Онлайн худалдаа эрчээ авсан өнөө үед дан ганц биечилсэн борлуулалтад найдаж бизнесээ хөгжүүлнэ гэдэг нь таалагдсан бүсгүй рүүгээ түнэр харанхуйд ирмэхтэй агаар нэгэн үр дүнгүй арга болжээ. Гэлээ гээд тааралдсан фэйсбүүк групптээ зар тавьж, чанар муутай лайв хийх нь урт хугацаандаа бизнесийнхээ дүр төрхийг үнэгүйдүүлэх, хэрэглэгчдийн хүлээлтийг төөрөгдүүлэх зэрэг сөрөг үр дүнд хүргэх магадлал тун өндөр. Тэгвэл шинэ онтой зэрэгцэн нээлтээ хийсэн Zary.mn онлайн худалдааны талбар нь эдгээр бүх асуудалд шийдэл болж чадахуйц платформыг бүхий л худалдаа үйлчилгээ эрхлэгчид, хувь хүмүүст санал болгож буйгаараа онцлог. Борлуулалт зарын нээлттэй талбар болон худалдааны байгууллагын вэбсайтын үүргийг нэг дор хослуулсан тун сонирхолтой шийдэл бүхий уг сайт та бүхэнд орлогоо нэмэгдүүлэх нэгэн шинэ боломжийг нээж өгөх болно.
Нэр: Zary
Хаяг: Эрүүл Мэндийн Яамны урд, New Horizons оффисын барилгын дөрөвдүгээр давхарт
Чиглэл: Худалдаа борлуулалтын онлайн платформ
Үүсгэн байгуулагч: Интелмайнд ХХК
Үүсгэн байгуулагдсан: 2021
Холбоос: Zary.mn (Вэб), Zary.mn (Фэйсбүүк), @zary.mn.official (Инстаграм), zary.mn (Твиттер)

сэдэл
Zary.mn нь "Intelmind" компанийн ээлжит онлайн худалдааны төсөл юм. Уг төслийг бид 2-3 жилийн өмнөөс төлөвлөж, ялгарлыг нь боловсруулсан. Zary-г эхлүүлэх болсон сэдэл гэвэл ерөөс манай хамгийн том төслүүдийн нэг болох Shoppy-той холбогдоно. Одоогоос таван жилийн өмнө Монголд онлайн худалдаа хөгжиж эхлэх яг тэр үед бид хэрэглэгчдийнхээ хүлээлтийг тодорхой болгох, онлайн худалдаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх үүднээс зөвхөн албан ёсны эрхтэй брэнд бүтээгдэхүүнүүдийг Shoppy-д байршуулж, үүгээрээ ялгарч байсан. Ингэснээр богино хугацаанд хэрэглэгчдээ төлөвшүүлж, онлайн худалдааны талаарх ойлголт, дүр төрхийг шинээр бий болгож чадсан ч нөгөө талд брэндийн бус бараа борлуулагчид, хувиараа бизнес эрхлэгчид хүрээний гадна үлдэж эхэлсэн нь сул тал үүсгэж байлаа. Энэ л Zary.mn-ийг хөгжүүлэх үүдэл санаа болсон юм.
Үр дүнд нь бид 2022 оны нэгдүгээр сарын 1-нд Soft opening-оо онлайнаар амжилттай хийж, платформдоо анхны харилцагчдаа бүртгэн, борлуулалтаа хийж эхлээд байна. Одоогоор Zary-д өдөрт 20 гаруй мянган хэрэглэгч зочилдог болжээ. Өөрөөр хэлбэл бид Zary-гаар дамжуулан хувь хүмүүс, жижиг дунд бизнесүүд, захиалгат үйлчилгээ эрхлэгчдэд хүрэх зорилготой.
ялгарал
Юуны өмнө Zary.mn маань 100 гаруй харилцагчдын системийг хөгжүүлсэн "Cody"-гийн платформд суурилсан нь системийн аюулгүй байдал, амар хялбар хэрэглээ талаас том давуу талыг олгож буй. Ингэснээр бид хувь хүмүүс өөрийн зарыг оруулж болох нээлттэй зарын талбар болон албан байгууллагуудын борлуулалтын вэбсайтын шийдлийг нэг дор хослуулсан сонирхолтой хэлбэрийг сайт дээрээ цогцлоосон. Өөрөөр хэлбэл хувь хүмүүс зарахыг хүссэн дурын зүйлээ Zary.mn-нд байршуулж зарах боломжтой бол дэлгүүр, бизнес эрхлэгчид нэрийн онлайн дэлгүүрээ энд нээж болно. Ингэснээр худалдан авагчдын хүрээ тэлж борлуулагчийн барааг үзэж сонирхох хүмүүс өсч, хандалт нэмэгдэх давуу талтай.
Одоогоор бид зөвхөн MVP хувилбараа гаргаад байгаа тул төлөвлөгдсөн олон тохиргоогоо платформ дээр байршуулж амжаагүй байгааг хэлэх нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар зөвхөн хоёр талыг холбох чатбот, утасны дугаар байрших байдлаар явж байна. Цаашид төлөвлөгөөний дагуу цахим зээл, төлбөрийн төрөл бүрийн шийдлүүд орж, харилцагчдынхаа үйл ажиллагааг хүргэлтийн компаниудтай холбох гэх мэтээр шаардлагатай хөгжүүлэлтүүдийг тасралтгүй хийж явна. Энэ ажил бүрдээ хэрэглэгчдийн санал хүсэлт, хэрэгцээг байнга шингээнэ гэдгээ амлая.




zary гэж юу вэ?
Онлайн борлуулалт хийх хамгийн хялбар талбар. Zary-г ашиглаад та хүссэнээ зарж, хайснаа олох боломжтой.
нэр
Брэндингийн баг маань анхнаасаа л систем, нэр гээд бүх л зүйлсээ хэрэглэгч бүрд хамгийн энгийн, ойлгомжтой байлгахад онцгой анхаарсан л даа. "Zary" хэмээх нэр нь дуудахад амар, төөрөгдөл үүсгэхээргүй шууд ойлгохуйц утгатайгаас гадна төгсгөлийн (Ү) үсэг нь анхны сэдэл болсон Shoppy платформтой хосолдог.
одоо
Их ажил дөнгөж эхэлж байна. Нэн тэргүүнд төлөвлөсөн хоёр том зүйл байна. Гуравдугаар сарын дундуур аппаа гаргаж, төлбөр тооцооны шийдлээ төгөлдөржүүлэх төлөвлөгөөтэй. Тэр хүртэл хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд платформоо сайтар танилцуулж, харилцагчдаа нэмэх ажлуудаа орхигдуулахгүй. Үүний тулд бид контент маркетингд анхаарлаа хандуулж эхэлсэн. Өнөө цагт хэрэглэгчид зар сурталчилгааг уйдаж залхахааргүй, үр дүнтэй хүргэх гол арга нь контент болсон шүү дээ. Бид ч энэ хандлагаас хоцрохгүйг хичээнэ.




баг
Хүний нөөц, хууль эрх зүй, систем хөгжүүлэлт, санхүү талыг толгой компаниас хариуцаад явдаг тул үндсэн баг маань зөвхөн бизнес хөгжүүлэлтдээ төвлөрөх боломжтой байдаг. Энэ ондоо багтаад үндсэн багаа 20 ажилтан хүртэл өргөжүүлэх төлөвлөгөөтэй.
ирээдүй
Контентын чанар хэмжээ, харилцагч түнш болон хэрэглэгчдийн тоо, сайтаар хийгдэх гүйлгээний дүнгээрээ гурван жилийн дотор Монголдоо хамгийн том худалдааны платформ болохыг зорин ажилладаг.
Одоогоор манайд 100 гаруй жижиг дунд дэлгүүр, 900 гаруй хувь хүмүүс бүртгэлээ нээж, онлайн дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн. Эдгээр харилцагчдадаа аль болох ахиу үнэ цэн өгөх нь бидний ажил, онцлог ялгарал болно. БНХАУ-д гэхэд инфлүүнсер лайв (онлайн нөлөөлөгчдийн бараа бүтээгдэхүүн танилцуулан борлуулах шууд дамжуулалт) борлуулалт газар авч байна. Уг арга барил Монголын нөхцөлд хэдийн хэрэгжээд эхэлсэн ч зориулалтын платформгүйн улмаас фэйсбүүк дээр голцуухан явж байгааг харж байгаа байх. Энэ мэт олон сонирхолтой нэмэлтүүдийг илүү төгөлдөржүүлж апп, сайт дээрээ оруулна.
эрсдэл
Шинээр гарч ирж буй платформ тул эхний ээлжинд хэрэглээг идэвхтэй болгох, сайтаа таниулах, борлуулалтыг идэвхжүүлэх нь бидний хувьд хамгийн том сорилт болж байна.
Эрсдэл гэвэл өмнө бид Shoppy дээр борлуулагч талыг 100 хувь баталгаажуулж сайт дээрээ оруулдаг байсан бол энэ тохиолдолд худалдагч болон худалдан авагч хоёр талыг бүрэн баталгаажуулах боломжгүй байгаа. Гэхдээ бидэнд харагдаж байгаа гол давуу тал нь энэ төрлийн сайт, платформ өмнө нь цөөнгүй гарч ирсэн ба хэрэглэгчид ч хэдийн ашиглаад сурсан явдал. Нөгөө талаас бид ч бас хоёр талын харилцаанд гарч болох бүхий л эрсдэлээс сэргийлэх бүхий л зохицуулалтыг хийж байна. Жишээ нь, Zary.mn-ээс худалдан авалт хийсэн тохиолдолд системээс захиалагч бараагаа авах хүртэл бүтээгдэхүүний төлбөрийг борлуулагчид шилжүүлэлгүй түр хугацаанд түгжиж, хоёр талыг аливаа эрсдэлээс сэргийлэх юм. Өөрөөр хэлбэл, захиалагч тал төлбөрөө бүрэн шилжүүлж, улмаар бараагаа гар дээр хүлээн авсны дараа системээс өгөх зургаан оронтой кодоор явцаа баталгаажуулна. Үүний дараа төлбөр худалдагч буюу үйлчилгээ үзүүлэгч талд автоматаар шилжих юм. Энэ мэтээр бид аливаа эрсдэлийг технологийн давуу талаараа шийдэхээр зорьж байна.




Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 202.21.112.226
Үнэгүйг дийлнэ гэж байгүй эээээээ үнэгүй гэдэг чинь үнэгүй л гэсэн үг шүү дэээ ядаж байхад нэр нь ч ойлгомжгүй М
G Gerel 150.129.142.106
Uugna zuw ashiglaad surchwl Mash tom potential haragdaj baina. Ushuu olon hugjuulelt oroh ym baina. Amjilt husy