Хүн төрөлхтөн үүсэж хөгжсөн цагаасаа л эхлэн хад чулуу, мод цаасыг ашиглан ахуй амьдралын түүхээ бичиж, итгэл үнэмшил, дур сонирхлоо бэлгэ тэмдэг болгон биежүүлэх замаар урлагийг өөр өөрсдийнхөөрөө хөгжүүлсээр энэ үед иржээ. Зурж урласан бурхан, хөшөө болгон босгосон эрхэм хүмүүс, хэзээ ч бодитоор байгаагүй дүрүүд гээд дурлаж хайрлах зүйл бидэнд бишгүй их. Тэгвэл одоо үед урлаг хааш чиглэн хөгжиж байна вэ? Сүүлийн жилүүдэд орчин үеийн урлагийн галерей, музейнуудын санд албан ёсоор бүртгэгдэж, олон нийтэд танигдах болоод буй тоглоомон урлагийн төрлийг Монголдоо хөгжүүлж буй Nomad Toys-ийг бүтээлч залуусыг бид энэ удаа онцоллоо.

Нэр: Nomad Toys ХХК
Хаяг: Гандан Тэгчэнлин хийдийн төв хаалганы замын зүүн урд, Шар Ордоны 6 давхар
Чиглэл: Тоглоомон урлагийн бүтээл, Чимэг зураг, дүр хөгжүүлэлт
Үүсгэн байгуулагч: Э.Түвшинтөр И.Төгөлдөр Э. Доржрагчаа
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:​ Nomad Mad (Фэйсбүүк), nomadtoys (Инстаграм)


Үүсгэн байгуулагч Э.Түвшинтөр

сэдэл

Миний хувьд 2011 онд зураач мэргэжлээр сургуулиа төгсөөд, 2016 онд өөрийн бие даасан анхныхаа үзэсгэлэнг гаргаж байлаа. Энэ үзэсгэлэн маань тухайн үедээ чамлахааргүй амжилттай болсон ч дараагийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж эхлэх үед “Ингээд зураад л байх уу, энэ хэвээрээ байвал зурсан зургуудаа жаахан өөрчлөөд л нэг газартаа тойроод байх юм биш үү” гэх мэт зүйлс бодогдоод, эргэлзээнд орчихсон. Тийм болохоор хоёр дахь үзэсгэлэнгээ аль болохоор шинэлэг байдлаар хийх үүднээс зураг, фигурийн (биет дүрслэл/баримал) хосолмол байдлаар гаргасан юм.

Үүнээс хойш биет урлагийн төрлийг сонирхон судалж эхлээд “Art toy” буюу Тоглоомон урлаг гэгдэх маш залуухан, шинэлэг, цаашид хөгжих нөөц бололцоо ихтэй төрөл байдгийг олж мэдсэн. Яг л хайж байсан зүйлээ олчихсон хүн чинь үүнтэйгээ шууд л наалдаад, тэврээд авсан гэхэд болно. Улмаар зураач найзууддаа санал тавьж, хамтрахыг хүсэхэд тэд ч маш дуртай хүлээж аван, эхний ээлжид “madNomad” үзэсгэлэнг Шог зураач Цогтбаяр ахын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Үүнээс хойш бид албан ёсоор нэгдэж, 2019 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн дээ.

ялгарал

Тоглоомон урлаг бол үүсэж хөгжөөд ердөө 30-аадхан жил болж байгаа тун залуу урлаг. Анх бий болсон цагаасаа эхлээд л үнэхээр дуртай, энэ төрлийг ойлгодог сонирхогч, цуглуулагч, музей, галерей, албан байгууллагуудын байнгын цуглуулгуудад тавигдан хөгжиж ирсэн. Илүү деталь, нарийн нямбай хийцтэй, гар аргаар бүтээгддэгийн дээр нэг загвараас маш цөөн тоогоор гардгаараа онцлогтой. Жишээ нь, бидний саяхан ажилласан Зэрэг нэмэхийн өмнө киноноос санаа аван хийгдсэн “Зэрэг нэмсний дараа” хэмээх коллекцоос ердөө таван ширхэг гарсан бол одоо ажиллаж буй Хандгайн цуглуулгаас 20 ширхэг л бүтээгдэж байгаа. Тав эсвэл арван жилийн дараа энэ загваруудыг хайгаад ч олж чадахааргүй болно гэсэн үг л дээ. Анхны загвараа зохиохдоо үйлдвэрлэчихээд түүнийгээ зарах биш, эхлээд урьдчилсан захиалгаа аваад захиалагчид бүрдэхээр нь үйлдвэрлэж эхэлдэг.

Харин Nomad Toys студийн онцлог гэвэл нүүдэлчдийн соёл, орчин үе гэсэн хоёр уур амьсгалыг хольдог онцлогтой. Түүн дээр бид зэвүүн, зарим тохиолдолд ууртай, галзуу дүр төрхийг монгол хэв маягтай хамт шигтгэж өгдөг. Мөн дүр бүрийнхээ түүх, хөгжүүлэлтэд их анхаардаг. Түүхгүй, өгүүлэмжгүй энгийн нэг баримал ямар ч үнэ цэнгүй шүү дээ.



Nomad Toys гэж юу вэ? 

Nomad Toys бол Тоглоомон урлагийн соёлыг түгээгчид. Тоглоомон урлаг буюу Арт тоглоом нь орчин үеийн баримал. Сюрреализм (Бодит мэт харагдах боловч бодит байж боломгүй дүрслэл), поп арт, графитти, илюстрейшн, анимейшн зэрэг олон урлагийн төрлийн огтлолцол дээрээс үүсэж бий болсон урлагийн төрөл.

нэр

Бидний энэ чиглэлээр хийсэн анхны үзэсгэлэнгийн нэр madNomad буюу Галзуу нүүдэлчид байсан юм. Студиэ байгуулаад, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх болоход олон улсын “Тоглоом” гэдэг нэршлээ барихаар шийдээд Nomad Toys болгож өөрчилсөн.

одоо

Одоогоор Хандгай, Оннц дүмдийн цуглуулгууд, шинэ дүрүүд дээрээ төвлөрч байна. Манай студийн хувьд тоглоомын дизайнаас гадна илюстрэйшн арт, дүр хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааныхаа чиглэл бүрийг жигдхэн хөгжүүлэхэд анхаардаг. Мөн уран бүтээлчдийн хувьд ганцхан ажил дээр төвлөрөөд суух нь ховор. Үндсэн ажил, нэмэлт төслүүд, хувийн уран бүтээл гээд олон ажил бий.



баг

Одоогоор тавуулаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид бүгдээрээ зураач, уран бүтээлч хүмүүс. Бүгд л дуртай хайртай зүйлээ хийж байгаа болохоор энэ урлагийн төрлийг Монголдоо хөгжүүлэх чин хүсэлтэйгээр, хоёргүй сэтгэлээр, өөрсдийн бүх боломж бололцоогоо зориулан ажлаа хийцгээдэг.

ирээдүй

Багийнхан маань мэргэжил нэгтэй, адил зүйл хардаг, хийдэг хүмүүс болохоор хийж байгаагаа л илүү гоё болгох, шинэлэг байлгахад анхаарснаас биш, бизнес талын буюу зах зээл, идэвхжүүлэлт, хуваарилалтын асуудлаа сайн тооцоолоогүй байсан юм. Гэтэл Монголд тийм ч сайн танигдаагүй энэ урлаг гаднын зах зээлд бол маш өндөр үнэлгээтэй, цуглуулагч ихтэй байдаг болохоор хилийн чанадаас захиалгууд орж ирэх болсон л доо. Энэ нь ч аргагүй юм билээ. Хэдийн хөгжсөн зах зээлд 600 ам.доллараар зарагддаг бүтээгдэхүүнийг бид 100 орчим ам.доллараар л зарж байгаа юм чинь... Иймд ирээдүйд тээвэрлэлт, захиалгын системээ илүү сайн шийдээд гаднын зах зээлд хандах, чиглэх төлөвлөгөөтэй байгаа. Ялангуяа Азид энэ төрлийг сонирхогчид их, худалдан авах боломжтой цуглуулагчид их байна.



эрсдэл

Урлаг бол хүний амьдралын анхдагч хэрэгцээ биш. Тиймээс урлаг ялангуяа бидний хийж байгаа шиг шинэ төрлийн урлагийн хөгжил, түүнийг дагасан бизнесүүдийн үйл ажиллагаа тогтвортой байх эсэх нь нийгэм, эдийн засгийн байдлаас тун их хамаардаг. COVID-19 цар тахлын онцгой нөхцөл байдал мэдээж их бэрхшээл, эрсдэл болж байна.
Дараа нь Монголын зах зээл, хэрэглэгчид сайн төлөвшөөгүй байгаа тул дотоодын худалдан авагчид бага байгаа. Хэрэглэгчдээ төлөвшүүлэх, нийгэмд энэ төрлийн урлагийг таниулах, ойлгуулах хэрэгцээ их байна. Арт тоглоомыг лангуун дээр зарагддаг масс үйлдвэрлэлийн гарцын нэг нь биш, харин дурлаж хайрладаг хүнд нь л зориулж хийгддэг урлагийн бүтээл гэдэг талаас нь хардаг болоосой гэж хүсдэг.