УИХ-ын сонгууль болоход ердөө 7 хоногийн зай үлдэв. Хариуцлагатай байж, сонголтоо зөв хийхэд бэлдэх чухал өдрүүд үргэлжилж байна. Энэ цаг мөчид бид залуучуудад чиглэн тун амжилттай хэрэгжиж буй нэгэн аяныг онцолж байна. Энэ бол Ub.Life сайтын удирдан хэрэгжүүлж буй "Надад нэг санал байна" аян юм. USAID, Азийн сан, IRI зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэ аян залуучуудыг идэвх оролцоотой иргэн байж, дуу хоолой, саналаа нэгтгэн хамтдаа өөрчлөлтийн томоохон хүчийг үүсгэхийг уриалж буй бөгөөд хэрэгжүүлэгч Ub.Life-ийн хамт олонтой тус аяны утга учир, онцлог хийгээд зорилгын талаар ярилцсанаа хүргэе.

СЭДЭЛ

Ж.Тэгшжаргал: Манай Ub.Life сайт түлхүү залуучуудад зориулсан контент бэлтгэж нийтэлдэг. Залуучуудад төрөл бүрийн арга хэлбэрээр эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог. Тийм ч учраас сонгуулийн үеэр тэдэнд хандан чухал мессежүүдийг хүргэхийг хүсэж байлаа. 2016, 2017 оны сонгуулиар бид мөн өөрсдийн боломжоор идэвхтэй ажилласан. Энэ жилийн хувьд бид намуудтай хамтарч ажиллахыг хүсээгүй. Харин “баригддаггүй” залуучуудын анхаарлыг яаж сонгуульд хандуулах вэ, яаж бэлтгэлтэй байлгах вэ, яаж тэдэнтэй ойлголцох вэ гэдэгт анхаарч, мэдээллийн боловсрол дээр төвлөрөн ажиллая гэж төлөвлөж байв.


Ж.Хулан:
Ийм бодол санаатай байтал Азийн Сантай холбогдож, яг ийм зорилготой, залуусыг идэвхжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэсэн саналыг хүлээж авсан. Азийн Сангийн хувьд бид өнгөрсөн жил “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтыг бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байсан. Тухайн үед залуус юу хүсэж, ямар төлөөллөөр дамжуулж дуу хоолойгоо хэрхэн хүргэхийг хүсэж байна вэ гэдгийг маш сайн мэдэрч, ойлгож авсан. Тиймдээ ч түүнээс хойш энэ чиглэлд редакцын бодлогоо тасралтгүй чиглүүлж, боломжийнхоо хэрээр судалгаа, мэдээлэл цуглуулж ирсэн. Энэ утгаараа аяныхаа төлөвлөгөөг 2-3 сар бичиж, төлөвлөж байж эхэлсэн.

Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ залуучуудыг зүгээр л санал өгөхөд уриалахаас давсан зүйл хийе гэж зорьсон. Санал өгнө гэдэг бол үнэндээ бас тийм ч хэцүү биш зүйл биш шүү дээ. Тиймээс ер нь нийгэмдээ идэвх оролцоотой байх, хариуцлагатай иргэн байх гэсэн ойлголтыг таниулан сурталчилъя гэсэн зорилго өвөрлөн аянаа эхлүүлсэн.

ЯЛГАРАЛ

З.Энхмөнх: “Надад 1 санал байна” кампанит ажлын гол онцлог нь 18-35 насны залууст чиглэж байгаа. Энэ насны 1 сая гаруй залуус Монголд бий. Үүнээс 400 мянга гаруй нь Улаанбаатарт амьдарч байна. Энэ бол том тоо. Залуучууд бид олуулаа байна. Сонгуульд идэвхтэй оролцвол өөрсдийн сэтгэлд нийцсэн үр дүнг гаргах боломжтой. Мөн төсөл маань нийгмийн олон бүлгийн, тал бүрийн төлөөллийг татан оролцуулахад (inclusiveness) онцгой анхаарч байгааг дурдах нь зүйтэй.

Өөр дээрээ жишээ авахад, би урьд нь улс төр, сонгуулиас зугтах маягтай явж ирсэн. Тэгээд ийм ажил хариуцаад ирэхээр яаж өөр шигээ идэвхгүй байсан хүмүүсийг идэвхтэй болгох вэ гэж нухацтай бодох болсон. Энэ нь өөрт их сонирхолтой байна. Залуучуудад санаа мессеж хүргэхдээ сонирхдог зүйлсээр нь дамжуулах, эхлээд дуу хоолойг нь сонсох, хамт шүү гэдгээ илтгэх нь чухал юм билээ. Өөрсдийнх нь хэлээр, зан төлөвт нь нийцсэн, сонирхож үзэх хэлбэрээр контент хүргэх нь манай аяны гол онцлог гэж хэлж болох юм.


Ж.Тэгшжаргал:
Өмнө нь намууд залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэхдээ зөвхөн оюутнуудыг л онцолдог байсан. Гэвч 18-35 насны хооронд залуу мэргэжилтнүүд, залуу бизнес эрхлэгчдийн маш том бүлэг бас багтаж байгаа шүү дээ. Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд чиглэсэн ажлууд хийх ёстой. Энэ хоосон орон зайг бид нөхөхийг хичээж байна. Улс төр сонирхох, оролдох нь ичмээр хэрэг биш, харин ч күүл гэдгийг бид ойлгуулахыг хичээх болно.

Мөн өөр нэг онцлууштай зүйл бол бид аянаа илүү өргөн хүрээтэй, далайцтай болгохын тулд зарим байгууллагатай хамтран ажиллаж байна. Unread Media, YZ ТВ, Fatcat Jazz Club зэрэг байгууллагууд өөр өөрсдийн сувгаар, өөрсдийн арга хэлбэрээр аяны мессежүүдийг хүргэж байна.

“НАДАД НЭГ САНАЛ БАЙНА” ГЭЖ ЮУ ВЭ?

Ж.Тэгшжаргал: Утга учиртайгаар хийсэн сонголт, чиний нэг санал юу өөрчилж чадах хүчтэйг хараарай, залуу минь.

Ж.Мөнхзул: Бид “Надад 1 санал байна” гэсэн нэрийг олох гэж нэлээн юм болсон шүү. Яг тулаад сонсвол хүн бүрд л санал, бодол байдаг юм билээ. Тэр санал бүр үнэ цэнтэй, утга учиртай. Чухам саналаа хуваалцдаг байвал бусад хүн сонсоно, ямар нэг нөлөөлөл үүснэ гэсэн санаануудыг нэрэндээ шингээхийг хүссэн учраас “Надад нэг санал байна” хэмээн нэрийдсэн юм. Санал гэдэг нь тэгэхээр зөвхөн сонгуулийн санал биш гэсэн үг юм.


Ж.Хулан:
Сонгууль талаас нь харвал хүн бүрд ижил, тэгш нэг санал бий. Залуус бид нэг саяулаа буюу хэрэв бид, хүн бүр нэг саналаа өгөх юм бол бидэнд нэг сая санал, тэр хэрээр асар их нөлөөллийн хүч бий. Тиймээс миний, чиний, бидний санал үнэ цэнтэй. Бид маш их хүчтэй гэдгийг бас уриалахыг хүссэн.

ОДОО

З.Энхмөнх: Улс төрийн сэдвээр залуучуудтай харилцах нь тун сонирхолтой юм. Энэ сэдвээр контент хийхэд залуучууд сонирхох нь харьцангуй бага байдаг байсан. Харин энэхүү аянаар дамжуулан бид тэдэнтэй харилцан “мөс хагалах”-ыг эрмэлзэж байна. Энэ ажлаа ч ойлголцлын нэлээн өндөр түвшинд хийж байна гэж өөрсдийгөө дүгнэж байгаа шүү.

Одоо сонгуулийн сурталчилгаа дуусахад нэг долоо хоног ч хүрэхгүй үлдээд байна. Манайх болон хамтрагч байгууллагууд маань бүгд өөр өөрийн бэлтгэсэн контентуудыг цацсаар байна. Видео, ярилцлага, нөлөөлөгчийн захидал, “Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол” - санал, reaction video, meme, Instagram Filter гаргах гээд л контентыг маш олон хэлбэрээр хийж байна. Мөн бид энэ долоо хоногт “Надад нэг санал байна” сэдэвт “Гэрэг” сэтгүүлийнхээ тусгай дугаарыг гаргахаар ажиллаж байна. Хэвлэмэл 1000 сэтгүүл гарч тараагдахын зэрэгцээ M Plus аппликэйшнд цахим хувилбартай нийтлэгдэх юм.

ЗАЛУУЧУУДААС ГАРЧ БУЙ САНАЛУУД

Ж.Мөнхзул: Залуучуудтай уулзаад явахад улс төрийн үзэл гэдэг тун ээдрээтэй ойлголт болох нь харагдаж байна. Хүн өөрийн улс төрийн үзлээ ойлгож, бусдад хуваалцахад амаргүй байдаг юм байна. Тиймээс түүнийг нь ойлгон хүлээн авах ёстойг, улс төртэй холбоотой ойлголтуудыг бодит амьдрал дээр энгийн ойлгомжтойгоор буулгах нь чухал гэдгийг ойлгосон шүү.

БАГ

З.Энхмөнх: Манай UB.life, “Гэрэг” сэтгүүлийн редакцын хамт олон бүхлээрээ энэ ажилдаа төвлөрөн ажиллаж байна. Мөн Unread Media, YZ TV, Fat Cat Jazz Club, Зориг сан, Юниверсал Прогресс, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо, Үндэсний Цогц Хөгжлийн Төв зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн сошиал медиа дээр бидэнтэй хамтран ажиллаж буй, бидний урилгыг уриалгахан хүлээн авч буй хүмүүс энэ ажлын нэг хэсэг болоод явж байна.

Аянаа эхлүүлэхээс өмнө бид мөн мэргэжлийн зарим хүмүүсийг редакцдаа урьж, “номын дуу” сонссон. Тэр хүмүүс ч гэсэн энэ ажилд хувь нэмэр оруулсанд талархалтай байгаа.

ИРЭЭДҮЙ

Ж.Тэгшжаргал: Ийм цогц байдлаар залуучуудыг улс төрд анхаарал хандуулахад уриалан ажиллаж байгаа маань анхны удаа. Тиймээс бид хийж буй ажлаасаа ихийг сурч байна. Энэ бол нэг удаа хийгээд л дуусчих ажил биш гэдгийг сайн ойлгож байна. Энэ ажил сонгуульгүй үед ч явж байх ёстой.

Залуучуудад янз янзын авууштай, амьдралтай санаа олон байдгийг мэдсэндээ бид их баяртай байгаа. Ерөөс залуучуудыг санал өгөхгүй байна гэх мэтээр буруутгаад л байхаас биш нухацтай сонсдоггүй явж иржээ гэж бодсон. Тэгэхээр бид цаашдаа сайн сонсогч, хуваалцагч байх болно. Мөн хүрч ажиллах залуучуудынхаа хүрээг ихэсгэхийг хүсэж байгаа. Нэг л хүрээндээ эргэлдээд байж болохгүй шүү дээ. Мэдээж ирэх намрын орон нутгийн сонгуульд бас идэвхтэй ажиллана. Цаашдаа залуусын дуу хоолойг хүргэх гүүр болж ажиллахад анхаарах болно.

Ж.Хулан: Дээр дурдсанчлан залуус бид нийгмийнхээ гуравны нэгийг эзэлж байна. Энэ нийгэм хуультай, хүн хоорондын харилцааг зохицуулсан дүрэмтэй. Энэ дүрмийг хэрхэн тогтоох вэ, бүгд өдөр бүр анхаарч, тогтоож чадахгүй учраас дундаасаа төлөөллөө илгээгээд асуудлаа шийдүүлэх гэж байгаа. Гэтэл намайг хэн төлөөлж дүрэм тогтооход оролцох нь вэ, миний асуудал, тулгарсан бэрхшээлийг хэн төлөөлж шийдүүлэх гэж байна вэ гэдэгт нийгмийн гуравны нэг болсон бид оролцохгүй бол дэмий л бухимдаж, сошиал пост хийхээс хэтрэхгүй. Тиймээс дуу хоолойгоо хүргэх, төлөөллөө сонгох, дараа нь түүнийгээ хянах, дөрвөн жилийн дараа хариуцлагаа тооцдог үйл явц залуус бидний дадал болоосой гэж зорьж байна. Тиймээс энэ аянаар зөвхөн санал өгч, хоосон дугуйг бөглөхөөс цаашлаад хяналт, хариуцлагыг уриалахыг эрмэлзэж байна.

БЭРХШЭЭЛ, ЭРСДЭЛ

Ж.Мөнхзул: Энэ сэдвээр идэвхтэй ажиллаад ирэхээр хаанаас, ямар захиалгаар ажиллаад байна вэ гэсэн хардлага бас зарим газраас гардаг юм билээ. Тийм учраас бид илүү чамбай байж, контентуудаа сайтар нягтлан ажиллаж байна. Бусдаар бол хэцүү бэрхшээлтэй, эрсдэлтэй зүйл гайгүй шүү. Харин ч аяныг дэмжээд танайд сайн дураар ажиллая, танай уриа лоозонг бариад явж болох уу гэж холбогдож байх жишээтэй.

Ж.Хулан: Мэдээллээ хүргээд эхлэх үед залуус сонгууль гэдгийн “С” үсгийн сургаар л “Та нар сонгууль ярилаа” гэж бухимдах аястай байсан. Ерөөсөө улс төр, сонгууль гэдэг бол муу, муухай зүйл гэдэг ойлголт хэвшчихсэн юм уу даа, түүнийг сөрж тасралтгүй мэдээлэл хүргэх нь нэг бодлын айдастай байсан шүү. Гэвч аажмаар уншигч, үзэгчид маань өөрчлөгдөж, зарим хүүхэд “Саналаа өгөх юм сан, даанч нас минь хүрэхгүй нь” гэсэн сэтгэгдэл хүртэл үлдээсэн байсан. Энэ бүхэн урам болсон доо.