Мэргэжилтнийг дараагийн түвшинд гаргах хөдөлгүүр бол бүтээмж. Харин энэхүү бүтээмжийн эх үүсвэр нь аяга кофе ч байж болох юм.
Энэ удаад чанартай кофены зохистой хэрэглээг нэвтрүүлэх зорилготой бүтээмжийн бүүстэр “Нисдэг кофе”-ийг онцолж байна. Хямд үнэ, өндөр чанар, хялбар байдлаар кофечдын талархлыг хүлээгээд буй уг бизнестэй танилцъя.
Нэр: Нисдэг кофе
Үйл ажиллагааны чиглэл: Lifestyle robotic
Үүсгэн байгуулагч: У.Энхбадрал, Б.Наранбилэг
Үүсгэн байгуулагдсан он: 2022 он
Утас: 77779119
Цахим суваг: Instagram, Facebook
сэдэл
Бид өнгөрсөн оны аравдугаар сард MStars Hub-ийн стартап хурдасгуур хөтөлбөрт элсэн, бүрэн автомат хоолны төхөөрөмж хөгжүүлэхээр ажиллаж байлаа. Ид ажлын хажуугаар кофе авахаар гадагш гарахад цаг их алдаж, анхаарал сарнидаг, дээрээс нь чанартай кофе бараг өдрийн хоолны үнэтэй байсан тул автомат кофены машин авахаар шийдсэн. Тэр үед хамт нэг оффист байрлаж байсан бусад стартапуудад ижил асуудал байгааг олж хараад долоон хоногийн дотор төлбөрийн систем холбож, тэр машинаа дундаа хэрэглэдэг болов. Кофены амт, үнэ, хялбар байдал зэрэгт чамгүй өндөр үнэлгээ авч, байнгын хэрэглэгчтэй болж эхэлснээр автомат хоолны төхөөрөмжөөсөө нисдэг кофе руу хөрвөн, өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн. Мөн кофетойгоо цуг жижиг идэх юм авах хэрэгтэй байна, гарч цаг алдмааргүй байна гэсэн хүмүүсийн хүсэлт дээр тулгуурлан өөртөө үйлчлэх “амттаны хөргөгч”-ийг хөгжүүлсэн. Ингэснээр ширээнээсээ хэдхэн алхмын зайнаас кофе, амттан, өдрийн хоолоо авах цогц шийдэл бүрдэж буй юм.
ялгарал
Программ хангамж, техник хангамж болон бүтээгдэхүүний загварыг өөрсдөө хөгжүүлж бас үйлдвэрлэдэг компани тун цөөхөн. Бидний хувьд CNC, Laser cut, 3D принтерээр тоноглогдсон дижитал үйлдвэртээ бүтээгдэхүүний загвар гарган, үйлдвэрлэж, программ хангамжтай хослуулан хөгжүүлдэг. Энэхүү давуу тал нь санааг богино хугацаанд туршиж, амжилттай байвал бизнес болгох хурдыг ихэд нэмэгдүүлдэг. Үүний ачаар QR код уншуулаад өөртөө үйлчлэн кофе, амттан авах уг шийдлийг бид хагас жилийн дотор Монголдоо анхлан нэвтрүүлж чадсан.
нисдэг кофе гэж юу вэ?
Кассын ажилтангүй, өөртөө үйлчлэх автомат кофены машин болон амттаны хөргөгч бөгөөд өндөр чанар, хямд үнэ, хялбар байдлыг хослуулсан нь хэрэглэгчдэд өгч буй хамгийн том үнэ цэн. Бид Монголдоо хуурсан шинэхэн Арабика үрийг хэрэглэхээс гадна хамгийн сүүлийн үеийн технологитой кофены машин ашигладаг учир кофе шоптой дүйцэхүйц хэмжээний чанарыг амладаг. Үр, усны захиалга хүргэлт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээнээс эхлээд ихэнх үе шатыг автоматжуулсан тул нэг аяга кофе зах зээлийн үнээс доогуур буюу 2,900-3,900 төгрөгөөр гардаг.
нэр
Нисдэг кофены хувьд бидний цаашид хийхээр төлөвлөсөн олон ажлын зөвхөн эхлэл нь бөгөөд хэрэглэгчийн дэргэд нь нисээд оччихсон мэт хурдан, хялбар гэдэг утгаар ийн нэрлэсэн.
одоо
Одоогоор 30 гаруй байршилд нисдэг кофе үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд чанараар шалгаран байнгын хэрэглэгчидтэй болсоор байгаа тул шинэ салбаруудаа нээсээр байна. Мөн анх зорьж байсанчлан бүрэн автомат хоолны төхөөрөмжөө Америкийн зах зээлд нэвтрүүлэхээр судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байна.
баг
Манай баг программ хангамж, техник хангамж, эмбэддэд систем, роботик инженер зэрэг ихэвчлэн инженерүүдээс бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй.
ирээдүй
Lifestyle robotic буюу хүний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөн, цаг завыг нь хэмнэсэн инновацлаг шийдлүүдээрээ Монголдоо тэргүүлэх, цаашлаад Америкийн зах зээлд өрсөлдөх нь бидний зорилго.
эрсдэл
Нийлүүлэгч, хүний нөөцөөс эхлээд дөнгөж эхэлж буй стартапд тулгарч буй олон эрсдлүүд байгаа ч гар нийлсэн баг, бизнесийн туршлагатай менторуудын тусламжтайгаар аль болох эрсдэлүүдийг урьдчилан тооцоолж, хурдтай урагшилсаар байна.
Сэтгэгдэл бичих