Энэ удаагийн онцлох бизнес бол МСМ Бетастар компанийн “Sour” шингэн хүнсний дэлгүүр. 2005 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй МСМ Бетастар компани нь шингэн хүнсний борлуулалт, захиалга, хүргэлтийн үйлчилгээгээрээ хэдийн дотоодын зах зээлд танигдсаныг уншигч та мэдэх биз ээ.
Харин тэдний ээлжит нүүдэл нь хэрэглэгчийн сонголтод нийцсэн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломж бүхий дэлгүүр байсан бөгөөд 2023 онд эхний дэлгүүрээ нээж, өнгөрсөн долдугаар сард хоёр дахь салбарынхаа үүд хаалгыг дэлгээд буй. Бид шинэхэн салбараар нь зочилж, МСМ Бетастар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Габелтай ярилцсан нь энэ юм. Тэдний бизнесийн зорилго, утга учир, алсын харааны тухай энэ нийтлэлээс уншаарай.
Хаяг:
Салбар 1 - Зайсан, Golden Buddha & Zaisan Central-ийн 1-р давхар
Салбар 2 - Сүхбаатар дүүрэг, Эрүүл мэндийн яамны баруун урд ITC-ийн 1-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Шингэн хүнсний борлуулалт, захиалга, хүргэлт
Үүсгэн байгуулагч: МСМ Групп ХХК-ийн МСМ Бетастар ХХК
Үүсгэн байгуулагдсан он: МСМ Бетастар ХХК нь 2005 онд
Цахим хуудсууд: Вэбсайт, Фэйсбүүк, Инстаграм
Уриа үг: Эрхэм чанарыг түүчээлнэ
СЭДЭЛ
2005 онд манай Бетастар компани МСМ группийн охин компани болж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Бидний гол зорилго бол Монголын зах зээлд дээд зэрэглэлийн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй хүргэх. Тэр ч утгаараа өдгөө 550 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Бид зөвхөн өөрсдийн брэндээс гадна ижил төрлийн бүтээгдэхүүн импортлогч компаниудын бүтээгдэхүүнийг худалдаалдаг.
Манай хамт олон ямагт зах зээлдээ түүчээлэхийг эрмэлзсээр ирсэн. Тиймдээ ч бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, шингэн хүнсний салбарт байр сууриа бататгахын хэрээр дараагийн алхам маань юу байх вэ гэдгийг сайтар бодох болсон. Ингээд хоёр жилийн өмнө зөвхөн байгууллагуудтай ажиллахаас гадна хувь хэрэглэгчдэд өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг олж харсан ба Sour дэлгүүрийн эхний салбарыг Зайсангийн Golden Buddha төвд нээж байлаа.
Нэг ёсондоо хүн бүр хайсан уух зүйлээ нэг дороос худалдан авах орчныг бүрдүүлж, Монголд худалдаалагдаж байгаагүй шинэ төрлийн хатуулагтай бүтээгдэхүүнийг санал болгох нь бидний нэн тэргүүний зорилго. Энэ хүрээнд үйлчлүүлэгчдэдээ илүү ойртох зорилгоор их хотынхоо төв цэгт шинэ салбараа нээгээд байна.

ялгарал
Бид компанийнхаа талаар импортын шингэн хүнс борлуулдаг гэсэн ерөнхий мэдээлэл өгөхөөс аль болох татгалздаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэдээ амжилт, баяр хөөр, тэмдэглэлт ой, амьдралын хэв маягт нь тохирсон бүтээгдэхүүн хүргэхийг эрмэлздэг гэсэн үг. Тэгэхээр манай хамгийн гол онцлог бол бүтээгдэхүүний чанар.
Мэдээж хайсан бүхэн тань нэг дор байна гэдэг нь хэрэглэгчдэд өгөх хамгийн том давуу тал болов уу. Хүн бүрийн амтлах мэдрэмж, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнийг бид худалдаалдаг. Түүнчлэн монгол залуус маань сүүлийн үед уух соёлдоо ихээхэн анхаарч, илчлэг, сахар багатай бүтээгдэхүүн сонгох төлөвтэй болсон нь манай үйл ажиллагаанд ч чухал нөлөө үзүүлж байгааг дурдах нь зүйтэй.


Шинэ салбар дэлгүүрийн хувьд гол онцлог нь дэргэдээ коктейл бартай. Их хотын завгүй амьдралын хэв маягтай хэн бүхэнд бид илүү ойртож, чанартай, амттай, сонголт арвинтай бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Нөгөөтээгүүр, манай үйл ажиллагаа зөвхөн хэрэглэгчдээс гадна бартендерын коммюнитиг дэмжих чиглэлд анхаарч ажилладаг. Тодруулбал, тэднийг ур чадвараа нэмэгдүүлж, олон улсын тавцанд Монголынхоо нэрийг гаргаасай гэсэн зорилгоор тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай.
“SOUR” ГЭЖ ЮУ ВЭ?
Хэрэглэгчдийн сонголтод нийцсэн, дэлхийд танигдсан импортын болон дотоодын дээд зэрэглэлийн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой дэлгүүр. Зайсангийн салбар нь хатуулагтай уух зүйлсийн ялгаа, хүртэх соёлын тухай амталгааны арга хэмжээ зохион байгуулдаг онцлогтой бол ITC салбарт дуртай уух зүйлээ тухлан сууж, таалан амтлах орчин бүхий коктейл бараар үйлчлүүлэх боломжийг олгодог.
НЭР
Хатуулагтай уух зүйлийн амтыг илэрхийлэх нэр байх ёстой гэж үзээд, жагсаалт гаргаж байгаад “Sour” хэмээх нэрийг сонгосон. Энэ нэр амт илэрхийлэх тэмдэг нэрээс гадна содон мэдрэмж төрүүлдэг.

ОДОО
Бид хамгийн түрүүнд хэрэглэгчдэдээ ойртохыг зорьж байгаа. Мэдээж энэ хүрээнд салбарын тоогоо нэмэгдүүлэх, хүргэлтийн үйлчилгээгээ илүү хурдан, найдвартай, хэрэглэгчдэд хялбар болгох ажлуудад төвлөрөхийн сацуу томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр байна.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд шингэн хүнсний брэнд дэлгүүрээ нээхээр шаргуу ажиллаж байгаа. Удахгүй Улаанбаатар хотод ч мөн адил шинэ салбарууд нээгдэх нь цаг хугацааны асуудал биз ээ.
БАГ
Манайх компанийн хэмжээнд 80 гаруй ажилтантай. Худалдааны зөвлөх, үйлчилгээний ажилтан, маркетинг, брэндингийн баг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн чадварлаг хамт олон бий. Бид хамтын ажиллагааг эрхэмлэж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн түрүүнд тавьдаг.
Тэрчлэн, бид олон талт хүний нөөцөөр багаа бүрдүүлэхийг хичээдэг. Хүн бүр өөрийн гэсэн давуу тал, санал санаачилгатай байдаг учраас тэр юм.

ИРЭЭДҮЙ
Бид цаашдаа үйлчлүүлэгч, худалдан авагчдынхаа хамгийн эхний сонголт байхын төлөө хичээн ажиллаж, тэдэнд илүү ойртон, олон төрлийн сонголттой бүтээгдэхүүнийг санал болгоно. 70 настай ч бай, 25 настай ч бай, тэдний хүсэл сонирхолд нийцэхүйц уух зүйл манайд худалдаалагдана. Мөн шинэ салбарууд зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй орон нутагт ч олноор байгуулагдах юм.
ЭРСДЭЛ
Мэдээж Монголын эдийн засагт учирдаг түр зуурын удаашрал бидэнд ч бас нөлөөлдөг. Хууль эрх зүйн талаас тодорхой болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, шуурхай байдал гээд худалдаа үйлчилгээний салбарт тохиолддог бэрхшээлүүд мөн ялгаагүй бидэнд тохиолдож байна. Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь шийддэг байгаасай гэж бид хүсдэг.




Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 66.181.189.62
Gabel захиралтай уулзаж ярилцах завшаан гар чбайлаа монголыг гэсэн монгол сэтгэлтэй хүн түүний багт бүх амжилтыг чин сэтгэлээсээ ерөе
З Зочин 103.57.93.16
Drinking culturiig Mongold nutagshuulahad mash ontsgui uureg guitsetgej baigaa tanai hamt olond talarhal ilerhiilj baina