2022 оны байдлаар бизнесийн байгууллагуудын 72 хувь нь түншлэлийн харилцаандаа и-мэйл ашигладаг гэх судалгааны үр дүн гарчээ. Бизнесээс гадна и-мэйлийг бид хувийн хэрэглээндээ ч өргөнөөр ашиглаж байгаа нь и-мэйл хэрэглэгчдийн тоо 4.3 тэрбумд хүрэхэд томоохон нөлөө болжээ. 

Тиймээс бид энэ удаагийнхаа нийтлэлд и-мэйл маркетингийг автоматжуулж цаг хэмнэх, хялбар шийдлийг санал болгож буй "Topoptin" компанийг онцолж байна.

Нэр: Topoptin
Хаяг: Хан-Уул дүүрэг, Кинг Таэур 1002
Чиглэл: И-мэйл маркетингийн автоматжуулалт
Үүсгэн байгуулагч: Ж.Төгөлдөр
Үүсгэн байгуулагдсан он: 2019 он
Холбоос: topoptin.com

СЭДЭЛ

Би анх 2012 онд ШУТИС-ийн КТМС-ийг төгсөөд веб хөгжүүлэгчээр ажлын гараагаа эхлүүлж байлаа. Энэ үеэс гаднын хөрөнгө оруулалттай төслийн мэргэжилтнүүдээс и-мэйл маркетинг бол бизнес харилцааны гол тулгуур гэдгийг ойлгож, цааш гүнзгийрүүлэн судлах сэдлийг олж авсан.

Судалгааны явцад ихэнх байгууллага түнш болон хэрэглэгчид рүүгээ и-мэйл бичихэд цаг алдан үндсэн ажлынхаа бүтээмжийг бууруулж байгааг олж харсан юм. Нэг талаас би өөрөө тэдгээр бэрхшээлтэй нүүр тулсан, нөгөө талаас тухайн үед дотоодын зах зээлд и-мэйл маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани түгээмэл бус байсан учир энэхүү бизнесээ үүсгэн байгуулсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, надтай яг ижил асуудалтай нүүр тулж байгаа хүмүүст өөрийн нөү хау буюу арга туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм.


Үүсгэн байгуулагч Ж.Төгөлдөр

ЯЛГАРАЛ

И-мэйл маркетингд оруулсан нэг доллар ирээдүйд 42 долларын өгөөж бий болгодог гэх олон улсын судалгаа бий. Бидний хувьд өөрсдийн платформоороо дамжуулж бизнес болон хэрэглэгчийн хоорондын харилцааг сайжруулж, үнэ цэн, борлуулалтыг нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой.

Түүнчлэн бид CRM, ERP зэрэг автоматaжсан системээр хэрэглэгчийн бүртгэл, "costumer journey" буюу хэрэглэгчийн үйлдэл, зан төлөвийн мэдээлэл, тухайн и-мэйлийг хэн, хэзээ, хэдэн удаа орж үзсэн зэрэг маш дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжийг бүрдүүлсэн.


Topoptin ГЭЖ ЮУ ВЭ?

И-мэйл маркетингийн чиглэлээр дагнасан технологийн компани бөгөөд харилцагч байгууллагынхаа үйлчлүүлэгчтэйгээ харилцах харилцааг сайжруулах и-мэйл маркетингийн автоматжуулалт, зөвлөх үйлчилгээ, веб системийн интеграци зэргийг хийж гүйцэтгэдэг.

НЭР

Хэрэглэгчдэд бий болгож байгаа үнэ цэнийг маань илэрхийлэх "top" гэдэг үгийг шинээр и-мэйлд бүртгүүлж буйг илэрхийлэх "оpt-in" гэсэн үгтэй нийлүүлэн "Topoptin" гэж нэрлэсэн.


ОДОО 

Бид хамгийн сүүлд и-мэйлээр дамжуулан хэрэглэгчдээсээ санал асуулга авах боломжийг системдээ нэвтрүүлсэн. Үүнийг ашигласнаар харилцагч байгууллагууд маань хэрэглэгч нэг бүрийнхээ хүсэл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох боломжтой. Мөн и-мэйл загварууд дээрээ "Drag and drop" буюу зураг, текст зэрэг бүх элементийн байрлал, харагдах байдлыг нь өөрчилж, өөрийн хүссэнээр зөөж өрөх боломжийг нэмсэн.


БАГ 

Манай баг гурван веб хөгжүүлэгч, нэг харилцагч хариуцсан менежер, нэг контент менежерээс бүрддэг. Багийн гишүүд маань бүгд 7-8 жилийн ажлын туршлагатай мэргэжилтнүүд бий. Бид түгжрэлд цагаа алдахгүйн тулд зайнаас буюу гэр, гэрээсээ ажилладаг. Мөн асуудлаа түргэн шийдвэрлэх үүднээс Agile арга барилыг баримтлан долоо хоногт нэг удаа цахим уулзалт хийн бие биедээ туршлагаа хуваалцдаг уламжлалтай.

ИРЭЭДҮЙ 

Бид и-мэйл бичих соёлыг нийгэмд түгээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллаж байна. Гаднын хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүн танилцуулах, хамтран ажиллах хүсэлт тавих, түншлэл үүсгэхийн тулд и-мэйлээр харилцах шаардлага тулгардаг. Тэгэхээр бидний хөгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ улсынхаа гадагшаа чиглэх экспортын урсгалыг ч нэмэгдүүлэхэд оролцдог гэсэн үг.

Бидний алсын хараа үнэ цэнтэй бүтээгдэхүүн санал болгож хамтрагч байгууллагууддаа урт хугацааны үнэнч хэрэглэгч бий болгоход нь туслахад оршдог.

И-мэйл маркетингийн салбар автоматжуулалт руу чиглэж байна. Харин автоматжуулалтын хөгжил хиймэл оюун ухаантай холбогдоно. Өнөөдрийн байдлаар хиймэл оюун ухаан хөрсөн дээр бууж ажиллахад бэлэн биш байна. Гэвч бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд хиймэл оюун ухаан тэргүүтэй шинэ технологиудыг үргэлж судлан, бэлэн болсон үед нь нэвтрүүлэхээр зорин ажилладаг.



эрсдэл

Бусад сошиал медиа сувгуудтай харьцуулахад и-мэйл маркетинг аливаа брэндэд үнэнч хэрэглэгчдийг бий болгож чаддагаараа ялгаатай. Гэвч ихэнх бизнесүүд брэнд болон бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн нүдэнд дор хаяж 7-10 удаа харуулж байж худалдан авалт хийх сэдэл төрдөг болохыг мэддэггүй. Бидний харилцагчдад тулгарч буй уг бэрхшээл бол бидний хувьд эрсдэл.