Бизнесийн зарчим, байгууллагын соёлоосоо хуваалцдаг “Онцлох бизнес” булангийн эх үрсийн баярыг тохиолдуулан бэлтгэж буй тусгай дугаарт маргаашийн иргэдийг бэлдэх ШИМТ+ боловсролын цогц шийдлийг хамтран хөгжүүлж, хэрэглэгчдэд боловсрол, танин мэдэхүйн үйлчилгээг иж бүрнээр нь сонирхолтой хэлбэрээр хүргэдэг платформ болж оролцогч талуудад үнэ цэнийг бүтээх зорилготой “Шимт боловсрол” ХХК оролцож байна.
2019 оноос хойш олон улсын STEAM сургалтын хөтөлбөрийн монгол агуулгыг хөгжүүлэн ажиллаж буй компанийн үүсгэн байгуулагдсан санаа сэдэл, онцлог, давуу тал, зорилго зорилттой нь илүү ойроос танилцъя.
Бизнесийн нэр: Шимт боловсрол
Үйл ажиллагааны чиглэл: СӨБ, ЕБС-ийн сургалтын хөтөлбөр боловсруулалт, нэвтрүүлэлт
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Үүсгэн байгуулагч: Ц.Хос-Очир
Цахим хуудсууд: steam.edu.mn | ШИМТ+ Боловсрол STEAM Education
сэдэл

Миний хувьд дунд сургууль болон их сургуульд багшилж байсан, физикийн багш мэргэжилтэй. Солонгос Улсад докторын зэрэг хамгаалаад 2017 онд эх орондоо ирсэн бөгөөд тухайн үед найзууд маань ч мөн Австрали, Америкд мэргэжил дээшлүүлээд ирсэн байлаа. Улмаар бид нөхдийн хүүхдүүд сургуульд орох болж, “Ямар сургалттай, аль сургуульд хүүхдээ оруулах вэ?” гэсэн хэлэлцүүлгээс бизнесийн санаа маань эхлэлтэй.
Улмаар 2019 онд компаниа эхлүүлэхдээ сургалтын төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад цар хүрээгээ улам өргөжүүлж, илүү олон хүүхдэд сургалтын хөтөлбөрөө хүргэхийн тулд СӨБ, ЕБС-иудад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, нэвтрүүлэх үндсэн чиг үүрэгтэй болоод байна. Одоогоор орон даяар 60 сургууль, 360 цэцэрлэгт Шимт+ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
ялгарал
Шимт+ хөтөлбөр нь өөрийн гэсэн арга зүйн дагуу хичээллэдэг гэдгээрээ онцлог. Энэ арга зүй нь зургаан шатлалтай бөгөөд эхлээд хүүхэд сонирхон дурлах, дараа нь төсөөлөн бодох, туршин хэмжиж, зураглан ойлгох, шинийг санаачлах, сэтгэн бүтээх, эцэст нь эргэцүүлэн тунгаах. Энэхүү арга зүйд хөтлөх багшийн ном, сурагчийн ном, цэцэрлэгийн хөтөлбөрт зориулсан эцэг эхтэй харилцах дэвтэр ч бий.

шимт боловсрол гэж юу вэ?
Олон улсын STEAM (Science, Technology, Engineering, Art and Mathematics) сургалтын хөтөлбөрийн монгол хувилбар гэж ойлгож болно.
Манай хөтөлбөрийн гол зэвсэг болох хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг Тайвань Улс үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн олон орон эдгээрийг хичээлийн хөтөлбөртөө ашигладаг. Өөрөөр хэлбэл, багш нар бидний боловсруулсан сургалтын хөтөлбөр, арга зүйн тусламжтайгаар хичээлээ зааж, хүүхдүүд тухайн хичээлийг эдгээр хэрэглэгдэхүүнийг ашиглан суралцдаг. Сонирхуулахад, эдгээр хэрэглэгдэхүүнийг ашиглаж буй орнуудын хооронд “World Green Mech” гэх тэмцээн зохион байгуулагддаг. Тухайн тэмцээнд оролцохын тулд улсдаа аварга шалгаруулах тэмцээн явуулах ёстой бөгөөд өнгөрсөн жил бид “Шимт+” хөтөлбөр хэрэгжүүлэгч цэцэрлэгүүдийн дунд маш амжилттай зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд таван настнууд баг болон оролцож, өгөгдсөн сэдвийн хүрээнд хэрэглэгдэхүүнүүдээ ашиглан байгууламж бүтээж, хоорондоо өрсөлддөг. Харин энэ жилийн тухайд нийт гучин багийг шалгаруулж, Дархан хотод улсын аварга шалгаруулах тэмцээнээ өнгөрөгч сарын 16-нд зохион байгуулсан. Сургуулийн сурагчдын дунд мөн өнгөрөгч сарын 23-нд Нийслэлийн нэгдүгээр бүрэн дунд сургуульд зохион байгуулсан бөгөөд ингэхдээ шинжлэх ухаан, кодчилол гэх хоёр төрлөөр зохион байгуулдаг.
Хүүхдийн насны ангиллаас хамааран хэд хэдэн хөтөлбөртэй бөгөөд үүнд:
ШИМТ Kinder: Цэцэрлэг
ШИМТ Prime: Бага анги
ШИМТ Science
ШИМТ DigiTech I
ШИМТ DigiTech II
ШИМТ Home learning: Гэртээ суралцъя


нэр
STEАM гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол. Энэ нь асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хандлага.
одоо
Хөтөлбөрөө багш, сурагчдад ойлгомжтой байлгахын тулд тогтмол сайжруулалт хийдэг. Мөн энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг хэд хэдэн түвшнээр хичээллүүлж байна. Улмаар багш нар туршлагажиж, өөрсдөө хөтөлбөр боловсруулах хэмжээнд хүрэх учиртай.



баг
Үндсэн бүрэлдэхүүнд таван хүн ажиллаж байна. Түүнээс гадна тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгч сургууль, цэцэрлэгүүдийн багш, эрхлэгч нарыг сургалт, арга зүйн баг болгон нэгтгэж, хөтөлбөр боловсруулах ажилд оролцуулдаг. Мөн их дээд сургуулийн эрдэмтэн профессоруудыг түшиглэн боловсруулсан хөтөлбөрөө хянуулж, сайжруулах тал дээр хамтарч ажиллаж байна.
ирээдүй
Юун түрүүнд орон даяар бүх ЕБС-ийн сургуульд “Шимт+” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсдэг. Түүний дараагаар AI, VR зэрэг технологийг ашиглан, илүү ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг боловсруулахаар зорин ажиллаж байна.
эрсдэл
Хүмүүс энэ хөтөлбөрийг зөв танихгүй байснаар сонголтоо буруу хийх эрсдэлтэй. STEAM, Шимт гэх нэршлийг ашиглан сургалтын хөтөлбөр боловсруулж буй олон байгууллага бий. Тэдгээрээс хөтөлбөрийнх нь давуу тал, хэрэглэгдэхүүний хүүхдэд ээлтэй байдал зэргийг эцэг эх, боловсролын байгууллагууд ялгаж, таньж авснаар буруу хөтөлбөрт хөрөнгө оруулахаас сэргийлж чадна.


Сэтгэгдэл бичих

