Төрийн банкны “Тогтвортой хөгжлийн тайлан 2023”-ыг цуврал нийтлэлээр дамжуулан онцолж буйг гярхай уншигч та бүхэн хэдийн анзаарсан биз ээ. Тэдний хувьд ойрын жилүүдэд тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хүрээг тасралтгүй нэмэгдүүлэхийн төлөө олон улсын санхүүгийн байгууллага, дотоодын яамд болон байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж буй.   

Тодруулбал, тайлант хугацаандаа ногоон таксономии (байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагааг тодорхойлж, ангилах систем)-ийн ангиллаар ногоон зээлийн багц бүрдүүлж, 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон болгохоор ажиллаж байгаа юм. Энэ удаагийн нийтлэлээр энэхүү тайланд дурдсан онцлох санхүүжилтүүдийг задлан танилцуулахаар бэлтгэлээ.

5 тэрбум: Тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүний багцыг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийг сайжруулан төрөлжүүлж, зах зээлд нэвтрүүлжээ. Ингэснээр харилцагч эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа, хайбрид болон байгалийн хийн хөдөлгүүрт автомашин худалдан авах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц засварлах зэрэг зорилготой зээлийг хөнгөлттэй, уян хатан нөхцөлөөр авах боломжтой болсон юм. Үр дүнд нь тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүний багц өмнөх оноос таван тэрбум төгрөгөөр өссөн байна.

44 тэрбум: : Япон улсын Засгийн газар болон Монгол Улсын Сангийн Яам хамтарсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслийн зээл” буюу JICA төслийн зээлийг байгаль орчныг хамгаалах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэсэн хоёр үе шаттайгаар олгодог. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 78 төслийн 38.1 тэрбум төгрөгийн зээл, байгаль орчныг хамгаалах 11 төслийн 5.9 тэрбум төгрөгийн зээл, нийт 89 төслийн 44 тэрбум төгрөгийн зээлийг 2006 оноос хойш санхүүжүүлээд байна.

5 тэрбум: Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлт буюу жилийн 9-13 хувийн хүүний татаастай төслийг БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй. Уг төсөл нь агаарын болон орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан халаагуур, дулаалгын материал, эко ариун цэврийн байгууламж, хүлэмж, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдан авах, мод бут, ногоон байгууламж байгуулах, цахилгаан тээврийн хэрэгсэл, хийн халаалтын төхөөрөмж, ногоон амины орон сууц худалдан авалтыг санхүүжүүлэх үндсэн зорилготой. Төрийн банкны тухайд энэхүү “Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төсөл”-ийн хүрээнд 2020 оноос хойш 331 зээлдэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олгожээ.

5.1 тэрбум: БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Орчны бүсийн зээлийн эргэлтийн сангийн зээлийг дамжуулан зээлдүүлэх” төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай бүс нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Завхан, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагт зээлийн үйлчилгээ үзүүлж, Германы KFW байгууллагын санхүүжилтээр бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх буюу “Малын тоо толгойг нэмэгдүүлэхгүй байх” зорилго бүхий зээлийг Хэнтий, Дорнод, Архангай, Хөвсгөл аймгийн харилцагчдад санал болгож буй. Дээрх төслүүдийн хүрээнд 610 зээлдэгчдэд 5.1 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.


77.5 тэрбум: Төрийн банк 2019 онд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийг зах зээлд нэвтрүүлсэн нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд 2023 онд 1,878 зээлдэгчдэд 77.5 тэрбум төгрөгийн зээлийг олгож, тэдний бизнесийн үйл ажиллагааг бодитоор дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн цар хүрээг нь тэлжээ.

0.22 тэрбум: Дундаж давхаргыг дэмжих цогц үйлчилгээнийхээ хүрээнд “Сургалтын төлбөрийн зээл”-ийн бүтээгдэхүүнийг туршилтын хугацаанд зах зээлд нэвтрүүлсэн юм. 2023 оны хоёрдугаар сараас тус бүтээгдэхүүнийг “Боловсролыг дэмжих зээл” нэршлээр шинэчлэхдээ шаардлагыг сайжруулж, зээлийн хэмжээ, хугацааг нэмэгдүүлж байв.

Тус зээлийг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй иргэнд сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг хэрэгцээнд нь зориулж олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд 25 зээлдэгч 0.22 тэрбум төгрөгийн зээл авчээ.

7.5 тэрбум: Дундаж давхаргыг дэмжих зорилгоор жижиглэнгийн худалдаа, өрхийн аж ахуй зэрэг бичил бизнес тодорхой хугацаанд эрхэлж байсан иргэдийг бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулж, санхүүгийн зөвлөгөө мэдээллээр хангажээ. Улмаар өрхийн бизнесийн зээлийг шинээр нэвтрүүлж, 282 зээлдэгчид 7.5 тэрбум төгрөгийн зээлийн багц бүрдүүллээ.


104.3 сая: Төрийн Банкны “Эко боловсрол олгох аян”-ы хүрээнд Хүрээлэн төсөлтэй хамтран нэн ховор амьтдын зурагтай “Эко” картыг 2020 онд зах зээлд нэвтрүүлжээ. Харилцагчдын захиалсан 96,727 картын борлуулалтын хураамжаас тус бүр мянган төгрөгийг нэн ховордсон амьтдыг хамгаалах санд шилжүүлж, байгаль, ан амьтдаа хамгаалахад хувь нэмэр оруулсан юм.

Мөн 21 аймгийн үзэсгэлэнт байгалийн зурагтай “Миний Монгол” олон улсын виза картыг 2021 оноос эхлэн харилцагчдадаа санал болгосон бөгөөд нийт 13,850 картыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Харин тус картын хураамжийн орлогоос 7,656,000 төгрөгийг тухайн аймгийн байгаль хамгаалах санд зориулан хуримтлуулж байна.

Төрийн банкны "Тогтвортой хөгжлийн тайлан - 2023"-тай энд дарж танилцаарай.