Орчин цагийн оффисын ажилтнууд өдрийн идэвхтэй цагийнхаа дийлэнх хувийг ажлын байрандаа өнгөрүүлж буй тул ажлын орчныг хүрээлэн буй орчиндоо ээлтэй болгон хувиргах нь байгууллагуудын хувьд зайлшгүй анхаарлаа хандуулах учиртай асуудал болж байгаа билээ.  

Бид шинэхэн нийтлэлдээ Төрийн банкны “Тогтвортой хөгжлийн тайлан 2023”-ийг жишээ болгон, оффисыг "ногоон" буюу байгальд ээлтэй болгоход туслах 5 зөвлөмжийг хүргэж байна. 

яагаад заавал ногоон оффис гэж?

Бүтээмжийн бүүстэр - Байгалийн гэрэл, цэвэр агаарын урсгал сайтай орчин бүхий ногоон оффис нь ажилтнуудын анхаарал төвлөрөлт, асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулдаг. Harvard T.H.Chan Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаагаар нүүрстөрөгчийн давхар исэл болон органик нэгдлүүдийн (VOC) түвшин багатай орчинд ажиллах нь бүтээмжийг 61 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогджээ.

Бага зардал - Ногоон оффис нь эрчим хүч хэмнэх, усны хэрэглээг бууруулах, хог хаягдлыг багасгах зэрэг байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлдэг тул хангамжийн зардлыг бууруулж, эдийн засгийн үр өгөөжийг урт хугацаанд нэмэгдүүлэх давуу талтай.

Нийгмийн хариуцлага - Байгаль орчныг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргах, тогтвортой хөгжлийн асуудалд анхаарал хандуулах нь бүх шатны бизнесийн байгууллагуудын нийгмийн өмнө хүлээж буй хариуцлага гэж ойлгож болно.


Дэлхийн нийт ойн 40 хувийг цаас үйлдвэрлэлд ашигладаг болохыг та мэдэх үү? Түүгээр ч зогсохгүй нэг тонн цаас үйлдвэрлэхэд 24,000 литр ус зарцуулдаг байна. Иймд боломжит бүх төрлийн албан харилцааг дижиталаар шийдэх, зайлшгүй ашиглагдаж буй цаасан хог хаягдлыг дахин боловсруулах замаар цаасны хэрэглээгээ бууруулахыг зөвлөж байна.

Төрийн банкны хувьд, Улаанбаатар, орон нутгийн 496 салбар нэгжээр дамжуулан цахим үйлчилгээг түлхүү ашиглахыг харилцагчдад санал болгосноор өнгөрсөн жилд цаасан маягтын зардлыг 12 хувиар, принтер болон хувилагчийн хорны зардлыг 10 хувиар бууруулжээ.

Мөн Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоонд тус банк гишүүнээр элсэж, ажилтнуудаа хог хаягдлыг ангилах сургалт орж, банкны төв байруудын давхар бүрд хог ангилах сав байршуулж, цугларсан хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэж байгаа юм.


Оффисын албан хувцсууд ихэвчлэн хуурай цэвэрлэгээнд өгөх заалттай байдаг шүү дээ. Харин хуурай хими нь байгаль орчинд сөрөг нөлөө бүхий химийн бодисуудыг ашиглах нь олонтоо.

Тухайлбал, хуурай цэвэрлэгээнд өргөн хэрэглэгддэг перхлорэтилен (PERC) бодисыг АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас (EPA) байгаль орчинд хор хөнөөлтэй бодисуудын нэг гэж тогтоосон байна. Уг бодис нь агаарт дэгдэн, агаарын бохирдол үүсгэхээс гадна хөрсөнд шингэж, газрын гүн дэх усыг бохирдуулж, урт хугацааны туршид усны эко системийг бохирдуулах магадлал өндөртэй юм.

Нөгөө талдаа PERC-тэй удаан хугацаанд харьцах нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хорт хавдар, амьсгалын замын өвчлөл, мэдрэлийн системийн хямрал үүсгэх эрсдэлтэй гэж үздэг.

Иймээс, хэрэв байгууллага тань дэмжиж байвал, силк, хөвөн даавуу зэрэг байгальд ээлтэй материалаар хийсэн чөлөөт хувцас сонгохыг зөвлөж байна. Эдгээр материалууд нь байгальд хялбар задардаг тул эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй сонголт байх болно.


Сүүлийн үеийн судалгаагаар нарны цахилгаан үүсгүүртэй оффисууд жил бүр 500-1000 кг нүүрстөрөгчийн давхар ислийн (CO₂) ялгарлыг багасгах боломжтойг тогтоожээ. АНУ-ын Эрчим хүчний яамны тооцоолсноор, нэг удаагийн хөрөнгө оруулалтаар нарны цахилгаан үүсгүүр суурилуулснаар цахилгааны зардлыг урт хугацаанд хэмнэх боломжтой бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдсэн оффисуудын цахилгааны зардал жилд 30-40 хувиар буурдаг аж. Түүнчлэн нарны үүсгүүр нь дунджаар 25-30 жилийн насжилттай тул найдвартай, урт хугацааны шийдэл болох бүрэн чадамжтай.

Төрийн банкны тогтвортой хөгжлийн тайланд дурдсанаар, ажилтнуудын хандлага, өдөр тутмын дадлыг хэвшүүлэх зорилгоор банкны үйл ажиллагааны зардлыг хэмнэх арга бүхий зурагт хуудсыг бэлтгэн, долоо хоног бүр цахим шуудангаар илгээж байна. Банкны төв оффис болон нийт нэгжийн ажилтнууд цайны цагаар гэрлээ унтраах, байгалийн гэрэлтүүлэг ашиглахыг өдөр тутмын хэвшил болгосноор цахилгааны зардлыг хэмнэх болжээ.


Дулааны эрчим хүчний хэрэглээг хэмнэх нь эрчим хүчний хэрэгцээг зохистой хэмжээнд байлгах, агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний нөөцийг хэмнэхэд чухал нөлөөтэй. АНУ-ын Эрчим хүчний яамны судалгаанд дурдсанаар, автоматжуулалт, дулаан хадгалах технологийг ашиглан оффисын эрчим хүчний хэрэглээг 30 хувиар, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг 2-3 тонноор бууруулах боломжтой.

Харин 2022 онд Европын Холбооны хийсэн судалгаанд дурдсанаар, оффисын дулааны хэрэглээг бууруулснаар халаалтын зардлыг жилд 20 тэрбум еврогоор бууруулах боломжтой гэж тооцоолжээ.

Иймд оффисын дулааныг хэмнэхийн тулд орчин үеийн тусгаарлах материал, нарны тусгалыг ашиглах технологи, автомат хяналт болон дулааны хэмнэлттэй системүүдийг нэвтрүүлэх, эсвэл хамгийн энгийн аргаар буюу цаг агаар дулаан үед халаалтын системийн температурыг багасгах замаар эрчим хүч хэмнэх боломжтой.

Төрийн банкны хувьд, төв оффисуудад дулааны хэрэглээг хэмнэх зорилгоор цаг агаар дулаан байгаа үед, амралтын өдрүүдээр дулааны температурыг тохируулгаар багасгах замаар халаалтын зардлыг хэмнэж байна.


Эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжүүдээс тухайлбал, LED гэрэл нь уламжлалт гэрлээс 75 хувиар бага эрчим хүч зарцуулдаг төдийгүй 25 дахин удаан ашиглагддаг. Ийм төрлийн гэрэлтүүлэг, халаалт, хөргөлтийн системийг оффист ашигласнаар цахилгааны хэрэглээг багасгаж, урт хугацаанд зардлаа хэмнэх боломжтой.

Төрийн банк 2023 онд ногоон худалдан авалтыг дэмжих зорилгоор унтрааж, амраах горимтой, олон үйлдэлтэй техник, тоног төхөөрөмж худалдан авч, нийт тоног төхөөрөмжийн 70 хувийг дотоодын ханган нийлүүлэгчдээс сонгожээ. Байгальд ээлтэй технологийг дэмжих зорилгоор, мөн иргэдэд экологийн шийдлүүдийг таниулах үүднээс “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулж, эрчим хүчний хэмнэлттэй эко амины орон сууц, цахилгаан бараа, тээврийн хэрэгслийг зээлээр авах боломж олгосон юм.

Та ч гэсэн оффистоо, гэртээ эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмрээ оруулж чадна!