2019 оны байдлаар Монгол улсад нийт 70 гаруй сая толгой мал тоологдсоноос дөрвөн сая гаруйг нь буюу долоо орчим хувийг нь үхэр эзэлж байна. Бусад улс орнуудтай харьцуулахад дөрвөн сая үхэр гэдэг нь чамламгүй их тоо ч гэлээ нэг малаас авах шим нь хангалтгүй хэмжээнд байгаа хэмээн салбарынхан үздэг. Хэдий одоогоор дутуу дулимаг зүйлс ихтэй байгаа ч гэлээ, зөв хөгжүүлж чадвал ирээдүйд өндөр өсөлт үзүүлэх бүрэн боломжтой уг зах зээлд 11 дэх жилдээ амжилттай ажиллаж, салбараа түүчээлж буй Xanadu Razorback ХХК-ийг өнөөдөр онцолъё.

Нэр: Занаду Разорбак ХХК
Хаяг: Булган аймаг, Хутаг-Өндөр сум
Чиглэл: Газар тариалан, үхрийн ферм, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч: Жереми Тийссэн
Үүсгэн байгуулагдсан: 2009
Холбоосууд:​ xanadurazorback.com (Вэб), XanaduRAZORBACK (Фэйсбүүк), xanadu_razorback (Инстаграм)


Дэд захирал О.Мандах

сэдэл

Манай компани анх 2009 онд үүсгэн байгуулагдсан, дунд болон түүнээс дээш чанартай, стандартыг хангасан мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, тогтмол өндөр чанартай мах бэлтгэдэг цөөхөн байгууллагуудын нэг болон амжилттай ажиллаж байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн бизнесийг ийн эхлүүлэх болсон нь манай компанийн үүсгэн байгуулагч Жереми Тийссэнтэй холбоотой л доо. Тэрээр анх Монгол улсад 1993 онд хүмүүнлэгийн ажлаар ирж, одоогийн ферм байрлаж буй нутаг болох Булганы Хутаг-Өндөр суманд тариачдад тариа ногоо тарих заавар зөвлөгөө өгөн ажиллаж байсан юм. Өөрөө багадаа үхрийн фермд өсөж, хөдөө аж ахуйтай ойр байж ирсэн нь энд гэр бүлээрээ газар тариалан эрхэлж амьдрах шийдвэр гаргахад нөлөөлсөн гэдэг. Улмаар нэгэнт хөдөө амьдарч байгаа тул өрхийн хэрэглээндээ зориулан бага тооны үхэр авч тэжээсэн нь ойр дотнынхных нь байнгын хэрэглээ болоод зогсохгүй эрэлт үүсгэдэг болсон юм билээ. Энэ явдал түүнд Xanadu Razorback компанийг байгуулах сэдлийг өгсөн байдаг.

ялгарал

Бидний хамгийн том ялгарал бол стандартыг хангасан, гарал үүсэл нь тодорхой, тэр дундаа сайн чанарын үхрийн махыг зах зээлд нийлүүлдэг явдал. Монгол улс гурван сая хүн амтай, далан сая малтай, эрт үеэсээ малчин, нүүдэлчин удамтай ард түмэн. Гэвч өнөө үед ч хөдөө аж ахуйн салбар хангалттай ашигтай ажиллагаатай болж хөгжиж чадаагүй л байна. Ялангуяа мах, махны чиглэлийн аж ахуй уламжлалт хэлбэрээрээ явсаар байгааг бүгд л хүлээн зөвшөөрөх байх. Үүнийг Монголын дээд зэрэглэлийн ресторанууд махаа Австрали тэргүүтэй орнуудаас импортлон авч байгаагаас хялбархан харж болно. Буруутгах аргагүй шүү дээ. Үнэхээр Монголд тэр импортын махны чанарт хүрэх боловсруулалттай, системтэй ажилладаг малчид, бизнес эрхлэгчид маш цөөн байгаа юм. Өөрөөр хэлбэл бид олон малтай ч түүнийхээ үнэ цэнийг боломжит түвшинд нь хүргэж чадахгүй байна л даа. Бид энэ асуудлыг л харж ажилладаг гэх үү дээ. Стандартад нийцсэн, чанартай махыг дотооддоо боловсруулах бүрэн боломжтой гэдгийг л бүтээгдэхүүнээрээ харуулахыг хичээдэг.

Үүний тулд бид малчдаас үхрийг залууд нь буюу бяруу шүдлэн байхад нь худалдаж аваад, фермдээ 90-120 хоногийн турш өөрсдийн тарьсан овьёосны дарш, хивэг, тэжээлийн зориулалттай будаа зэргээр тодорхой системтэйгээр хооллож, давс хужир бүхий эрдэс шимээр баялаг долооцоор торддог. Бидний гол зорилго махны чанарт чиглэдэг тул үхрийн хооллолт, эрүүл ахуй, орчин зэрэгт гойд анхаарна. Малчдаас үхрээ авахдаа л нэг бүрийг ээмэглэн, тусгайлан тэмдэглэл хөтөлдөг. Ингэснээр дараа нь махны гарал үүслийг тодорхой болгож өгдөг давуу талтай.


Үхрийн тэжээл


Xanadu Razorback гэж юу вэ? 

Гарал үүсэл тодорхой, амттай, чанартай монгол үхрийн мах.

нэр

“Хanadu” гэдэг нь Хубилай хааны үед байгуулагдсан хотын нэр юм. Харин “Razorback” гэдэг нь тал нутаг гэсэн утгатай.

одоо

Xanadu бол хэрэглэгч, малчид болон байгаль орчинд харилцан ашигтай модельтой бизнес юм. Хэрэглэгчийн хувьд та өндөр чанартай махыг дотоодоосоо худалдан авч, тансаг зэрэглэлийн ресторанд л мэдэрдэг амтыг гэртээ өөрөө бэлтгээд мэдрэх боломжтой. Харин малчдын хувьд бид тогтмол худалдан авалт хийхийн сацуу салбараа аль болох хөгжүүлэх, үнэ цэнтэй байлгахад анхаардаг тул зах зээл дээрх үнээс нь дээгүүр ханшаар худалдан авахыг хичээдэг. Ингэснээр малчдадаа жилийн аль ч улиралд тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүлж өгч байгаагаас гадна урт хугацаандаа малчид фермийн аж ахуйн ач холбогдлыг ойлгодог болно, дэмжинэ, малаа нийлүүлэх дуртай болно гэж үздэг юм.

Байгаль орчны хувьд Монгол орны бэлчээрийн даац хэдийн хэтэрч, хөрсний гэмтэл, цөлжилт нэмэгдэж байгааг бүгд л харж байгаа байх. Ингэхээр бид малынхаа тоонд анхаарах уу, чанарт анхаарах уу гэдгээ эргэж харах, төлөвлөх асуудал гарч ирж байгаа юм. Одоо бол малчид эрэлтээ дагаад үхрээ таргалуулахаар хязаалан, шүдлэн болтол нь өсгөх нь элбэг. Ингэх нь нэг талаас малын эргэлт удааширч, бэлчээрт байх хугацааг ихэсгэж, даацыг нэмэгдүүлж нөгөө талаас мах нь хатуурч байдаг сул талуудтай. Харин бид 2-3 жил бэлчээрт байсан үхрийг худалдаж аваад 3-4 сар тэжээн эргэлтэд оруулж, бэлчээрийн ачааллыг бууруулан, аль болох урт хугацаандаа газар орондоо тустай байдлаар ажлаа явуулахыг зорьдог. Тийм ч учраас хамгийн оновчтой шийдлээр хамгийн чанартай, их гарцтай байхад байнга анхаардаг. Үүнтэй холбоотойгоор бид монгол үхэрт тохирсон хооллолтын систем, шим тэжээлийн хүртээмж, тэр бүрийн зохистой үе зэргийн судалгааг хийсээр л байна.

Одоогоор бид сард зургаан тонн махыг зах зээлд нийлүүлж байгаагаас борлуулалтын 80 орчим хувийг бөөний худалдаа буюу ресторан, дэлгүүрүүдэд, 20 хувийг нь жижиглэн буюу эцсийн хэрэглэгчдэд сошл платформуудаараа дамжуулан шууд хүргэж байна. 30 гаруй төрлийн зүсэлттэй мах бэлтгэдгээс 6-7 төрөл нь стейкний мах байдаг бол бусад нь гуяны цул мах, дал, сээр, өвчүү, хавирга гэх мэт бүтээгдэхүүнүүд байдаг.



баг

Фермд 10 хүн, оффист 5 хүн ажилладаг. Манай ажлын онцлог нь ферм дээрх ажил, амралтын өдөр гэхгүй үргэлжилнэ. Амралтын өдөр гээд үхэр идэхгүй, уухгүй байна гэж байхгүй шүү дээ. Ер нь л хөдөөний, фермийн ажил дуусахгүй их. Манай компанийн хувьд 2018 онд фермийн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлж нэг дор 600 үхэр тэжээх хүчин чадалтай болсон. Тэр хэрээр баг маань ч илүү олуулаа болсон доо.

Мөн өнгөрсөн онд Mercy Corps Mongolia байгууллагаас зарласан "Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд хөтөлбөр"-т төслөө явуулж нийт оролцсон 84 компаниас шилдэг зургаад шалгаран, тодорхой хэмжээний санхүүжилт авч EU буюу Европын стандартад нийцсэн нядалгааны цехийг барьж, ашиглалтад оруулсан. Энэ цехэд 3-4 ажилтан ажилладаг.

ирээдүй

Бид одоогоор нийт зорилтот хэрэглэгчийнхээ 10 хувийг нь л бүтээгдэхүүнээрээ хангаж чадаж байна гэж тооцоолж байгаа. Энэ хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд фермийн үйл ажиллагаагаа жигдрүүлэх, үхэрнүүдийнхээ хооллолт, өгч буй шим тэжээлийг илүү оновчтой, хүртээмжтэй болгох, судлах (монгол үхрүүд өөр өөр зүстэй, махны чиглэлийн тусдаа үхэр байхгүй тул тарга авах хугацаа, арга барил харилцан адилгүй байдаг), хөрөнгө санхүү босгож бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, логистикоо сайжруулах зэрэг олон шат дараатай ажлуудыг хийх шаардлагатай болно. Гэхдээ анх байгуулагдсан үеэ бодвол 600 үхэр нэг дор хүлээн авах чадалтай, бас стандартын цехтэй болсондоо бид сэтгэл хангалуун байдаг. Энэ эрчээрээ тогтмол хурдтайгаар тасралтгүй урагшлахыг хичээж байна. Ойрын таван жилдээ дотоодын зах зээлдээ илүү анхаарах төлөвлөгөөтэй.

Мөн одоогоор бид үхэрт өгөх тэжээлийнхээ 60 хувийг өөрсдөө тариалдаг. Үүнийгээ 100 хувь болгох зорилготой.



эрсдэл

Нэгдүгээрт, энэ бол амьд амьтантай харьцаж буй бизнес. Тэр ч утгаараа биднээс маш их анхаарал, ажигч байдал, сэтгэл, хөдөлмөр, чадвар туршлага шаарддаг. Канад технологид тулгуурлан монгол фермийн арга барилыг өөрсдийн туршлагаар бараг л шинээр бий болгож буй болохоор бүх л ажлаа нарийн, нягт, стандартын дагуу найдвартай явуулдаг.

Малчдаас худалдаж авсан үхэрний эрүүл эсэхийг сайтар шалгах, өөрсдөө тэжээх хугацаандаа зөв арга барилаар ажиллах, хооллолтын системдээ оруулах гээд хамгийн сүүлд эрүүл, зөөлөн, амттай, шим тэжээлтэй өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж авах хүртэлх бүхий л үйл явцыг удирдах, зохион байгуулах нь өөрөө тун төвөгтэй ажил. Жишээ нь гэхэд л өмнө нь хэлсэнчлэн бид өөрсдөө тэжээлээ тариалдаг тул цаг агаарын эрсдэлүүд тулгарахад хооллолтынх нь горим алдагдах эрсдэлтэй болдог гэх мэт.

Үүнээс гадна дурдахгүй өнгөрч болохгүй нэг эрсдэл бол салбарын нэгдсэн бодлого чиглэл дутуу дулимаг байдал. Хөдөө аж ахуйн бизнесийг дагаад дайвар бүтээгдэхүүний худалдан авах, нэгтгэн төвлөрүүлэх систем, малаас гарах түүхий эд болох бүрэн боломжтой хаягдлуудыг хэн, хэрхэн боловсруулах гээд олон асуудал байна. Бэлчээрийн тухай, малчид фермерчдийн тухай гээд бодох шийдэх, дэмжих туслах асуудлууд шийдлээ хүлээсээр байдаг. Гэхдээ энэ бүхнийг эрсдэл гэхээс илүү холбогдох газруудад тавьж буй хүсэлт болгон хэлье.