ Music Award-ийг бий болгон, жилдээ нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Шилдэг уран бүтээлч, шилдэг уран бүтээл гэх мэт цөөн номинациар чансаатай шагнал бий болгох хүсэлтэй.

ЭРСДЭЛ

2020 он ямар жил болж буйг хүн бүхэн л мэдэж байгаа болов уу. Коронавирус, сонгууль зэргээс болж зарим ажлууд маань хойшилсон тал бий. Есдүгээр сарын 9-нийг бид хөгжмийн ертөнцийн баяр болгож, бүх уран бүтээлчдийг хамтруулсан том фестиваль хийх санаатай байсан юм. Орлогынх нь 20-30 хувийг нийгэмд хэрэгтэй төсөл, хөтөлбөрт хандивлах төлөвлөгөөтэй байлаа. Үүнийгээ ирэх жилүүдээс хийх болно. Гэхдээ нөгөөтээгүүр, апп дээрээ төвлөрч ажиллах боломж олдлоо. Бидний хувьд хэлсэн зорьсондоо л хүрэх гэж ажиллана. Гэгээлэг зорилгын төлөө явж буй болохоор зорьсондоо хүрнэ гэдэгтээ ч итгэлтэй байна.