Сурах арга барилын талаар цэгцтэй мэдээлэл хүргэх “Study Hacks” булангийн ээлжит нийтлэлдээ бид сайн презентацыг хэрхэн бэлтгэх тухай танилцуулж байна. Презентац (presentation), танилцуулах хуудсыг (slide) ойлгомжтой, сайн бэлдэх нь хичээл сургууль, ажил төслийн аль алинд чухал хэрэгцээтэй чадвар билээ.

Презентац бэлдэхэд өргөнөөр ашигладаг гурван програм

PowerPoint

PowerPoint нь Microsoft-ийн презентац хийхэд зориулсан програм. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх, хамгийн түгээмэл хэрэгсэл.

Keynote

Keynote бол Apple-ийн презентац хийхэд зориулсан програм. Хэрвээ та Аpple-ийн лаптоптай бол ашиглаад сурчихвал амар байж мэднэ.

Prezi

Prezi бол слайдыг илүү сонирхолтой, анхаарал татахуйц харуулдаг онцлогтой програм.

Презентацаа сайжруулахад туслах зөвлөмжүүд

Презентацын хуудсуудаа энгийн байлга

Презентацын хуудсууд нь цэвэрхэн, энгийн байх тусмаа нүдэнд таатай тусдаг.

Үүний тулд: Нэг хуудсанд олон санааг багтаах бус зөвхөн нэг санааг багтаавал зохимжтой.

- Хуудсан дээрх үгийн тоог хязгаарлах.
- Хэт их үг биччихвэл замбараагүй, сунжирсан харагдана.
- Өнгөний тоог хязгаарлах.

Олон өнгө ашиглавал замбараагүй, зохимжгүй харагдахын зэрэгцээ хүний анхаарлыг сарниулна.Нэг хуудсан дээр олон зураг ашиглахаар бол дэвсгэр өнгийг нь хараар сонгох.

Мөн, хүмүүсийн түгээмэл орхигдуулдаг нэг зүйл бол өөрийн болон багийнхных нь танилцуулга. Танилцуулгаа эхэнд нь оруулаад өгвөл таны танилцуулга, илтгэлийг сонсох хүмүүс мэдээлэл авахад илүү дөхөм байх болно.

График дүрслэл ашиглах

Та илтгэл, танилцуулга сонсох бол илтгэгчийг дүүрэн тексттэй презентац тавиасай гэж бодох уу? Мэдээж үгүй. Гэтэл энэ алдааг хүмүүс түгээмэл хийдэг. Үүнийг сайжруулах хоёр санааг хуваалцъя.

Презентац дээрээ ярих бүх зүйлээ үг үсэггүй бичихийн оронд гол санаа, түлхүүр үгс зэргийг багтааж өгөх хэрэгтэй.

Хүмүүс урт үргэлжилсэн текстээс илүү график дүрслэл, зургаар илэрхийлсэн зүйлсийг илүү сонирхож анхаарах, цаашлаад тогтоож цээжлэх нь элбэг.

Үсгийн фонт

Бидний хамгийн түгээмэл ашигладаг фонт болох “Times New Roman” нь зарим үед уншихад төвөгтэй байдаг. Үүний оронд Arial, Helvetica зэрэг фонтыг ашиглахыг санал болгоё.

Сонгосон фонт, түүний хэмжээ, өнгөний харагдах байдлыг шалгахын тулд дэлгэцээс хоёроос дөрвөн метр зайд зогсоод уншиж чадах эсэхээ туршиж үзээрэй.

Үсгийн фонтын хэмжээ

Нэг хуудсан дээр хамгийн ихдээ гурван фонтны хэмжээ байвал зохимжтой.
Хуудасны гарчгийг томоор (35+ point)
Гол санааг дундаар (24-30 point)
Дэд санааг жижгээр (24 point) тус тус бичээд үзээрэй.

Үсгийн фонтын өнгө

Цайвар дэвсгэр дээр бараан текст, эсвэл бараан дэвсгэр дээр цайвар текст ашиглавал илүү тодорч харагдана. Жишээлбэл, хар дээр цагаан юм уу шар өнгө. Мөн, фонтны өнгө хэт тод байх нь зохимжгүй. Жишээлбэл, шар дээр цайвар цэнхэр, эсвэл хар дээр улаан өнгийн фонтоор бичвэл хүний нүдийг ядраахын сацуу презентац дээр бичсэн зүйлсийг ялгаж уншихад төвөгтэй болно.

Чанартай зураг, график ашиглах + Эх сурвалжаа дурдах

Та болж өгвөл өндөр чанартай зураг, дүрслэл ашиглахыг хичээж байгаарай. Чанар муутай байвал дэлгэцээс хамаараад заримдаа үзэхэд хэцүү болдог. Хүний хийсэн зураг, графикийг ашиглахдаа эх сурвалжаа дурдаж байхаа бүү мартаарай.

Бичлэг ашиглах

Зураг, текстээр бүрэн гүйцэд илэрхийлж чадахааргүй санааг видео бичлэгээр орлуулж болох юм. Жишээлбэл, Marvel-ийн тухай илтгэл тавьж байя гэж бодоё. Энэ үед бичлэгээр тайлбарлавал хүнд хүрэх нь илүү.

Нэмэлт санаанууд

- Хуудас хоорондын сонирхолтой шилжилт (transition) ашиглах.
- Хөдөлгөөнт дүрс (animation) ашиглах.

Нийтлэлийнхээ төгсгөлд өөрийн ашигладаг шинэлэг, сонирхолтой загвар/дүрслэлүүдийг санал болгодог хоёр програмыг танилцуулъя.

1. Canva

Canva нь график дизайны цогц платформ юм. Энэхүү програмыг ашиглан график, презентац (танилцуулга), зурагт хуудас (poster) зэрэг төрөл бүрийн контентыг бүтээх боломжтой. Хэрэглэгчдэд зориулсан олон жишээ загварыг (template) дотроо агуулдгийг нь онцлууштай. Үүнээс та өөрийн сэдэвт тохирох дизайн, зураг, график дүрслэлийг сонгож ашиглаарай.
Жишээлбэл,

Компани: Компанийн танилцуулга, брэнд, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга

Санхүү: Санхүүгийн тайлан, төсөл, хөрөнгө оруулалтын танилцуулга

Технологи: Шинэ технологийн танилцуулга, бизнес санаа гэх мэт.

2. Slidesgo

Slidesgo нь Google Slides болон PowerPoint руу татаж аваад ашиглах боломжтой төрөл бүрийн загварыг санал болгодог.
Жишээлбэл,

Боловсрол: Бие даалт, лекцийн слайд

Бизнес: Бизнесийн салбартай холбоотой мэдээ мэдээллийн танилцуулга

Маркетинг: Маркетингийн санаа, шинэ бүтээгдэхүүний танилцуулга гэх мэт.

Өмнөх нийтлэл: Хичээлийн тэмдэглэл хэрхэн хийх вэ?