Үйлчилгээний салбар цаг үеэ даган хурдацтай хөгжиж, илүү шинэлэг, илүү онцгой моделийг эрэлхийлэх болов. Энэ удаа бид Boutique буюу өөрийн гэсэн консепт, онцлог шинжтэй, бусдаас өөр содон мэдрэмжийг өгөхийг зорьж буй нэгэн зочид буудлыг онцолж байна. Энэ бол Монгол үндэсний хэв маяг, хэрэглэгчийн зан төлөв, орчин үеийн чиг хандлагыг нэгэн дор огтлолцуулж, маш сонирхолтой орчныг бий болгож чадсан Nomado Boutique Hotel юм.

Нэр: Nomado Boutique Hotel
Хаяг: Модны 2-ын замын зүүн талд, 7777-7769
Чиглэл: Ресторан, зочид буудал
Үүсгэн байгуулагч: Н.Батбаяр
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:​ www.nomadohotel.com (Вэб) Nomado Boutique Hotel (Фэйсбүүк), Nomado Boutique Hotel (TripAdvisor), nomado.boutique.hotel (Инстаграм)


Үүсгэн байгуулагч Н.Батбаяр

сэдэл

Өмнө нь яг энэ газар дээр ээж аав маань өөрсдийн бизнесийг эрхэлдэг байсан юм. Миний хувьд тодорхой хугацаанд сурч, ажиллаж, туршлага хуримтлуулсны дараагаар байгаа нөөцөө ашиглаад маш гоё зочид буудлыг эхнээс нь босгож хөгжүүлье гэж бодох болсон. Ингээд санаагаа бодит ажил болгохоор шулуудан Сингапурт амьдардаг эгчтэйгээ холбогдож, тэндээс хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагчид хайж эхэлсэн юм. Гурван жил уйгагүй хөөцөлдөж оролдсоны дүнд хэлцлүүд маань амжилттай болж, хүссэн хөрөнгө оруулалтаа авч чадсан. Энэ гурван жилийн хугацаанд би өөрөө ч их хөгжсөн. Төсөл төлөвлөгөө боловсруулахаас эхлээд хүнтэй харьцах, санаагаа богино хугацаанд үр дүнтэй танилцуулах гээд багагүй туршлага хуримтлууллаа.

Ялгарал 

Boutique гэдэг нь ерөнхийдөө өөрийн гэсэн консепттой, онцлог шинж чанартай үйлчилгээг илэрхийлдэг. Гаднын орнуудад ч дундаж Boutique зочид буудлын үнэ нь дээд зэрэглэлийн буудлуудын үнэтэй дүйцдэг. Яагаад гэвэл том буудлаас авч чадахгүй олон содон өөр үйлчилгээ, мэдрэмжийг авах боломжтой болохоор тэр юм. Тэр ч утгаараа манай буудалд гадаадын жуулчид төдийгүй дотоодын үйлчлүүлэгчдийн ч анхаарлыг татаж чадах олон үйлчилгээ, деталиуд байгаа шүү.

Жишээ нь: Буудлын хувьд давхар бүр өөр буюу “Хүннүгийн үеийн Монгол”, “Чингис хааны үеийн Монгол”, “Манжийн үеийн Монгол”, “Орчин үеийн нүүдэлчин Монгол” гэсэн цаг хугацааны дараалалтай, тохижилт бүхий 36 өрөөтэй. Өрөө бүр өөр интерьертэй, ухаалаг зурагттай, харилцан адилгүй түүхийг дотроо агуулдаг. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч манайд бууснаараа зөвхөн орны тоо, зай талбайн хэмжээг харахаасаа илүү мэдрэмжийг, таашаалыг авч чадна. Мэдээж хэрэг зорилтот зах зээл маань аялагч, жуулчид тул гаднын соёлыг давхар судалж байж загвараа гаргаж байсан. Тиймд манайд дөрвөн давхар, дөрвийн тоотой өрөө гэж байхгүй. Азийн орнуудын соёлд дөрвийн тоо үхлийг бэлгэддэг тул зах зээлээ дагаад ингэж шийдсэн хэрэг л дээ.

Хамгийн дээд давхрын өрөөнүүдийн таазанд тэнгэр харах боломжтой цэлгэр цонхнуудыг байршуулсан тул од хараад унтах боломжтой. Ер нь ихэнх өрөөний интерьерийг гол төлөв хосуудад зориулж гаргасан болохоор романтик, орчин үеийн хэв шинжийг барьсан минималист, түүний зэрэгцээ түүхийн болоод гоо сайхны таашаал өгөхүйц болж чадсан.


Nomado boutique hotel гэж юу вэ?

Үндэсний хэв шинжийг хадгалсан, онцгой, чамин, минималист, романтик үйлчилгээ. (Nomadic, unique, chic, minimalist, romantic service.)

нэр

Үндэсний хэв шинж гэдэг маань ерөөс нүүдэлчин ахуй, түүх соёл шүү дээ. Түүнийг илүү үнэ цэнтэй, сонирхолтой болгож байгаа нь бидний бизнесийн онцлог. Иймд нүүдэлчин буюу Nomad гэдэг үгэнд о үсгийг залгаж, дуудахад илүү содон болгосон хэрэг.

Одоо

Одоогоор компанийнхаа соёлыг төлөвшүүлэхэд илүү анхаарч байна. Хэдийгээр дэлхий даяар COVID-19 цар тахалтай холбоотойгоор бизнесүүдийн хувьд давагдашгүй нөхцөл байдал үүсээд байгаа ч Boutique Hotel-ийн гол зардаг зүйл нь өрөө биш үнэ цэн, мэдрэмж байдаг учраас энэ үеийг үйлчилгээгээ илүү төгөлдөржүүлэх боломж болгон ашиглаж байна.

Үүнээс гадна буудлаа улам гоё болгож, одоо байгаагаасаа бүр илүү буюу яг арт музей шиг болгохоор төлөвлөж байна. Зүгээр л үйлчлүүлэх, хоол идэх, өрөөнд хонох гэж ирэхээс илүүтэй энгийн үедээ ч ирмээр санагддаг, тэр мэдрэмжийг үгүйлдэг тийм газар болгохоор л ажиллаж байна. Одоо ч манайд олон олон брэнд санал тавьж, зураг авалт хийдэг юм. Энэ давуу талаа илүү цогц, бүрэн дүүрэн болгох болно.


баг

Энэ газарт байсан барилгаа буулгаж, шинэ Nomado-г босгох хүртэл нийт 300 гаруй хүн, жил орчмын хугацаанд ажилласан. Зургаан архитекторын хамтын ажиллагаанаас гарч ирсэн загвараар, гадна дотнын олон бизнес эрхлэгчийн туршлагаар боссон доо. Харин ашиглалтанд орж нээлтээ хийснээс хойш 30 орчим хүн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Багийн ажиллах гол зарчим бол деталь бүр дээр анхаарч, хурдтай ажиллах.

ирээдүй

Одоогоор манай улсын орлогыг бүрдүүлж буй гол салбар нь уул уурхай байгаа ч гэлээ тун удахгүй аялал жуулчлалын салбар өндөр өсөлт үзүүлнэ гэж боддог. Ухаандаа Үндэсний их баяр наадмаар монголчууд өөрсдөө баярлаад явчихдаг биш харин тэр үеэр жилийн хамгийн гол орлогоо олдог болох, түүнийгээ хүлээж бэлддэг, жуулчид ч Монгол улстай танилцах гэж яардаг болох тийм ирээдүй ойрхон байгаад эргэлздэггүй. Яг тэр үед аялал жуулчлалын салбарын томоохон тоглогчдын нэг болсноор ирээдүйгээ харж төлөвлөдөг. Мөн Вoutique гэдэг нь ганц дэлгүүр, буудал дээр яригддаг ойлголт биш. Цаашдаа үйл ажиллагаа өргөжүүлж ресорт ч болох боломж бүрэн бий. Монгол ер нь боломжоор дүүрэн шүү. Өмнөх туршлагуудаасаа сайн суралцаад, зоригтой бөгөөд хурдтай ажиллахад хийх зүйл хангалттай их бий.



Эрсдэл

Хоол, буудлын салбар бол өөрсдөө л зөв төлөвлөлттэй, сайн модельтой байж чадвал харьцангуй эрсдэл багатай салбар. Хүнд хэзээд хоол хэрэгтэй, унтаж амрах газар хэрэгтэй. Гол нь л хэрэглэгчдийнхээ итгэлийг дааж чаддаг, хүлээлтэд хүрдэг байх ёстой. Ийм л байж чадвал манайх тийм ч тогтворгүй салбар биш гэж хардаг.

Зарим хүмүүс манай байрлалд их ач холбогдол өгдөг юм. Бид бол үүнийг асуудал, сул тал гэж хардаггүй. Үүнийг цаг хугацаа, манай үйлчилгээний өгч буй үнэ цэн яваандаа батлах байх.