Сүүлийн жилүүдэд дотоодын банк санхүү, тэр дундаа финтек салбар хурдацтай хөгжиж, өрсөлдөөн нэмэгдсэнээр өмнө байгаагүй олон боломж, шинэлэг үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд санал болгосоор буй. Хурдан, хялбар цахим зээлийн шийдлээрээ хэдийн танигдсан "Нөмөр" апп хэрэглэгчдэдээ зориулсан ээлжит ажлаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор танилцуулсан нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч кофе шоп "Нөмөр кафе" байлаа. Салбартаа анхдагч гэж хэлж болохуйц уг кафе нь тэдний хэрэглэгчдэдээ илүү ойртох, үйлчилгээ хялбаршуулах гол суваг нь болох учиртай бөгөөд уг кофе шопоор үйлчлүүлснээр тавтай орчинд ажлаа амжуулангаа санхүү, зээлийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авах боломжтой ажээ. 

Нэр: Нөмөр кафе
Хаяг: УИД-ийн зүүн урд, GS25 дэлгүүрийн зүүн талд
Чиглэл: Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч кофе шоп
Үүсгэн байгуулагч: Нөмөр кредит ББСБ
Үүсгэн байгуулагдсан: 2021 он
Холбоос: numur.mn (Вэб), Numur Coffee shop (Фэйсбүүк), Numur (Фэйсбүүк)


Маркетинг, борлуулалтын менежер Мөнхзул

Сэдэл

"Нөмөр кредит" ББСБ, Нөмөр апп хэрэглэгчдэдээ үргэлж хурдан, хялбар, уян хатан үйлчилгээг амласаар ирсэн. Тиймдээ ч манай баг уг зорилгынхоо хүрээнд тасралтгүй шинийг эрэлхийлж, салбарын хөгжлийг ахиулж, үйлчлүүлэгчдээ халамжлахад ихэд анхаардаг. Энэ жилийн хувьд бид стратеги төлөвлөлтдөө "Хүртээмжтэй байх" гэдэг зорилтыг тавьсан юм. Энэ зорилтынхоо хүрээнд өнгөрсөн оны сүүлээс эхлэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч кофе шопыг анхлан байгуулах санааг гаргаж, хагас жилийн хугацаанд гүйцэтгэлийн ажилдаа төвлөрлөө. Ингээд өнгөрсөн долоо хоногоос "Нөмөр кафе"-даа кофе шоп, санхүүгийн үйлчилгээг хослуулан хүргэж эхлээд байна.

Ялгарал

Мэдээж кафе болон санхүүгийн үйлчилгээг нэг дор хослуулж буй нь бидний гол ялгарал.

Энд хэрэглэгчид манай тусгай жороор хуурч бэлтгэсэн амтат кофе болон төрөл бүрийн хоол, зуушнаас сонгон үйлчлүүлж, ажлаа амжуулангаа өөрт хэрэгтэй зээл санхүүгийн үйлчилгээг киоск машинаас эсхүл салбар хариуцсан менежерээс биечлэн авах боломжтой.

Киоск машин ашиглан Нөмөр аппын шинэ хэрэглэгч болсон тохиолдолд нэг удаа үнэгүй кофе авах эрх бэлгэнд авахын дээр, "Нөмөр"-ийн хэрэглэгч бүр уг кафегаар 20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Зээлийн төв, үндсэн салбаруудад үзүүлдэг бүх л үйлчилгээг эндээс авч болох тул хэрэглэгчдийн цагийг ихээхэн хэмнэж чадна гэдэгт итгэж байна. Тиймдээ ч бид байрлалаа хотын төвд буюу УИД-ийн урд байлгахаар шийдсэн юм. Энэ мэтээр илүү хурдан, хялбар, уян хатан байхыг үргэлж хичээж, эрэлхийлсээр байна даа.



Нөмөр кафе гэж юу вэ?

Нөмөр кафе бол таныг дулаан мэдрэмжээр нөмрөх санхүүгийн үнэнч туслах, апп хэрэглэгчдийн заавал очих газар.

Нэр

Нөмөр аппын хэрэглэгчдэдээ зориулсан кафе тул энгийн, ойлгомжтой байхыг бодсон.

Одоо

Шинэхэн салбар, шинэлэг үйлчилгээ гэдэг утгаараа үйл ажиллагаагаа жигдрүүлэх, хэрэглэгчдэд танигдах, "Нөмөр"-ийн харилцагчдадаа мэдээллээ хүргэх ажилд төвлөрч байна. Зээлийг хэн ч, хэзээ ч төвөг чирэгдэлгүйгээр хялбархан авч болно гэдгийг харуулах, мэдрүүлэх зорилготой манай апп саяхан 100 мянган хэрэглэгчтэй болсонд бид их урамшсан шүү.

Түүнээс гадна, Нөмөр аппын хувьд бид саяхан тав дахь зээлийн шугам болох оюутны сургалтын төлбөрийн зээлийн үйлчилгээг нэвтрүүллээ. Энэ жилийн хувьд оюутнуудад тулгамдаж буй асуудал бол яах аргагүй сургалтын төлбөр. Энэ ч утгаараа бид хэрэглэгчдийн санхүүгийн нөмөр нь байна гэдэг консептоо барьж, оюутнууддаа зориулан “Оюутны сургалтын төлбөрийн зээл”-ийг зах зээлд шинээр нэвтрүүлсэн. Магадгүй оюутнууд маань сонирхож байвал эхлээд Нөмөр аппаа татаж, бүртгүүлээд тухайн бүртгэлээрээ oyutan.numur.mn сайтад хандан хүсэлтээ илгээх юм. Гол шалгуур нь ердөө хуучин элсэгчид 3.0 голчтой байх, шинэ элсэгч ЭЕШ-ын 600 оноотой байх явдал. Оюутан өөрийн зорилгыг тодорхойлсон эсээ бичээд тэнцсэн тохиолдолд онлайн ярилцлага хийнэ. Шийдвэр гаргалт 24-72 цагийн хугацаанд, бас бүх үйл явц нь онлайнаар гэдгээрээ онцлог.



баг

"Нөмөр"-ийн гэр бүлд одоогоор 30 гаруй ажилтан багтдаг. Үүнээс 6-8 нь кафедаа өдөр тутам ажиллах юм. Аппын хэрэглэгчид уг кафегаас яг л аппаа ашиглахад авдаг шиг хурдан, хялбар үйлчилгээг авч чадна гэдэгт итгэж байна.

ирээдүй

Ирээдүйд цахим зээлийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохын тулд 21 аймаг дахь салбаруудаа тэлж, сум бүрд хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй болохыг зорьж буй. Энэ жилдээ гэвэл киоск машинаа хотын 15 байршилд ажиллуулах төлөвлөгөөтэй. Одоогоор дөрвийг нь ашиглалтад оруулаад байна.

Ер нь бид, ирээдүйн төлөвлөлтөө аль болох харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, санал хүсэлттэй уялдуулан, хамтран гаргахыг боддог юм. Энд л хүрнэ, үүнийг л хийнэ гэж зөвхөн өөрсдийн шийдвэрээр зүтгэхээс илүүтэй харилцагчдаа сонсож, тэднийг мэдрэх нь илүү сайн сонголт болдог л доо. Цаашдаа ч энэ онцлогоо хадгалж, шинэлэг бөгөөд хэрэгцээтэй үйлчилгээг тухай бүр нэвтрүүлж байх болно.

эрсдэл

Бидний хувьд манай хамгийн хүнд сорилттой үе өнгөрсөн хоёр жилд тохиолоо. Энэ хугацаанд бид хэрэглэгчдээ таних, цахим зээлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах туршлага, мэдлэг мэдээллийг олж авахад ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсан. Томоохон сорилтоо амжилттай давж, хэрэглэгчдийн хүрээгээ тодорхойлж, хэрэглээг нь ойлгож чадсан болохоор одоо эрсдэл гэдэг нь "Ажил ч мөн их байна даа" гэдэг үгтэй утга дүйхүйц санагдаж байна.