Их хотын маань зүрхэн тушаа, агуулга ба хэлбэрийн хувьд тун шинэлэг концепттой нэгэн номын дэлгүүр үүд хаалгаа нээжээ. Чанартай, борлуулалттай гэсэн номуудыг сонгон байршуулсан, тав тухтай гоёмсог орчныг бүрдүүлсэн, хямд кофе гаргадаг энэ дэлгүүр цаашид олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой. Өнөөдөр нээлтийн урамшуулал болгон дөрөвдүгээр сарын турш худалдан авалт тутамд кофе дагалдуулан өгч буй Nine-ийг дэлгэрэнгүй танилцуулъя.
Нэр: NINE Bookstore (Бүүк Коффий ХХК)
Хаяг: MERU Tower, 1 давхар (Blue Sky-ийн чанх урд)
Чиглэл: Номын концепт дэлгүүр, кофе шоп
Үүсгэн байгуулагч: Б.Батзаяа (Зак), Д.Ганзориг, О.Амартүвшин
Үүсгэн байгуулагдсан: 2022
Холбоос: ninebooks.mn (Вэб), NINEBookstore (Фэйсбүүк), NINEBookstore (Инстаграм), ninebookstore@gmail.com (Имэйл)

СЭДЭЛ
Үүсгэн байгуулагчид маань дор бүрнээ ном, бүтээлтэй холбогдсон хүмүүс учраас номын дэлгүүр нээхийг бүгд л ямар нэг байдлаар дотроо бодож, хүсэж явдаг байсан юм билээ. Ганзо, Зак хоёр Арвис Паблишинг, Амараа маань Балж&Пүрэв гэсэн компанид харьяалалтай, давхар сэтэртэйг зарим хүмүүс мэдэх байх. Зак маань нэлээн дээрээс хойш номын дэлгүүртэй холбоотой нэг төсөл санаачлаад явж байсан нь энэ дэлгүүрийг нээх эхлэл болсон гэж болно. Одоо дэлгүүр маань байрлаж байгаа MERU Tower-ийн нэгдүгээр давхар суларсныг Зак дуулаад, санал тавьсны дагуу байршлын хувьд энд л нээхгүй бол өөр хаана ч үгүй юм байна гэдэг дээр санал нэгдэж, зориглоод эхлүүлсэн дээ.

ЯЛГАРАЛ
Номын дэлгүүр болон кофе шопын уламжлалт бизнес моделиос аль болох зайлсхийсэн. Тийм ч учраас бусадтай өрсөлдөх бус харин яаж хоршиж болох талаас нь бүх зүйлээ бодолцоод явж байна. Дээр нь манай үндсэн ялгарал гэвэл маш цөөхөн буюу 350-400 нэр төрлийн, хамгийн сүүлийн үеийн, сайн номуудыг өмнөөс нь сонголт хийгээд хүмүүст санал болгож буй байдлаар (curated) байршуулж байгаа. 400 гэдэг тооноос хэтрүүлэхгүй барина. Тэгэхээр бүх номыг дэлгүүртээ авах боломжгүй гэсэн үг. Нэгэнт бүх ном маань чанартай, онцгой учраас нуруулдаж бус хавтсаар нь нааш нь харуулж, чихэлдүүлэхгүй, орон зайтай, мөн ном бүр дээр гэрэл тусгаж өрөлт дээрээ маш их анхаарсан. Хэрэглэгчид номыг хавтсаар нь санах нь түлхүү байдаг учраас уран зохиол, намтар гэдэг шиг ангилал үүсгэлгүйгээр номуудаа хавтасны өнгөөр нь ялгаж өрсөн байгаа. Товчхондоо үнэ цэнтэй, номын галерей үзээд гарч байгаа юм шиг мэдрэмжийг хүмүүст өгөхийг хичээсэн.
Кофены хувьд ч гэсэн сонголтыг цөөлж американо, латте гэсэн хоёр нэр төрлийн кофе л гаргаж байгаа. Зун мөстэй гаргана. Нэгэнт уламжлалт кофе шопуудтай өрсөлдөхгүй, номын дэлгүүрээ баяжуулж байгаа зүйл тул энэ хоёроо тултал нь сайн гаргах бодолтой. Сонголт ихсэх тусам сэтгэл ханамж буурдаг гэдэг дүрэм байдаг шүү дээ. Тэрийг бүх зүйлдээ ер нь шингээхийг хичээж байгаа. Тохижилт талаасаа нэлээн минимал, бага зэрэг индустриал мөртлөө тав тухтай орчин бүрдүүлэхийг хичээсэн. Үндсэн өнгө төрхөө дагаад бүх зүйл маань хар, цагаан, мөн байгалийн чулуун болон ургамлын ногоон өнгө зонхилж байгаа. Хавтсаар нь өрж буй номуудаа илүү тодруулж харуулахын тулд цав цагаанаар хана, тавиур хийсэн. Том зургаа ч тэр, жижиг деталь бүрээ л бодолцохыг хичээсэн дээ.
Мөн өөрсдийн мэргэжил, онцлогийг шингээгээд технологи, медиа талаасаа төлөвлөсөн зүйлс, ялгарлууд нэлээн хэд бий. Намраас эхнээсээ зарлагдаад явна.


NINE BOOKSTORE гэж юу вэ?
Номтой амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой концепт дэлгүүр.
НЭР
Дийлэнхдээ тогтсон нэрэн дээр лого хийгддэг бол NINE-ийн хувьд логогоо дагаж нэр нь гарч ирсэн сонирхолтой тохиолдол. Анхнаасаа заавал таслалын тэмдгээр бэлгэдэл, логогоо хийнэ гээд бүр шийдчихсэн байсан юм. Таслал өөрөө хязгааргүйг илэрхийлдэг буюу таслал тавьсны ардаас заавал зай аваад үргэлжлэх ёстой, мөн өгүүлбэр зүй талаасаа эмх цэгцийг авчирч аливааг утгатай болгодог тул таслалыг зөв тавих нь маш чухал гэсэн үндсэн агуулгатай. Тэгээд лого маань хийгдчихээд байсан ч тухайн үед тогтоод байсан нэр маань хэд хэдэн асуудлаас болоод нэг л болж өгдөггүй. Шууд англи орчуулгаар нь "comma" гээд нэрлэчих үү, таслал чинь есийн тоотой ижилхэн гэх зэрэг санаа гаргаад явж байтал Ганзо маань есийн тоо гэвэл шууд "NINE" гэчихвэл яасан юм бэ гэсэн санал гаргасан. Тэгээд энэ санааг шууд газар дээр нь бүгд дэмжээд тогтчихсон доо. Хэлэхэд, цээжлэхэд амархан, богинохны дээр есийн тоог монголчууд их бэлгэшээдэг шүү дээ. П.Бадарч гуaйн "Есөн эрдэнийн орон" гээд шүлэг хүртэл бий. Дэлгүүрийн агуулгадаа ч гэсэн шингээгээд бестселлерээ арваар биш есөөр гаргаж байгаа.


ОДОО
Дэлгүүр маань 3 сарын 23-наас туршилт байдлаар нээгдээд, өнгөрсөн бямба гараг буюу 4 сарын 2-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Одоо үйл ажиллагаагаа жигдрүүлэх, номын сонголтоо сайжруулах, борлуулалтаа тогтворжуулах, хэрэглэгчдээ тогтоон барих, байнга шинэлэг байдлаа хадгалах, хамтын ажиллагаануудаа өргөжүүлэх гээд яг л цоо шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй компанийн даван туулдаг бүх зүйлтэй тулгараад ажиллаж байна. Ирж буй хүмүүс номын сонголт гоё, орчин тухтай, кофе амттай, хямдхан байна гээд ам сайтай байгаад баяртай байгаа.
БАГ
Номтой амьдралын хэв маяг гэдэг том алсын харааг сайн баггүйгээр төсөөлөхөд бэрх. Дөнгөж эхэлж байгаа гэхэд үүсгэн байгуулагчидтайгаа нийлээд 9 хүнтэй баг болоод амжжээ. Багийнхан маань маш сэтгэлтэй, эелдэг, өөриймсөг, чадвартай, хамт олон байгаа. Та манай дэлгүүрээр ороод үзэхэд мэдрэгдэх байх гэж итгэж байна.


ИРЭЭДҮЙ
Бидний дараагийн төлөвлөсөн нэг том ажил бол дэлгүүрээ хүргэлттэй болгох, хүргэлтийг дэлгүүр талдаа, худалдан авагч талдаа хялбар, хямдхан, хурднаар шийдэх явдал. Яг энэ дээр ажиллаад явж байна. Мөн технологи суурьтай нэг үйлчилгээ, медиа контент талаасаа бас нэг үйлчилгээ намраас гаргах төлөвлөгөөтэй байгаа. Концепт дэлгүүр гэдгээ хөгжүүлээд номыг дагалдах сонирхолтой бөгөөд цөөхөн чанартай нэмэлт бүтээгдэхүүн дээр ажиллаж байна. Бас цөөн номон дээр номын маркетингийн үйлчилгээ туршина. Одоо байдаг үйлчилгээнүүдээс нэлээн ялгаатай модель хөгжүүлэх гээд ажиллаж байна. Ер нь өмнө нь байгаагүй цоо шинэ моделиудыг гаргах ирэх нь ирээдүйн гол зорилго.
ЭРСДЭЛ
Ном бол илүү оюуны, хөдөлмөр их шаарддагийн зэрэгцээ жижиглэнгийн худалдаа учраас угаасаа тийм өндөр ашгийн маржинтай бизнес биш. Соён гэгээрүүлэх, номтой амьдралын хэв маягийг бүтээх нь ашгаас илүү гол зорилго гэхэд нэг их хол зөрөхгүй. Хажуугаар нь Ковидоос үүдэлтэй нөлөөлөл, Украины дайн, хил гаалийн удаашрал, цаас болон хэвлэлийн үнийн өсөлт, долларын ханш гээд давагдашгүй зүйлс олон байгаа нь гол эрсдэл гэж болно. Гадаад ном гэхэд Европоос Оросоор дамжиж газраар ирдэг, дайнаас болоод гацчихсан байгаа, ханш бөгөөд гаалиас болоод хэвлэлийн үнэ 30-40 хувь өсчихсөн байгаа нь номын үнэ бөгөөд борлуулалтанд нөлөөлөх нь тодорхой. Манай американо гэхэд 3000 төгрөг байгаа. Хэрэв кофены үр үнэтэй болоод байвал бас л эрсдэлтэй. Гэхдээ номын цагаан буян их ээ гээд зориглоод эхлүүлсэн. Болно, болгоно, бүтээнэ дээ. Биднийг дэмжээрэй.






Сэтгэгдэл бичих (2)


З Зочинд NINE-аас 2022.04.11 202.21.112.226
Хэрэв тийм зүйл тохиолдсон бол хүлцэл өчье. Та утсаа ninebookstore@gmail.com хаяг руу илгээгээрэй. Ахиж очоод хүссэн кофегоо авах эрх бэлэглэж байна.
З Зочин 2022.04.11 202.21.107.88
Өнгөрсөн 4 дэх өдөр очиж ном авсан. 156.000 р ном авчихаад кофе үнэгүй өгч бгаа гснүүдээ гэж нэхэж бж авсан шүү. Кк