Арваад жилийн өмнө арван хурууны бичээч хэмээх ажлын байр бий болж, интернетийг дөмөгхөн ашигладаг мэргэжилтэн эрэлттэй байсан бол одоо энэ бүхэн ердөө түүх болон үлдэж, эсрэгээрээ хүн бүр энэ хэмжээний чадваргүй байвал харин сонин үзэгдэл болжээ. Энэ мэтчилэн бид ирээдүйг бүрэн дүүрэн таамаглаж чадахгүй ч хөгжил маш хурдтай явагдаж байгааг, айсуй цагийг цоо шинэ хэв маяг тосож буйг л ойлгож байна. Тэгвэл тэр цаг үеийн гол дүр болох хойч үеэ бид тэднийг гарцаагүй отох тэс өөр ирээдүйд нь хангалттай сайн бэлтгэж байгаа болов уу? 
Яг энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалтын цоо шинэ моделийг бий болгон, ирэх хичээлийн жилд нээлтээ хийхээр шаргуу ажиллаж буй Томүжин ахлах сургуулийг бид энэ удаа онцоллоо.

Нэр: Томүжин ахлах сургууль
Хаяг: Нарны зам дагуу, замын хойд талд, Миний дэлгүүрийн хажуугийн байр
Чиглэл: Алтернатив ахлах сургууль
Үүсгэн байгуулагч: Б.Батжин
Үүсгэн байгуулагдсан: 2020
Холбоосууд:Tomujin Alternative School (Фэйсбүүк), tomujinalternativeschool (Инстаграм)

Үүсгэн байгуулагч Б.Батжин

сэдэл

Яг дөрвөн жилийн өмнө Томүжин академиараа уг буланд ярилцлага өгч байсныг Unread-ийн үнэнч уншигчид мэдэж байгаа байх. Тэр үед ярилцлагадаа бид Томүжин академийн алсын харааг алтернатив сургууль байгуулах гэж хэлж байсан нь саяхан. Тухайн үеэс хойш тодорхой хугацаа өнгөрч, бид ч хүссэн тэмүүлсэн зорилго руугаа бага багаар мацаж явна. Өмнө ярьж байсан зорилгынхоо захаас барьж аваад одоо Томүжин алтернатив сургуулиараа “Онцлох бизнес” буланд ахин орж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Томүжин академиараа дамжуулан зорилтот сурагчдадаа нийт 530 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг, санхүүжилтийг олгосон бөгөөд академид суралцаад хүссэн тэтгэлгээ авч чадсан сурагчдын маань нийт тэтгэлгийн хэмжээ 19 сая долларт хүрчээ. Сурагчдын маань 85 хувь нь хүссэн сургуульдаа тэнцсэн.

ялгарал

Монголдоо цоо шинэ моделийг бий болгож байгаа гэдэг утгаараа бидэнд цөөнгүй ялгарал бий шүү. Алтернатив сургууль нь аж үйлдвэрийн хувьсгалаас хойш одоог хүртэл нэг хэлбэрээрээ явж ирсэн уламжлалт сургалтын арга барилыг шинэчилснээрээ онцлогтой. Сурагчдыг хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй амьдралд бэлтгэж, тухайн нийгэмдээ дасан зохицох чадвартай бие даасан, хүчирхэг хүн болгон төлөвшүүлэх боловсролын модель юм.

Энэ дотроо бид Томүжингийн гол онцлог болох төлбөр төлөх чадамжтай бус гагцхүү үнэхээр сурахыг хүссэн сурагчдыг л авах элсэлтийн системээ хадгалж явна. Ялгарлуудаа ойлгомжтойгоор тоочоод явъя гэж бодож байна. Томүжин алтернатив сургуулийн гол ялгаа нь:

Зорилгын хувьд бид математик, биологи, англи хэлээр гүнзгийрэхгүй. Бид амьдрах чадвартай, аз жаргалтай, бие даасан буюу Empowered буюу хүчирхэгжсэн хувь хүнийг бэлтгэхэд гүнзгийрнэ. Яагаад гэвэл тренд байнга өөрчлөгдөнө. Биднийг бага байхад Орос хэл сурах нь тренд байсан бол хэсэг хугацааны дараа англи хэл, дараа нь хятад хэл, одоо эргээд математик гээд л чиг хандлага маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Ийм хурдан өөрчлөгдөж байгаа тренд болгонд дагаж хуйларсан хүнээс илүүтэй дэлхийд, өөрчлөлтүүдэд дасан зохицох чадвартай, үргэлж өөрийгөө сайжруулдаг, эргэн тойрондоо нөлөөллийг түгээдэг, аз жаргалтай иргэнийг бүтээх нь чухал. Тийм хүмүүст юуг, яаж, хэзээ сурах нь хүнээр заалгуулах, шахуулж шаардуулах зүйл биш. Тэгэхээр Томүжин алтернатив сургууль ийм хэмжээний чадвартай хүчирхэг хүмүүсийг бүтээх явдал.

Шалгаруулалтын хувьд, ихэнх сургуулиуд сурагчдаа элсүүлж авахдаа “Түвшин тогтоох” шалгалтуудыг авч, академик мэдлэгийг чухалчилдаг. Мэдээж суурь мэдлэг чухал, гэхдээ бидний хайж буй гол зүйл бол мэдлэг биш хандлага. Тухайн хүүхэд өөрөө сурахыг үнэхээр хүсэж буй эсэх? Баг дотор биеэ авч явж буй байдал? Хамгийн сүүлд нь эцэг эх нь хүүхэддээ хэр их анхаарал хандуулдаг зэргийг ярилцлага, эссэ, ажиглалтаар дамжуулан харж байж сурагчдаа элсүүлнэ.



Заах арга барилын хувьд, 10 жилийн өмнө багш Пифагорын теоремийг заахын тулд 30 хүүхдийг нэг ангид томоотой суулгаад, 40 минутын турш самбар дээр бичиж тайлбарладаг байлаа. Ингэхээс ч аргагүй, учир нь тухайн үед мэдлэг зөвхөн багшийн толгойд байсан. Багш л бүх мэдээллийн эх үүсвэр байсан. Гэхдээ одоо бол үгүй. Интернет хөгжиж, боловсрол хэн бүхэнд нээлттэй болсон энэ үед хүүхдүүдэд хаанаас ч авч болох онолыг тайлбарлаж эцэг эхчүүдийн мөнгийг үрэхгүй. Мэдээж хэрэг цөм хөтөлбөрийнхөө дагуу системтэй хөтөлбөрийн дагуу хичээл явагдана.

Хичээл үндсэндээ контент ба практик гэсэн хоёр хэсэгтэй. Бүх онолын хичээлүүдийг урьдчилж бэлдсэн дижитал контентоор дамжуулан хүргэнэ. Сурагч онолоо бүтээмжтэй цагтаа, хүссэн хурдаараа хүлээж авна. Үзсэн онолоо сургууль дээр ирээд багш болон ангийнхантайгаа хамтран туршина. Бид үүнийг “Барилдах” гэж нэрлэж буй. Барилдахдаа нэг сурагч нэг хичээлийн жилд нийт дөрвөн төсөл дээр ажиллана. Сургуулийн зүгээс нэг жилд 5 том сэдвээр 10 төслийг сурагчдад зориулан хэрэгжүүлнэ гэсэн үг. Хариуцсан төслөө багаараа хэрэгжүүлэх явцдаа үзсэн хичээлүүдийнхээ онолыг нийлүүлж, цогцоор нь ашиглана. Ухаандаа математик, хими, физик гэж хичээлүүдийг нэг нь нөгөөгөөсөө огт хамааралгүй мэт зааглахгүй. Химидээ дуртай ч математикдаа муу гэх ямар ч логикгүй энэ ойлголтыг эвдэх цаг болсон. Энэ системийн үр дүнд тухайн хүүхэд хүсэж буй зүйлээ мэддэг, цагаа зохицуулж чаддаг, багаар ажиллах чадвартай, биеэ даасан, хариуцлагаа ухамсарладаг, академийн мэдлэгээ цогц хэмжээнд авсан, дасан зохицох чадвартай, амьдралд тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн 18 настан гарах юм.

Эцэг эхчүүдтэй харилцах тал дээр “Төлбөрийг чинь төлчихсөн ш дээ” гэдэг үг моодноос гараад удаж байна. Дагуулж ирээд, төлбөрийг нь өгөөд, даатгаж орхиод төгсөх болохоор нь л ирж үр дүн нэхдэг эцэг эхчүүдтэй бид ажиллахгүй. Хүүхэд нь хүсэл эрмэлзэлтэй байсан ч эцэг эх нь хайхрахгүй бол үр дүн гарахгүй шүү дээ. Өдөр бүрийн анхаарал халамжын үр дүнд хүссэн ургацаа хурааж авна. Шаардаж байгаатайгаа адилхан бид ч бас төлбөрийн өдөр дөхөхөөр л ээж аавуудруу утас цохьдог сургууль байхгүй.

Мөн Personalized буюу хувь хүний сонирхол, сурагч бүрийн дата зэрэгт суурилсан, ганцаарчилсан сургалтын арга барилуудыг түлхүү оруулж ирнэ. Хүүхэд бүр өөр гэдгийг, тэдний дотоод ертөнцийг нэг хэвэнд цутгахыг удаан хугацаанд, олноор шүүмжилж ирсэн. Тэр шүүмжлэлийг шийдэхээр хичээж байна.

Төгсөгчдийн холбооны хувьд, төгсгөөд л мартдаг, нэлээн хэдэн жилийн дараа мөнгө босгох гэж гэнэт уулзалт зохион байгуулдаг байж болохгүй. 30 хүүхдийн хоёр нь хүссэн сургуулиа авлаа. Үлдсэн 28 нь яах юм бэ? Төгсөгчидтэйгөө эргэх холбоо, харилцаатай байдаг, түүгээрээ дамжуулан тухайн сургууль ямар хэмжээний бүтээгдэхүүнийг нийгэмд бэлтгэн гаргаж байгаа зэрэг мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байж эцэг эхчүүдэд сонголт хийх нөхцөл бүрдэнэ. Ингэж байж модел зөв эргэнэ.

Үүнээс гадна бид сургуульдаа 250 хүүхэд хүлээж авахаас 40 хувь нь 100 хувийн тэтгэлэгтэй суралцана. Түрүүн хэлсэнчлэн бид хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг дэмжинэ.



Томүжин алтернатив ахлах сургууль гэж юу вэ?

Амьдралд бэлтгэх алтернатив сургууль.

НЭР

Дотоод хүсэл, дотоод нөөцөө зөв ашиглаж, хүссэн амьдралаараа амьдрахад нь туслах газар хэмээх тэр төсөөллийг, ойлголтыг, үнэ цэнийг Томүжин (Том+Үжин: том алсын хараатай, мяндсан ухаантай хатдыг үжин гэдэг билээ) гэдэг нэр өөртөө агуулж байгаасай гэж хүсдэг. Түүний төлөө л энэ хүртэл баг хамт олноороо хичээж ирсэн. Нэрний маань хамгийн өвөрмөц тал нь монгол агуулга, хэв маягтайд бий.

ОДОО

Сургуулиа байгуулчихсан. Одоо бүх бэлтгэл ажлууд дээрээ төвлөрч байна. Үүнд: дижитал контентуудаа сурагчдын онцлог, хүлээн авах сэтгэл зүйд тохируулан бэлтгэх, агуулгыг боловсруулах, хүний нөөцөө өргөтгөх, багш нараа чадавхжуулах зэрэгт гол анхаарлаа хандуулж байна.

Томүжин академид суралцсан хүүхдүүдийн 80-аас дээш хувь нь хүссэн сургуулиа авч чадсан ч амьдралын утга учраа олоогүй байвал яах вэ. Харвардад сурах, Гүүгл-д ажиллах нь сэтгэл ханамж болж болох ч аз жаргал болж чадахгүй. Магадгүй амьдралд аз жаргалтайгаар өөрөөрөө байна гэдэг хүршгүй оргил байх л даа. Гэхдээ тэр уулруу өөрөөрөө өгсөнө гэдэг сэтгэл ханамж, баяр баясал. Үүнд л төвлөрч байна.

БАГ

Яг одоо 30 орчим хүн ажиллаж байна. Ирээдүйд бол 70-аад ажилтантай болохоос 20-оод нь багш, үлдсэн нь арга зүйч, технологийн багийнхан байна.

Хүний нөөцийн хувьд бид багшийн ажлыг нийгэмд илүү сайхнаар, бүрэн нөөц бололцоо, үнэ цэнээр нь таниулъя гэдэг шинэ зорилготой болсон. Одоогийн нөхцөлд багш нар цалингаасаа хэд дахин илүү ачаалалтай, ачааллаа дагаад ажилдаа дурлах гэхээсээ яаж ийж байгаад ард нь гарахын хүслэн болчихсон шиг. Үнэндээ багш хамгийн онц сурдаг гурав, муу сурдаг гурван хүүхдээ л сайн мэддэг шүү дээ. Тэгтэл таны хүүхэд орхигдож буй 24 хүүхдийн нэг байвал харамсалтай биш гэж үү. Энэ багшийн буруу биш л дээ. Хэрэгцээ нь хангагдаагүй багш хүүхдүүдтэйгээ хангалттай сайн “барилдаж” чадахгүй нь ойлгомжтой. Хэцүү ч гэсэн үр дүнтэй ажиллая гэхэд багш нарт дата, судалгаа алга, түүнийг гаргах боломж алга. Цаасан журналаас ямар дата харах вэ дээ. Иймд бид сурагч бүр дээр дата цуглуулж, боловсруулан, багшийг хэрэгтэй мэдээллээр хангадаг байхад технологийн багаараа дамжуулан эртнээс сайтар анхаарч байна. Багшийг цалин талаас, ачаалал талаас, хэрэгцээ талаас нь хангалттай сайн ажиллахад тусалж, “Багш” мэргэжлийг эргээд хамгийн сайхан мэргэжил гэдэг ойлголтыг нийгэмд өгөхөд бид өөрсдийн зүгээс чадах бүх ажлаа хийнэ.



ИРЭЭДҮЙ

Алсын хараагаа 25 жилээр тодорхойлж байгаа. Энэ хугацаанд бид Зүүн өмнөд Азид өөрсдийн 100 алтернатив ахлах сургуулийг байгуулж хүрээгээ тэлнэ. Салбар сургуулиудаараа дамжуулан жилдээ 10-15 мянган хүүхдийг бэлтгэж гаргадаг болно. Цаашлаад зөвхөн ахлах сургууль гэлтгүй бага, дунд сургуулиуд байгуулна. Бид үүнийг л харж байна.

Хайртай дуртай юмаа хийхээрээ л дутаж, гачсан хэцүү амьдралыг туулдаг гэдэг даяаршсан дэлхий дээрх хуучирсан ойлголтыг эвдэж, харин ч дуртай хайртай зүйлээ олж, түүнийхээ төлөө хөдөлмөрсөн хүн л хүссэн амьдралаараа амьдардаг гэдэг хандлагыг түгээмээр байна.

ЭРСДЭЛ

Улсын сургуулиас Харвардад хоёр сурагч тэнцүүлсний дараа манайхыг зуучлалын байгууллага гэдэг хандлагаар ирсэн багагүй тохиолдол гарсан. Амжилттай кэйс бүрийн тоогоор бид энэ ажлыг амархан хийгээд байгаа юм шиг, ирсэн хүүхэд бүрийг автоматаар сургуульд тэнцүүлээд байгаа юм шиг хялбар төсөөллийг хүмүүст өгөөд байгаа юм биш биз дээ гэж боддог. Яг үнэндээ энэ бүхний ард ямар олон хүний хөдөлмөр, сэтгэл байдаг гээч. 33:33:33 харьцаа буюу багш, сургууль, сурагч, эцэг эхчүүдийн тэнцвэртэй харилцааг бүрдүүлэх нь их том шалгуур болдог.

Мөн Томүжин ахлах сургууль бол зүгээр л франчайз оруулж ирэлгүй, Монгол хүүхдүүдэд зориулж дэлхийн өнцөг булан бүрт байгаа жижиг деталь бүрийг судалж, нийлүүлсэн цоо шинэ моделтой сургууль. Цоо шинэ зохион байгуулалт болохоор алдаа гарах нь тодорхой. Алдаа байж л инновац үүсдэг. Гэхдээ бид үүнийг маш хариуцлагатайгаар авч үзэж байгаа, амаргүй гэдгийг маш сайн ухамсарлаж байгаа. 170 мкв-ын 5 өрөөнд 12-хон сурагчтай байсан үе бидэнд бий. Тийм үед ч бид зорилго, зарчмаасаа ухарч байгаагүй. Угаас Томүжин багийн онцлог нь шинийг эрэлхийлэх, байхгүйг байлгах... Анхнаасаа л тийм байсан. Бид энэ үзэл баримтлалаа дааж бас давж ирсэн.


Төгсгөлд нь бид эцэг эхчүүдээс нэг зүйлийг асуумаар байна.

Та хүүхдээ зургаан наснаас нь эхлээд 12 жилийн турш энэ институцид өгч, даатгаж ирсэн. Юуг хүсэж, ямар үр дүнг хүлээсэн бэ? Зөвхөн ЭЕШ-ын өндөр оноо, их сургуулийн улаан шугамны дээгүүр жагсахын төлөө юм биш биз дээ?

"Томүжин" алтернатив ахлах сургууль