Өдгөө дэлхий даяар 3.5 тэрбум хүн ухаалаг утас ашиглаж буй. Монгол Улсын хувьд хүн амын 70 орчим хувь нь гар утсаараа нийгмийн сүлжээнд холбогддог нь Азийн бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг олон судалгаанд онцолдог билээ. Тэгтэл хэрэглэгч ихтэй, эрэлт өндөртэй дотоодын энэ зах зээлд ухаалаг гар утас, дагалдах үйлчилгээгээр төрөлжсөн, худалдан авагчдын итгэлийг хүлээсэн томоохон брэнд дэлгүүр манайд хангалттай байдаг бил үү? Уг эргэлзээтэй асуултыг нэг талд нь гаргаж, албан ёсны борлуулалт, стандарт үйлчилгээ, олон төрлийн сонголтыг хэрэглэгчдэдээ амлаж буй Smart Store-ийг бид энэ удаа онцоллоо. 

Нэр: Smart Deal ХХК
Хаяг: Баянгол зочид буудлын замын зүүн талд, Централ Парк цамхгийн нэг давхарт
Чиглэл: Ухаалаг гар утас, ухаалаг гэр ахуйн барааны худалдаа
Үүсгэн байгуулагч: Д.Болор
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:smartstore.mn (Вэб), SmartStore Mobile Center (Фэйсбүүк)
Уриа: Танд илүү ихийг


Борлуулалт, Маркетинг хариуцсан захирал Б.Ариунзаяа


сэдэл

Бид үүрэн холбоо, гар утас, техник технологийн салбарт олон жил ажилласан мэдлэг туршлагадаа суурилан энэхүү бизнесийг эхлүүлсэн юм. Орчин үед амьдралын хэмнэл хурдасч, ухаалаг утасны хэрэглээ улам тэлж буй тул дотоодын хэрэглэгчдэд албан ёсны эрхтэй, уян хатан үнийн нөхцөлтэй, өөрт тохирсон сонголтоо хийхэд дөхөм болохуйц мэргэжлийн зөвлөхтэй үйлчилгээ хамгийн их хэрэгтэй байгааг л анзаарч харсан хэрэг л дээ.

ялгарал

Хэрэглэгчид тухайн ухаалаг гар утсыг бүрэн ашиглаж чадах эсэхээсээ үл хамааран дэлхийд танигдсан цөөн төрлийн брэнд бүтээгдэхүүнийг сонгож, хамгийн сүүлийн үеийн загварт нь хошуурах хандлагатай байдаг. Энэ хандлага нь албан ёсны эрхтэй бүтээгдэхүүнийг цөөн газраас өндөр үнээр авах эсвэл уян хатан үнээр бусад наймаачдаас баталгаагүй бүтээгдэхүүн авах зэрэг худалдан авалтын сонголт бага байсантай холбоотой байж болох юм. Уг эрэлт хэрэгцээнээс л бид үндсэн ялгарлуудаа гаргаж ирсэн. Үүнд:

  • Албан ёсны эрхтэй бүтээгдэхүүнүүд борлуулдаг
  • Хамгийн хямд үнэ
  • Уян хатан төлбөрийн нөхцөлтэй: Төрөл бүрийн зээлийн сонголттой, урьдчилгаа төлбөр бага, зарим нь урьдчилгаа төлбөргүй
  • Нэр төрөл ихтэй: 10 гаруй брэндийн 50 гаруй бүтээгдэхүүн байршиж буй
  • Танд зөв сонголт хийхэд туслах зөвлөх үйлчилгээтэй
  • Баталгаат хугацаанд хийх засвар, үйлчилгээг стандартын дагуу, мэргэжлийн ажилтнууд хийж гүйцэтгэдэг
  • Онлайн худалдаа, хүргэлттэй
  • Олон салбартай


Smart store гэж юу вэ?

Ухаалаг дэлгүүр. Бид хэрэглэгчдэд бүтээгдэхүүн бус үнэ цэнийг борлуулдаг. Хүн бүрт ухаалаг утас борлуулах гэж шахах бус үйлчлүүлэгч бүр ухаалаг сонголт хийхэд нь туслах үйлчилгээ.

нэр

Smart Store: Нэмэлт тайлбар хэрэггүй болов уу. Бүтээгдэхүүн, үйлчилгээ маань тэр чигтээ ухаалаг байхад чиглэдэг.

одоо

Бид өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод зургаан салбар дэлгүүрээ нээсэн. Төв салбар маань Централ Парк цамхагт байршиж буй. Одоогоор бид хамтын ажиллагаа, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний цогц байдлаа нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарч байна. Хэрэглэгч манайхаас Apple, Samsung, Huawei, Honor, Mi, Realme, Vivo, Nokia зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс өөрт таалагдсан утсаа сонгоод онлайнаар захиалан, хүргүүлээд авах боломжтой. Бид энэ тал дээр өөрсдийн вэб сайт болон Shoppy.mn-тэй хамтран ажиллаж байгаа. Ер нь, борлуулагч, төлбөрийн систем хоёр нь найдвартай байж чадвал гар утас, ухаалаг төхөөрөмжүүд бол онлайнаар худалдан авалт хийхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Төлбөрийн хувьд Storepay, Нөмөр апп болон арилжааны банкуудтай хамтран олон сонголттой, уян хатан нөхцөлийг бий болгосон нь хэрэглэгчдэд таалагддаг, дахин ирж үйлчлүүлэх сэдлийг өдөөдөг үйлчилгээнүүдийн нэг болсон.


баг

Манай компанийн хамгийн бахархдаг зүйлс бол баг, хамт олон гэж хэлнэ. Бидний туршлага, хүсэл эрмэлзэл, алсын хараа, үнэт зүйл, ажиллах зарчим хэзээд хэрэглэгчдэд чиглэсэн байдаг. Хийж буй ажилдаа дуртай, дадлага туршлагатай бидний хувьд хурдтай ажиллаж, харилцан ашигтай, сэтгэл ханамжтай гүйцэтгэлд гол анхаарлаа хандуулж ирсэн.

ирээдүй

Гар утас олон жилийн өмнө тансаг хэрэглээ байсан бол өнөө үед хүн бүрийн өдөр тутмын энгийн хэрэглээ болтлоо хөгжжээ. Цаашид энэ хэрэглээ улам л ихэсч, мэргэжлийн болох болов уу. Иймд бид энэхүү хөгжлийн хурднаас хоцрохгүйн тулд шинэ содон зүйлсийг эрэлхийлж, хаана бидний үйлчилгээ илүү хэрэгцээтэй, эрэлттэй байна тэнд цаг алдалгүй хүрэх нь чухал. Энэ хүрээнд бид орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэхээр судалж байна. Хотын иргэдийн хэрэглээтэй харьцуулахад өөр нэмэлт зүйлс шаардлагатай байх болов уу. Тиймээс хотод борлуулдаг бүхнээ тэр чигт нь зөөгөөд худалдаж болохгүй. Энэ бидний хийх ажил биш юм. Түүнээс гадна франчайз салбарууд нээх тухай ч судалгаа шинжилгээ хийж байгаа. Эхний ээлжид туршилтын салбаруудаа энэ зунд багтаан нээхээр төлөвлөсөн. Бид цаашид илүү амбицтай, холыг харсан зорилготойгоор салбарын гол тоглогчдын нэг болохыг чухалчилна.

эрсдэл

Дэлхий даяар цар тахал нүүрлэж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хаа сайгүй сайнгүй байгаа ч бид бүх эрсдэлээ тооцож, үйл ажиллагаагаа төлөвлөгөөний хугацаанд нь эхлүүлсэн. Бид хямралын үеийг боломж, шалгуур гэж харан улам шаргуу ажилласан нь маш зөв сонголт болсон гэдгийг хэрэглэгчдийнхээ сайшаал магтаал, сэтгэл ханамж, бүтээгдэхүүний эрэлтүүдээс мэдэрч байна. Манай гол бүтээгдэхүүнүүд импортоор орж ирдэг тул валютын ханш, гадаад харилцаа гээд биднээс шалтгаалахааргүй олон эрсдэл байгаа ч тэдгээрийг даван туулж чадна гэх итгэл үнэмшлээр ажиллаж байгаа.