Утаанбаатарын иргэд бид хүлэмжийн хий гэж чухам юу байдаг тухай мэдэх нь бүү хэл мэдэрдэг болсон нь гарцаагүй. Учир нь бид нүүрстөрөгчийн хийгээр амьсгалж, озоны давхаргад үзүүлэх сөрөг нөлөөллийнх амьд гэрч болж буй шүү дээ. Иймд бид энэ удаагийн дугаартаа өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг газар болох оффисын орчиндоо хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн хэмжих талаар хуваалцъя. 


ер нь хэмжих шаардлага бий юу?

Байлгүй яахав. Манай улс л гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулна гэсэн амлалт өгсөн. Тэгэхээр том зургаар нь харсан ч хүлэмжийн хийн ялгарлаа хянах, бууруулах нь иргэн бүрийн анхаарвал зохих хэрэг мөнөөс мөн. Үүнийг бид микро түвшинд буюу “оффисын орчинд хүлэмжийн хийг хэмжих, боломжит хэмжээгээр бууруулах” болгож ойлголтын овор хэмжээг нь жижигсгээд байгаа хэрэг.

Нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл, усны уур, фторт нүүрстөрөгч, перфторт нүүрстөрөгч, гексафторт хүхэр гэх долоон хийг хүлэмжийн хийд хамруулан авч үздэг. Энгийнээр тайлбарлавал, хорт утаа, хог хаягдал, малын бууц зэрэгт эдгээр хий их бага хэмжээгээр агуулагдаж байдаг. Тэгвэл хорт утаа, хог хаягдлыг бий болгоход албан байгууллагуудын ашиглаж буй эрчим хүч, тээврийн хэрэгсэл багагүй хувь нэмэр оруулдаг нь гарцаагүй. Тиймээс л бид мод тарих, хөвөн даавуун хувцас өмсөх зэрэг байгальд ээлтэй үйлдлээ нэмэгдүүлэхээс гадна байгальд хор хөнөөл учруулах үйлдлээ багасгахад анхаарах нь зүйтэй.

тэгвэл яаж хэмжих вэ?

1. Мэдээлэл цуглуулах

- Эрчим хүч: Оффисын цахилгаан, дулаан, усны хэрэглээг хэмжих. Ингэхдээ цахилгааны тоолуурын мэдээлэл болон түлшний хэрэглээг бүртгэхэд хангалттай.
- Тээвэр: Ажилтнуудын ажилдаа ирж, очих тээврийн хэрэгслийн төрлүүд, тэдгээрийн шатахууны хэрэглээг тодорхойлох.
- Хог хаягдал: Хаягдал материалыг хог хаягдлын төрөл тус бүрээр бүртгэж, дахин боловсруулалтын түвшинг үнэлэх.

2. Ялгарлыг ангилах
Хүлэмжийн хийн ялгарлыг гурван төрлөөр ангилна:

- Шууд ялгаралт: Байгууллагын эзэмшилд буй автомашин, халаалтын системээс гарах ялгаралт.
- Шууд бус ялгаралт: Цахилгаан, дулааны эрчим хүч худалдан авснаас үүсэх ялгаралт.
- Бусад шууд бус ялгаралт: Ажилтнуудын тээвэрлэлт, нийлүүлэгчдийн үйл ажиллагаанаас үүсэх ялгаралт гэх мэт.


3. Хэмжилтийн хэрэгсэл ашиглах

Хүлэмжийн хийн тооцооны аргачлал: Дэлхийн нийтлэг стандарт болох GHG Protocol (хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, удирдах, тайлагнах олон улсын стандарт) эсвэл ISO 14064 стандартыг ашиглаж болно.

Эдгээр нь байгууллагуудад хүлэмжийн хийн ялгарлыг үнэн зөв хэмжих, тайлагнах боломжийг олгохоос гадна хүлэмжийн хийг бууруулах зорилтуудыг тодорхойлох, биелүүлэхэд туслах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг нь уялдуулж, нэгдсэн аргачлалаар хангах зорилготой.

Тооцооны хэрэгсэл: Дотоодын болон олон улсын тооцооны програм, цахим хэрэгслүүдийг ашиглах. Жишээ нь Монголд албан байгууллагуудын хүлэмжийн хийн хэмнэлтэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Обзерв консалтинг” гэх байгууллага бий. Сонирхуулахад, тус байгууллагаас зөвлөх үйлчилгээ авсан анхны байгууллага нь Төрийн банк юм. Хэрэв хувийн хүлэмжийн хийн ялгарлаа хэмжихийг хүсвэл cutcarbon.mn-ийг санал болгоё.

4. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх

Дээрх хэмжилтүүдэд үндэслэн дэлгэрэнгүй тайлан гаргаж, хүлэмжийн хий хамгийн их ялгаруулж байгаа хэсгийг тодорхойлох. Ингэж хэмжилт, дүн шинжилгээ хийсний үр дүнд урт хугацааны зорилгоо тодорхойлон, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стратегийн гол ажилдаа орох юм.


5. Мэргэжлийн байгууллагатай хамтрах

Мэргэжлийн аудитын компани эсвэл байгаль орчны зөвлөх байгууллагаас туслалцаа авах нь илүү нарийвчилсан, өндөр үр дүн гарах боломжийг нэмэгдүүлнэ. Сүүлийн үед тогтвортой хөгжилд анхаарал хандуулж буй байгууллагууд мэргэжлийн байгууллагад хандан хүлэмжийн хийн ялгарлаа хэмжих нь ихэссэн тул энэ төрлийн сургалт, үйл ажиллагаа ч боловсронгуй болж буй.

Тухайлбал, Төрийн банк “Тогтвортой хөгжлийн тайлан 2023”-таа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зөвлөх үйлчилгээг авч, мэргэжлийн байгууллагын сургалтуудад тогтвортой хөгжлийн ажлын хэсгийн гишүүд хамрагдсан тухайгаа дурдсан байна. Тэгвэл тус банк хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн бууруулж буй талаар жишээ болгон хуваалцъя.

- Төрийн банкны ажилтнууд Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн түншлэл (Partnership for Carbon Accounting Financials PCAF) академийн сургалтад амжилттай хамрагдаж, банкны зээл болон санхүүжүүлтийн хүлэмжийн хийг тооцоолох чадавхийг бүрдүүлэн ажиллаж байна.
- Долоо хоног тутмын баасан гарагийг хувийн автомашингүй өдөр болгон зарласан.
- Батарей цуглуулах цэг бий болгож, цаасыг дахин боловсруулж ашиглаж байна.
- Цахилгаан шат ашиглахаас зайлсхийж, компьютер, хэвлэгч машин зэрэг төхөөрөмжийг ашиглаагүй үедээ унтрааж, цахилгаанаа хэмнэж хэвшиж байна.
- “Модыг мод(а) болгоё” уриан дор банкны төвийн газар, хэлтэс бүр өөрийн нэр дээрх бяцхан төгөл байгуулж, усалгаа, арчилгааг хариуцан хийж байна.
- Нэг удаагийн хуванцар, цаасан хаягдлыг эрс бууруулах зорилгоор ажилтнууд гэрээсээ бэлтгэн ирсэн, эрүүл, зохистой хооллолтыг ажлын байран дээрээ нэвтрүүлж, дадал болгож эхлээд байна.

Та бүхэн ч бас өөрийн оффист дээрх аргуудаас санаа аван хэрэгжүүлж, эх дэлхийдээ үзүүлэх эерэг нөлөөллөө нэмэгдүүлээрэй.