Хичээлийн тэмдэглэлээ эмх цэгцтэй, ойлгомжтой бичихийг хэн бүхэн хүсдэг. Шалгалтандаа бэлдэхдээ, гэрийн даалгавар, бие даах ажлаа хийхдээ дэвтрээ сөхөж хараад л хүссэн мэдээллээ түргэн хугацаанд олж авах давуу талыг тэмдэглэл олгодог билээ. Сурах арга барилын талаар цэгцтэй мэдээлэл хүргэх “Study Hacks” булангийн эхний нийтлэл болгон хичээлийн тэмдэглэл хөтлөх аргуудыг танилцуулъя.
"Тэмдэглэл хөтөлнө гэдэг нь цэвэр сайхан бичихдээ бус гол нь үр өгөөжтэй, дараа нь харахад ойлгомжтой байх гэсэн үндсэн ганц зорилготой гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. Хэн нэгэнд биш өөртөө л зориулж байгаа гэдгээ үргэлж санаарай."
Unread
Тэмдэглэл хөтлөх аргачлалууд
Тэмдэглэлийг мэдээж янз бүрийн арга хэлбэрээр хөтөлж болно.Та бүхэнд үр бүтээмжтэйгээр тэмдэглэл хөтлөх шалгарсан аргуудаас танилцуулъя.
1. The Cornell Method
АНУ-ийн Корнеллийн их сургуулийн багш Walter Pauk-ийн нээж олсон энэхүү арга нь хамгийн энгийн, ойлгоход хялбар байдлаар үр дүнтэй тэмдэглэл хөтлөхөд тусална.
Дэвтрийн цаасаа дөрвөн хэсэгт дараах зураг дээр харагдаж байгаа шиг хуваах хэрэгтэй.
Нэгдүгээр хэсэг: Огноо, гарчгаа бичиж өгнө.
Хоёрдугаар хэсэг: Хичээлээ тэмдэглэх үндсэн хэсэг;
Гуравдугаар хэсэг: Түлхүүр үгс, мартаж болохгүй зүйлс, асуулт зэргээ тэмдэглэнэ.
Дөрөвдүгээр хэсэг: Бичсэн зүйлсээ ерөнхийд нь нэгээс гурван өгүүлбэрт багтаан дүгнэлт бичнэ.
2. The Outlining Method
Тойм арга нь хичээлийн тэмдэглэлээ эмх цэгцтэй хөтлөхийг зорьж буй хэн бүхэнд тохирох хамгийн энгийн аргачлал юм. Гол зорилго нь ямар нэгэн сэдвээс өөрт хэрэгтэй гол ойлголтуудыг энгийнээр, хурдан тэмдэглэхэд оршино. Ингэхдээ гол санаа бүрт агуулагдаж буй дэмжих санаа, жишээ, нэмэлт мэдээлэл зэрэг хэсгүүдээс бүрдвэл тохиромжтой. Тоймлох арга учраас урт өгүүлбэр бичихээс зайлсхийж, цөөн үгээр бичихийг хичээгээрэй.
3. Flow Notes Method
Энэ арга нь энгийнээр оюун ухааны зураглал юм. Танаас ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн нарийн ширийн, төгс зүйлийг шаардахгүй. Гол зорилго нь тухайн сэдэвт агуулагдаж буй бүх зүйлийн хоорондын холбоо хамаарлыг диаграмм, график ашиглан олох явдал юм.
Flow арга дангаараа учир дутагдалтай (хэт товчилсон) учраас тойм аргатай хамтад нь ашиглавал төгс зохицол болдог аж. Жишээ нь, хичээлийн цаг дээрээ оюуны зураглал хийгээд, хичээлийн дараа завтай үедээ тоймлож бичих гэсэн үг юм.

Сэтгэгдэл бичих

