Олон улсын тээврийн зардлын 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн нь бичиг баримт солилцож буй хүнд сурталтай процессоос үүдэлтэй хэмээн Дэлхийн Эдийн Засгийн Форум танилцуулж байв. Учир юунд гэвэл тухайн тээвэрлэлтэд оролцогч талуудыг холбосон хүртээмжтэй цахим систем байдаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн тээвэрлэлт нь стандартад нийцсэн эсэхээс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх үйл явцыг харуулах, ил тод мэдээлэх орчин байхгүй аж. Тиймээс бид энэ удаа нийлүүлэлтийн сүлжээ, ложистикийн салбарт нэн чухал хэрэгцээтэй, төвлөрсөн бус системийг Монголдоо анхлан нэвтрүүлж буй "Obortech" компанийг онцолж байна. 

Нэр: OBORTECH
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Grand Office 3-36
Чиглэл: Блокчейн технологид суурилсан мэдээлэл солилцох цахим систем
Үүсгэн байгуулагч: Б.Тамир
Үүсгэн байгуулагдсан он: 2019
Холбоос: Obortech Mongolia (Фэйсбүүк), OBORTECH (Твиттер), Obortech (Вэб), OBORTECH (Ютүб)

СЭДЭЛ

Нийлүүлэлтийн сүлжээ, ложистикийн салбарт технологи, мэдлэг, мэдээлэл солилцох арга хэлбэрийн хувьд өөр хоорондоо харилцан адилгүй олон төрлийн тоглогч байдаг. Гэвч бүгдэд нь нэг ижил асуудал тулгарч буй нь бизнесийн цахим харилцааны оновчтой шийдэл. Уламжлалт төвлөрсөн систем буюу бүх мэдээлэл нь аль нэг компани, байгууллагын нэг серверт хадгалагддаг систем нь тус серверийн үйл ажиллагаа доголдох, эсвэл тухайн байгууллага нь мэдээллийг өөрт ашигтайгаар өөрчлөх, бусад хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр харах зэрэг эрсдэлтэй байдаг. Харин энэ байдлыг блокчейн системд оруулснаар мэдээллийн урсгалын нэг стандарт, формат бий болж, олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой болж байгаа юм. Ийнхүү бид блокчейн технологид суурилсан мэдээлэл солилцох цахим системийг Монголын ложистикийн салбарт нэвтрүүлэх зорилгоор 2019 оны эхээр компаниа байгуулсан.

Дэлхийн томоохон тээврийн компаниуд блокчейн болон IoT (юмсын интернэт) холболтын технологийг ложистик, нийлүүлэлтийн салбарт дараагийн цоо шинэ хувьслыг авчирна хэмээн үзэж байгаа. Гагцхүү үүнийг яаж нэвтрүүлж, хэрхэн хэрэглэх ёстой вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болж байгаа юм. Ложистик, нийлүүлэлтийн сүлжээ нь зөвхөн нэг улсаар хязгаарлагддаггүй учраас импортлогч, экспортлогч аль ч улсын хувьд ашиглаж болохуйц мэдээлэл солилцооны систем байх хэрэгтэй. Тиймээс дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдөхийн зэрэгцээ Монголдоо тохирсон загвар буюу хэн ч ашиглах боломжтой системийг хөгжүүлэхээр судалгаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү системийг төвлөрсөн бус, ардчилсан байдлаар хийх шаардлага гарч ирсэн гэсэн үг. Энэ хүрээнд дотоодын хөгжүүлэгчдээр хийлгэх гэж оролдсон ч мэдээллийн аюулгүй байдлын стандартаас эхлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарсан. Иймд блокчейн хөгжүүлэлтийг хамгийн сайн хийж буй гаднын багийн эрэлд гарч, олон хөгжүүлэгчтэй уулзсаны эцэст Энэтхэг Улсын багтай хамтран ажиллаж байна.

ЯЛГАРАЛ

Блокчейн систем нь тухайн оролцогч талуудын солилцож буй мэдээллийг төвлөрсөн бус сүлжээний зарчмаар бүртгэн авдаг ба нэгэнт бүртгэгдсэн мэдээллийг сүлжээнд оролцож байгаа бусад талын оролцоогүйгээр устгах юм уу өөрчлөх боломжгүй. Тэгэхээр хамтран ажиллагч аль нэг тал алдаа гаргаж, түүнийгээ устгах юм уу засах гэж оролдвол харилцагч талуудад заавал мэдэгдэх, зарим тохиолдолд талуудаас зөвшөөрөл авах шаардлагатай болно. Үндсэндээ аль нэг тал дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй тул үүнээс байгууллага, компанийн дунд итгэлцэл бий болно гэсэн үг.

Харин манай системийн ажиллах зарчмын онцлог нь аль ч түвшний хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй байхаар хөгжүүлсэн. Ерөнхий хэлбэрийн хувьд хэрэглэхэд илүү хялбар, энгийн байлгах үүднээс хүн бүрийн ашигладаг сошиал платформын загвараар хөгжүүлж байна. Танай байгууллагын оруулж буй мэдээлэл нь блокчейн дээр бүртгэгдэж, мэдээллийн өндөр хамгаалалттай системд хадгалагдана. Одоо хөгжүүлж буй туршилтын бета хувилбараа бид өнгөрөгч аравдугаар сард олон нийтэд танилцуулж, маркетинг хийж эхэлсэн. Энэ хүрээнд туршилтад орох хүсэлтэй байгууллагуудыг бүртгэн аваад байгаа ба энэ онд багтаан туршилтаа дуусгах төлөвлөгөөтэй байна.

Мөн мэдээлэл солилцох экосистемийг илүү сонирхолтой, өмнө байгаагүй цахим харилцааны шинэлэг орчин бүрдүүлэх зорилгоор OBOT токенийг нэвтрүүлсэн. Тус токен нь мэдээлэл солилцох виртуал экосистемд олон янзаар ашиглагдаж, тухайн экосистемийн үндсэн хэрэглээний токен болох юм. Харилцагч байгууллагууд үнэн зөв, баталгаатай мэдээллээ хэр идэвхтэй оруулж байгаа болон хамтран ажиллагч байгууллагуудынхаа дунд хэр итгэлцэл хүлээж байгаагаас хамаарч оноо өгөх боломжтой. Харин тэрхүү оноо нь тодорхой түвшинг илтгэх ба түүнтэй дүйцэхүйц токеноор харилцагчдаа урамшуулна гэсэн үг. Үүнээс гадна OBOT токенийг тус системийн төлбөрт хөнгөлөлт эдлэх, ухаалаг гэрээний урамшуулалд ашиглах, системийн засаглалтай холбоотой үйл ажиллагаанд оролцох, системийн орчинд бусадтай бартер хийх зэрэг олон янзаар ашиглах боломжтой. Энэхүү OBOT токений хэрэглээний загварыг олон улсад амжилттай яваа блокчейн технологид суурилсан олон крипто төслийн нийтлэг чиг хандлагад нийцүүлэн хийсэн.

"OBORTECH"-ийн үүсгэн байгуулагч Б.Тамир

“OBORTECH” ГЭЖ ЮУ ВЭ?

Блокчейн технологи дээр суурилсан мэдээлэл солилцох цахим систем.

НЭР

2017, 2018 оны үед “Нэг бүс, Нэг зам” нэртэй санаачилгын хүрээнд Ази, Европ тивийг холбосон транзит орон нь манай улс байх тухай яригдаж байсан юм. Тухайн үед бид тэрхүү үйл явдлыг бэлгэдэн Ази, Европ тивийг холбосон дэд бүтцийн технологийг монголчууд өөрсдөө хийж, энэ салбарт тэргүүлье гэсэн санаагаар "One Belt, One Road" гэх үгсийг товчилж OBORTECH гэж нэрлэсэн.

ОДОО

Олон улсын баг бүрдүүлж чадсаны давуу тал гарч Microsoft компаниас зарласан олон улсын хөтөлбөрт шилдэг зургаан төслийн нэгээр шалгарсан. Блокчейн технологи хөгжүүлэгч компаниудыг зах зээлд гаргах, хөрөнгө оруулагчтай холбох “The Century Program” хөтөлбөрт нийт 500 төсөл хүсэлтээ ирүүлснээс бид ийнхүү шалгараад байгаа юм. Харин энэ талын ажлуудыг энэтхэг хөгжүүлэгчдийн баг хариуцаад явж байгаа.

Өмнө нь хэлсэнчлэн блокчейнээс гадна IoT ухаалаг мэдрэгчийн технологийг нэвтрүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Үүнийг товчоор тайлбарлавал, IoT нь аливаа компанийн ачаа тээвэрлэлт стандартын дагуу явж байгаа эсэхийг хянадаг төхөөрөмж юм. Энэ хүрээнд Данийн "Onomondo" компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Тус компанийн чанартай сүлжээг ашиглан тээвэрлэлтийн явцын мэдээллийг дэлхийн хаанаас ч хүлээн авах болон илгээх боломж бүрдэнэ гэсэн үг.

БАГ

Одоогоор оффистоо 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Системийн хөгжүүлэлтийг Энэтхэгийн баг хариуцан ажиллаж байгаа бол токений хөгжүүлэлтийг олон улсын крипто, блокчейн системийн чиглэлээр мэргэшсэн ОХУ-ын мэргэжилтэн Максим Прищепо ахлан ажиллаж байна.

ИРЭЭДҮЙ

Юун түрүүнд токеноо олон улсын томоохон крипто биржүүдэд арилжаалах зорилт тавьж байна. Ингэснээр гадаадын орнуудад илүү танигдах боломж бүрдэх юм. Мөн ирэх оноос системийнхээ гадаад маркетинг дээр анхаарна. Танилцуулга хийгдэх сувгууд маань ч бэлэн болсон. Гагцхүү бид системийнхээ туршилтыг нэн тэргүүнд дуусгах хэрэгтэй. Учир нь бид түүнээс гарах үр дүнд суурилан контентоо бэлтгэн, гадаад маркетингаа илүү сайн хийх боломжтой болох юм.

ЭРСДЭЛ

Аливаа инновацыг нэвтрүүлэхэд хүн бүр шууд ойлгох боломжгүй шүү дээ. Зарим хүмүүс хэтэрхий хуучин арга барилд дасчихсан байгаа учраас тэдэнд зөв ойлголт өгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Токений хувьд мөн л харилцан адилгүй ойлголттой байна. Дийлэнх хүмүүс криптовалютаас ашиг олох тал дээр нь л төвлөрөөд байна. Энэ салбар нь байнгын савлагаатай, таамаглашгүй байдаг болохоор үүнийг наанатай цаанатай харж, тухайн крипто валютаас илүүтэй цаана нь байгаа технологийн шийдэл, асуудал шийдвэрлэж буй зах зээлийн боломж, төсөл хэрэгжүүлж буй багийнх нь талаар сайтар судлах хэрэгтэй.

Өнөөдөр хүмүүс хэт их сэтгэлийн хөөрлөөр нэг нэгнийгээ дагаж, богино хугацааны крипто валютын үнийн өсөлтөд анхаарлаа хандуулаад байх шиг. Богино хугацаанд хэт өндөр өсөлт үзүүлсэн крипто валют эргээд хүчтэй унах магадлал өндөр байдаг учраас энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлж буй хэн бүхэн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан иргэдийнхээ санхүүгийн боловсролд болон крипто зах зээл дээр хэрхэн арилжаа хийх, сайн крипто төслүүдийг яаж үнэлж дүгнэх талаар наад захын мэдлэг олгоход анхаараасай гэж хүсэж байна.