Тогтвортой хөгжлийг чухалчлах болсон өнөө үед технологиор дамжуулан хэрэглээгээ зохистой, ухаалаг, эко болгоход хүн бүр дор бүрнээ анхаарах болов. Энэхүү эрэлт хэрэгцээг нөхөн, хэрэглээг нэг шат ахиулахаар радио долгионы тусламжтайгаар нэрийн хуудасны бүх мэдээлэл нөгөө хүнийхээ утасны "Contact" цэсэнд автоматаар ордог цоо шинэ дижитал нэрийн хуудсыг бүтээсэн Ухаалаг ХХК-ийг бид энэ удаа онцоллоо. АНУ-д гэхэд жил бүр 100 тэрбум нэрийн хуудас хэвлэдэг бөгөөд үүний тулд зургаан сая модыг тайрдаг гэх статистик байдаг. Үр ашиг нь гаргаж буй зардалтайгаа харьцуулахад бүрэн дүүрэн бус энэ тогтолцоог өөрчлөхөд тэдний хийж буй ажил бодитой хувь нэмэр, гарц шийдэл болж чадах нь гарцаагүй биз ээ. 

Нэр: Ухаалаг ХХК
Хаяг: Онлайнд хэзээд бэлэн
Чиглэл: Дижитал нэрийн хуудас
Үүсгэн байгуулагч: М.Мөнхтүшиг, Б.Баттамир, Б.Энхтүвшин
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:​ uhaalag.mn (Вэб), Ухаалаг Карт / Uhaalag Card (Фэйсбүүк), uhaalagcard (Инстаграм)


Үүсгэн байгуулагч: М.Мөнхтүшиг, Б.Баттамир, Б.Энхтүвшин

сэдэл

Бид залуу үеийнхний төлөөлөл болохоор ч тэр үү, үргэлж юуг илүү амар хялбар, дэвшилтэт болгож болох вэ гэдгийг харж ажиглаж, түүнийг зориглон барьж авахыг хичээдэг. Ажлын талбар дээрх төрөл бүрийн уулзалтуудад хүмүүс байнга л цаасан нэрийн хуудас хэрэглэдэг шүү дээ. Тэр үедээ л марталгүй утсан дээрээ дугаарыг нь хадгалж авахгүй бол нэрийн хуудсыг алга болох, олон цаасан дунд анзаарагдахгүй өнгөрөх зэрэг сул талтай, ер нь л харилцааны хоцрогдож буй арга барил гэдэг нь өөрийн эрхгүй анзаарагдаад эхэлсэн. Бүх зүйл дижиталд шилжсэн энэ үед бүр зузаан гэгчийн нэрийн хуудасны албумтай хүмүүс ч олон бий. Үүнээс л бид нэрийн хуудсыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод судалгаагаа хийж, багийнхнаа цуглуулж эхэлсэн юм.

ялгарал

Ялгарал, давуу талаа тоочихоос урьтан эхлээд “Ухаалаг карт” буюу дижитал нэрийн хуудсыг хэрхэн ашиглах тухай төсөөллийг өгөх нь зөв байх.

Та Ухаалаг нэрийн хуудсыг ашиглахын тулд юун түрүүнд Uhaalag.mn рүү орж бүртгүүлэн, ухаалаг картыг захиалан байгаа газартаа 1-2 хоногийн дотор хүргүүлж авах, эсвэл ухаалаг картыг борлуулж буй салбаруудаас худалдан аваад дараа нь сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Сайтдаа нэвтэрч орсны дараа өөрийн бүртгэлийг картынхаа дугаартайгаа холбож, өөрийн дижитал нэрийн хуудсанд байлгах мэдээллүүдийг оруулаад картаа идэвхжүүлнэ. Ингээд таны дижитал нэрийн хуудас бэлэн болж байгаа юм. Үүнээс хойш та нэрийн хуудас өгөх хүнийхээ утсанд өөрийн картыг уншуулаад л уламжлалт нэрийн хуудсан дээр байдаг бүхий л мэдээллийг утасных нь контакт хэсэгт төвөггүй оруулах болно. Амархан байгаа биз.

Харин одоо ялгарлуудаа дурдъя:

  • Цаасан нэрийн хуудсанд бүх мэдээллээ багтааж чаддаггүй бол дижитал картанд та хэрэгцээнээсээ шалтгаалан 28 хүртэлх мэдээллийг оруулж болно. Манайх 2 төрлийн карт гаргаж байгаа. Энгийн ангиллын картад үндсэн 9 мэдээллийг оруулдаг бол, Бизнес ангиллын картад 28 мэдээллийг оруулах боломжтой.
  • Бүх мэдээллээ хүссэн үедээ, хэдэн ч удаа онлайнаар шинэчлэх боломжтой. Цаасан хуудсыг нэг хэвлээд дараагийн хэвлэлт хүртэл өөрчлөх боломжгүй байдаг бол одоо бүх зүйл таны хүссэнээр байх болно.
  • Бид нэрийн хуудас хэвлэхэд ашигладаг цаасыг хэмнэж байгаагаас гадна манай нэрийн хуудасны картууд бүгд дахин боловсруулсан хуванцраар хийгддэгээрээ онцлог.
  • Байгууллагын хүний нөөцийн албад ажилтнуудынхаа дижитал нэрийн хуудасны админ эрхийг авах боломжтой тул ажилтнууд ажлаас гарах, орох бүрд онлайнаар картын мэдээллийг сольж, идэвхгүй болгож, дахин өөр хүнд ашиглуулах гэх мэт уян хатан боломжуудыг нэмэлт зардалгүйгээр эдэлж чадна.
  • Ухаалаг картыг утасны арын камерт хүргэх төдийд тусгай апп шаардахгүйгээр нэрийн хуудсан дээрх мэдээллийг утасны контакт хэсэгт хуулж, хадгалдаг. (Бүх төрлийн Андройд утас болон iPhone XS-ээс хойших загваруудын NFC уншигчийг асаасны дараа арын камерт хүргэхэд шууд уншина. iPhone XS-ээс өмнөх iPhone загварууд утасныхаа камерт картны QR кодыг уншуулна.)

.


ухаалаг карт гэж юу вэ?

Хэрэглээг хялбарчлах, ухаалаг хэрэглээг бий болгох дижитал нэрийн хуудас.

нэр

Хүн бүр л гадаад нэр өгдөг болсон энэ үед бид хэрхэн монгол, хөнгөн, ойлгоход хялбар, богинохон, бидний үйл ажиллагааны онцлогийг урт хугацаандаа тодотгосоор байх нэр өгөх вэ гэж багагүй бодсон. Үр дүнд нь компани болон брэнддээ “Ухаалаг” гэдэг нэрийг өгөхөөр шийдсэн юм.

одоо

Мэдээж бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил тогтмол, тасралтгүй хийгдсээр байдаг. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойших энэ хүртэлх хугацаанд тодорхой хэмжээний хэрэглэгчидтэй болсон тул тэднээс ирж буй санал хүсэлтүүдийг цаг алдалгүй бүтээгдэхүүндээ шингээхийг хичээж байна. Бүтээгдэхүүний маань ч өөрөө өөрийгөө сурталчлаад явчихдаг онцлогтой байдаг нь бидэнд давуу талыг олгодог шүү.

Яг одоогоор онцгойлон төвлөрч буй зүйлс гэвэл борлуулалт, идэвхжүүлэлт, хоногшуулалтын ажлууд байна. Ухаалаг нэрийн хуудас бүхий картуудаа бид Бээжингийн гудамжны GB плаза, Шангрила болон, Наадам Центрийн чанх урд байрлах TomnToms Coffee-ийн салбарууд болон, Coffee Esperanto, Shoppy.mn болон өөрсдийн Uhaalag.mn сайтаар дамжуулан борлуулж байна.


баг

Яг үндсэн баг маань гурвуулаа. Бид гурав борлуулалт, санхүү, үндсэн үйл ажиллагаагаа бие даан хариуцаад ажиллаж байна. Вэб болон бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр хамтарч ажилладаг гэрээт ажилтнууд бий. Зах зээлд шинийг таниулж, үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа аль болох уян хатан арга барилаар ажиллахыг хичээдэг.

ирээдүй

Бидний зорилго хүмүүсийн хэрэглээг, хэрэглээний хэв маягийг илүү шинэ түвшинд аваачиж, ухаалаг сонголтыг бий болгоход чиглэж байгаа. Энэ зорилгынхоо хүрээнд ирээдүйд төлөвлөсөн олон ажил байгаагийн хамгийн эхнийх нь одоогийн дижитал нэрийн хуудас юм. Энэ бүтээгдэхүүнээ зах зээлд сайтар таниулж, ойлгуулсны дараа тухай бүрд нь дараагийн ажлуудаа танилцуулаад явах болно. Хийхийн өмнө биш хийгээд харуулсны дараа ярих нь зөв байх.

эрсдэл

Дижитал нэрийн хуудас гээд ярихаар хүмүүс бүрэн сайн ойлгож, зураглаж чаддаггүй л дээ. Бид өөрсдөө очиж, ажиллуулж, харуулж байж л “Аан ийм байсан юмуу? Ямар амар юм бэ?” гэдэг. Ингэхээр ямар ч төсөөлөл, ойлголтгүй байгаа зах зээлийг ойлголттой болгож, хэрэглэгчдээ богино хугацаанд бэлдэх л бидний хамгийн том ажил бөгөөд эрсдэл болоод байна.

Цар тахалтай холбоотой нийгэмд үүсээд буй нөхцөл байдлыг ярих илүүц болов уу. Мэдээж бүх л бизнесүүдэд хэцүү байгаа байх. Гол нь хямрах нь, хямарчихлаа, хямрал дуусахаар л болъё гээд хүлээгээд байх нь учир дутагдалтай тул бид жирийн үед ямар байх байсан, яг тэр хурдаа алдалгүй л урагшлан ажиллахыг хичээсээр явна даа.