Бидний амьдралын эхний 1000 өдөр. Энэ цаг хугацаанд бид юуг танин мэдэх, хэр их хайр халамж хүртэх, хөгжих үйл явц хэр үр дүнтэй өнгөрөхөөс хамаарч ирээдүйд хэн болох маань тодорхойлогддог аж. 

Энэ удаагийн нийтлэлдээ бид 2018 оноос эхлэн Монгол Улсын ирээдүйн эзэд болсон 0-6 насны хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа OneSky Mongolia ОУТББ-ыг урилаа. Тэдний үйл ажиллагаа зөвхөн хүүхдүүдэд чиглэхээс гадна эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, гэр бүлд тулгуурласан тогтвортой хөгжлийн суурийг бий болгоход онцгой үүрэг үзүүлж буй.  Ингээд Монголын олон гэр бүлд өгч буй тэдний дэмжлэгийн тухай илүү дэлгэрэнгүйг энэхүү нийтлэлээс хүлээн авна уу. 

Нэр: OneSky Mongolia
Ярилцлага хийсэн байршил: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хорооны байр, Гэр бүлийн төв
Үйл ажиллагааны чиглэл: 0-6 насны хүүхдийн хөгжил, боловсрол
Монголд салбараа байгуулсан он: 2018
Сошиал хуудас: Facebook

сэдэл

OneSky ТББ одоогоос 27 жилийн өмнө буюу 1998 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Манай үүсгэн байгуулагч Женни Боуэн асрамж, халамжийн байгууллагаас охиноо өргөж авах зорилгоор Хятадыг зорьсон нь энэ бүхний эхлэл болсон гэдэг. Тодруулбал, тэр үед асрамж, халамжийн байгууллагуудад орхигдсон хүүхдүүдийн тоо өндөр байсны зэрэгцээ тэдний ихэнх нь “Нэг хүүхдийн бодлого”-ын нөлөөгөөр охин хүүхэд байгааг анзаарчээ.

Анх уулзах үед охин нь сэтгэлзүйн хувьд хаалттай, бусдад бараг хариу үйлдэл үзүүлдэггүй байсан бол АНУ-д авчраад хайр, халамж дүүрэн орчинд өсгөсний дүнд цовоо сэргэлэн, тоглож наадах дуртай, аз жаргалтай хүүхэд болон өссөн байна. Чухам энэ өөрчлөлт нь хайраар дүүрэн орчин нөхцөл хүүхдийн амьдралыг эрс өөрчилж болдгийг ойлгуулж, ижил байдалд буй олон мянган хүүхдэд туслах ёстой гэсэн урам зоригийг өгчээ. Ингэж л OneSky бий болсон юм. Өнөөдөр OneSky нь БНХАУ, Вьетнам болон Монгол Улсад бага насны хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг олон улсын төрийн бус байгууллага болон ажиллаж байна.

DZ Consulting-ийн урилгаар манай төв байгууллага 2018 онд Монгол Улсад хүрэлцэн ирж, хүүхдүүд болон асран хамгаалагчдад шаардлагатай үйлчилгээний нөхцөл байдлыг судалсан байдаг. Улмаар хэрхэн бодит хувь нэмэр оруулах вэ гэдгийг үнэлж, тодорхойлон Монгол дахь үйл ажиллагааг эхлүүлж байв.


Хөтөлбөр хариуцсан захирал Ц.Гэрэлтуяа

ялгарал

Хүүхдийн амьдралын эхний 1000 хоног нь бие бялдар, нийгэм-сэтгэл хөдлөл, тархины хөгжилд хамгийн чухал үе гэдгийг судалгаагаар хүлээн зөвшөөрдөг. Эрт үеийн хөгжлийн судлаачид одоо “дараагийн 1000 хоног”-т тогтвортой, чанартай асаргаа ч мөн адил хүүхдийн урт хугацааны төлөвшилд зайлшгүй хэрэгтэйг онцолж байна. Иймээс OneSky нь 0-6 насны хүүхдүүдэд төвлөрөн ажилладаг.
Манай хөтөлбөрийн цөм нь хүүхдээ ойлгон хөгжүүлэх асаргаа халамж буюу хүүхэд-асран хамгаалагчийн сэтгэл зүйн холбоог бэхжүүлэх явдал байдаг. Энэ нь уламжлалт сургалтын загваруудад төдийлөн тусгагддаггүй ч хүүхдийн тархи, сэтгэлзүй, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой. Монголын нөхцөлд ч үр дүнгээ маш сайн өгдөг.

Мөн манай сургалтын загвар танхимын болон цахим сургалт, дадлага гэсэн хосолмол хэлбэртэй. Энэ нь нөөц багатай орчинд ч сургалтын чанарыг алдагдуулахгүй байж, оролцогчид сургагч багш нартай байнга холбогдон зөвлөгөө авах, тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлдэг давуу талтай юм. Бид өнгөрсөн хугацаанд 3540 хүнд бага насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаас эхлээд яаж хөгжүүлж, сургах талаар сургалт явуулсан байна.


Чадавхжуулах сургалтад хамрагдаж буй эцэг эх, асран хамгаалагчид

ONESKY MONGOLIA ГЭЖ ЮУ ВЭ?

Товчхондоо, OneSky бол зорилтот бүлгийн хүүхдүүдэд хөгжих боломж олгохын тулд тэдний асран хамгаалагчдыг сургаж, чадавхжуулахад чиглэсэн олон улсын төрийн бус байгууллага юм. Бидний үндсэн зорилго бол хүүхдийн хөгжлийг дэмжих орчныг бий болгоход бүх оролцогч талыг чадавхжуулах явдал билээ. Мөн бид олон нийт, төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж, бага насны хүүхдүүдийн асаргаа, боловсролын тогтолцоог сайжруулахын төлөө ажилладаг.



НЭР

OneSky буюу “Нэг тэнгэр” хэмээх нэр нь хүүхэд хаана төрснөөс үл хамааран, нэгэн тэнгэр дор ижил тэгш хайр халамж, боломж хүртэх ёстой гэсэн бидний итгэлийг илэрхийлдэг.

ОДОО

Бид ерөнхий гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

1. Гэр бүлийн чадавхжуулах сургалт

Уг сургалтаар 0-6 насны хүүхэдтэй гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад хүүхдийн цогц хөгжлийг дэмжих мэдлэг, дадлага олгох зорилготой. Товчхондоо, найман долоо хоногийн хугацаанд, тархины хөгжил, хоол тэжээл, тоглож сурах арга, гэрийн халамжтай орчин бүрдүүлэх зэрэг 13 сэдвээр хичээлд хамрагдах юм. Энэхүү сургалтад сууснаар эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийг цаг алдалгүй дэмжих, тэдэнтэй зөв харилцах чадварт суралцдаг давуу талтай.

Гэр бүлийг чадавхжуулах сургалтыг бид зөвхөн эцэг эх, асран хамгаалагчдаас гадна Баянзүрх дүүргийн OneSky Гэр Бүлийн Төв болон ойролцоох цэцэрлэгүүдэд хэрэгжүүлсэн. Мөн өнгөрсөн оноос хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор улсын цэцэрлэгүүдтэй хамтран сургагч багш бэлтгэх загварыг туршиж эхлээд, 15 цэцэрлэгийн 30 сургагч багшийг амжилттай чадавхжуулаад явж байна. Эдгээр багш нар маань эргээд эцэг эхчүүддээ нөлөөлөх, зөв ойлголт, мэдлэгийг өгөх ач холбогдолтой юм.

2. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагаа

Манай хамтран ажиллаж байгаа хүүхэд харах төвүүдийн дийлэнхийг эмэгтэйчүүд үүсгэн байгуулсан байдаг. Тэдний хувьд үйл ажиллагаагаараа дамжуулан гэр хорооллын олон мянган айл өрхийн амьдралд онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг энд дурдах нь зүйтэй.

OneSky-ийн зүгээс Вьетнам Улсад үр дүнтэй хэрэгжсэн хөтөлбөрийг Монголын нөхцөлд тохируулан, мэргэжил, арга зүйгээр дэмжих хөтөлбөр боловсруулаад байна. Үүнд танхимын сургалт, менторшип, дижитал сургалтын платформ, бага насны хүүхдийн хөгжилд тохирсон сургалтын материал зэрэг багтана. Бид цаашид 2026 он гэхэд Улаанбаатарт бүртгэлтэй бүх хүүхэд харах төвүүдийг хамруулахыг зорьж байгаа. Мөн бид 2027 оноос үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд урт хугацаандаа улс орон даяар хэрэгжүүлэх зорилготой.

3. Асрамж, халамжийн байгууллагуудыг дэмжих үйл ажиллагаа

Бид энэхүү санаачилгыг 2025 оноос эхлүүлээд явж байна. Илүү тодруулбал, OneSky-ийн 27 гаруй жилийн туршлагад үндэслэн Монголын хүүхэд асрах үйлчилгээний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байгаа. Үүний үр дүн нь асрамж, халамжийн байгууллагуудын ажилтнуудыг дэмжих хөтөлбөрийг боловсруулах суурь болох юм.


Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Н.Сүхбат

баг

OneSky-ийн гол хөдөлгөгч хүч болсон зүрх нь манай баг хамт олон. Монголдоо эрт үеийн хөгжлийн мэргэжилтэн, сургагч багш, үйл ажиллагааны баг бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Харин дэлхий даяар нийтдээ 100 орчим ажилтантай.

Бид хамтын ажиллагааг эрхэмлэн, гэр бүл, олон нийт, төрийн байгууллагуудтай хамтран энэрэл, хүндлэл, нотолгоонд суурилан ажилладаг.

ирээдүй

2018 онд үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас бид хүүхэд хөгжлийн чиглэлд үргэлж шинэлэг арга барилыг нэвтрүүлсээр өдийг хүрчээ. Цаашид ч салбарынхаа түүчээлэгч байж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх болно. Тухайлбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд 2026 онд тус дүүрэгт хүүхэд харах жишиг төвийг байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Мөн цаашид жил бүр хүүхэд харах үйлчилгээний салбарын чуулган зохион байгуулах, UNICEF, Lorinet сантай хамтран бодлогын орчныг сайжруулах нөлөөллийн ажил зэргийг хийхээр төлөвлөж байгаа.

Мэдээж ганцхан дүүрэг, зөвхөн нийслэл хотоор хязгаарлагдахгүй. Манай байгууллагын алсын хараа бол хүүхэд бүр өөрийн нөөц, авьяас, боломжоо бүрэн хөгжүүлэх боломжтой дэлхийг бий болгох явдал. Тиймдээ ч бид байж болох бүх талын хамтын ажиллагааг эрэлхийлж, цар хүрээгээ улам нэмэгдүүлэн, хүүхдийн эрт насны хөгжилд хүн нэг бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах ажлыг хийсээр байх болно.



эрсдэл

Бага насны хүүхдийн хөгжлийн тухай асуудал учраас бидэнд мэргэжлийн хүний нөөц нэн тэргүүнд шаардлагатай. Гэвч бодит байдал дээр сургуулийн өмнөх боловсролын салбарт хүний нөөцийн хомсдол их байна. Энэ бол бидэнд төдийгүй манай салбарт тулгамдаж буй бэрхшээл.

Үүний зэрэгцээ олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх нь асар чухал байна. Хэдийгээр хүүхдийн хөгжилд багаас нь анхаарах хэрэгтэйг хүн бүр мэддэг ч үүнийг хүний амьдралын нэн чухал үе гэдгийг төдийлөн ойлгоогүйгээс үүдэх асуудлууд байсаар байгаа юм. Гагцхүү OneSky энэ тал дээр түүчээлэн ажиллаж, олон талт хамтын ажиллагааг бий болгон, харилцан туршлагаа хуваалцахад үргэлж нээлттэй байдаг.


Хэрэв та бүхэн OneSky Mongolia ОУТББ-тай холбогдохыг хүсвэл Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Н.Сүхбаттай холбогдоно уу.

И-мэйл хаяг: sukhbat@onesky.org
Утасны дугаар: 94080218