Хэрэв та өөрт ойр хүнсний дэлгүүр рүү явж орвоос архи, тамхи гэхчлэн бүтээгдэхүүн дээр "Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой" гэх үгс тод дурайж байхыг олж харах вий. Харин тэднээс дутахааргүй донтуулах үйлчилгээтэй нэмэлт сахар агуулсан хийжүүлсэн ундаа, амтат зайрмаг, аяган бялуунууд нүд эрээлжлэм олон төрлөөрөө “намайг аваач” гэсэн шиг лангуу дүүрэн өрөөстэй байх нь гайхширмаар.
Нэгэн цагт ихэс дээдсийн тансаг хэрэглээ байсан эл энгийн нүүрс усны нэгдэл нь өдгөө зүрхний өвчлөл, таргалалт, чихрийн шижин гээд төрөл бүрийн өвчний эх суурь болж байгаа талаар эрдэмтэд тогтмол ярих болсон ч дэлхий даяар чихрийн хэрэглээ буурах битгий хэл жил ирэх тусам тогтмол өссөөр.
Манай улсад ч сахарын хэтэрсэн хэрэглээний хор хөнөөл хангалттай мэдрэгдэж буй тул бид ээлжит “тайлбарлах нь” булангаараа амтат чихрийн ардах гашуун түүхийг илчлэхээр шийдэв.
ХАА СААГҮЙ ХУРИМТЛАГДСАН ЧИХРИЙН ТАЛСТ
Сахароз буюу бидний дэлгүүрээс худалдан авдаг цагаан өнгөтэй элсэн сахар, дөрвөлжин хэлбэртэй ёотон нь глюкоз болон фруктозийн нийлбэр. Эл нэгдлийг дэлхий даяар чихрийн нишингэ, чихрийн манжин, эрдэнэ шиш зэргээс боловсруулалтын аргаар гаргаж авдаг билээ.
Глюкоз нь элэг, булчин, тархи зэрэг эрхтнүүдэд шаардлагатай энергийн эх үүсвэрийг бий болгох үүрэгтэй. Глюкозын зарим хэсэг нь элэг болон булчинд гликоген болон хувирч, хэзээ нэгэн цагт хэрэглэгдэнэ хэмээн нөөцийн жагсаалтад орох тохиргоотой. Уул өөд мацах, холын зайнд гүйх, тэсрэлттэй спортоор хичээллэх гээд өндөр ачаалал авах үед цусан дах глюкозын хэмжээ багасвал бидний бие өнөөх нөөцөлсөн гликогенээ хэрэглэдэг.
Түүнчлэн хүний бие нүүрс усыг задлах замаар хэрэгцээт глюкозоо боловсруулдаг бүтэцтэй учир боловсруулсан сахарозын хэрэгцээ бидэнд бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй. Зөвхөн сахароз гэлтгүй гурил, будаа, сүү, жимс ногоо гээд бүх л хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах нүүрс ус нь эцэстээ глюкоз буюу бидний энергийн эх үүсвэр болдог тул “сахарын дутагдалд орох” гэсэн ойлголт байхгүй.
Харин фруктоз нь жимс, ногоо болон бусад байгалийн гаралтай хүнсэнд бага хэмжээтэйгээр агуулагддаг бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл жинхэнэ утгаараа аюултай этгээд. Глюкоз хүний биед орсныхоо дараа биеийн бүх хэсгээр жигд тархдаг бол энэ гайхал зөвхөн элгэнд өөх тос болон задарч, тэрхүү тос нь нэг бол тэндээ хуримтлагдах аль эсэхүл цусанд уусдаг аж. Үүний үр дүнд цусны даралт ихсэх, хэт таргалах, чихрийн шижин өвчний суурь бий болдог. Хэрэв та аягатай усанд амсрыг нь дүүртэл элсэн чихэр хийгээд хэдэн цагийн дараа шалгавал сахарын талстууд аяганы ёроолд гялалзан гялтганаж буйг харж болно. Өдөр бүхэн нэмэлт сахар агуулсан бүтээгдэхүүнээр хооллох бидний биед ч үүнтэй ижил зарчмаар сахар хуримтлагддаг гээд төсөөлөөд үзээрэй.
Сахрын талст дунд живж буй орчин цагийн хүмүүс эл амттанаас үүдэн таргалаад зогсохгүй ямар ч эрч хүчгүй, төрөл бүрийн өвчний үүр болсон бодгаль болж хувираад байна. Тэгвэл энэ бүх донтолт хаанаас эхлэлтэй вэ?

ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ
500 он: Өдгөө дэлхийн хамгийн том сахар үйлдвэрлэгч орнуудын нэг болох Энэтхэгт эрт дээр цагт чихрийн нишингийг нунтаглан төрөл бүрийн өвчин, бэлгийн сулралын эсрэг тан бэлтгэдэг байсан. Тухайн үед чихрийг цэвэршүүлэн сахар болгох үйл явц нь тунчиг нууцын зэрэглэлтэй, зөвхөн багшаас шавьд өвлөгддөг тусгай жор байжээ.
600 он: Аллахыг ариун бурхнаа хэмээн дээдэлсэн исламчууд чихрийг зөвхөн эм, амтлагч төдийхнөөр ашиглах бус харин язгууртан дээдсийн эрх мэдэл, сүр хүчийг илтгэх ховор амттан хэмээн алдаршуулав. Чинээлэг халифууд нунтагласан бүйлсний гурилыг элсэн чихэр, зөгийн балаар амталсан “марзипан” хэмээх амттанд онцгойлон дурлаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл эл амттан исламчуудын хувьд тансаг оройн зоогийн хүндэт идээ хэвээр буй.
1099 он: Загалмайтны аян дайны үеэр Иерусалимыг эзлэн авсан европ цэргүүд гэртээ харихдаа элсэн чихэр авчирсан нь Европ даяар сахрын эрэлт хэрэгцээг бий болгов. Халуун бүсэд ургадаг чихрийн нишингэ угаас хойд зүгийн Европт хангалттай хэмжээний ургац өгөхгүй тул цэргүүд исламуудтай худалдаа хийж эхлэн улмаар Венеци хот Газар дундын тэнгис дэх чихрийн худалдаанд бараг хагас зуун жилийн турш ноёрхлоо. Энэхүү алс хол замыг туулан ирсэн ховрын барааг тухайн үед зөвхөн ихэс дээдэс, язгууртнууд л хэрэглэж байв.
1583 он: Нэгэнтээ чихэр европ даяар хамгийн ашигтай бизнес болж ирсэн тул Португальчууд өөрсдийн шинээр нээсэн газар бүхэндээ чихрийн нишингэ тарихаар оролдов. Эцэст нь африк боолуудыг Бразил руу зөөж, тонн тонноор нь чихэр боловсруулж эхэллээ. Ийнхүү дараагийн 300 жилийн турш чихэр болон боолын хөдөлмөр хоорондоо салшгүй холбогдов. Нишингэ тарих бололцоотой шинэ тутам орныг европчууд колоничлон Африкаас сая сая боолыг тэрхүү тариалангийн бүс дээрээ хүчээр хөдөлмөр эрхлүүлж байсан гашуун түүх бий.
1837 он: Францын Vilmorin компани сахарозын өндөр агууламжтай чихрийн нишингийн шинэ үрийг гарган авлаа. Энэ үед Карибын тэнгис дэх боолчлол мөхөж байсан тул европын удирдагчид тус шинэ үрийг тариаланчиддаа тарааж улмаар АНУ болон Европ даяар чихрийн нишингийн үйлдвэрлэл өргөжин тэллээ. Аж үйлдвэржилтээс үүдэн улс орнууд илүү чинээлэг болохын хамт сахар ч дундаж давхаргынхны хэрэглээ рүү шилжив. Жирийн англи хүн тэртээ 1700 онд жилийн турш 1.8 кг чихэр иддэг байсан бол энэ тоо 2020 онд 24 дахин нэмэгджээ.

Энэ хэмжээний элсэн чихрийг хүн шууд халбагадаж идэхгүй ч хоол хүнсээр дамжуулан биедээ шингээдэг.
Тооны хэлээр:
22: Дундаж америк хүн өдөрт 22 цайны халбагатай тэнцэхүйц хэмжээний сахар хэрэглэдэг.
80 хувь: Дэлхийн сахрын 80 орчим хувийг чихрийн нишингийн шүүсийг буцалган ширгээх замаар гаргаж авдаг.
20: Чихэрлэг юм идсэнээс хойш 20 минутын дараа цусан дах сахарын хэмжээ оргил түвшиндээ хүрдэг.
10,000: Чихрийн нишингийг анхлан 10 мянга гаруй жилийн өмнө Шинэ Гвинейн арал дээр тариалж байсан түүхтэй. Маш ховор амттан байсан тул хүмүүс амтыг нь гартал зажилж, түүхийгээр нь иддэг байсан.
330: Та нэг суурин дээр найман халбага элсэн чихэр идэж чадах уу? Хэрэв боломжгүй хэмээн бодож байвал 330мл кола ундаанд энэ хэмжээний сахар агуулагддаг гэдгийг санаарай.

САХАР БИДНИЙГ ХЭРХЭН ДОНТУУЛДАГ ВЭ?
Сахар таны биеийг хэрхэн галзуу хулганатай адил болгож хувиргадгийг маш энгийнээр тайлбарлая. “Өнөөдрөөc л яг туръя” гэх мэргэн санаа таны толгойд 1000 дахь удаагаа буусан тул өдрийн хоолондоо өөх тос багатай, эрүүл хоол сонгов. Хоол идсэний дараах хэдэн хоромд цусан дах глюкоз хэвийн байх боловч удалгүй амттанд аль хэдийнээ дассан таны бие сахар нэхэж эхэлнэ.
Яг энэ мөчид “Ганц зүсэм бялуу идлээ гээд яавал гэж” хэмээх улиг болсон үгээр та өөрийгөө хуурч, турах амлалтаа маргааш руу шилжүүлэх нь тэр. Улмаар өнөөх ганц зүсэм амтат бялуу цусан дах глюкозын хэмжээг хэвийн түвшнээс тань хамгийн өндөрт хөөргөж орхино.
Хэтэрсэн их глюкоз инсулин ялгаруулалтыг нэмэгдүүлж, үр дүнд нь гэвэл цусан дах глюкозыг булчин, өөхний эсүүд сорон авч өөх болгон хадгалсны улмаас сахрын хэмжээ тань улам хүчтэй унана. Яг энэ үед галзуу хулганын хамгийн дээд орой дээрээс огцом доошилдог эвгүй мөч таны биед явагдаж байна аа л гээд ойлгочих. Эцэст нь, сахрын уналтад орсон бие илүү их чихэрлэг хүнс идмээр байна гэсэн дохио чанга гэгч нь илгээсний гороор та орой гэхэд буйдан дээрээ бүтэн сав зайрмаг тэвэрчихсэн сууж байна даа. Чөтгөрийн гэмээр энэ тойргийн ачаар бид хэзээ ч амттангаас татгалзаж чаддаггүй байх нь.
Зүсэм бялуунаас үлдсэн таатай мэдрэмж аз жаргалын даавар болох допаминыг тархинд ялгаруулдаг. Үргэлж жаргалтай байхыг хүсэхгүй тэнэг хүн хаа байх билээ? Тиймдээ ч өнөөх даавраа ахин дахин мэдрэх гэж тэмүүлсээр бид чихрийг хэмжээ хязгааргүй хэтрүүлэн хэрэглэчихдэг сул талтай.
Нэг үгээр чихэрт зарласан таны хайр никотин, херион, алколол гэх донтуулагч бодист донтсон хүмүүсийн мэдрэмжтэй бараг л адилхан. Архи, тамхины хажууд хамаагүй гэм зэмгүй харагдах амтат бялуу, арааны шүлс асгарам жимстэй зайрмаг, гоёмсог хайрцаган дунд нуугдах шоколадны цуглуулга хүний биед хортой байлаа гээд юу шалиа аж хэмээн та бодож байвал нийтлэлээ дуустал уншихыг хүсье.
ХҮНС БОЛОН ЦУСАН ДАХ САХАР
Төрөл бүрийн хүнс цусны сахарын түвшинд яаж нөлөөлж буйг мэдэхээр эрдэмтэд гликемийн индекс (ГИ) гликемийн ачаалал (ГА) гэсэн хоёр хэмжүүр зохиожээ. ГИ нь тухайн хүнс цусны сахарын түвшнийг хэр хурдан өсгөж чадахыг илэрхийлдэг. Харин ГА нь тухайн хүнсэн дэх нүүрс усны хэмжээг давхар харгалзсан байдгаараа онцлог. Товчхондоо бол ГА индекс 10-аас бага байвал сахар бага, 20-оос их бол сахар ихтэй хүнс гэж ангилна. ГИ багатай хүнс ГА ихтэй буюу эсрэгээрээ ч байж болох. Жишээлбэл, тарвас ГИ өндөртэй хэрнээ ГА бага, харин шоколадтай бялуу ГИ харьцангуй бага хэрнээ тарвастай харьцуулахад ГИ хэмжээ их.

ЧИМЭЭГҮЙ ГЭМТЭН: ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ТУХАЙ
21-р зууны чимээгүй тахал гэгдэж буй чихрийн шижин өвчин нь нийтлэлийн эхэнд дурдсан инсулины ялгарал багасах, үгүй болох, биеийн эсүүд инсулины үйлчлэлд тэсвэртэй болох зэргийн улмаас цусан дах глюкозын хэмжээ ихсэх эмгэг юм. Энэ өвчин хамгийн түгээмэл тохиолддог урт хугацааны өвчин бөгөөд Их Британид л гэхэд 100 хүн тутмын зургаа нь эл өвчнөөр шаналж буй.
Цусан дах глюкозын түвшин тодорхой хэмжээний дотор байх үед хүний бие илүү сайн ажилладаг. Уг түвшин хэт нэмэгдвэл нойр булчирхай инсулин ялгаруулах замаар өөх, булчингийн эсүүдийг глюкоз шингээн аваач ээ гэж дохио өгдөг. Гэвч глюкоз эсүүд рүү зөвхөн инсулины тусламжтайгаар нэвтрэх эрхтэй. Цоожтой авдрыг сайтар гэгч нь манаж буй инсулиныг найрч байж гэмээнэ глюкоз аяллаа үргэлжлүүлэн эсүүдийг эрчим хүчээр цэнэглэх боломжтой.
Харин чихрийн шижинтэй хүмүүсийн эс нь инсулины дохионд хангалттай зөв хариу үйлдэл үзүүлдэггүй тул цусан дахь сахрын түвшин нь эрс савлан эрүүл мэндэд муу үр дагавар үүсгэдэг ажээ.Энэ өвчин дан ганц сахарын хэт хэрэглээнээс үүсэхгүй ч буруу хооллолттой хүмүүс өвчлөх магадлал өндөр. Хэт боловсруулсан хүнсний зохисгүй хэрэглээ, сахарт донтох амьдралын хэвшил нь зөвхөн чихрийн шижингээр зогсохгүй амны хөндий, элэг, зүрхийг хүртэл гэмтээх хөнөөлтэй.

Хүнс үйлдвэрлэгчид фруктозын өндөр агууламж бүхий сироп болон сахарозт юу юунаас илүү дуртай. Учир нь сахар хүнсний хадгалах хугацааг уртасгах шидтэй төдийгүй түүнд агуулагдах найрлагууд хүмүүсийг олон дахин худалдан авалт хийхэд нөлөөлдөг.
САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ
Сахар орлуулагч нь сахраас дээр
Ямар ч илчлэг байхгүй хэмээн сурталчлах хиймэл сахар орлуулагчийг хийжүүлсэн ундаанаас авахуулаад төрөл бүрийн бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа. Гэвч зах зээл дээр “diet” хэмээх шошготой зарагдах ундаа үнэн хэрэгтээ сахар агуулсан ундаатайгаа адил жин нэмэх сөрөг нөлөөтэй. Учир нь гэвээс чихэрлэг хүнсэндээ хэдийнээ дасал болсон таны бие ямар ч илчлэггүй ундаа орж ирсэн ч түүнийг боловсруулахад өөрийгөө бэлтгэж эхэлдэг. Гэтэл илчлэг байхгүй хүнсэнд хууртсаныхаа дараа өнөөх илчлэгээ таниас тасралтгүй нэхэж, чихэрлэг юм идэх хүслийг улам оволзуулдаг аж.
Бор сахар илүү эрүүл сонголт.
Бор сахар нь цагаан сахраас шигшин гаргадаг шингэн бурам буюу моласесийг агуулдагаараа онцлогтой. Молассест тодорхой хэмжээнд витамин, эрдэс бодис байдаг хэдий ч маш бага хэмжээтэй тул энэ хоёр сахар хоорондоо өнгөнөөс бусдаар бараг л ялгаагүй.
Эрүүл амттан таргалуулахгүй.
Зөгийн бал, агч модны сироп зэрэг байгалийн сахар нь шим тэжээлээр баялаг ч цэвэршүүлсэн элсэн чихэртэй адил цусан дах сахарын түвшинг нэмэгдүүлнэ, жин ч нэмнэ. Хэрэв та жинхэнэ органик тэгсэн хэрнээ шим тэжээлтэй амттан сонгохыг хүсэж байвал монгол элгэн тараг төгс сонголт гэж зөвлөе.

АЧААЛАЛ НЬ ХЭТЭРСЭН ДЭЛХИЙ
Өдгөө дэлхий дээр амьдрах долоон тэрбум гаруй хүнээс гурван тэрбум орчим нь хангалттай хэмжээний хоол хүнсгүй, шим тэжээлийн дутагдалтай амьдарч буй бол хоёр тэрбум нь эсрэгээрээ илүүдэл жинтэй аль эсвэл таргалалтын асуудлаар шаналж буй.
2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.8 тэрбум болно гэж тооцвол улаан мах, сахар, үр тариа гээд бидний үндсэн хүнсний эх сурвалжуудын ачаалал ч үүнийг дагаад нэмэгдэх нь ойлгомжтой. Байгаль орчны хувьд дэлхийн хүнсний үйлдвэрлэл нь хүлэмжийн хийн ялгаруулалтын 30%, цэнгэг усны хэрэглээний 70%-ийг бүрдүүлдэг бөгөөд асар өргөн уудам газар нутгийг хамарсан тариалангийн талбайнууд нь экосистем доройтоход хүчтэй нөлөө үзүүлж байгаа.
Чихрийн нишингийн тариалалт одоо байгаа хэв маягаар ирээдүйд үргэлжлүүлэх аргагүй тул бид ойрын хугацаанд хүнсэндээ хэрэглэж буй буурцагт ургамал, самар, жимс, хүнсний ногооны хэмжээгээ 100% нэмэгдүүлж, өдөрт авах илчлэгийн ердөө таван хувийг боловсруулсан элсэн чихрээс авах шаардлагатай хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа аж. Хүн төрөлхтөн ирээдүйд байгаль дэлхийгээ хамгаалахын тулд чихрээс татгалзаж чадах болов уу?


Сэтгэгдэл бичих (1)


U Unshigchhh 192.82.72.123
Woow^^ unreadiin iimerhuu original contentod durtai juuuuuuuuuuuu, keep going guysssssssssssssssssss