Онцлох бизнесийн энэ удаагийн дугаарт дэлхий даяар 130 гаруй жижиглэн худалдааны салбартай, гэр ахуйн тавилгын брэнд Yogibo-ийн Монгол Улс дахь салбар Yogibo Mongolia-г танилцуулъя. Б.Буянжаргал захиралтай тус хамт олон Yogibo брэндийн хувирдаг тавилга болох bean bag буюу буурцаг дэрийг эх орондоо албан ёсны эрхтэй оруулж ирээд хэдийн гурван жилийг өнгөрүүлжээ.
Бизнесийн нэр: Yogibo
Хаяг: Хан-Уул дүүрэг, И-март худалдааны төвийн гурван давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Гэр ахуйн тавилга
Гүйцэтгэх захирал: Б.Буянжаргал
Үүсгэн байгуулагдсан: 2020 он
Цахим хуудсууд: Yogibo Mongolia (Facebook), Yogibo Mongolia (Instagram)
Уриа үг: Цочирдом тав тух
СЭДЭЛ
2000 онд Эел Лэви гэх залуу жирэмсэн эхнэрээ тухтай хэвтүүлж, нурууг нь амраах зорилгоор буурцаг дэр бүтээх санааг анх гаргажээ. Түүнээс хойш есөн жилийн хугацаанд судалгаа хийж, санаагаа илүү боловсронгуй болгосны эцэст 2009 онд албан ёсоор бизнес болгохоор шийдсэн түүхтэй. Ингээд Америк дахь Нью-Хэмпшир мужийн Нашуа хотод анхны үйлдвэрээ нээж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн борлуулж эхэлжээ.
Харин миний хувьд 2019 онд Солонгос Улсад дэлгүүр хэсэж явахдаа анх Yogibo брэндтэй танилцсан юм. Загварлаг, минимал байдал нь анхаарлыг маань татаж, тун тааламжтай, тухтай мэдрэмж төрүүлсэн учир тус брэндийг Монголдоо авчран олон хүнд түгээхээр шийдсэн. Ижил төрлийн буурцаг дэрүүдийг судалсан ч аль нь ч Yogibo-гоос авсан шиг “Цочирдом тав тух”-ыг өгч чадаагүй.
ЯЛГАРАЛ
Yogibo брэнд хэрэглэгчдэдээ дээд зэргийн тав тухтай, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан буурцаг дэрийг санал болгодог. Манай бүтээгдэхүүний үндсэн материал болох beads буюу хөөсөнцөр нь олон төрлийн судалгаа, туршилтын үр дүнд бүтсэн. Иймээс хүний биед харшил үүсгэхгүй, халуу дүүгэж хөлөргөхгүй, чийг татахгүй. Original, Pro, Hybrid, Premium гэсэн дөрвөн төрлийн хөөсөнцөр бий. Хэрэглээний явцад хөөсөнцрийг дүүргэж хэрэглэх боломжтой. Ингэснээр шинээр авсан мэт дахин удаан хугацаанд ашиглах юм. Original хөөсөнцөр нь манай бүтээгдэхүүний үндсэн дүүргэлтийг бүрдүүлдэг. Харин Pro нь үндсэн хөөсөнцрийг гурав дахин сайжруулсан хувилбар юм. Hybrid-ийн хувьд дахин дүүргэх шаардлагагүй технологиор бүтээгдсэн. Premium хөөсөнцөр нь 2023 онд шинээр зах зээлд гараад байна.
Буурцаг дэрийг гараараа хэлбэржүүлэх боломжтой тул тухайн газрынхаа интерьерт тохируулан буйдан, сандал, ор зэрэг хүссэн загвараараа ашиглаж болдог онцлогтой. Түүнчлэн Yogibo-гийн буурцаг дэрэн дээр суух үед тайвшрах мэдрэмж төрдөг учраас аутизмтай хүүхдүүдэд авч өгөх нь элбэг. Аутизмтай хүүхдүүд гэлтгүй бүх хүн Yogibo буурцаг дэрэн дээр суух үед тухайн дэр хүний биеийн хэлбэрт тохирон хэлбэржиж, тэврэлт шиг тав тухыг мэдрүүлдэг.
Yogibo ГЭЖ ЮУ ВЭ?
Yogibo бол хувирдаг тавилга бөгөөд буурцаг дэрээс гадна хөөсөнцрөөс бүтсэн олон төрлийн бүтээгдэхүүнтэй.
НЭР
Yogibo гэдэг нь “Look here” буюу “Хараач” гэх солонгос үг.
ОДОО
Yogibo брэндийн үйлдвэр Америкт байдаг ч бид газарзүйн байршилыг бодож хамгийн ойр Солонгос дахь салбараас бүтээгдэхүүнээ оруулж ирж байна. Борлуулж эхлэх үед хэрэглэгчид өрхийн хэрэгцээндээ л авдаг байсан бол одоо оффис болон үзвэр үйлчилгээний байгууллагууд авах нь ихэссэн.
Манай буурцаг дэр хэлбэр, хэмжээнээсээ хамааран 827,000-1,576,000 төгрөгийн үнэтэй. Хэлбэрийн хувьд тэгш өнцөгт, пирамид, дөрвөлжин, бөөрөнхий, гурвалжин бөгөөд хэлбэр бүрээс өөр өөр хэмжээтэй загварууд бий. Хамгийн жижиг загвар 75 см бол хамгийн том нь 175 см. Манай хамгийн том загвар маш хөнгөн буюу ердөө 7,9 кг жинтэй. Иймээс хүүхдээс эхлээд хөгшин настай хүн хүртэл өргөж, зөөхөд хүндрэл үүсэхгүй. Мөн буурцаг дэрээс гадна хөнжил, гэрийн углааш, аяллын дэр, стресс тайлагч, амьтны дэр гэхчлэн эрүүл, аюулгүй олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд 57,000-250,000 төгрөгийн хооронд зарагдаж байна.
БАГ
Yogibo-г Монголд нэвтрүүлж байхад Ковид-19 цар тахлын үе таарсан учир бид тухайн үед зөвхөн цахимаар захиалгаа авч борлуулж байсан. Хөл хорио цуцлагдаж, үйлчилгээний байгууллагууд үүд хаалгаа нээснээр манайх ч мөн дэлгүүртэй болсон бөгөөд одоогоор худалдааны зөвлөх, хүргэлтийн ажилтан, гадаад худалдааны менежертэйгээ нийлээд тавуулаа ажиллаж байна. Худалдааны зөвлөх хэрэглэгчид бүтээгдэхүүн сонгоход нь туслаад худалдан авсан барааг хүргэлтийн ажилтан агуулахаас аван гэрт нь хүргэж өгөх энгийн бөгөөд ойлгомжтой зарчимтай.
ИРЭЭДҮЙ
Бид хэсэг хугацаанд түрээсийн үйлчилгээг хэрэглэгч нартаа санал болгож байсан ч одоогоор зогсоосон. Түрээсийн үйлчилгээнд хяналт тавихад бага зэрэг хүндрэлтэй юм байна лээ.
Одоогоор манай бүтээгдэхүүнийг ихэвчлэн Улаанбаатар хотын хэрэглэгчид л захиалан хэрэглэж байна. Бид борлуулалтын цар хүрээгээ хөдөө орон нутаг руу тэлэх алсын хараа бий. Ирээдүйд айл бүрийг Yogibo буурцаг дэртэй болгож тав тух, ашиг тусыг нь мэдрүүлэхийг зорин ажиллаж байна.
ЭРСДЭЛ
Анх Монголд борлуулах хүсэлтээ Америк дахь толгой компанид тавихад олон бэрхшээлтэй тулгарсан. Тухайн үед Ковид-19 цар тахал ид дэлгэрч байсны зэрэгцээ манай улсын хувьд хүн ам цөөн, жижиг зах зээл шүү дээ. Гэсэн хэдий ч шантралгүй жил гаруйн хугацаанд цахимаар хэлэлцсэний эцэст хүссэн үр дүндээ хүрч байлаа. Yogibo брэндийг Монголд заавал нэвтрүүлнэ гэсэн зорилго маань намайг хөтөлж, арга эвийг нь олох хүч өгсөн.
Бусад импортлогчдын адил бид Ковид-19 цар тахлын үеэр бүтээгдэхүүнээ Монгол руу татаж чадахгүй байсны улмаас бизнес маань хоёр сар зогсонги байсан. Одоо захиалга 14 хоногийн дотор Солонгосоос ирдэг ч бид хил дээр гацах гэнэтийн эрсдэлийг хэрэглэгч нартаа сануулсаар л байна.