Энэ зууны барилга байгууламжийн архитектурын тренд нь шилэн фасад гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Хот суурин газрын өнгө төрхийг бүрдүүлж, илүү хээнцэр, сонирхолтой дизайныг бий болгодог шилэн фасадыг тогтмол өнгөлж, арчлах нь харин харагдаж байгаа шигээ амар ажил биш. Зуны дэлгэр цаг хаяанд ирж, юм бүхэн өнгөө нэмж буй энэ үед их хотын нүүрийг өнгөлөн зүлгэж, арчилж тордох чухал ажлыг нугалж буй Skypro мэргэжлийн цэвэрлэгээний компанийг бид энэ удаа онцоллоо. 
Олсон дээр ажил гүйцэтгэх энэ салбарын ард ямар олон чухал, сонирхолтой ажил өрнөдгийг уншаарай.

Нэр: Skyprofessional Cleaning LLC
Хаяг: Гэрэгэ Тауэрийн 302 тоот
Чиглэл: Шилэн барилгын фасад цэвэрлэгээ
Үүсгэн байгуулагч: Б.Золжаргал, Б.Баяржаргал
Үүсгэн байгуулагдсан: 2012
Холбоосууд:Skypro Group (Фэйсбүүк), www.skypro.mn (Вэб)


Үүсгэн байгуулагч Б.Золжаргал

сэдэл

Уг бизнесийн санаа анх 2012 онд оффисынхоо шилэн фасадыг цэвэрлүүлэх гээд мэргэжлийн байгууллага хайж үзтэл нэг л байгууллага олдсон тэр үеэс эхэлсэн юм. Олдсон ганц газар луугаа захиалга өгөх гээд залгатал сарын дараах цаг өгдөг юм байна. Тэр үед л гадна фасад цэвэрлэгээ нь зах зээл ихтэй, өрсөлдөгч багатай бизнес юм байна гэдэг ойлголт аваад, энэ чиглэлийг сонирхон судалж эхэлсэн дээ.

Улмаар энэ салбарт орохоор эргэлт буцалтгүй шийдээд, тухайн үед шинээр гарч, хүчээ авч байсан бүрэн автомат ажиллагаатай цонх угаалгын системийг үнэтэй ч гэсэн нэлээд хүч хаяж байж гаднаас захиалж авсан. Ер нь бол доороос нь удирдлага барьж зогсчихоод л автомат технологиор барилгуудыг ядах юмгүй цэвэрлээд мөнгө олоод байх юм байна гэдэг гэнэхэн бодолтойгоор дайраад орчихсон гэхэд болно.

ялгарал

Өнгөрсөн хугацаанд олон зүйлийг туршиж, хийж, ойлгож авсан. Иймд бидний ялгарал бол алдаа оноогоор баталгаажсан арвин туршлага юм. Нарийн задалж хэлбэл:

Нэгдүгээрт, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ. Манай компани Монголдоо “Олон улсын цонх цэвэрлэгээний холбоо”-ноос баталгаажсан “Олон улсад цонх цэвэрлэх эрх”-ийн сертификаттай ганц байгууллага. Мөн саяхан “Олон улсын цэвэрлэгээний холбоо”-ны гишүүн байгууллага болсон.

Хоёрдугаарт, бид маш өндөр техник технологи ашигладаг. Одоогоор улсдаа зөвхөн манайх тусгай тоноглол бүхий мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна. Бидний ашигладаг тоног төхөөрөмж, ажилтнуудын тоноглол, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, арга технологиуд бүгд дэлхийн топ байгууллагуудын бүтээгдэхүүнүүд. Мөн бид үр дүнтэй хамтын ажиллагаагаараа дамжуулан тэдгээр топ байгууллагуудын Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер болж чадсанаараа бахархдаг.

Гуравдугаарт, бид 100 хувь гар технологиор шилэн фасадыг цэвэрлэдэг. Хэдийгээр дэлхий даяар маш олон технологийг хөгжүүлж байгаа ч одоог хүртэл хүнийг гүйцэх технологи боловсруулж чадаагүйг хөгжингүй орнууд ч хүлээн зөвшөөрдөг.

Дөрөвдүгээрт, аюулгүйн ажиллагаа, стандарт. Хүний нүдэнд зүгээр л цэвэрлэгээ мэт харагддаг ч энэ бол маш цогц, нарийн технологитой, аюултай, хүнд хөдөлмөр. Манай байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагаандаа “IRATA” гээд олсон дээр ажиллах техникийн холбооны стандартыг мөрддөг, бүх ажлууд заагдсан дүрэм, журмын дагуу явагддаг.



SkyPro Cleaning гэж юу вэ?

Товчхондоо мэргэжлийн цогц цонх, фасад цэвэрлэх үйлчилгээ. Бид илүү мэргэжлийн салбарыг сонирхож, орсон бүх салбарынхаа манлайлагч байхыг эрмэлздэг, тухайн салбараа хөгжүүлэхийг зорьдог хамт олон. Хэрэглэгчдэдээ бид цонх угаалгын маш чанартай, стандартад нийцсэн үйлчилгээг санал болгодог.

нэр

Бидний анхны оруулж ирж байсан цэвэрлэгээний төхөөрөмжийн нэр SkyPro байсан юм. Анх түүнийгээ бариад л нэрээ өгч байлаа. Үүний дараа ч салбар болгон байгуулсан компаниуддаа яг энэ нэрээ л өгсөн. Учир нь энэ нэр бидний одоогийн ч, ирээдүйн ч зорилготой маш сайн нийцдэг юм.

Skypro нь Sky Professional буюу илүү мэргэжлийн гэдэг утгыг илэрхийлдэг.

одоо

Одоогоор бид барилга доторх цэвэрлэгээ, гадна байгууламж ба талбайн цэвэрлэгээ, барилгын ашиглалт гэдэг гурван чиглэлд ажиллаж байна. Анх зөвхөн фасадаа л цэвэрлэдэг байсан бол үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагаар B2B буюу байгууллагын зах зээлээс B2С буюу хэрэглэгчийн зах зээл рүү орохоос өөр аргагүйд хүрсэн гэж хэлж болно.

Дотоод зохион байгуулалтын хувьд 2020 оныг байгууллагадаа “Хүний нөөцийн хөгжлийн жил” болгон зарласан. Ажилтнуудаа чадавхжуулахад анхаарал хандуулж байна.

Мөн энэ хөл хорионы үеэр л хүмүүс мэргэжлийн ариутгал цэвэрлэгээний онцлог тал, ач холбогдлыг бүрэн ойлгож эхэлж байх шиг. Энэ бүхэн дууссаны дараа олон нийт манай салбарыг арай өөр түвшинд харж, үнэлдэг болох нь гарцаагүй. Иймд бид салбараа түүчээлж яваа байгууллагын хувьд бусдыгаа чиглүүлж, стандартыг тогтоох учиртай гэж үзсэн. Уг төлөвлөгөөнийхөө хүрээнд энэ жил ISO 22846-1:2003, ISO 22846-2:2012 гэсэн хоёр багц стандартыг MNS1:1-ээр хамгаалахаар ажиллаж байна. Ингэснээр ирээдүйд цонх цэвэрлэгээний салбарт бий болох шинэ компаниудад замыг нь зааж өгч, зөв арга барилаар ажиллахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж итгэж байгаа.

Мөн Олон Улсын Цэвэрлэгээний Холбоо (The Worldwide Cleaning Industry Association)-ны гишүүн болоод тун удаагүй байна. Хамгийн түрүүнд энэ байгууллагаас гаргасан COVID-19 үед цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх заавар зөвлөмжийг онлайн сургалтаар аван нэвтрүүлж байна.



баг

Ер нь цэвэрлэгээний салбарт эрүүл чийрэг хүн л амжилттай ажиллаж чадна. Ялангуяа, өндөрт, тэр тусмаа олсон дээр ажиллах хүмүүс сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн, хорт зуршилгүй, оюун санаа, бие бялдар гээд бүх талаараа эрүүл байх ёстой байдаг. Одоогоор манай цэвэрлэгээний компанид 60-70 залуус нэг баг болоод ажиллаж байна. 20 нь шилэн фасад, 30 нь гадна талбай буюу хотхонд, 10 нь дотор цэвэрлэгээ, 10 нь бодлого төлөвлөлтийн ажлуудыг хариуцаж ажилладаг.

ирээдүй

Байгуулагдсан цагаасаа хойш бид өрсөлдөөн, эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэл, тоног төхөөрөмжийн доголдол гээд маш олон асуудлын ард гарсан. Анх энэ бүхнээс шантрах завдал өгөөгүй хүчин зүйл бол зах зээл хангалттай том, өрсөлдөгч бага гэдэг бодол л байсан бол өнөөдөр бидний зорилго салбараа хөгжүүлэх, олон монгол залуусыг уг нарийн мэргэжлээр сургаж, олон улсад өндөр цалинтай ажиллах боломжийг олгоход чиглэж байна.

Бид анхнаасаа компаниа засаглал, бүтэц, зохион байгуулалт нь үр дүнтэй, төлөвлөлт хурдан хэрэгжих боломжтой байхаар групп компанийн системээр хөгжүүлсэн юм. Эхэндээ жижиг байгууллагад ТУЗ-тэй байна гэдэг ажлын хажуугаар их ачаалал өгдөг байсан. Гэхдээ энэ нь маш зөв шийдвэр байсныг одоо алхам тутамдаа ойлгосоор байдаг. Одоо бид зөвхөн цонх цэвэрлэгээний компанид түшиглэсэн өөр хоорондоо үйл ажиллагааны хувьд нарийн уялдаа холбоо бүхий найман салбар компанитай болтлоо өргөжсөн байна.

Үүний дотор "Skypro International" гэдэг компани бий. Энэ компанийн зорилго нь залуусыг IRATA-ийн сургалтын системийн дагуу олсон дээр ажиллах олон улсын арга техникд сургаж, олон улсын мэргэшсэн мэргэжилтэн болгоход чиглэнэ. Ажил хийнэ гэхээр л Солонгос явж үйлдвэрийн ажил хийх албагүйг ойлгуулмаар байна. Дубай руу, Катар луу явж цагийн 300 еврогийн цалинтай, мэргэжлийн ажил хийх боломж бидэнд бүрэн бий. Тэгээд ч цонх цэвэрлэгээний, олсон дээр ажиллах хөдөлмөр нь дэлхийн хамгийн аюултай 100 ажилд ордоггүй хэрнээ үнэлгээ харьцангуй сайтай, хийгээд дадчихвал тийм ч хүнд хөдөлмөр биш байдаг.

Ер нь ирээдүйдээ Skypro-г дагасан технологийн үйлчилгээ, гадаад зах зээл зэрэг мэргэжлийн салбаруудыг хараачилж байна.



эрсдэл

Хоёр эрсдэлийг нэрлэе. Нэг нь эдийн засаг. Манай үйлчилгээ бол байгууллага зардлаа танахад хамгийн түрүүнд хасах боломжтой үйлчилгээ. Иймд эдийн засаг тогтвортой байх нь бидэнд их чухал.

Хоёр дахь нь гэвэл хүн өөрөө эрсдэл. Бид бүх ажлаа стандартын дагуу хийдэг. Бидний тавьж байгаа стандартыг тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний аль нь ч зөрчихгүй. Зөрчих боломжтой ганц л зүйл бол хүн. Ажилтан л хариуцлагатай, болгоомжтой, нягт нямбай байж чадвал бидэнд өөр эрсдэл байхгүй гэж боддог.