Дэлхий дахинд дижитал шилжилт хурдацтай явагдаж буй энэ цаг үед уламжлалт бизнесүүд өрсөлдөх чадвараа хадгалан үлдэхийн тулд үйл ажиллагаагаа онлайнд яаравчлан шилжүүлж, харин интернэт худалдаагаар дагнасан платформууд уг онцлогоо улам сайжруулан, бизнесийн хүрээгээ тэлж буй. Гэвч худалдаа эрхлэгчдэд учирч буй хамгийн том хүндрэл бол агуулах, бүтээгдэхүүний ангилалт, хүргэлтийн асуудал. Тэгвэл бизнес эрхлэгчдэд тулгарч буй уг асуудлуудад нэгдсэн шийдэл болж Монголын анхны Fulfillment Center буюу нэгдсэн агуулахын үйлчилгээг нэвтрүүлсэн "PickPack Mongolia" компанийг энэ удаа онцолж байна. 

Нэр: "PickPack Mongolia"
Хаяг: ХУД, 3-р хороо Үйлдвэрийн 2-р бүс, Чингисийн өргөн чөлөө
Чиглэл: Fulfillment Center - Агуулалт, захиалга бэлтгэл, хүргэлт
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны арванхоёрдугаар сар
Холбоосууд: PickPack Mongolia (Фэйсбүүк), PickPack Mongolia (ЛинкедИн), @pickpack_mongolia (Инстаграм)


Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ганчимэг

сэдэл

Сүүлийн жилүүдэд олон улсад хүч авч буй онлайн худалдааны хөгжлийн давалгаа Монголыг тойроогүй. Энэхүү хөгжлийг дагаад логистик ханган нийлүүлэлтийн дэд бүтэц үүсэх, хөгжих шаардлага үүссэн. Манай улсын хувьд онлайн худалдаа нь бий болсон ч нөгөө талдаа түүнийг дагасан агуулалт, ангилалт хүргэлтийн цогц үйлчилгээний экосистем хараахан бий болоогүй байсан юм. Зах зээл дэх уг хэрэгцээ шаардлага, эрэлт хэрэгцээ нь “PickPack”-ийн гол сэдэл болсон юм.

ялгарал

Өмнө ч, одоо ч Монголд бараа бүтээгдэхүүнээ хадгалах агуулахын үйлчилгээ байсаар ирсэн. Гэвч тэдгээр агуулах төвүүд нь ихэвчлэн бараа бүтээгдэхүүн хадгалах л зориулалттай бөгөөд өдөр тутам бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн ширхэг бүрээр хүргэлтэд гаргахад зориулсан агуулахын автомат системтэй байх нь ховор. Үүнээс гадна эдгээр агуулах нь үндсэн бизнесийг дэмжих нэг хэсэг төдий, зөвхөн өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг л хадгалах зориулалттай байдаг. Харин "PickPack" нь энэ чиглэлийг үндсэн бизнесээ болгон дагнан хөгжүүлж, олон нийтэд нээлттэй агуулах, ангилалт, логистикийн нэгдсэн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж буй. Өөрөөр хэлбэл онлайн худалдаа эрхэлдэг хэн боловч манай үйлчилгээг авч болно. Заавал онлайн худалдаа ч гэлтгүй, агуулахын талбай, үйлчилгээ шаардлагатай хүмүүстэй ч хамтран ажиллах боломжтой. Та зөвхөн өөрийн бараа бүтээгдэхүүний маркетинг болон борлуулалтдаа санаа тавихад л болно. Үлдсэнийг нь буюу агуулах, ангилалт, хүргэлтийн үйлчилгээгээ бидэнд даатга.

Агуулахын хувьд бид одоо 487 ам метр талбайд, бараа хүлээн авч, стандарт хадгалалтын нөхцөлд байрлуулдаг. Агуулахын объект болон хүргэлтийн үйлчилгээ нь даатгалтай тул үйлчлүүлэгч байгалийн болон элдэв гэнэтийн эрсдэлд санаа чилээх шаардлагагүй. Мөн агуулахын бүх үйл явц 100 хувь автоматжсан нь бүтээгдэхүүнийг QR болон зураасан кодын тусламжтай ердөө нэг хувийн алдааны магадлалтайгаар тун чанартай, бүтээмжтэй ангилан бүртгэхэд нөлөөлдөг. Ингэснээр харилцагч агуулахад ирсэн, хүргэлтэнд гарсан болон хэрэглэгчид очсон бүтээгдэхүүнийхээ бүртгэлийг харилцагчдын нэгдсэн вэб, апп дээрээсээ real time буюу шууд, цаг алдалгүй удирдах, хянах боломжтой гэсэн үг юм. Үүнээс гадна системийн интеграцийн тусламжтай өөрийн борлуулалтын сувгуудаа манай системд нэгтгэснээр нэг цэгээс бүгдийг удирдах болон захиалгаа хянах боломж бүрдэнэ.

Үнийн хувьд маш уян хатан, байж болох хамгийн бага үнийг санал болгох бөгөөд манай үйлчилгээг авахын тулд та заавал ААН, эсвэл том овор хэмжээтэй бараатай байх шаардлагагүй. Нэг поддон буюу нэг хавтан (1м.куб), эсвэл нэг тавиур ч (3 поддон) түрээсэлж болно. Ингэхдээ сарын борлуулалт, ангилалтын хэмжээнээс хамаарч тухайн сарын төлбөр бодогдох бөгөөд агуулах түрээсийн үйлчилгээ нь сард ердөө 17 мянган төгрөгийн л өртөгтэй. Хэрвээ хүсвэл бүр өдрөөр нь төлөх уян хатан боломж ч манайд бий. Заавал агуулахын үйлчилгээ ч биш татан авалт, ангилалт, хүргэлтийн үйлчилгээг авч болно. Захиалгын дагуу манай татан авалтын баг дэлгүүр дээрээс тань бүтээгдэхүүнээ тухайн өдөрт нь цуглуулаад агуулах дээр ирж ангилан савлаад, хүргэлтэд өгөх боломжтой.

Хүргэлтийн тал дээр бид хүргэлт үйлчилгээний чиглэлээр дагнасан “UBCab Express”-тэй хамтран ажиллаж буй. Тэдний томоохон нөөцийг ашиглан хот доторх хүргэлтүүдээ хамгийн хурдан, найдвартайгаар хүргэж чадаж байна. Ингэхдээ бидний зүгээс борлуулалтын захиалгын дагуу барааг ангилж, тусгай нөхцөлөөр багцалж савлах ч боломжтой.

Эдгээр хоршил, нэгдсэн үйлчилгээ нь бизнес эрхлэгчийн цаг хугацаа, зардал, энергийг бодитоор хэмнэж өөрийн бараа бүтээгдэхүүний захиалга болон хүргэлтийг цаг алдалгүй системээс хянах бас шийдвэр гаргах боломжийг бий болгож чадна гэж бид үзэж буй. Дэлхийн жишигт нийцсэн, технологид суурилсан шийдлүүдтэй, орчин үеийн, мэргэшсэн төвд захиалгаа гүйцэтгүүлээд, та өөрөө зөвхөн борлуулалтандаа төвлөрч, бизнесээ илүү өндөр өсөлт рүү чиглүүлээрэй.


Pick pack гэж юу вэ?

"PickPack" нь Монгол дахь анхны Fulfillment Center буюу хэрэглэгчийн захиалгын мэдээллийг хүлээн аваад, захиалгын дагуу түүнийг ялган ангилж, захиалагчийн хүссэн зааврын дагуу багцалж бэлтгээд, хүргэх цогц үйлчилгээний төв юм.

нэр

"Pick Pack" нь сонгоод савла гэх утгыг агуулж буй. Fulfillment Center-ийн үйлчилгээг илэрхийлж чадах үгс бөгөөд хөнгөн, хөгжилтэй сонсогддог.

одоо

Бид өнгөрсөн дөрвөн сарын турш үйл ажиллагаагаа илүү төгөлдөржүүлж, шаардлагатай туршилтуудыг хийж дуусаад одоо л маркетингийн кампанит ажилдаа орж эхэлж байна. Энэ хугацаанд олон хүн, олон бизнест энэ төрлийн үйлчилгээ чухал хэрэгцээтэй байсныг мэдэж, баталж авлаа. Үүний нэг жишээ нь бид Shoppy.mn-ий ангилалт болон хүргэлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж эхэлсэн явдал юм. Мөн цаашид бүрэн дүүрэн хөгжихийн тулд юуг засаж сайжруулах, хөгжүүлэх хэрэгтэй байгааг олж тодорхойлж, түүн дээрээ анхаарч ажилласан. Одоо байгаа болон ирээдүйд хүлээгдэж буй эрэлтээс харахад зай талбай маань удахгүй хүрэлцэхгүй болох нь тодорхой байгаа тул хүчин чадлаа даруйхан 3-4 дахин нэмэгдүүлж, шинэ агуулах руу нүүхээр төлөвлөж байна. Ингэснээр бид үйлчилгээгээ илүү нарийн, тодорхой болгож зөвхөн нэг нүд буюу нэг шүүгээ түрээсийн үйлчилгээ, цаашлаад хүнсний бүтээгдэхүүн зэрэг өөр хоорондоо ялгаатай төрөлжсөн чиглэлийн агуулахуудыг ашиглалтад оруулах юм.

Маркетингийн кампанит ажлын хувьд бид хэрэглэгчийн захиалгыг хүлээн авах, хянах, бараа бүтээгдэхүүнийг хадгалах, удирдах, хүргэх цогц үйлчилгээг санал болгож буй Fulfillment Center-ийнхээ үйл ажиллагааг таниулах зорилготойгоор “Туршаад үз” аяныг эхлүүлж байна. Та манай шинэ харилцагч болоод дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн төвд 30 хоногийн турш бараа хадгалалт, захиалга бэлтгэл, хүргэлтээ үнэ төлбөргүйгээр хийлгээд, хэрэглэгчээс ирсэн захиалга, борлуулалтаа стрессгүйгээр шийдэж бизнесээ өргөжүүлэх боломжтой.


“Туршаад үз” аянд энд дарж бүртгүүлээрэй



баг

Үйл ажиллагаа маань шинэлэг, технологид суурилсан болохоор бид стартап хэв маягаар ажилладаг юм. Тийм ч учраас цагийн хуваарь, чиг үүргийн зохицуулалтаа уян хатан байлгаж, шийдэл болон чанарыг гол зорилгоо болгон ажилладаг. Одоогоор бид оффис, агуулахын үйл ажиллагаа гэсэн чиглэлд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай багт өмнө нь агуулах, ханган нийлүүлэлт, логистик, нөөцийн менежментийн чиглэлээр Монголын томоохон компани, брэндүүд дээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд ажилладаг нь том давуу тал болдог.

ирээдүй

Ирээдүйд нэг л байршилдаа хайрцаглагдалгүй, Монгол орны аймаг бүрд “Тотал Дистрибюшин” ХХК-тай хамтран хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Худалдаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний хуваарилалт, хүртээмж жигд болох нь нийгэм, соёлын хөгжлийн том суурь болно гэдэгт итгэдэг. Бид энэ ажлын гүүр нь байж хэн ч, хаанаас хэзээ ч өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ дотооддоо төвөггүй хүргэж чаддаг болгохыг хүсэж байна.

Улаанбаатар хотдоо ч хэд хэдэн салбар нээж, хотын түгжрэл, элдэв хүндрэлүүдээс үл хамааран хамгийн богино хугацаанд хүргэлтээ хийдэг болно.

эрсдэл

Маш олон хүн, албан байгууллагын, өөр хоорондоо ялгаатай шинж чанар, хэлбэр хэмжээ бүхий бараа бүтээгдэхүүнийг хариуцлагатайгаар хүлээн авч, алдаа гаргалгүй хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл хянана, аюулгүй байдлыг нь хангана гэдэг маш том хариуцлага. Үүний ард хүнд анзаарагдахгүй их зардал, зохицуулалт, хөдөлмөр, ур ухаан ордог. Энэ их хариуцлага бас эрэлтүүд нэг талаас эрсдэл, сорилт, нөгөө талаас алхам тутамдаа илүү нягт, сайн ажиллах итгэл болж байдаг.