Дэлгүүр лангуугаар хийгдэх худалдан авалт, биечилсэн борлуулалт хумигдаад буй энэ цаг үед онлайн дэлгүүр, захиалгын платформоо хөгжүүлж чадсан бизнесүүд л нэг алхмын урд явж байгаа юм. Иймд тогтсон хэв маягаар борлуулалтаа хийж дадсан эсхүл өндөр үнэтэй программ хангамжид хөрөнгө оруулах боломжгүй үйлдвэрлэл эрхлэгчдэд вэбсайт, захиалга төлбөр тооцооны автоматжуулалт зэргээ маш богино хугацаанд, хямд үнээр шийдэх боломжийг олгож буй "Zochil" платформын хамт олныг энэ удаа онцолж байна. 

Нэр: "Zochil" онлайн худалдааны платформ
Хаяг: "Moffice" хамтын оффис
Чиглэл: Онлайн худалдааны автоматжуулалт, технологийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Г.Батбилэг, Г.Ганболд, Н.Түмэннаст, Н.Билгүүн
Үүсгэн байгуулагдсан: 2019 оны аравдугаар сар
Холбоосууд:​ zochil.mn (Вэб), Zochil-Онлайн худалдааны платформ (Фэйсбүүк) zochil.platform (Инстаграм)


Зүүн гар талаас: Н.Түмэннаст, Н.Билгүүн, Г.Батбилэг, Г.Ганболд

сэдэл

Г.Батбилэг: Стартап салбарын хамгийн анхны аяллаа одоогийн хамтран зүтгэгч Г.Ганболдтойгоо хамт 2013 онд "Smartbook" нэртэй үйлчилгээний газруудын нэгдсэн вэбсайтаар эхлүүлж байснаас хойш хэдийн найман жил өнгөрчээ. "Zochil" платформыг хийх хүртлээ бид нийтдээ зургаан технологийн стартапыг эхлүүлж байлаа. Эдгээр олон төсөл, санаачилгын үр дүн болсон, одоогийн "Zochil" онлайн худалдааны платформоо бид дөрвүүл нэгдэн үүсгэн байгуулсан. Г.Ганболд (CTO) бид хоёр Дархан-Уул аймгийн ХААИС лицей сургуульд сурч байхаасаа бие биеэ мэддэг, Н.Түмэннаст (COO) бид хоёр "Витафит" ХХК-д хамт ажиллаж байсан бол харин Н.Билгүүнтэй (CDO) их сургуулийн найзууд. Манай баг ингэж л цугласан даа.

“Zochil”-ийг байгуулах болсон сэдэл гэвэл анхны үндсэн ажилтнуудын маань нэг болох Х.Санжаажамц "KGB tegbe" хүргэлтийн компанид ажилладаг байсан юм. Би мөн тэнд зөвлөхөөр ажилладаг байлаа. Энэ хугацаанд онлайн дэлгүүрүүд хүргэлтийн үйлчилгээ авах эрэлт маш их, цаашид ч улам нэмэгдэх хандлагатайг олж харсан. Тийм байтал ихэнх худалдаа эрхлэгчид онлайн борлуулалт хийхдээ мэргэжлийн платформ ашигладаггүй, үйл ажиллагаа нь хангалттай автоматжаагүй байдаг нь ажиглагдсан юм. Үндсэндээ эндээс л онлайн худалдааны салбарыг автоматжуулах санаа гарч, санаагаа багтаа ойлгуулж, түүгээрээ PPT материал бэлдээд анхны хөрөнгө оруулагч У.Соёл Эрдэнэ-д танилцуулан, хөрөнгө оруулалтаа 14 хоногийн дотор авч чадсанаар ажил маань шууд л эхэлсэн.

ялгарал

Г.Батбилэг: Үндсэндээ та онлайн худалдааны бизнесийн автоматжуулалт, вэбсайтын үйлчилгээг гурван сар биш гурван минутын дотор авч, өдөрт нэг талхны үнээр л ашиглах боломжтой. Дээрээс нь мэргэжлийн бүтэн баг бүрэлдэхүүн таны онлайн борлуулалтыг нэмэгдүүлэхийн төлөө тогтмол ажиллана гэсэн үг.
Мөн өмнө нь энэ төрлийн үйлчилгээнүүдийн ихэнх нь худалдаа эрхлэгчийн өмнөөс сайт дээрх бараа бүтээгдэхүүний мэдээлэл, үнэ, зураг зэргийг байршуулж, хянаж өгдөг нь нэг шат дамжлага нэмсэн, нүсэр төвөгтэй шийдэл байсан юм. Харин бид тухайн хүнд өөрийнхөө дэлгүүрийг өөрөө удирдах эрхийг нь олгож, нэмээд шаардлагатай сургалтуудаар харилцагчдаа хөгжүүлдгээрээ онцлог. Ингэснээр харилцагч гар утаснаасаа л онлайн дэлгүүрээ бүрэн хянаж, удирдах боломжтой болдог юм.

Н.Түмэннаст: Цар тахлын улмаас худалдааны төв, дэлгүүр, лангуу хаагдаж бизнес эрхлэгч бүр л вэбсайт, онлайн дэлгүүрээ нээж, хөгжүүлэх чухал хэрэгцээтэй болсон. Гэтэл хүн бүр 20-30 сая төгрөгөөр вэбсайт захиалж хийлгээд, түүнийгээ цааш нь өөрөө хөгжүүлээд явж чадахгүй шүү дээ. Тэгвэл "Zochil.mn"-ийг ашигласнаар ямар ч худалдаа эрхлэгч (Компани, хувь хүн, импортлогч, экспортлогч ялгаагүй) гурван минутын дотор вэбсайтаа нээгээд, бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг өдөрт нь оруулаад онлайн дэлгүүрээ нээх боломжтой. Ингэхдээ сар бүр 55 мянган төгрөг л төлнө.

Х.Санжаажамц: Тухайн бизнес эрхлэгч нэгдүгээрт, цар тахлын үед борлуулалтаа алдахгүй явуулах, хоёрдугаарт, лангуу түрээс, хүний нөөцийн зардлаа хэмнэх, гуравдугаарт, худалдан авагчдынхаа мэдээллийг цуглуулж, худалдан авалтын дата мэдээлэлтэй болж ирээдүйн үйл ажиллагааны стратегиа гаргах боломжтой. Биечилсэн борлуулалтын үед ямар хүн, хэдэн төгрөгөөр, аль бараа бүтээгдэхүүнээс худалдан авсныг, цаашлаад аль загвар нь, ямар цаг үед илүү эрэлттэй байгааг мэдэх, тэмдэглэхэд төвөгтэй байдаг бол энэ шийдлийг ашигласнаар та эдгээр болон худалдан авалттай холбоотой бусад нарийвчилсан мэдээллээ маш хялбархнаар нэгтгэн дүгнэж болохоор байна гэсэн үг.



“Zochil” гэж юу вэ?

Гурван минутын дотор онлайн худалдааны вэбсайттай болгож, үйл ажиллагааг автоматжуулах монгол платформ.

Онлайн худалдаа удирдлагын аппликэйшн татах:

- Android
- iOS

Zochil

Нэр

Г.Батбилэг: 2013 онд “Зочил” нэртэй үйлчилгээний салбарын нэгдсэн вэбсайтыг хөгжүүлж байсан юм. Уг нэр нь үйлчилгээ, худалдааны салбарт нийцэхээс гадна бичиж, хэлэхэд ч содон, ялгарал үүсгэж чадахуйц гэж боддог. Тиймээс ярилцаж байгаад энэ нэрийг өгөхөөр шийдсэн. Бүх зүйл л гадаад нэртэй болоод байгаа энэ үед бид монгол нэр сонгохыг хүссэн юм.

Одоо

Н.Түмэннаст: Бид өнөөдрийн байдлаар нийт 2200 вэбсайт нээж, ашиглалтад оруулан, 300 гаруй харилцагчтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Тэдний 80 хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид бүрдүүлж байгаа юм. Цар тахлын улмаас онлайн дэлгүүрийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр байгаа өнөө үед харилцагчдынхаа борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд шуурхайлан ажиллаж байна.

Г.Ганболд: Үүний тулд онлайн худалдааг бүрэн зургаар нь харж, манай үйлчилгээг авахаар хандаж буй бизнес эрхлэгчдэд шаардлагатай төлбөр тооцоо, зээл, хүргэлт болон бусад автоматжуулалтыг санал болгож, асуудлыг цогцоор нь шийдэж өгөхийг эрмэлзэж байна. Тиймээс эдгээр чиглэлд мэргэшсэн компаниудтай найдвартай хамтын ажиллагаа эхлүүлж, тогтмол хөгжүүлэлт хийн, нэмэлт боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Чаддаг хүмүүст нь чаддаг зүйлсийг нь даатгах зарчмаар илүү хурдтайгаар өсөж хөгжихийг эрмэлздэг.

Н.Билгүүн: Хөгжүүлэлтийн багийн хувьд гар утсаа ашиглаад л бизнесээ бүхлээр нь удирддаг системийг боловсруулахаар зорьж байна. Энэ жил бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах зорилготой байгаа бөгөөд удахгүй харилцагч, хэрэглэгчдэдээ танилцуулах болно.

Г.Батбилэг: Бид саяхан шинэ жилээр нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчидтайгаа хамтран “Ид шидийн орон”-ны хүүхэд багачуудад хандив өгсөн. Онлайн худалдаа эрхлэгчидтэйгээ хамтарч цаашдаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийхээр зорьсон ажлууд бий.



баг

Г.Батбилэг: Одоогоор борлуулалт, программ хангамж, харилцагчдад үйлчлэх гэсэн үндсэн гурван чиглэлд хуваагдаад 12 хүн ажилладаг. Компанид юу болж байгааг бүгдээрээ мэддэг, аливаа ажилд хүн бүрийн оролцоо их бага хэмжээгээр ороод явна. Стартап компанийн онцлог гэх үү дээ. Тэр ч утгаараа мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалт хурдан байдаг. Ирээдүйд багаа өргөжүүлээд явахдаа энэ давуу талаа улам сайжруулаад явах зорилготой. Учир нь онлайн худалдаа өөрөө юуг ч хүлээдэггүй хурдтай салбар шүү дээ.

Мөн бид байгууллага дотроо дараах эрхэм зорилго, үнэт зүйлсийг баримталж ажилладаг.

Эрхэм зорилго:
Чөлөөтэй сэтгэж хамтдаа манлайлъя

Үнэт зүйлс:
- Манлайлагч сэтгэлгээ
- Хамтын сэтгэлгээ
- Чөлөөт сэтгэлгээ

Ирээдүй

Г.Батбилэг: Бид Монгол орон даяар онлайн худалдааг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорин ажилладаг. Удахгүй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэд "Zochil" платформыг ашиглан зөгийн балаа онлайнаар худалдаалж, түүнийг нь Хөвсгөлийн Мөрөнд байгаа хүн гэртээ хүргүүлж авна гэсэн үг. Мөн өөрсдийн технологио гадаад зах зээлд гаргахаар төлөвлөөд байна.

Н.Түмэннаст: Сүүлийн үед ямар ч сурталчилгаа маркетинг хийгээгүй атал орон нутгаас хүмүүс хандах болсон. Одоогоор Сэлэнгэ, Ховд, Архангай, Өвөрхангай, Дархан, Эрдэнэтэд харилцагчидтай болоод байна. Мөн харилцагчдаа зөвхөн Монгол Улс дотроо харж байсан бол АНУ тэргүүтэй гаднын орнуудаас захиалга ирж байгаа болохоор гадагш чиглэсэн борлуулалт хийх боломжууд буйг харж байна. Ирээдүйд бүх төрлийн худалдаа арилжаа эрхлэгчдэд “Онлайн худалдаа хийхийн тулд заавал том брэндтэй, дэлгүүртэй байх албагүй” гэдгийг ойлгуулж, энэ нь энгийн нэг үйлчилгээ шүү гэдгийг таниулах чиглэлд ажиллана.

эрсдэл

Г.Батбилэг: Одоогоор бол зах зээлийн мэдлэг, хэрэглэгчийн боловсрол л хамгийн том асуудал. Байгуулагдсанаас хойших хугацаанд үндсэн бизнесээсээ ч олон цагийг харилцагчдад онлайн худалдаа, мэргэшсэн платформын ач холбогдлыг тайлбарлахад зориуллаа. Жишээ нь гэхэд, онлайн дэлгүүрийн тухай мэдээлэлтэй харилцагчид нэг өдрийн дотор л бүх мэдээллээ оруулаад, гэрээгээ хийгээд онлайн дэлгүүрээ өдөрт нь ашиглаад эхэлдэг.

Харин энэ талаар огт мэдлэггүй, фэйсбүүкийн группээр ч юмуу дамжуулж борлуулалт хийж дадсан хүмүүс төлбөрийн шийдэл, хүргэлт, барааны нөөц, дэлгүүрийн дүрмээ хангалттай боловсруулаагүйн улмаас 7-14 хонох тохиолдол гардаг. Тиймээс бид харилцагч бүрдээ тусгайлан мэдээлэл, мэдлэг өгөх зорилгоор долоо хоног бүр онлайн болон танхимын сургалтууд ороод явдаг. Манай CRM баг харилцагч бүрд төлбөрийн шийдэл санал болгож, хүргэлтийн компанитай зуучилж, хамтдаа дэлгүүрийнх нь дүрмийг боловсруулах, мэдээлэл оруулах цагийг тусгайлан гаргадаг.

Н.Түмэннаст: Хэрвээ хэрэглэгч, харилцагчид нь бэлэн, төлөвшсөн зах зээл байсан бол өдийд бүр ч их өсөлт гарах байсан болов уу.

Г.Батбилэг: "Zochil" платформын нийт харилцагчдадаа, болон "Unread"-ын уншигч та бүхэнд ажил үйлсийн өндөр амжилт хүсье.