Бизнесийн зарчим, байгууллагын соёлоосоо хуваалцдаг “Онцлох бизнес” булангийн шинэ дугаарт “Цогц эмчилгээ, чанартай амралт эрүүл мэндийг тэтгэнэ” уриатай “Тэгри Мэд” амралт, сувиллын газрыг онцолж байна.
Сувиллын үйлчилгээний шинэ чиг хандлагыг тодорхойлж, уламжлалт анагаах ухааны үр шимийг бүх насныханд хүртээх зорилготой тус байгууллагын үүсгэн байгуулагдсан санаа сэдэл, онцлог, давуу тал, зорилго зорилттой нь илүү ойроос танилцъя.
Бизнесийн нэр: Тэгри Мэд
Үйл ажиллагааны чиглэл: Амралт, сувилал
Үүсгэн байгуулагдсан: 2020 он
Цахим хуудсууд: tegrimed.mn (website) | Tegri Med / Тэгри Мэд (facebook)

сэдэл
Манай Тэгри Мэд амралт сувиллын газар үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой энэ онд тохиож байна. Бид барилгын бүтээн байгуулалт 2019 онд эхэлж, 2020 оны наймдугаар сард үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байсан түүхтэй. Харин төслийн санаачилга 2018 оноос эхтэй бөгөөд тухайн үед сувилал зөвхөн ахмадуудад зориулсан, эсвэл ямар нэгэн үйлчилгээгээр дагнасан байх нь элбэг байсан бөгөөд амралт, сувиллыг хослуулсан цогц үйлчилгээг бүх насныханд санал болгох, басхүү сувиллыг зөвхөн өндөр настнуудын зорьж очдог газар гэх ташаа ойлголтыг залруулж, сувиллын шинэ чиг хандлага тогтоох, залуу үеийнхний эрүүл мэндийг дэмжих, улмаар монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх анхдагч сэдлээр байгуулж байлаа.



ялгарал
Бид бие махбодыг цогцоор нь эмчлэхээс гадна эмчилгээ, анхаарал, хайр халамжийг түгээн, Дорнын анагаах ухааны сонгодог заслуудыг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хэрэглэдгээрээ онцлог. Орчин үеийн анагаах ухаан зөвхөн шинж тэмдэг дээр тулгуурлан эмчилгээ хийдэг бол уламжлалт анагаах ухаан өвчний үүсэл шалтгааныг тодруулж, анагаахыг зорьдог. Уг хосолсон эмчилгээ нь гэнэтийн хурц өвчлөлөөс урьдчилан сэргийлж, архаг өвчлөлийг сууриар нь эмчлэхээс гадна дархлааг дэмжиж, амьдралын чанарыг нь сайжруулах ашиг тустай. Мөн ажлын стресс, оюуны өндөр ачаалалтай ажил хөдөлмөр эрхэлдэг залуус үйлчлүүлснээр тухайн зовуурьт шинж тэмдгийг дарж, ирээдүйд учирч болох өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг.



тэгри мэд гэж юу вэ?
Бид сувилал болон амралт гэсэн үндсэн хоёр төрлийн үйлчилгээтэй, тэр ч утгаараа бүх насныханд зориулсан, бие махбод, оюун санааг илаарьшуулах цогц үйлчилгээг үзүүлдгээрээ онцлог. Хэрвээ эмчилгээ, сувилгааны журмаар үйлчлүүлж байгаа бол зүү төөнүүр, усан эмчилгээ, бариа засал гэх мэт Дорнын анагаах ухааны эмчилгээ сувилгааг санал болгодог. Харин амралтын горимоор үйлчлүүлж байгаа бол зочид буудлын үйлчилгээг санал болгох бөгөөд уламжлалт анагаах ухаанд суурилсан арьс, үс арчилгаа зэрэг салоны үйлчилгээг ч авах боломжтой.
Хүүхдүүдэд дархлааны багцыг санал болгодог бол түүнээс дээш насныханд ядаргаа тайлах, харшлын эсрэг гэх мэт бие махбод, оюун санааны нөхцөл байдалд нь тохирсон үйлчилгээг зөвлөдөг. Хэдэн ч насны, ямар ч сонирхолтой үйлчлүүлэгчид нийцсэн орчныг бүрдүүлэх зорилгоор ресторан, кино театр, дэлгүүр зэргийг нэг дор цогцлоож, чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбай, бясалгалын замыг гаднах талбайд шийдэж өгсөн.





нэр
Тэгри гэдэг нь уйгуржин монгол бичгээр тэнгэр гэсэн утгатай. Мэд гэдэг нь олон улсад хэрэглэгддэг эрүүл мэндийн байгууллага гэх үгийн товчлол. Өөрөөр мэдлэг, оюун ухаан гэдгийн товчилсон хувилбар гэж ойлгож болно.
Бид Дорнын тэр дундаа Монголын уламжлалт анагаах ухааныг эмчилгээ сувилгаандаа шингээсэн байдаг. Тэр ч утгаараа монголчууд тэнгэртэй гүн гүнзгий шүтэлцээ холбоотой байдгийг бэлгэдэж тэгри гэх үгийг нэрээ болгон сонгосон юм.
одоо
Жигд үйлчилгээ стандарт, тасралтгүй хөгжил сайжруулалт дээр төвлөрөн ажиллаж байна. Ингэхдээ тэгш хүртээмжтэй үйлчилгээг түгээх, амьдралын чанарыг сайжруулах, зовуурьт шинж тэмдгийг дарж, ирээдүйд учирч болох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрхтэн тогтолцоог дэмжихэд анхаарч байна.




баг
Нийт есөн алба, 106 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаагаас удирдлагын баг 10 орчим чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрддэг ба 26 орчим эмч, сувилагчтай ажиллаж байна.
Бид өндөр чанартай үйлчилгээг хүргэхийн тулд багийн гишүүн тус бүрийн хувь нэмрийг чухалчлан авч үздэг. Тухайлбал, эмч сувилагчдын баг орчин үеийн судалгаа шинжилгээнд үндэслэн шинэ үйлчилгээ эмчилгээг дэвшүүлдэг бол бусад гишүүд тухайн үйлчилгээг хэзээ, хэрхэн хүргэх, үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг хангах тал дээр стратеги төлөвлөгөө боловсруулан ажилладаг.
Хамтын ажиллагаа болон харилцан хүндлэл нь манай байгууллагын соёл. Бид бие биенийхээ санаа бодлыг сонсож, нээлттэй харилцаж, мэдээллээ тогтмол хуваалцахыг гол зарчмаа болгон ажилладаг.

ирээдүй
Бидний алсын хараа Монголын уламжлалт анагаах ухааны өвийг олон улсад таниулж, нэвтрүүлэх зорилготой. Мөн дээрээс нь байгаль, эрүүл мэнд, амьдралын чанар гурвыг нэгтгэсэн олон улсын жишиг цогцолбор болоход бидний үнэт зүйл оршдог. Үүнийхээ хүрээнд бид өдөр бүр тасралтгүй хөгжихийг зорьдог бөгөөд бидний хамгийн ойрын томоохон төлөвлөгөө бол ирэх оны II улиралд ашиглалтад орох өргөтгөлийн барилга юм. Уг байгууламжаа бид гоо сайхны үйлчилгээ, энтертайнмент үйл ажиллагаанд зориулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү томоохон өргөтгөлийн ажлыг цогцоор нь шийдэхийн тулд хүний нөөцөө бэлтгэх, чадавхжуулах зэрэг ажлыг хийж эхлээд байна.
эрсдэл
Сувилал, амралтын үйл ажиллагааны хувьд хүний бие махбод, эрүүл мэнд, сэтгэлзүйтэй тулж ажилладаг гэдэг утгаараа тун хариуцлагатай ажил гэж хардаг. Иймд үйлчилгээний тэгш бус байдал болон хүний нөөцийн тогтворгүй байдал голлох эрсдэл болж байна.
Бидний хувьд үйлчилгээний жигд байдлыг хангахын тулд олон улсын ISO 9001:2015 чанарын стандартыг хэрэгжүүлдэг. Уг олон улсын стандартыг дотоодын стандарттай хослуулан хэрэгжүүлдэг цорын ганц байгууллага амралт сувиллын салбарт байдаг нь манай байгууллага.
Харин хүний нөөцийн хомсдлыг сааруулж, одоо байгаа мэргэжилтнүүдийнхээ чадварыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрөгч оны есдүгээр сард "Tegri Edu" сургалтын төвөө байгуулсан. Одоогоор гурван удаагийн элсэлтээр 20 гаруй төгсөгчтэй болсон байна. Бидний хувьд зөвхөн цалинд тулгуурласан ажлын байрыг бэлтгэх бус хийж буй ажлынхаа утга учир, үнэ цэнийг ойлгодог мэргэжилтнүүдийг бий болгохын тулд ажилладаг. Тиймдээ ч сэтгэлээ шингээн үзүүлсэн үйлчилгээ бүрээрээ үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд бага ч болов хувь нэмэр оруулж байгаа гэдэгт бид итгэдэг.



Сэтгэгдэл бичих

