Энэ оны нэг, хоёрдугаар сарын байдлаар Монголд 62 мянга орчим жуулчин хүрэлцэн иржээ. Тэд нутаг буцахдаа манай орныг чухам ямар эд зүйлсээр, хэрхэн дурсах бол? Гар тээшиндээ аваад явахад оворгүй, бодит хэрэглээнд нийцэх, өнгө үзэмж сайтай, Монголын түүх соёл, үйлдвэрлэлийн чадамжийг цогц илэрхийлэх үндэсний үйлдвэрлэл хэр олон билээ? 

Онцлох бизнес булангийн энэ удаагийн дугаарт бид үндэсний, уламжлалт хэв маягийг шингээсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Номадика брэндийг онцлон дээрх асуултад хариулт авч, брэндийн үнэ цэн, бизнесийн алсын хараатай нь танилцлаа.  


Бизнесийн нэр:
Номадика
Хаяг: Салбар 1: 3,4-р хороолол, Номин их дэлгүүр, 1-р давхар
Салбар 2: Хүннү молл худалдааны төв, 1-р давхар
Салбар 3: Улсын Их Дэлгүүр, 6-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
Үүсгэн байгуулагч: А.Кэн
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Цахим хуудсууд: nomadica.mn (Website), Nomadica (Facebook), nomadica_gifts (Instagram)

сэдэл

Улс орнууд дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирэх жуулчдад зориулан өөрийн үндэстний өв уламжлал, ёс заншил, үүх түүхийг шингээсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг олон төрөл зүйлээр үйлдвэрлэн худалдаалдаг нь тухайн орныг сурталчлан таниулахад чухал үүрэгтэй байдаг. Дэлхийн олон орноор аялж, түүх, дурсгалтай нь танилцаж явахдаа бүтээн байгуулалт үзэж сонирхон, дурсгалын эд зүйл худалдаж авахын зэрэгцээ “Манайх ингэж хийвэл…, Монголд ийм байдаг ч болоосой” гэж бодох үе цөөнгүй. Эдгээр бодлоос улбаалан бид жуулчдад Монгол орныг сэргээн сануулах, өв соёл шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ загвар, хийцийн хувьд илүү баялаг сонголттой болгох хэрэгтэй гэж шийдсэн.

Брэнд менежер С.Цолмонтуяа


ялгарал

Үнэ цэн: Эртнээс уламжлагдан ирсэн ёс заншил, эд хэрэглэл, тэдгээрийн үнэ цэн, утга агуулгыг орчин үеийн загварын чиг хандлагатай хоршуулан урладаг тул хэрэглэгчид үндэсний уламжлал, өв соёлоо таньж мэдэн түгээн дэлгэрүүлж, хэрэглэх боломжтой.
Үнэ: Бид хэрэглэгчдэдээ хүртээмжтэй байх үүднээс хямд үнийн бодлогыг баримталдаг.
Загвар: “Үндэсний, уламжлалт” зэрэг үг хэллэг орохоор л хоцрогдсон, хуучинсаг гэсэн үг биш. Загвар, хийц, өнгөний зохицол зэрэг дээр бид үргэлж шинийг эрэлхийлж, хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог.

номадика гэж юу вэ?

“Нандин бэлгийг Номадикагаас” хэмээх уриан дор тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монгол үндэсний өв соёлыг шингээсэн, өдөр тутмын хэрэглээнд нийцэхүйц бүтээгдэхүүн үйлвэрлэгч компани. Бид өөрсдийн зураач нарын багийн дахин давтагдашгүй бүтээлүүд болох түүхэн олдвор, монгол хатдын дүрслэл бүхий торгон алчуур, цүнх, тэмдэглэлийн дэвтэр зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.


нэр

Номадик гэдэг нь нүүдэлчин хэмээх утгыг илэрхийлдэг. Асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ эрин зуунд үндэсний түүх, өв соёлоо гээж, орхигдуулалгүй хамтдаа урагшлахыг бэлгэдэн уг нэрийг сонгосон.

одоо

Бид одоогоор зургаан ангиллын 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс голлох бүтээгдэхүүн нь торгон алчуур, цүнх, гоёл чимэглэл. Тэдгээрийгээ Улаанбаатар хот дахь дөрвөн салбар дэлгүүр, орон нутаг дахь 30 гаруй гэрээт борлуулагчаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн яг одоо хотын баруун бүсэд тав дахь салбараа нээхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

баг

Манайх 20 ажилтантай бөгөөд гадаад судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, борлуулалт гэсэн хэсгүүдэд хуваагдан ажилладаг.


ирээдүй

Манай бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөхөд илүү тохиромжтой бөгөөд цаашдаа энэ чиглэлээр хөгжүүлэлтээ үргэлжлүүлж, илүү олон салбараар дамжуулан хэрэглэгчдэдээ ойртох, Хятад, Солонгос, Вьетнам зэрэг орнуудын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөтэй байна.

эрсдэл

Зураг бол нэг төрлийн оюуны бүтээл шүү дээ. Гэтэл манай бүтээгдэхүүн дээрх зургийг зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлан тараах зэрэг асуудлууд үүсэж байсан удаатай. Тийм ч учраас нэн түрүүнд зураачдынхаа оюуны бүтээлийг оюуны өмчийн газарт бүртгүүлж, цаашдаа уг асуудал дахин давтагдахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна.