Уран бүтээл гэдэг нэг талаасаа урлаг, нөгөөтээгүүр бизнес. Аливаа тасралтгүй үйл ажиллагааны гол хөшүүрэг нь санхүү байдаг тул аливаа уран бүтээлийг бизнес талаас нь хэдий чинээ оновчтой харж ажиллана, төдий чинээ олон үзэгчдэд хүрнэ.  

Энэ удаагийн дугаартаа бид уран бүтээлийн шаваа тавиад жил гаруйн хугацаа өнгөрч буй Про театрыг онцолж байна. Тэд өнгөрөгч оны өдийд “Инээмтгий хүн” визуал драмын жүжгээ үзэгчдэд хүргэснээр театрын салбарт хөл тавин орсон билээ. Үүний дараа “Щелкунчик” жүжгээ шинэ оны босгон дээр найруулан тавьсан бол харин одоо ээлжит томоохон бүтээлдээ ханцуй шамлан орсон нь “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжиг аж. Жүжгийн нээлт дөхсөн энэ үед бид их бэлтгэл сургуулилтынх нь дундуур зочлон, тэдний бүтээж буй театрын талаар ярилцсанаа доор хуваалцъя. 


Бизнесийн нэр:
Про театр
Хаяг: Оросын Шинжлэх ухаан Соёлын төв /РЦНК/
Үйл ажиллагааны чиглэл: Мэргэжлийн театрын уран бүтээл
Үүсгэн байгуулагдсан он: 2023 он
Цахим хуудсууд: PRO theatre (Facebook), protheatrefilm (Instagram)

сэдэл

Бидэнд жүжиглэх урлагийг заасан ангийн багш маань дэлгэц гэхээс илүү театрт элэгтэй хүн байсан тул бид оюутан ахуйдаа бишгүй олон жүжиг үзэж, бас оролцож байлаа. Орос орны театрын хөгжлийг манайхтай харьцуулшгүй шүү дээ. Сар тутамд театрын жүжгээр цангаж байдаг үзэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн, бүр орон сууцны хонгилын давхрыг засаж, янзлаад театр болгочихсон, тэндээ өөрсдийн гэсэн шинэ театрын ертөнцийг бүтээгээд жүжиг тоглох нь ч бий.

Тэр үеэс л өөрсдийн театрыг байгуулах хүсэл мөрөөдөл бидний хэдэн нөхдийн дотор зэрэгцэн амилж эхэлсэн. Сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлээрээ хүүхэлдэйн театрт ажиллах нь ажиллаж, зарим нь мэргэжил дээшлүүлэхээр дахин суралцаж, цаг хугацааны олон хүчин зүйлсэд өртөж явсаар сая нэг буюу жил гаруйн өмнө энэ хүслээ бид бодит болгож чадсан.

Про театрын жүжигчин Б.Билгүүн


ялгарал

Хувийн театр - Монголд цөөхөн байдаг хувийн театруудын нэг нь бид. Театрын урлаг одооноос л манайд олон салаа жимээр хөгжиж эхэлж байна гэж хардаг. Чөлөөт зах зээлийн зарчмаар олон театр үүсгэн байгуулагдаж, уран бүтээлийн эрэлд гарч, түүгээрээ өрсөлдөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ салбарын хөгжил илүү хурдасна, чанаржина.

Шинэлэг - Бидэнд урлагийн А үсэг заасан Яна Тумина багш маань орчин үеийн театрын томоохон төлөөлөгч бөгөөд театрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн театрыг бий болгож яваа чансаатай найруулагч л даа. Түүний хувьд найруулан тавьж буй жүжиг бүрдээ хүүхэлдэйн ямар нэгэн элемент заавал оруулдаг юм. Энэ нь түүний “хувийн театр”-ын онцлог. Өөрөөр хэлбэл театр бүр өөрийн ялгаралтай байхыг эрмэлздэг. Тухайлбал, бид “Инээмтгий хүн” визуал драмын жүжгээ тавихдаа өөрсдийн ондоошлыг шингээж, хүүхэлдэйн элементүүдийг шигтгэж, илүү бүтээлчээр ажиллахыг эрмэлзсэн. “Илүү шинэ, соргог санагдсан” гэх үзэгчдийн сэтгэгдэл тэрхүү илэрхийлэмж маань үзэгчдэд хүрснийг л илтгэсэн хэрэг болов уу.

Про театр гэж юу вэ? 

2014 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн академи”-ийг төгссөн нэг ангийн зургаан нөхөд есөн жилийн дараа нэгдэж, өөрсдийн театрыг байгуулсан нь өнөөдрийн Про театр. Ерөнхийлбөл жүжигчид, нарийвчилбал хүүхэлдэйн театрын жүжигчнээр мэргэшсэн залуус. Тиймээс драмын, сонгодог жүжгүүдээс гадна хүүхдийн жүжиг дээр төвлөрөн ажиллах төлөвлөгөө бий. Энэ бүгдээ бид хамтдаа ярилцаж, шийддэг. Ингэхдээ өөрсдийн хүсэл сонирхлыг харгалзан үзэхээс гадна нийгэм, цаг үетэйгээ холбож, хүмүүст хүргэх ёстой санаа зорилгоо ч мөн уран бүтээлдээ шингээдэг.


нэр

“Про” гэхээр хэн ч харсан мэргэжлийн театр гэдэг ойлголтыг авдаг. Харин бидний хүсэж, бодсон утга нь жаахан өөр. Ухаандаа “Про театр” буюу оросоор “Театрын тухай” гэх утгатай. Үүгээрээ хувийн театр байгуулснаа зарлахын сацуу “Театрын тухай бид юуг өгүүлэх вэ?” хэмээх асуултад уран бүтээлүүдээрээ хариулт өгөхийг зорьсон.

одоо

Ирэх гуравдугаар сарын 1-нд “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгээ үзэгчдэд хүргэхээр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ жүжгийг бид өнгөрөгч онд төлөвлөгөөндөө тусгаж, нэгдүгээр сарын 2-оос уншлага буюу зохиолын задаргаагаа хийж эхэлсэн. Бүрэн үйл явдлыг нь хамруулбал олон ангит кино бүтээх хэмжээний том роман учраас тайзны бүтээлд тохируулан “агшааж”, чухал хэмээн үзсэн үйл явдлуудаа түүж авсан. Уншлагаа дуусгаад нэгдүгээр сарын 20-доос эхлэн зарим хэсгүүдээ туршиж, хөдөлгөөний бэлтгэлээ базааж, үндсэн бэлтгэлдээ ороод байна.


баг

Манайд харьяалагддаг 13 уран бүтээлч бий. 12 нь жүжигчин, нэг нь нүүр хувиргагч. Шинэ театр гэдэг утгаараа хүний нөөц маань харьцангуй цомхон учир нэг уран бүтээлч жүжигчнээс гадна маркетинг, тайз засал, зураач, цэвэрлэгээ гэх мэт дор хаяж нэгээс хоёр үүрэг давхар гүйцэтгэдэг.


ирээдүй

Театрын уран бүтээл дэлгэцийн бүтээлээс ялгаатай нь нэг зэрэг олон үзэгчид хүрэх боломжгүйд байдаг. Тиймээс тайзны бүтээлийг мөнхжүүлье гэвэл удаан хугацааны турш тогтмол тоглож байх учиртай. Бидний хэтийн зорилго бол нэгдүгээрт, Монголдоо танигдаж, дараагаар нь, дээр дурдсанчлан өөрийн гэсэн тогтмол хуваарьтай театр болох явдал. Тодруулбал, бид урын сандаа 20 жүжигтэй болоход түүнийгээ хоёр жилийн турш хуваарийн дагуу ээлжлэн тоглох юм. Оросод биднийг оюутан болж очих үеэр анх тоглогдож эхэлсэн жүжиг уржнан буюу ковидын дараа сүүлийн удаа тоглоод дуусах жишээтэй. Миний мэдэхээр 10 гаруй жил тоглогдсон жүжиг л дээ. Мэдээж тэр хугацаанд уран бүтээлчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч тус жүжиг оршсоор, театрын үзэгчид ч шимтсээр байгаа нь л театрын соёл хийгээд мэргэжлийн театрыг хөгжүүлж байгаа хэрэг юм. Үүн шиг л өөрсдийн гэсэн олон уран бүтээлтэй болж, нэр хүндтэй оршин тогтнохыг хүсэж байна.

эрсдэл

Төдийлөн нэрд гараагүй, шинэ театр гэдэг утгаараа санхүүгийн асуудлууд тулгарах нь элбэг. Ядахад бизнесийн ухаантай, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс биш учраас маркетингийн хувьд ч алдаа, оноотой л яваа.

Манай орны хувьд кино театр хамгийн олон үзэгчтэй, харин театрын үзэгчид харьцангуй бага байдаг шүү дээ. Орос оронд харин эсэргээрээ (Энэ улсад сурч, боловсорсон тул тэднээс л жишээлж буйг уншигчид маань ойлгоно биз ээ). Дундаж давхаргын нэг гэр бүл нь сард заавал нэг театрын жүжиг үздэг соёлтой байх жишээтэй. Сүүлийн үед манайд театрын үзэгчид харьцангуй олширч байгаа ч энэ тоог улам нэмэгдүүлэхийн тулд шинэ соргог, содон өвөрмөц шийдлүүдийг уран бүтээлүүддээ шигтгэж, театрт дуртай үзэгчдийг улам олшруулахыг хичээж явна. Том зургаараа салбарын хөгжил, үзэгчдийн соёлыг төлөвшүүлж буй явдал шүү дээ.