Их хотын амьдралын тав тухтай, амар амгалан байдалд барилгын болон орчны цогц төлөвлөлт хэчнээн чухал нөлөөтэй байдгийг бид сүүлийн жилүүдэд хүчтэй мэдэрч ойлгох болсон. Жилээс жилд хүрээгээ тэлж буй нийслэл хотод улирал тутам нэмэгдэж буй барилгуудыг нэгэнтээ тоолж барахаа больсон өнөө цагт зураг төслөөсөө эхлээд чанарыг эрхэм болгосон ажлуудыг таньж мэдэхэд төвөгтэй. Тэгвэл өнөөдрийн танилцуулах N.A.P групп нь байгальд ээлтэй, цогц төлөвлөлт бүхий барилгын зураг төсөл боловсруулдагаараа салбартаа хэдийн танигджээ. МУИС-ийн И-номын сан, Гэрлүг виста зэрэг Улаанбаатар хотын өнгө төрхийг илтгэсэн олон төслүүдийн бүтээн байгуулалтад оролцсон тус компанид техник архитектороос Архитектур, инженер техникийн албаны захирал хүртэл дэвшин ажиллаж буй Г. Ганбаттай ярилцсанаа хүргэе.
Нэр: N.A.P Group
Хаяг: Улаанбаатар хот, Натурын зам дагуу, UB Tower-ын хоёрдугаар давхарт, 201 тоот
Чиглэл: Барилгын зураг төсөл, төлөвлөлт, архитектур, инженерингийн зөвлөх үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2007 он
Холбоос: nap-group.mn (Вэб), N.A.P Group (Фэйсбүүк), n.a.p_mongolia (Инстаграм), N.A.P Group (ЛинкедИн) info@nap-group.mn (Имэйл)

сэдэл
Бид хот төлөвлөлт, барилгын зураг төсөл, инженерингийн салбарт 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хамт олон. Анх үүсгэн байгуулагдахдаа зорьсон зорилго, үнэт зүйлээ баримтлан алдалгүй, 15 жилийн турш их хотдоо өнгө нэмэх олон төрлийн барилгын төслүүд дээр ажиллаж ирсэн. Хот байгуулалт, барилгын зураг төслийн салбар нь хот төлөвлөлт, архитектур, инженеринг, экстерьер, интерьер, ландшафт зэрэг чиглэлтэй байхаас гадна тухайн төслийг хэрэгжүүлэхэд зохиогчийн хяналт, төслийн менежмент гэсэн чиглэлийг багтаадаг. Одоогоор бид дээрх чиглэлээр цогцоор нь захиалагчийн хүсэл сонирхол, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нийцсэн байгальд ээлтэй, чанартай гол нь эдийн засгийн үр ашигтай төлөвлөлттэй иж бүрэн зураг төсөл боловсруулахад анхаарч байна.
ялгарал
Товчхондоо бид ялгарлаа эерэг соёл, туршлага, хамтран ажиллах дуртай багийн нэгдэл гэж тодорхойлно.
Эерэг соёл: Манай багт авьяаслаг, чадварлаг залуу архитектор, дизайнер, инженерүүд болон мэргэшсэн экспертүүд байдаг. Бид хамтран ажиллах дуртай, мэдлэг, шинэлэг санаа, туршлагаа хуваалцдаг эерэг соёлыг бүрдүүлсэн баг. Найрсаг, халуун дулаан, дэмжлэг дүүрэн урам зориг өгөх орчинд өөрийн ур чадвараа бүтээлчээр богино хугацаанд өсөн нэмэгдүүлэх боломжийг олгодог. Бид байгууллагынхаа соёл, аливаад хандах хандлагаараа, хийж бүтээж байгаа ажлаараа, Залуу хүмүүс юу хийж чаддагийг харуулъя гэж зорьдог. Бидний хандлага, эерэг соёл, ажилладаг арга барил, систем маань биднийг энэ хүртэл амжилттай ажиллаж байгаагийн чухал шалгууруудын нэг гэж бодож байна.
Туршлага: Бид өнгөрсөн хугацаанд МУИС-ийн И-номын сан, Олон Улсын Санхүүгийн төв, Alpha Zone хотхон, Гэрлүг виста цогцолбор хотхон, Найрамдал цогцолбор хороолол, Хотол гарден, Улаанбаатарын анхны ногоон сургууль болох 122 дугаар сургуулийн өргөтгөл зэрэг олон сонирхолтой төслүүдийг хийж гүйцэтгэсэн. Аливаа төслийг төлөвлөхдөө илүү ирээдүй хэтийг харахыг эрмэлздэг. Тиймдээ ч тухайн төслийн орчны байгаль, уур амьсгал, байршил, хот төлөвлөлт зэрэг судалгаанд үндэслэн концепци, төлөвлөлт, цаашлаад нарийвчилсан зургийн ажлаа эхлүүлдэг. Богино хугацаанд захиалагчийн хүссэнийг л хийгээд өгөх биш эсрэгээрээ тухайн барилга орчиндоо хэрхэн нөлөөлж байна, хэрхэн орчиндоо илүү зохицож байна, төлөвлөлт үр ашигтай, байгаль орчинд ээлтэй болон ашиглалтын зардлыг боломжит түвшинд хэмнэж байгаа эсэх зэргийг заавал харгалзан үздэг.
Мөн хэзээд төслөө их, бага, төвөгшил гэж харалгүй хойш тавилгүй, захиалагч хөрөнгө оруулагчийнхаа хүсэл сонирхолд нийцүүлэхээс гадна бүтээн байгуулах ажил бүрийхээ ард хариуцлагатай байж нэр төртэйгөөр гарахын төлөө ажилладаг. Энэ бүх багаараа хуримтлуулсан туршлагууд дараа, дараагийн ямар ч ажилд баттай суурийг бий болгодог. Жишээ нь бид, аль ч тохиолдолд төсөл бүр дээр хоёр ба түүнээс дээш хувилбар гаргадаг. Боловсруулсан нэг л концепци, шийдлээ захиалагчдаа тулгах нь ур чадвар дутмаг, мэргэжлийн бус байна гэж хардаг. Үүнд маань ч захиалагчид тун талархалтай ханддаг.
Хамтын ажиллагаа: Барилгын зураг төслийн салбар Монгол улсад тийм ч эргэлттэй, зах зээлийн багтаамж ихтэй биш. Иймд энэхүү салбарт, ялангуяа инженерингийн чиглэлийн мэргэжилтэй, туршлагажсан мэргэжилтнүүд хангалттай байдаггүй. Цаашид инженерингийн чиглэлийн мэргэжлийн хүний нөөц тулгамдсан асуудал болж эхэлж байна. Харин бид үзүүлдэг зөвлөх үйлчилгээ, компанийн зорилго, алсын хараатайгаа холбогдуулан багаа архитектор, инженер, дизайнер гэд цогцоор нь бүрдүүлж, тогтвортойгоор хамтран ажиллаж байна. Баг цогц, тогтвортой байх нь төсөл бүр уялдаа холбоотой, чанартай байх хамтдаа тасралтгүй сайжирч, өсөж хөгжих том суурь шалтгаан болдог.

n.a.p group гэж юу вэ?
Нөхөрсөг, сэтгэлтэй, туршлагатай хамт олон.
Бид нарийвчилсан судалгаа, дүгнэлт, хувилбарт төлөвлөлтөд үндэслэн үйлчлүүлэгчид болон олон нийтийн соёл, түүхийг бүтээх байгаль орчинд ээлтэй, дизайн, зураг төсөл, түүний хүрээлэн буй орчны бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулдаг.
нэр
"N.A.P" гэдэг нь National Architectural Project буюу "Үндэсний архитектурын төсөл" хэмээх утгатай. Цаашид өөрсдийн мэргэжлийн ур чадвар, манлайллаар Олон улсын түвшинд эх орноо төлөөлж чадах нэр хүндтэй компани болно гэсэн зорилгоор уг нэрийг өгсөн.
одоо
Одоогоор үндсэн төслүүддээ анхаарч байна. Бид нэг удаадаа 5-6 төсөл дээр зэрэг ажиллаад явдаг. Төвөгшил ихтэй, өргөн хүрээтэй томоохон төслүүдэд оролцон ажилладаг тул нэлээдгүй нягт нямбай ажиллагаа, тооцоо, судалгаа, төлөвлөлт шаардагддагаараа онцлог. Иймд нэг төсөл дээр сараас эхлээд хэдэн жил үргэлжлэн ажиллах ч тохиолдол байдаг.
Мөн бид тун удахгүй буюу 2022 оны 05 дугаар сарын 05-нд ШУТИС-ийн "Барилга архитектурын сургууль"-тай хамтран “I AM IMPORTANT” өөрсдийн залгамж болсон ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Өдөрлөгт маань оюутан залууст зориулсан салбарын илтгэл хэлэлцүүлэг явагдахаас гадна бид өөрсдийн өнөөг хүртэл бий болгосон туршлагаа нээлттэй хуваалцаж байгаагаараа онцлог юм. Барилгын салбарын чиглэлээр сурч буй болон ирээдүйд суралцахаар сонирхож байгаа оюутан залууст урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
баг
Баг маань нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Архитектур, инженеринг, интерьер болон удирдлага, төлөвлөлт гэсэн хоёр албатай. Сургуулиа төгсөөд 1-ээс дээш жил ажиллаж буй мэргэжилтнээс салбартаа 38 хүртэлх жил ажиллаж байгаа туршлагатай экспертүүд байдаг. Манай компанийн үнэт зүйл ажилтан байдагтай холбогдуулан ажилтнаа тав тухтай, бүтээмжтэй, ажиллах, өөрийгөө сорьж хөгжүүлэхэд болон биднийг нэг зорилго, тэмүүлэлтэй ажиллахад бүхий л талаар дэмждэг, нэг үгээр хүний нөөцийн бодлого сайн гэж боддог.

ирээдүй
Бидний зорилго Олон улсын түвшинд ажиллах мэргэжлийн ур чадвартай, эх орноо төлөөлөх бүрэн чадамжтай компани болох явдал. Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг нь үүнтэй холбоотой. Тиймээс аливаа ажлыг нэр төдий хийх бус алхам бүрдээ "Энэхүү ажил цаашид биднийг Олон улсын түвшинд ажиллахад нэрийн хуудас болно" хэмээн бодож хичээдэг. Цаашид мэргэжлийн ур чадвараа, мэргэжилтнүүдээ, төслүүдээ Олон улсын түвшинд хүргэнэ гэж төлөвлөдөг учир бүх төслүүддээ хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй байхыг чухал шалгуур болгож, цогц төлөвлөлт хийхийг зорьж байна.
эрсдэл
Эдийн засгийн өсөлттэй цагт барилгын салбар тэр дундаа инженерингийн чиглэлээр суралцах, энэ салбарт мэргэжих сонирхолтой залуучууд их байсан ч цаг үеэ дагаад мэдээллийн технологиор солигджээ. Тийм ч учраас цаашид барилгын салбарт хүний нөөцийн дутагдал бий болж үүнтэй холбоотой хүний нөөцөө бүрдүүлнэ гэдэг нь салбарынханд тулгарах гол сорилтуудын нэг болохоор байна. “I AM IMPORTANT” өдөрлөгийг зохион байгуулах болсон шалтгаан ч энэхүү асуудалтай холбогдоно. Өдөрлөгөөр дамжуулан энэ чиглэлээр суралцаж буй залууст барилгын салбарын бүтээн байгуулалт, мэргэжлийн ялгарлыг таниулах, ирээдүйн сайн мэргэжилтэн болоход нь туслахаас гадна жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
Ташрамд дурдахад барилгын салбарын мэргэжлийг сонирхдог хэн бүхнийг 2022 оны 05 дугаар сарын 05-нд болох өдөрлөгтөө урьж байна.

Сэтгэгдэл бичих

