Амт чанар, баяр хөөр, тав тухыг нэг дор нэгтгэсэн Niji Coffee & Dessert shop-ыг энэ удаагийн дугаартаа танилцуулж байна. Их хотын нэгээхэн хэсгийг өнгө төрхөөрөө чимж, оюутан залууст баяр хөөр нэмж буй уг шоп төрөл бүрийн амттан, эвент үйлчилгээгээр уламжлалт кофе шопуудаас ялгарч буй. 

Нэр: Niji Coffee & Dessert shop
Хаяг: 120-ын зүүн талын автобусны буудлаас чанх урагш, GS25-ын хажууд
Чиглэл: Кофе шоп, амттан дессэртийн худалдаа, үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: П.Лхамаа, Ч.Энхбат
Үүсгэн байгуулагдсан он: 2022 оны хоёрдугаар сар
Холбоос: Niji dessert shop (Фэйсбүүк), @niji_desserts (Инстаграм)


сэдэл

Оюутан сурагчдад найзуудаараа нийлээд, цагийг хөгжилтэй, амьд харилцаатай өнгөрөөх орчин тун ховор. Хэдийгээр хотод маань олон кофе шоп, кафе бий ч ихэнх нь сонгодог буюу бор, саарал давамгайлсан хүнд өнгөний засалтайгаас гадна үйлчлүүлэгчид нь ч компьютер луугаа ширтэж ажилласан, албан ёсны бизнес уулзалт хийж яваа насанд хүрсэн хүмүүс байх нь олонтоо. Оюутан сурагчид ороод жаахан чанга инээлдчихвэл муухай харах тохиолдол ч байдаг.

Үүнийг хамтран үүсгэн байгуулагч болох П.Лхамаа маань ажиглаад анх санал тавьсан юм. Надад ч энэ асуудал нэлээд тулгардаг байсан болохоор эргэлзэх зүйлгүй зөвшөөрсөн. Ингээд хотын бараг л бүх bubble tea-г сахарын илүүдэлд ортлоо ууж, судалгаа хийсний дүнд зайрмаг, амттан, bubble tea-г хослуулахаар шийдээд ажилдаа орсон. Бид хоёр арван жилийн нэг ангийн найз, оюутан болохдоо ч адилхан СЭЗИС-д элссэн болохоор энэ мэт ямар нэг асуудал дээр саналаа нэгтгэх, уулзаад ажиллахад амар байдаг. Түүгээрээ их давуу талтай.

ялгарал

Нэгдүгээрт интерьер дизайн. Дээр хэлсэнчлэн кофе шопуудын нийтлэг өнгө төрхийг эвдэж, үүднээсээ эхлээд үйлчлүүлэгчдэдээ баяр хөөр төрүүлэхийг хүссэн. Тиймээс олон төрлийн өнгө аясыг өөртөө агуулсан солонгыг гол загвараа болгож, дотоод засалдаа мэргэшсэн ах хүүгээр удирдуулан, найман сарын турш хонон өнжин заслаа хийсэн. Хамгийн жижиг деталь дээр ч их анхаарч хийсэн болохоор интерьертээ сэтгэл хангалуун байдаг. Найзуудаараа тойрч суугаад, халуун дотно яриа өрнүүлж, тоглоом тоглож, цагийг зугаатай өнгөрүүлэхэд тохиромжтой орчин бүрдүүлэхэд анхаарсан.

Хоёрт, амт чанар. Салбартаа танигдсан, чадварлаг бэйкерист, bubble tea мэргэжилтэн ажилладаг болохоор амт, чанарын хувьд нүүр бардам байдаг. Мөн тун амттай зайрмаг гаргадаг нь үйлчлүүлэгчдэд маань их таалагддаг.

Гуравт, үнэ. ЕБС-ийн сурагчид, оюутан залууст зориулсан болохоор үнээ аль болох бага байлгах бодлого баримталдаг. Зах зээлийн дундаж үнээс доогуур.

Дөрөвт, катеринг үйлчилгээ. Одоогоор "Dev Summit", "Investor Nation" зэрэг нийт 4000 хүний эвентэд амжилттай оролцоод байна. Цаашдаа ч бас нийгэмдээ чиглэсэн үнэ цэнтэй эвентүүдэд хамтран ажилласаар байх болно.



Niji desserts гэж юу вэ?

Цагийг хамгийн гоё өнгөрүүлж болох баяр түгээдэг, эерэг, дулаахан орчин.

нэр 

Тохижилт, дизайнаа гаргаж эхэлсэн цагаас л "солонго" гэдэг консепцыг барьж явсан болохоор нэрэндээ ч бас үүнийгээ тусгамаар байсан. Монголоор нэрлэх гэхээр төсөөлснөөс урт, нэгэн хэвийн болох гээд байсан тул орон орны хэл рүү хөрвүүлж үзсэн л дээ. Тэр дундаас "Niji" хэмээх солонго гэдэг япон үг дуудлага, уур амьсгал гээд олон талаасаа хамгийн их таалагдсан. Бид хоёрын хувьд ч багаасаа анимэ үзэж өссөн, япон соёлд хайртай хүмүүс болохоор эргэлзэх зүйл байгаагүй.

одоо

Хийж байгаа ажил, бүрдүүлж буй уур амьсгалаараа нийслэл хотдоо өнгө нэмэхийг зорьдог. Урин дулааны улирал ч эхэлж байгаа болохоор гадаад засалдаа анхаарал хандуулж, боломжит дизайны хувилбарууд гаргаад явж байна. Удахгүй гүйцэтгэлдээ орж, гоё терразтай болоод, гадаа талбайд үйлчилгээ үзүүлж эхэлнэ.

Мөн менюгээ баяжуулж, шинэ бүтээгдэхүүн гаргахаар судалгаа, туршилтаа үргэлжлүүлэн хийж байна.



баг

Бид хоёроос гадна найман хүний бүрэлдэхүүнтэй. Бэйкери болон bubble tea-ийн мэргэжилтнүүд маань бүтэн цагаар бол үлдсэн зургаа нь хагас цагаар ээлжлэн ажилладаг. Миний хувьд нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурдаг тул санхүүгийн тайлан, борлуулалтыг, харин Лхамаа маань бизнес удирдлагын чиглэлээр сурдаг учраас үйл ажиллагааны тасралтгүй байдал, дотоод менежментээ хариуцдаг. Долоо хоногийн эцэст багаараа цуглаад хэн нь, аль цагт ирж ажиллахаа ярилцаж тохиролцоод явдаг юм. Ингээд бодохоор "Niji"-гийн ард 10 оюутан байдаг юм байна. Оюутнууд нь оюутнуудаа дэмжээд явдаг бизнес гэх үү дээ.

ирээдүй

Анхнаасаа л ашиг харж эхлүүлээгүй болохоор яг энэ хэвээрээ урт удаан хугацаанд оршин тогтнож, оюутан сурагчдад баяр түгээсээр байдаг, тав тухтай орчин нь байгаасай гэж хүсдэг. Үүнээс илүү зүйл хүсэж, анх эхэлсэн дүр төрхөө эвдмээргүй санагддаг.

эрсдэл

Хүн ажиллуулна, ажиллах тав тухтай орчныг нь бүрдүүлнэ, үүгээр барахгүй цалин хөлсийг цагт нь хоцроолгүй өгнө гэдэг өөрөө их сорилт, бэрхшээлтэй зүйл байдгийг мэдрээд л явж байна. Анхнаасаа хэн нэгнээс ямар нэг тусламж авалгүй, оюутны ширээнээс хөндийрөөгүй байгаа хоёр нөхөр өөрсдөө сэдээд л, бүхнээ болгох гэж үзсэн ажил болохоор маркетинг, таниулалтаас эхлээд гүйцэтгэлээ сайн хийж чадахгүй явсаар л байгаа хэдэн зүйлс бий. Цаашдаа дор бүрд нь сайжруулалт хийгээд явна. Гэхдээ л юу ч үгүйгээс эхлүүлээд, энэ хүртэл оршин тогтноод явж байгаа нь бидний хамгийн том амжилт юмуу даа.