Улс орны хөгжлийн түүчээлэгчид нь инженерүүд байдаг. Инженерийн боловсрол, ур чадвар ямар түвшинд байхаас бүх л хот, улсын төлөвлөлт, дэд бүтцийн найдвартай байдал шийдэгдэж явдаг жамтай. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 50 гаруйхан жилийн дотор гайхмаар хурдацтай сэргэж чадсан Япон улсын бүтээн байгуулалтын гол нууц нь гэхэд инженерийн мэдлэг чадварт байсан гэдэг. Тэгвэл сайн туршлага, нөү-хауг энэ салбарт бий болгож чадсан тус улсын инженерийн хөтөлбөр албан ёсоор манай улсад хэрэгжиж эхэлсэн нь Коосэн сургуулиуд юм. Иймд бид энэ удаа салбартаа танигдаж, сургалтын чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн "Шинэ Монгол" сургуулийн Коосэн сургалттай Технологийн коллежийг онцолж байна.
Нэр: Шинэ Монгол Коосэн сургууль
Хаяг: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Натурын зам дагуу Шинэ Монгол Коосэн Технологийн Коллежийн байр
Чиглэл: Боловсрол, сургалт
Үүсгэн байгуулагч: Шинэ Монгол сургууль, Япон улсын Коосэн сургалттай коллеж
Үүсгэн байгуулагдсан он: 2014 он
Холбоос: nmct.edu.mn (Вэб), New Mongol KOSEN "Шинэ Монгол Технологийн Коллеж" (Фэйсбүүк), @newmongolkosen (Инстаграм)

сэдэл
Коосэн буюу дипломын дээд зэрэгтэй инженер бэлтгэх хөтөлбөр нь япон улсын боловсролын брэнд хөтөлбөрүүдийн нэг юм. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны дараах их бүтээн байгуулалтын үеийн гол ачааг Коосэн хөтөлбөрийн төгсөгчид үүрч, өнөөдрийн хөгжингүй Их Наран улсыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Сургалтын чанар нь бодит амьдрал дээр туршигдан батлагдаж, төгсөгчдийнхөө мэдлэг чадвараар нэр хүндээ бүтээдэг энэ хөтөлбөрийн анхны экспорт нь Монгол Улс болсныг онцлууштай. Энэ ажилд "Жайка" тэргүүтэй монгол, японы олон байгууллагын зургаан жилийн нягт хамтын ажиллагаа ихээхэн нөлөөтэй бөгөөд үр дүнд нь 2014 онд манай улсад гурван Коосэн сургууль нэгэн зэрэг нээлтээ хийв. Үүний нэг нь "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн дэргэдэх Коосэн сургалттай "Шинэ Монгол Технологийн Коллеж" байсан юм. Өдгөө бид найм дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй.
Коосэн сургалт нь 15 наснаас сонгон шалгаруулж, 20 нас хүртэлх нийт таван жилийн хугацаанд суралцагчдадаа ерөнхий боловсролоос гадна барилга, дэд бүтэц, механик инженер, хими, цахилгаан электроник зэрэг инженерийн салбарын мэдлэгт гүнзгийрүүлэн сургадаг. Өөрөөр хэлбэл арван жил, их сургууль, коллежийн хөтөлбөрүүдийн хамгийн үр дүнтэй хослол хэмээн хэлж болно. Суралцагч хүсвэл сургуулиа төгссөний дараа ахин хоёр жил сураад бакалаврын зэргээ ч авах боломжтой. Монголд ч, Японд ч энэ зарчмаараа явдаг. (Дээд боловсролын зэрэг нь дипломын, бакалавр, магистр, докторын гэх шатлалтай)
ялгарал
Математик, физик, химийн шинжлэх ухаанд дур сонирхолтой, цаашид энэ чиглэлээрээ явна гэж үзсэн хэнд ч Коосэн хөтөлбөртэй сургууль хамгийн зөв сонголт гэж хэлэх байна. Учир нь энд адилхан сонирхолтой, ижил зорилготой хүүхдүүд цугладаг. Энэ нь зөвхөн сургалтаас гадна хүрээллээ бий болгох, өөрийгөө хөгжүүлэх, нөхөрсөг өрсөлдөх, хамтдаа тэмүүлэх зэрэг тоогоор хэмжих боломжгүй олон төрлийн давуу талыг өгч чадна. 15 наснаас нь эхлээд таван жилийн турш сонгосон чиглэлийнх нь инженерийн мэдлэгт суралцуулан мэргэшүүлнэ гэдэг нь бидний хэлдгээр "ясны" инженерүүдийг бэлтгэх үндэс суурь нь болно шүү дээ (инээв).
Төгссөний дараа харьцангуй олон сонголттой буюу шууд ажлын талбар дээр гарч ажиллах, эсхүл хоёр жил сураад бакалаврын зэргээ хамгаалах, хэлээ сайн сурсан бол түвшингээ тогтоолгоод, япон улсад ажиллаж, сурах боломж нээлттэй. Түүнчлэн бид сургуулийнхаа дэргэд "Карьерийн төв" ажиллуулдаг ба оюутнууддаа гуравдугаар дамжаанаас нь эхлэн, өөрт нь тохирсон карьерийн зөвлөгөө өгч эхэлдэг юм. Гадна талаасаа ерөнхий боловсрол, гадаад хэл, инженер гэсэн гурван чиглэлд голчлон анхаардаг бол дотор талаас нь харвал энэ мэтээр сурагчдын зөөлөн ур чадвар, EQ буюу харилцааны чадварт ихээхэн анхаарахаас гадна үйлдвэрийн болон бусад дадлагын ажлуудыг Монгол болон Японд хийлгэдгээрээ онцлог. Аль болох эртнээс ирээдүйд ажиллах салбараа сонгож, тухайн чиглэлдээ өөрийгөө бэлтгэх нь ирээдүйд карьер төдий чинээ өндөр түвшинд байхын нэг шалгуур болох нь ойлгомжтой.
Хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй, дур сонирхолтой, сурах чин хүсэл тэмүүлэлтэй бол сургуулийн зүгээс шаардлагатай тэтгэлэг, хөнгөлөлтүүдийг өгөхөд бэлэн байдаг. Зарим тохиолдолд сурагчид маань өөрсдөө олон газруудад материалаа явуулж хувиараа тэтгэлэг олсон байх нь ч элбэг. Хичээж буй хүний дэргэд дэмжиж буй хүн заавал гарч ирдэг.




Шинэ монгол коосэн сургууль гэж юу вэ?
Япон Улсын инженерийн сургуулийг загварлан байгуулагдсан, 20 настай инженерүүдийг бэлтгэх боловсролын хөтөлбөр.
нэр
Коосэн нь аж үйлдвэрлэлийн дээд мэргэжлийн сургууль хэмээх утгатай.
одоо
Дөрөв дэх жилийн төгсөлт маань юу юугүй хаяанд ирлээ. Баяртай боловч догдлолтой, догдлолтой бөгөөд айдастай буюу жилийн хамгийн сэтгэл хөдлөм үе. Төгсөгчид маань ажлын талбар дээр хангалттай сайн байж чадах болов уу, ажил олгогчид бидний ажилд сэтгэл хангалуун байх болов уу гээд л. Бүтээгдэхүүндээ буюу төгсөгчдийнхөө чанар, чадварт нүүр бардам байвч ийм нэг хөнгөн айдас багш хүн бүрийн дотор нуугдаж байдаг байх. Мөн карантины үед хоцорсон, онлайнаар ороход үр дүн муутай байдаг лабораторийн болон бусад төрлийн хичээлийн агуулгыг шахах, нөхөх тал дээр анхаарч байна.
Сүүлийн үеийн гол ажлуудын нэг бол ирэх намраас сургалтын хөтөлбөрт шинээр орж ирж буй компьютерийн ухааны анги. Дэлхийд хамгийн эрэлттэй байгаа 10 мэргэжлийн долоо нь компьютер, хиймэл оюунтай холбоотой болсон өнөө үед компьютерийн инженерийн анги заавал байх ёстой гэж үзсэн. Одоогоор тус ангийн сургалтын хөтөлбөр, түүний магадлан итгэмжлэл, багш нарын бүрдэлт зэрэг ажлууд дээр гол анхаарлаа төвлөрүүлж байна даа.
баг
Одоогоор манайд дөрвөн чиглэлийн, таван түвшний ангид нийт 500 орчим хүүхэд суралцаж байна. Сургалтыг 60 гаруй багш ажилтан удирдан явуулдаг бөгөөд эрдмийн хүрээлэн, цайны газар, номын сан гээд суралцагчдадаа зориулсан бүх үйлчилгээгээ оруулан тоолбол 100 орчим хүн болох байх. Үүнээс гадна оюутнууддаа зориулан "зөвлөх багш" нар ажиллуудаг. Нэг багшид дунджаар 9-10 хүүхэд ноогдоно. Энэ нь суралцагч бүрийн сэтгэлзүй, аж амьдрал, нөхцөл байдал, карьер төлөвлөлтийг цаг алдалгүй мэдэх, түүнд зориулж сургуулийн зүгээс шаардлагатай арга хэмжээг тухай бүр авахад эерэг нөлөөтэй байдаг.




ирээдүй
Аливаа улс орны бие даасан, хараат бус байдалд бүтээгч орох, байх эсэх нь ихээхэн хамааралтай байдаг. Инженерүүд бол бүтээгчид юм. Ялангуяа дэд бүтцийн салбарт дотоодын чадварлаг мэргэжилтнүүд байж л тухайн улс болоод хот илүү зөв, үр дүнтэй төлөвлөлттэй болж чадна. Энэ нь цаашлаад эдийн засаг, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт гээд олон зүйлд шууд болон шууд бусаар хүчтэй нөлөөлж байдаг. Өөрсдөө юмаа хийдэг, дотоодын хэрэгцээгээ бие даан хангадаг тийм л Монгол Улсыг бүтээж, хамтран байгуулж чадах чадварлаг мэргэжилтнүүдийг манай сургууль бэлтгэхийг зорьдог доо.
Түүнчлэн "Шинэ Монгол" сургууль чанартай сургалтын хөтөлбөрөөс гадна суралцагчдынхаа хүмүүжил төлөвшил, хүнлэг хүн болох явцад өдөр тутмын сургалт, дотоод орчны соёлоороо дамжуулан ихээхэн анхаардаг онцлогтой. Энэ бол сургуулийн маань үүсгэн байгуулагч Ж.Галбадрах захирлын хатуу баримталдаг гол зарчим. 2019 онд анхны төгсөгчдөө ажлын талбарт гаргаснаас хойш жил ирэх бүр "Танайхаас л инженерээ авна" хэмээн зорьж ирдэг цөөнгүй хувь хүн, албан байгууллагуудын нэмэгдэж буй урсгалыг хараад "Бид зөв чигт явж байна" гэдгээ хүчтэй мэдэрдэг. Гэхдээ боловсрол бол урт хугацааны хөрөнгө оруулалт, богино хугацаанд үр дүн нь харагддаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний ажлын жинхэнэ үр дүн багадаа 30 жилийн дараа л тодорхой болох байх.
эрсдэл
Болдог бол самбар дээр бичсэн, багшийн амнаас гарсан бүхэн сурагчдад шууд хүрчихдэг бол ямар гоё вэ? гэж багш нар дундаа ярьдаг юм (инээв). Гэхдээ бодит байдал ондоо л доо. Хүүхэд бүрийн сурах арга барил, хүлээж авах өнцөг, түүнийгээ ойлгох хэрэгжүүлэх хурд нь харилцан адилгүй. Тэгээд энэ бүхний эвийг олно гэдэг үнэхээр амаргүй хөдөлмөр. Сургууль гэдэг ганцхан сурагчид бус багш, ажилтангүй давхар хөгжиж байдаг тийм л буцалсан энергитэй газар л даа. Үүнийг зөв тийш чиглүүлж, жигд хөгжиж явах нь том даваа санагддаг.
Аливаа зүйлийн мөн чанарыг бодохгүй хийвэл тэр бүх хөдөлмөр эцэстээ хоосон хүч болоод л замхарна. Ийм болгохгүйн тулд бүх талдаа хийж буй ажил, сурч буй зорилгыг нь байнга сануулж, нэг зүгт харуулах нь чухал. Мөн чанараа ойлгочихвол юу ч хийсэн урамтай үр дүн төгсгөлд нь хүлээж байдагт итгэдэг.





Сэтгэгдэл бичих

