Сурагчдадаа хичээлийн шинэ улирлын мэнд хүргэе! 

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд ердөө 51 хоног үлджээ. Тиймдээ ч “Study Hacks” булангийн ээлжит дугаартаа бид ЭЕШ-д 800 оноо авахад тань туслах таван апп-ыг танилцуулахаар бэлтгэлээ. 

1. YESH 


Сурагчдын дунд хамгийн их хандалттай апп бол “YESH” юм. Энэхүү апп-ын тусламжтайгаар шалгалтын жишиг бүхий 20,000 гаруй тестийг ажиллах боломжтойгоос гадна тест бүр нь мэргэжлийн багшийн тайлбартайг онцлох нь зүйтэй. Апп-ыг хөгжүүлэгчид сурагчдад яг л шалгалт өгч буй мэдрэмжийг төрүүлэхийн тулд сорил бүрд хугацаа зааж өгчээ. Тиймээс хэрэглэгчид өөрт боломжтой цагаасаа хамаарч, 10-аас 90 минутын тест, бодлогоос сонгон ажиллаж, цагийн менежментээ сайжруулах давуу талтай.

Мөн их сургуулиудын танилцуулга, тэтгэлэг, сургалтын мэдээлэл гэхчлэн хэрэгцээт бүхий л мэдээллийг апп дотроос авна. Тэр ч бүү хэл мэргэжлээ сонгож амжаагүй бол апп дээр тайлбарласан 400 орчим мэргэжилтэй танилцаж, өөрт тохирохыг сонгож болно.

Холбоос: Вэб хуудас

Апп татах: iOS | Android

2. Photomath


Математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бэлдэж буй сурагчдад зайлшгүй хэрэгцээтэй апп бол "Photomath". Ойлгохгүй бодлогынхоо зургийг дарахад л хариулт, тайлбарууд нь гараад ирнэ гээд бод доо. Заавал багш нараасаа асуух гэж хүлээхийн оронд богино хугацаанд элдэв математикийн тооцооллын хариуг олж мэдэх, учрыг нь олоход тусална.

Энэхүү апп-ыг татаад, бодож чадахгүй байгаа бодлогынхоо үйлдэл, тайлбар, хариултыг олж аваарай. Алдаагаа засахдаа ашиглавал бүр ч үр дүнтэй.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

3. Medle


“Medle” апп ерөнхий боловсролын сургуульд үздэг бүхий л агуулгыг дотроо багтаадгаараа бусад апп-аас ялгаатай. ЭЕШ-д зургаадугаар ангиас эхлээд төгсөх хүртэл үзсэн үндсэн, чухал ойлголтуудыг оруулдаг тул энэхүү апп сурагчдын үнэнч туслах байх болно.

Апп дотроос хэрэглэгч теле хичээл, сурах бичиг, интерактив хичээл, нэмэлт сонирхолтой контент зэргийг үзэнгээ мартсан зүйлсээ сэргээж, бататгах боломжтой. Ингэснээр сурагчдын бие даан суралцах чадвар нэмэгдэхийн сацуу байгаль орчиндоо ээлтэй “цахим сурах бичиг” ашиглаж хэвших авууштай талтай юм.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

4. Khan Academy

"Khan Academy"-ийн гол зорилго нь дэлхийн түвшний боловсролыг хүн бүрд хүссэн газраас нь, боломжит цагт нь олгох юм. Апп/вэбсайт дээрх видео хичээлүүд нь уламжлалт танхимын сургалтын арга барилаас шинэлэг, сурагчдад тухайн хичээлийг гүнзгийрүүлэн судлах сэдэл өгдгөөрөө онцлогтой.

Хэрэв та математикийн хичээлээ ойлгодоггүй ч тус хичээлээр ЭЕШ өгч, мэргэшихээр шийдсэн бол эл апп-ыг туршиж үзээрэй. Учир нь “Khan Academy” танд бага ангийн математикаас өгсүүлээд арифметик, геометр, алгебр зэрэг бүхий л сэдвүүдийг эхнээс нь суралцаж, сайн суурь тавих боломжийг олгоно. Сэдэв бүр дээр интерактив сургалтын системийн дагуу видео лекц үзэж, сорил тест ажиллаж, хэлэлцүүлэгт оролцож, өөрийнхөө явцыг хянаж явах нь таныг төсөөлшгүй гайхалтай үр дүнд хүргэх болно.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

5. Монгол толь


Эх хэлээ харь хэлнээс дорд үздэг үндэстэн гэж хаана ч байхгүй учраас монгол хүн бүр төрөлх хэлээ шамдан сурах хэрэгтэй. Тиймдээ ч ЭЕШ-ийн өмнө эх хэл бичгийн шалгалт авч, үүнд тэнцсэн сурагчид цааш сонгосон хичээлээрээ шалгалт өгөх эрхтэй болдог. Энэхүү шалгалт нь сэдвийг уншиж ойлгох, өгөгдсөн сэдвийн дагуу найруулан бичих, зөв бичгийн дүрэм болон монгол бичгийн мэдлэгийг нэг дор шалгадаг. Тиймээс энэ үед сурагчдад хэрэг болох апп бол “Монгол толь” юм. Энэхүү апп-аас та сонирхсон үгийнхээ тайлбар, утга зохиолын хэлний жишээ, үндэсний бичгийн бичлэгийг сурах боломжтой.

Мөн апп дотроо сурснаа бататгахын тулд үгийн сүлжээ бөглөх, холбоо үг болон хэлц үгийг үндэсний бичгээр бичих, ижил үгийн утгын ялгааг олох гэхчлэн олон сонирхолтой функцүүдийг агуулдаг аж.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android