Байгууллага, хувь хүнээс үл хамааран татварын хувь хэмжээ, ашиг тус хийгээд санхүүд үзүүлэх дарамтын тухай ам булаалдан ярилцах нь элбэг. Гэвч бид тэр болгон татвараа зөв төлдөг эсэх талаараа тухтай сууж боддог бил үү?  

Татварын тооцооллыг хэрхэн гаргаснаас шалтгаалан төлөх ёстой бодит хэмжээнээс их эсвэл бага татвар төлөх тохиолдол байдгийг та мэдэх үү?  

Энэ удаа бид байгууллагын татварын цогц систем хөгжүүлэгч Юнитакс ТИН компанийг онцолж байна. Тэд нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилж, бүр цаашлаад тухайн байгууллагын санхүүгийн үнэн бодит үр дүнг гаргахад ихээхэн ач холбогдол үзүүлэх татварын тооцооллын системийг хөгжүүлээд буй юм.  

Бизнесийн нэр: Юнитакс ТИН ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, New Horizons оффис, 8 давхарт, 801 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Татварын бүртгэл, тооцооллын систем хөгжүүлэлт
Гүйцэтгэх захирал: Б.Мөнхчимэг
Үүсгэн байгуулагдсан он: 2019 он
Цахим хуудсууд: ТахАсс - Татварын программ (Фэйсбүүк), taxacc.mn (Веб хуудас)


сэдэл

Санхүүгийн бүртгэл, татварын бүртгэл, удирдлагын бүртгэл гэх мэт байгууллагын санхүүтэй холбоотой олон төрлийн тооцоолол бий. Эдгээрийг ялган тайлбарлавал, санхүүгийн бүртгэл гэдэг нь тухайн байгууллагын өнгөрсөн хугацааны ашиг, алдагдал гэх мэт санхүүгийн бодит үр дүнг харуулдаг бол тухайн тайлан дээр үндэслэн одоо төлөх татвар болон ирээдүйд төлж болзошгүй татварын хэмжээг тооцоолдог нь татварын бүртгэл юм. Татварын бүртгэл нь ОУ-ын стандартыг мөрдөхийн сацуу МУ-ын Сангийн сайдын гаргасан журмын дагуу тооцоолсон байх учиртай.

Гэвч бодит амьдрал дээр нягтлан бодогчид хуулиа биелүүлэхийн тулд татварын хуульд нийцүүлсэн санхүүгийн тайлан буюу дээрх хоёр тооцооллыг нэгтгээд гаргачихдаг тохиолдол тун элбэг. Өмнө нь санхүүгийн тооцоолол гаргах систем байдаг ч татварын тооцоолол хийх систем байдаггүй байсан тул нягтлан бодогчид хоёр өөр аргаар тооцоолох ёстой зүйлсийг нэгтгэдэг байсан гэсэн үг юм. Татварын тооцооллыг гараар нэг бүрчлэн гаргана гэдэг ихээхэн төвөгтэй, цаг хугацаа шаарддаг ажил тул тэгдэг байсан хэрэг лдээ. Гэвч энэ нь ОУ-ын стандартыг зөрчиж буй хэрэг тул үүнээс үүдэн тухайн байгууллага гадаадын хөрөнгө оруулалт авч чадахгүйгээр зогсохгүй байгууллагынхаа санхүүгийн бодит үр дүнг олж харж чадахгүй болсноор бизнесийн зөв шийдвэр гаргах, оновчтой стратегиар ажиллах боломжийг хязгаарлаж байгаа юм. Эдгээр эрсдлүүдийг хаахын тулд бид TaxAcc буюу татварын нягтлан бодогч гэх утгатай уг системийг санаачлах болсон билээ.

Гүйцэтгэх захирал Б.Мөнхчимэг


ялгарал

Татварын тооцоолол гаргадаг систем хөгжүүлсэн байгууллага одоогоор Монголд цор ганц байгаа нь бид. Ялгарч онцгойрохоос илүүтэйгээр санхүүгийн бүртгэл хийдэг системүүдтэй хамтарч ажилладаг. Тодруулбал, аливаа нэгэн санхүүгийн бүртгэлийн систем дээр тооцоолол хийсний дараа тухайн үр дүн дээр үндэслэж, дараачийн алхам буюу татварын тооцоолол хийдэг.

taxacc гэж юу вэ?

Манайх татварын нарийн, төвөгтэй тооцооллуудыг хурдан, хялбараар хийхэд туслах цогц системийг хөгжүүлдэг технологийн компани. Монголд санхүүгийн тайлан гаргадаг системийг хөгжүүлсэн технологийн компаниуд хэдэн арваараа бий. Харин татварын тооцоолол хийдэг системийн нэг, хоёрдугаар модулийг бид 2021 оноос эхлэн эх орондоо анхлан хөгжүүлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна.

Нөгөөтэйгүүр бид байгууллагуудыг татварын мэргэшсэн зөвлөхтэй болохыг уриалж байгаа. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах тал дээр нягтлан бодогч ажиллана гэдэг нь зарчмын хувьд мөн л учир дутагдалтай. Учир нь нягтлан бодогч гэдэг ОУ-ын стандартын дагуу санхүү бүртгэл буюу бодит үр дүнг нягтлан тооцоолох л учиртай мэргэжил шүү дээ. Гэвч байгууллагын удирдлагууд төдийгүй нийгмээрээ нягтлан бодогчид татварын тооцоолол гаргах ёстой гэсэн ойлголттой байдаг нь татварын эрсдлийг бий болгож байгаа хэрэг. Харин үүний оронд татварын мэргэшсэн зөвлөхтэй байснаар татварын талаарх зөвлөгөө мэдээллийг авахаас гадна татварын тооцооллыг журмын дагуу, үнэн зөв гаргаж, эрсдэлгүй ажиллах боломжоор хангагдах давуу талтай.


одоо

Монголд нийт 17 төрлийн татварын тайлан бий. Өмнө нь хэлсэнчлэн, эрсдэлгүй татвар төлөгчдийг бий болгоход манай системийн гол зорилго оршиж буй. Одоогоор байгууллагуудад татварын мэргэшсэн зөвлөхийн ашиг тусыг таниулан сурталчлахаас гадна TaxAcc системээ танилцуулж, борлуулах ажил дээр төвлөрч байна.

баг

Нийт хамт олны хувьд маш цомхон бөгөөд долуулаа. Үүн дотроо хөгжүүлэлтийн багт гурав, нэвтрүүлэлтийн багт хоёр, бизнес, анализийн багт хоёр хүн ажиллаж байна.


ирээдүй

Цаашдаа бид татварын мэргэжлийн зөвлөхүүд төдийгүй удирдлагууд, нягтлан бодогч нарт зориулан байгууллагынхаа санхүүгийн алдагдал, өр, торгууль зэрэг татварын ерөнхий нөхцөл байдлыг хянаж, дүн шинжилгээ хийх боломжтойгоор системээ дахин хөгжүүлэхээр ажиллаж байна.

эрсдэл

Эхнээсээ л бидний хэлэх гээд байгаа санаа болох татварын тайлан, санхүүгийн тайлан нь огт өөр зүйлс бөгөөд эдгээрийг нэгтгэж гаргавал санхүүгийн сөрөг үр дагавар ихтэй болохыг бизнес эрхлэгчдэд ойлгуулж, мэдлэг мэдээллээр хангах нь бидний өмнө тулгараад буй томоохон сорилт. Олон жилийн өмнөхтэй адил бизнес эрхлэгчид тайланг хагас цагийн ажил мэтээр сэтгэж, бидний системийг тайлангийнхаа хавсралт төдийхнөөр ашиглахгүй байгаасай хэмээн хүсэж байна.

Удирдлагууд дээрх тайлангуудын ялгаатай байдлыг ойлгох үед байгууллагынхаа санхүүгийн тооцооллыг цоо шинээр эхлэх шаардлага тулгарсан байдаг нь харамсалтай. Ингэхдээ тухайн байгууллагын санхүүг сууриас нь эхлэн цэгцтэй хөтөлж, санхүүгийн тайланг үнэн бодитоор гаргасны дараа TaxAcc системийг ашиглан татварын тайланг гаргах юм. Үүнд хэдийгээр багагүй цаг хугацаа шаардагдах ч үр дүнд эрсдэлгүй татвар төлөгчдийг бий болгох зорилго биеллээ олно хэмээн найдаж байна.