Онцгой нөхцөл байдлын улмаас энэ зун дотоодын аялал жуулчлал эрчээ авч байгаатай уншигч та санал нийлэх биз ээ. Дөрвөн хязгаарт үл давтагдах хосгүй үзэсгэлэнт байгаль, ялгаатай соёл уламжлал, баялаг түүхтэйгээ бид олноор танилцах болсон нь тун сайшаалтай. Дотоодын аялал жуулчлал хөгжихийн хэрээр байгаль орчин, соёл уламжлалаа байгаа чигээр нь хадгалан хамгаалах тухай асуудал зайлшгүй хөндөгдөх учиртай. Энэ ч утгаараа тогтвортой үйл ажиллагаагаараа салбартаа жишиг тогтоон ажиллаж буй Өмнийн говьд байрлах тансаг зэрэглэлийн нэгэн баазыг өнөөдөр онцлон танилцуулж байна. 

Үүсгэн байгуулагч эрхэм нь халимаг угсаатай америк иргэн байх агаад 30 жилийн өмнө ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн урилгаар монголын аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулахаар ирсэн ажээ. "Энэ баазыг би монголын бусад аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай өрсөлдөх гэж биш, дэлхийн бусад орнуудтай монголыг өрсөлдүүлэхийн тулд бий болгосон" хэмээн ярих түүний сонирхолтой түүх болоод үйлчилгээний чанар, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаараа тэргүүлж буй "Гурван Тэмээ"-ийн талаар дараах нийтлэлээс уншаарай. 

Нэр: Three Camel Lodge
Хаяг: Өмнөговь аймаг, Булган сум
Чиглэл: Амралт, жуулчны бааз
Үүсгэн байгуулагч: Жалса Урубшуров
Үүсгэн байгуулагдсан: 2002
Холбоосууд:www.threecamellodge.com, The Three Camel Lodge, @threecamellodge

Үүсгэн байгуулагч Жалса Урубшуров

сэдэл

Би 1950-иад онд Нью Жерсид америк дахь анхны монгол коммюнити дунд төрж өссөн. Аав маань халимаг үндэстэн учраас анх сурсан хэл маань монгол байлаа. Америкийн тэг дунд л боорцог, сүүтэй цай, бууз хуушуур гэдгээс эхлээд монгол соёл, аман уран зохиол, ёс уламжлал дунд хүмүүжсэн юм. Харь оронд төрж өссөн хэдий ч би өөрийн үндэс угсаа, түүх соёлыг бахархан судлах дуртай байв.

1990 онд би монголын засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авах ажлыг зохион байгуулах боллоо. Монголоос ирсэн зургаан гишүүний нэг нь Ерөнхий Сайд асан Д.Бямбасүрэн байв. Тэрээр буцахдаа намайг монголд урьж, улмаар тэр жилийнхээ 9-р сард монголд очиход яг ардчиллын хөдөлгөөн ид өрнөж байхтай таарсан юм. Монголчууд намайг маш зочломтгой, найрсгаар хүлээж авсан. Улаанбаатар хотын төвд тансаг тухтай байранд байрлаж, язгууртан шиг үйлчлүүлэх сайхан байсан хэдий ч би хөдөө явж, нүүдэлчдийг харахын түүс болж байлаа. Өөрийн эцэг өвгөдийн талаар амьдралынхаа турш уншиж судалсан ч өөрийн биеэр ирж үзэх маш сайхан байсан.

Ардчиллаас өмнө Хойд Америкаас Монголыг зорьж очих жуулчдын тоо жилдээ 100 хүрэхтэй үгүйтэй, маш бага байсан. Намайг Монголд урьсан бас нэг шалтгаан нь надаас монголд ирэх жуулчдын тоог нэмж, аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулахыг хүссэн явдал байсан юм. Золоор АНУ-д амжилттай яваа барилгын компани маань надад Монголын аялал жуулчлалын салбарыг жаахан ч атугай дэмжих нөөц бололцоог бүрдүүлж өгсөн байлаа.

Аялал жуулчлалын салбарт тансаг зэрэглэлийн үйлчилгээг нэн тэргүүнд сурталчлах ёстой гэж би боддог. Бодоод үз дээ, олноор ирж байгаа үүргэвчтэй аялагчид, хямд төсөр аргаар аялах сонирхолтой хүмүүс тухайн улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж шалихгүй. Иймд Монголд гаднаас тансаг зэрэглэлийн үйлчилгээ авах сонирхолтой хүмүүсийг татах төрөл бүрийн үйлчилгээ бий болох хэрэгтэй гэж би боддог. Ингээд Монголд 1992 онд энэ төрлийн аялал зохион байгуулагч тур оператор Nomadic Expedition-г байгуулсан.

Монгол бол цөөн хүн амтай, үзэсгэлэнт байгаль, өргөн уудам газар нутагтай улс. Иймд аялал жуулчлалын салбар хөгжих нөөц бололцоо хангалттай бий. Харин байгаль орчныг сүйтгэж гэмтээлгүйгээр аялал жуулчлалыг дэмжих нь том сорилт болдог. Иймд орон нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан олон жилийн судалгааны үр дүнд бүхий л үйл ажиллагаа нь байгальд ээлтэй, орчин үеийн боловч монгол ахуй соёлыг нэвт шингээсэн Three Camel Lodge жуулчны баазыг 2002 онд Өмнөговь аймагт нээсэн. Өдгөө бааз маань дэлхийн түвшний стандартаар тансаг зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаа явуулахын сацуу зэрлэг байгаль, говьд нуугдаж буй түүхийн олдворуудыг хамгаалахад хувь нэмрээ оруулан, дотоод гадаадын судлаач, палеонтологичид болон уран бүтээлчид, адал явдал хайгчдын очих дуртай газар болоод байна.

ялгарал

Хүүхэд байхаасаа л би ойн цагдаа болохыг мөрөөддөг байсан. Онгон байгаль, ан амьтад, он удаан жилийн түүхийн дурсгалт газруудыг хамгаалахыг үргэлж эрмэлздэг байлаа. Ийм учраас өөрийн хийж буй бүхий л ажилдаа тогтвортой байдлыг нэн тэргүүнд авч үздэг юм. Үүний дагуу “Гурван Тэмээ” ч монгол орны байгаль орчин, соёл уламжлал, орон нутгийн иргэд болон ажилчдадаа ээлтэй үйл ажиллагаа явуулж буйгаараа ялгарна. Бид тогтвортой аялал жуулчлалыг бий болгохын төлөө өдөр тутмын үйл ажиллагаандаа дараах гурван зарчмыг баримталдаг.

Байгаль орчиндоо ээлтэй байх
“Гурван Тэмээ” анх баригдах явцаасаа байгальд ээлтэй чанараа хадгалсаар ирсэн. Баазын төв барилгыг Буддын сүм хийдийн архитекторын шийдлийн дагуу дээврийг нь нэг ч хадаас ашиглалгүй барьснаас гадна бусад байгууламжид байгалийн боловсруулаагүй чулуу ашиглаж, жуулчид маань уламжлалт монгол гэрт байрладаг.


Өдөр тутмын үйл ажиллагаандаа хуванцрын хэрэглээг бүрэн халахыг эрмэлздэг. Жишээ нь манай баазад зочдодоо хуванцар савтай усны оронд гоёмсог ган усны сав өгч, цэвэр усны цоргонууд байрлуулсан байдаг. Түүнчлэн дахин боловсруулах боломжтой бүхий л хог хаягдлыг боловсруулж, органик хаягдлыг өөрсдийн хүлэмждээ бордоо болгож ашиглахаас гадна монгол гэрүүдийн гэрэлтүүлэгт сэргээгдэх эрчим хүч ашигладаг.


● Байгалийн дурсгалт газар, соёлын өвийг хамгаалах
Говийн нутагт өнгөрсөн болон одоо үеийн зааг гэж үгүй. Бид хосгүй үнэт үлэг гүрвэлийн ул мөрийг хууль бус олборлолтоос хамгаалахын зэрэгцээ шинжлэх ухаанч судалгаа шинжилгээний ажлыг дэмжихийг зорьдог. Манай бааз орон нутгийн засаг захиргаатай албан ёсны түншлэл бий болгон, бүс нутгийг хамгаалахаас гадна палеонтологийн судалгааны бааз болж дотоод, гадаадын олон судлаачдыг хүлээн авдаг.

2008 оноос бид аймгийн Ханхонгор дунд сургуулийн Монгол үндэсний хөгжим, бүжиг суралцаж буй сурагчдыг дэмжин, тэдний авьяасыг зочдодоо гайхуулах болсон юм. Түүнчлэн тус сургуульд үндэсний хөгжим болон бусад хэрэгслийг тогтмол хандивлахаас гадна 2018 онд Туркийн Анкара хотод болсон Олон Улсын Хүүхдийн Хөгжим Бүжгийн Фестивалд 10 сурагчийг хоёр багшийн хамт илгээж үндэсний соёлоо дэлхийн тавцанд таниулахад хувь нэмрээ оруулсан. Мөн 2019 оноос Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран авьяас чадвараараа гайхагдсан орон нутгийн таван сурагчийг үндэсний урлагийн чиглэлээр дээд боловсрол эзэмшүүлэх тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

● Орон нутгийн иргэддээ хувь нэмэр оруулах

Аялал жуулчлал нь иргэдийнхээ амьдралд эдийн засаг, нийгмийн үүднээс мэдэгдэхүйц эерэгээр нөлөөлж эхлэхэд иргэд нь эргээд байгалиа хамгаалах, соёлоо дээдлэхэд ч мөн идэвхтэйгээр хувь нэмрээ оруулж эхэлнэ гэдэгт бид итгэдэг.

Бид анхнаасаа орон нутгийн иргэдтэй маш ойр дотно байсаар ирсэн. Нутгийн малчид манай баазын гадна байдаг худгаас малаа услахаас эхлээд бид ойр хавийн сургуулиудад англи хэлний хичээл оруулах, спортын багуудыг ивээн тэтгэх зэргээр дэмжлэг үзүүлдэг. Мөн бид дийлэнх хүний нөөцөө орон нутгийн иргэдээр бүрдүүлдэг гэдгээрээ бахархдаг. Ажилчдаа тогтмол сургалтад хамруулж, англи хэлийг нь сайжруулахаас гадна дэлхийн хамгийн сайн резорт, жуулчны баазуудад туршлага судлах аялал байнга хийж байна. Өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээ ч хотоос авахаас илүүтэй ойрын тосгон, нутгийн иргэдээс худалдан авч, тэдэндээ хувь нэмэр оруулахыг илүүд үздэг.

three camel lodge гэж юу вэ?

Үзэсгэлэнт Говьд байрлах Монголын анхны бөгөөд тэргүүлэх тансаг зэрэглэлийн, байгальд ээлтэй жуулчны бааз. National Geographic сэтгүүлийн байгальд ээлтэй, эко лоджуудыг багтаадаг дэлхийн хамгийн өвөрмөц 25 лоджийн анхны гишүүдийн нэг. Түүнчлэн Conde Nast Readers' Choice Awards 2018-ийн Азийн шилдэг 10 лоджийн нэгээр нэрлэгдсэн.

нэр

Анх Nomadic Expeditions-ийг байгуулахад зээ охин маань манай логонд гурван тэмээ зурсан юм. Арван жилийн дараа жуулчны баазаа нээгээд логотойгоо уялдуулан Гурван Тэмээ нэрийг өгсөн.

одоо

Би монголд бизнес хийгээд 30 жил болж байгаа ч нэг удаа ашиг хүртсэн удаагүй. Гэсэн хэдий ч миний хөрөнгө оруулалт хэдэн зуун хүнийг ажилтай золгуулж, монголд өөр түвшний аялал жуулчлалын чиглэлийг эхлүүлсэн нь хамгийн чухал. Three Camel Lodge-ийг би монголын бусад аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай өрсөлдөх гэж биш, дэлхийн бусад орнуудтай монголыг өрсөлдүүлэхийн тулд бий болгосон юм. Онгон байгальд, өндөр зэрэглэлийн үйлчилгээ, тогтвортой үйл ажиллагаа бүхий орчинг бий болгосноороо олон улсын тавцанд монголыг зорин ирэх жуулчдын өмнө бид нүүр бардам байдаг. Мөн ийнхүү үйл ажиллагааны жишиг тогтоосон нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад үлгэр жишээ болоосой гэж хүсэж байна. Бусад газрууд бидний хийж буй зүйлсийг хуулбарласан ч үүнийг би маш эерэгээр хүлээж авч, сайн зүйл гэж харах болно. Бид хоорондоо өрсөлдөөгүй шүү дээ.

баг

Монголд ажилласан хугацаанд шаргуу хөдөлмөрч, итгэл даахуйц хүмүүстэй учирсандаа өөрийгөө их азтайд тооцдог. Удирдлагын багт маань өндөр боловсролтой, үнэ цэнтэй хүмүүс бий.

Бид ажилчдаа сонгон шалгаруулж авахдаа өндөр ач холбогдол өгч, хувь хүний зарчим, хандлагыг нь түлхүү харж авдаг. Тогтвортой үйл ажиллагааны зарчимдаа дурдсанчлан бид говьд амьдарч буй орон нутгийн иргэдээр ажилчдаа бүрдүүлж, тогтмол ур чадварыг нь сайжруулж, хөгжүүлэхийг эрмэлздэг юм. Манайд долоон жилийн өмнө анх угаагчийн ажил хийдэг байсан хүн өнөөдөр ахлах тогооч болсон байх жишээтэй. Хамт ажиллаж буй хүмүүс маань өсөж хөгжиж буйг харах маш сайхан санагддаг.

Бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас ялгаатай нь бид улирал харгалзахгүй, жилийн турш 20 гаруй хүн тогтмол ажилд авдаг. Зэлүүд, хөдөлгөөн багатай газар нутгийн иргэдэд ажлын байр бий болгож буйгаараа бид их бахархдаг.

ирээдүй

Дэлхийн нийт хүн амын 10.2 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж, ДНБ-ийн дийлэнх хувийг мөн л энэ салбар эзэлж байна. Энэ бол зочид буудал, ресторан, соёл амралтын үйлчилгээний газруудаас эхлээд агаарын тээвэр хүртэл эдийн засгийн хувьд маш өндөр ач холбогдолтой салбар.

Монголын хувьд тогтвортой аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх нь эдийн засагт урт хугацаандаа тогтвортой өсөлт авчраад зогсохгүй олон хүний амьдралд эерэгээр нөлөөлнө. Манай компани ч ирээдүйд салбартаа тэргүүлэх тансаг зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж, дэлхийн аялагчдад монголыг хамгийн сайнаар нь сурталчилсаар байх болно.

эрсдэл

Монголын аялал жуулчлалын салбарыг өөд авч явахад хамгийн их нөлөө үзүүлж буй зүйлс бол монголын үзэсгэлэнт, онгон дагшин байгаль, нүүдэлчин соёл, уламжлал билээ. Бид эдгээр үнэт зүйлсээ нандигнан хамгаалж, тордохгүй бол цагийн явцад устаж үгүй болох болно. Энэ нь манайх шиг бизнесүүдэд урт хугацааны тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй улс үндэстний хувьд томоохон аюул учруулна. Иймд бүхий л бизнесийн байгууллагуудыг байгальд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж, хүн бүрийг монгол соёл, заншлаа хадгалж үлдэхэд анхаардаг байгаасай гэж хүсдэг дээ.