Дэлхийн жишигт нийцсэн, эмнэлзүйн лабораторийн оношилгоог орчин үеийн дэвшилтэт аппарат, тоног төхөөрөмж ашиглан, олон улсын хяналтын системээр хянуулж, салбартаа үлгэрлэж яваа ОНОШМЕД эмнэлзүйн лабораторийг шинэ дугаартаа онцолж байна. 

Шинжлэх ухааны дэвшил, эрүүл мэндийн салбарын ололт амжилтыг эх орондоо төдийгүй олон улсын түвшинд таниулан ажиллаж буй энэ хамт олон Монгол хүн бүрд чанар, баталгаатай лабораторийн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор 20 жилийн турш хичээн ажиллажээ. Монголд тэр бүр хийгддэггүй байсан оношилгоо, шинжилгээг нутагшуулж, эмчилгээний шинэ арга, барилыг нэвтрүүлснээр өвчтөнүүд гаднын орныг зорих шаардлагагүй болсон нь тэдний онцлох амжилт юм. 

Бизнесийн нэр: ОНОШМЕД эмнэлзүйн лаборатори
Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Хатагтай эмнэлэг
Үйл ажиллагааны чиглэл: Эмнэлзүйн оношилгоо
Үүсгэн байгуулагч: Ц.Нямсайхан, Н.Нарантуяа
Үүсгэн байгуулагдсан он: 2004 он
Цахим хуудсууд: Фэйсбүүк, Инстаграм, Вэб


Үүсгэн байгуулагч: Ц.Нямсайхан

сэдэл

Н.Нарантуяа: Би АУИС-ийг Хүүхдийн их эмч мэргэжлээр төгсөж, нярайн эмч болох хүсэлтэйгээр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөс ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үеийн удирдлагууд шинэ залуу боловсон хүчнээ мэргэшүүлнэ хэмээн лабораторид хуваарилснаар энэ салбартай анх холбогдсон юм. Эх нялхсын төвд арав гаруй жил лабораторийн их эмч, эрхлэгчээр ажиллаж байхдаа жирэмсэн эх, ураг, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, өвчлөлийн бодит байдалтай нүүр тулж, тулгамдсан олон асуудлыг биеэр мэдэрч байлаа. Аливаа өвчин эмгэгийг алдалгүй оношлоход 70 хувь нь шинжилгээнээс хамаардаг гэдгийг анагаах ухаан ч баталдаг. Нярайн эмч болно хэмээн мөрөөдөж явсан залуу эмч өвчин эмгэгийг оношлох суурь болсон салбар руу шилжих болсон нь ийм түүхтэй.

Эдийн засгийн хүндхэн жилүүдэд, шинэ тутам хөгжиж байгаа лабораторийн анагаах ухааны салбар эхэндээ амаргүй байсан. Оношилгооны аппарат, тоног төхөөрөмжүүд одоогийнх шиг автомат биш, шинжилгээг химийн болон гар аргаар хийнэ, сорьц, урвалжийг амаараа сордог байсан учраас лабораторийн эмч, ажилчид халдвар авах, хордох эрсдэл ихтэй. Гэлээ ч шинжилгээний хариу бодитой, үнэн зөв гарвал өвчин эмгэгийг зөв оношилж, эмчлэх учраас энэ салбар сайн хөгжих нь юу юунаас илүү чухал гэдгийг мэдэрч байлаа. Улсын байгууллагад сайн, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулж, лабораторийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломж хомс учраас хувийн оношилгооны лабораторио байгуулахаар шийдсэн нь Монголдоо анхдагч эмнэлзүйн лабораториудын нэг болсон.

Дэлхийн анагаах ухааны хөгжлийг эх орондоо авчрах том мөрөөдлөөр эхэлж байсан тэр үеэс хойш даруй 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд бид нөхөн үржихүйн эмгэг, үргүйдэл, дотоод шүүрэл, дааврын солилцоо, ургийн гаж хөгжлийг эрт илрүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийг түлхүү голчилж, дэлхий дахинд хөгжиж байгаа оношилгооны шинэлэг аргуудыг нэвтрүүлж, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Манай лаборатори олон улсын стандартын шаардлагыг хангаж, 2017, 2019, 2023 онуудад давтан итгэмжлэгдсэн Монгол Улсын тэргүүлэгч эмнэлзүйн лаборатори болсон. Эзэмшсэн мэргэжил, мэдлэг туршлагадаа тулгуурлан чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг лаборатори байгуулна гэх эрхэм зорилгоо баг хамт олонтойгоо гүйцэлдүүлж яваадаа баяртай байдаг.


ялгарал

Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын хүн амын 10 хувь буюу 300 мянга гаруй хүнд лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлж, хүн төвтэй үйлчилгээг эрхэмлэж ирсэн. Шинжилгээний хариуг гаргаад орхих биш оношилгоо, шинжилгээ хийлгэж буй үйлчлүүлэгч нартаа тусгайлан дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгдөг учраас анх байгуулагдахад л үйлчлүүлж байсан хүмүүс он жилийн уртад хамт байж одоог хүртэл үйлчлүүлсэн хэвээрээ байна. Үйлчлүүлэгчдийн шинжилгээний болон хувийн бүхий л мэдээлэл архивлагдан хадгалагдаж байдаг нь дараа дараагийн оношилгоо, эмчилгээнд тун чухал.

Бид Монгол Улсад хийгдэж байгаагүй, ховор нэр төрлийн болон нөхөн үржихүйн насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үрэвслийн шалтгааныг тодорхойлох шинжилгээнүүд, ургийн гаж хөгжлийг тодорхойлох хоёрол, гурвал тест, элэгний вирус тоолох шинжилгээнүүдийг анхлан хийж нэвтрүүлсэн. Лабораториудын хувьд шинжилгээний чанар хамгаас чухал бөгөөд 2008 оноос хойш MEQAS Үндэсний хэмжээний лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээнд 15 дахь жилдээ, 2016 оноос хойш Английн Randox компанийн RIQAS олон улсын лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээнд найм дахь жилдээ тасралтгүй, амжилттай хамрагдаж ирлээ. Ингэж олон улсын түвшинд Монголын лабораториудын чансааг батлан харуулдаг маань нэр төрийн хэрэг юм.


оношмед гэж юу вэ?

ОНОШМЕД бол эрүүл мэндээ эрхэмлэдэг хүн бүхэнд дэлхийн стандарт, чанарын үнэлгээгээр баталгаажсан чанартай, найдвартай, үнэн зөв оношилгоо, тусламж үйлчилгээ үзүүлдэг дэвшилтэт, тэргүүлэх эмнэлзүйн лаборатори.

нэр

ОНОШ буюу Оношилгоо, МЕД буюу Медикал гэсэн хоёр үгийн нийлбэр.

одоо

Манай үйлчилгээний цэсэд эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээний зургаан чиглэлийн, 200 гаруй нэр төрлийн эмнэлзүйн шинжилгээ бий. Тэр дундаа III шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад шаардагддаг төрөлжсөн нарийн мэргэжлийн шинжилгээ, орчин үеийн, шинэ нэр төрлийн оношилгоонуудыг хийж байгаагаараа онцлогтой. Тухайлбал:

  • Жирэмсэн эх, ураг, хүүхэд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэшсэн оношилгоо
  • Ургийн гаж хөгжлийн эрсдэл, жирэмсний хожуу хордлого, хавдрын шинжилгээ
  • Элэгний үрэвсэл, хатуурал, хавдрын нарийн мэргэшсэн оношилгоо
  • Далд хэлбэрийн сүрьеэгийн халдвар илрүүлэх Дэлхийн алтан стандарт оношилгоо
  • Шээсний шинжилгээний цогц мэргэшсэн оношилгоо
  • Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих оношилгоо, үйлчилгээг илүү олон улсын түвшинд нийцүүлэн үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Хөгжингүй орнуудад иргэдийнхээ эрүүл мэнд, урт наслалтын талаар хувь хүн, гэр бүл, байгууллага цаашлаад төрийн хүлээх үүргийг нарийвчлан заасан байдаг. Байгууллагын ажилтнууд эрүүл бол бүтээмж өндөр, иргэд нь эрүүл байвал улс орны хөгжилд чухал гэж үздэг. Үүний адилаар манайд ч мөн бодлогоор дэмжиж, байгууллагууд энэ тал дээр анхаарч, иргэд өөрийнхөө төлөө хичээдэг соёлтой болох нь чухал. Лабораторийн чанартай тусламж үйлчилгээ нь үйлчлүүлэгч, иргэдийг дараа дараагийн олон эрсдэл, хүндрэлээс авардаг учраас Монгол хүнийг илүү урт удаан, эрүүл амьдруулахын төлөө хичээн ажиллаж байгаадаа баяртай байдаг.

баг

Бид байгуулагдсан цагаасаа хойш эмнэлзүйн оношилгооны чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж, 20-30 жилийн эмнэлзүйн лабораторийн эмчийн мэргэжлийн дадлага туршлагатай, нарийн мэргэшсэн лабораторийн эмч, мэргэжилтэн, судлаачдын баг бүхий хамт олныг бүрдүүлжээ. Манай эмч нар Монголын Үндэсний лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэгжүүлэгч MEQAS мэргэжлийн багт ажилладаг нь бидний бахархал.

КОВИД-19 вакцины дархлаажуулалтын дараах дархлаа тогтоц, аюулгүй байдал, хариу урвалыг үнэлэх” сэдэвт эмнэлзүйн судалгааны багийн хамт олон, Судалгааны зөвлөх, АУ-ны доктор, профессор Ким Мулхолланд, Гол судлаач АУ-ны доктор Б.Цэцэгсайхан нарын хамт

Манай баг хамт олны мэргэжлийн чадвар Монгол Улсад болон олон улсын түвшинд хэрхэн үнэлэгдэж буйг харуулах хэдэн зүйлийг онцлон дурдвал:

2012-2017 онд таван жилийн хугацаанд Монголын Хорт хавдрын үндэсний зөвлөл, Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлсэн Монгол Улсын хэмжээнд хүний хөхөнцөр вирусийн (ХПВ)-ийн өндөр эрсдэлт хэв шинжүүдийг илрүүлэх судалгааны ажлын Молекулбиологийн шинжилгээг хийж, судалгааны ажлын үр дүн 2019 онд олон улсын Elsevier сэтгүүлд хэвлэгдсэн.

Мөн ДЭМБ-ын CEPI-ийн санхүүжилтээр ХӨСҮТ, Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төв, Австралийн Питер Дохерти институттэй хамтран хэрэгжүүлж байгаа Монгол, Индонез, Австрали улсуудад 2022 оноос хийгдсэн “КОВИД-19 халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын дараах дархлаа тогтоц, аюулгүй байдал, хариу урвалыг үнэлэх” сэдэвт судалгаанд Монгол дахь албан ёсны түнш, гүйцэтгэгчээр шалгарч, хамтран ажиллаж байна. Энэ судалгааны ажлын хүрээнд Монголд хийгдэж байгаагүй гурван төрлийн фермент холбоот иммунологийн ELISA шинжилгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны ажлын эхний үр дүн 2023 оны 11 сард олон улсын Lancet сэтгүүлд хэвлэгдсэн.

MEQAS багийн гишүүд Японы “AOTS” Олон улсын техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн сургалтанд хамрагдах үеэр. 2023 он.

ирээдүй

Бид Монгол хүнийг илүү урт удаан, эрүүл амьдруулах, хүн бүрд амьдралын сайхныг мэдрэх боломж олгохын төлөө Дэлхийн стандартыг таны эрүүл мэндэд хүргэх уриатай ажилладаг. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид олон улсын стандартын эрүүл мэндийн оношилгоо, тусламж, үйлчилгээг эх орондоо үзүүлдэг, бүс нутагтаа тэргүүлэх оношилгоо эмчилгээний төв клиник болохын төлөө ажиллаж байна.

эрсдэл

Улсын төсвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны зөв бодлого, зохицуулалт төлөвшиж хөгжөөгүй байгаагаас хүн амд чанартай, тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрч чадахгүй байна. Үүнээс болоод чанарын шаардлага хангахгүй, буруу шинжилгээнээс болж маш олон хүмүүс эрүүл мэнд, амь нас, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч мөн гаднын орнуудыг зорьж их хэмжээний мөнгөн урсгал гадагшаа гардаг. Тулгамдсан эдгээр асуудлуудыг шийдвэрлэх, болзошгүй эрсдэлүүдийг бууруулахын төлөө бид дэлхийн стандарт, чанарын үнэлгээгээр баталгаажсан үнэн зөв, чанартай оношилгоогоор үйлчилгээ үзүүлж байна.