MICC-ийн судалгааны баг зах зээлийн болон хувьцааны судалгааг тогтмол хийхээс гадна нийгэм, эдийн засгийн олон салбарт тулгамдаж буй нэг асуудлыг сонгон авч, жил бүр сэдэвчилсэн судалгаа хийж, олны хүртээл болгодог уламжлалтай.

Тэд өнгөрсөн жил буюу 2022 онд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эдийн засагт учруулж буй шууд болон шууд бус зардлын судалгаа”-г хийж, уг дүнгээ Sustainable сэтгүүлийн эхний дугаарт танилцуулж байсан бол шинэ босгон дээр “Тогтвортой хотууд” сэдвийн хүрээнд сэтгүүлийн хоёр дахь дугаараа уншигчдын гарт хүргэжээ.



Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй метрополитан хотууд нь орчин цагт эдийн засгийн төвлөрсөн хүч болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэж буй. Мөн хотууд нь дэлхийн гадаргуугын хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг хэдий ч эрчим хүчний нийт хэрэглээний 78 хувийг ашиглаж, хүлэмжийн хийн ялгарлын 60 гаруй хувийг дангаар бүрдүүлж буй нь уур амьсгалын өөрчлөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөөр байна.

Тиймдээ ч сэтгүүлийн хамт олон шинэхэн дугаараа бүхэлд нь “Тогтвортой хотууд” сэдвийн хүрээнд зангиджээ. Тэгвэл манай редакцийн зүгээс уг дугаараас онцлох нийтлэл, ярилцлагуудыг уншигчдадаа товчлон хүргэж буйг хүлээн авна уу.

1. ТӨВ АЗИ БА ЗҮҮН АЗИЙН НИЙСЛЭЛ ХОТУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Тогтвортой хөгжлийн зорилго нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Тиймдээ ч MICC судалгааны баг 2022 оны үзүүлэлтээр Зүүн хойд Ази, Төв Азийн долоон нийслэл хотын тогтвортой хөгжлийн төлөв байдлыг тоон аргаар судалж, НҮБ-ын 2030 оны зорилгод нийцүүлэн “индекс”-жүүлэн харьцуулжээ.

НҮБ-ын таамаглалаар Азийн хотжилтын түвшин 2015 онд 48 хувь байсан бол 2030 онд 56.7 хувь болж өсөх ажээ. Тус тооцоогоор Монгол Улсын хотод амьдардаг хүн амын тоо 68.2 хувиас 70.6 хувьд хүрэх юм. Судалгааны хүрээнд авч үзсэн найман зорилгын үзүүлэлтээр сонгосон долоон хотоос (Токио, Улаанбаатар, Ташкент, Бишкек, Бээжин, Астана, Сөүл) Токио уг жагсаалтыг 87.4 оноо авч тэргүүлсэн бол Улаанбаатар 55.5 оноогоор хамгийн сүүлийн байранд оржээ. Манай нийслэл хотын хувьд хамгийн өндөр оноог “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” зорилго дээр (72.9) авсан бол “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байраар хангах” зорилго хамгийн бага оноо (34.9) авчээ.

Судалгааны онцлох бусад үр дүнгээс хуваалцвал:

-Улаанбаатараас бусад хот “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламж”-аар дунджаар хамгийн өндөр оноо 98.1 авсан бол манай нийслэл хот хүн амын 51 хувь нь баталгаат ундны усны хангамжгүй тул дөнгөж 61.6 оноо авсан нь эрүүл мэндийн хувьд асар хор хөнөөлтэй үр дүн юм.

-Улаанбаатарын хүн амын бичиг үсэг тайлагдалт маш өндөр хэдий ч боловсон хүчин, санхүүгийн дэмжлэг хомсдолтойгоос үүдэн боловсролын чанар хангалтгүй. Жишээлбэл, Улаанбаатарын бага ангийн нэг багшид оногдох суралцагчийн тоо 2020 онд 34.6 байгаа нь Ташкентаас 1.6 дахин, бусад хотоос бараг 2.5 дахин их дүн аж.


2. ногоон байгууламжийн хүртээмж ба халаасны цэцэрлэгт хүрээлэн 

Зуны улирал эхэлмэгц нийслэл хотынхон маань ногоон байгууламж бүхий ая тухтай газрыг санадаг бус жилийн дөрвөн улиралд тасралтгүй шаардлага тавьж, шийдэл эрэлхийлдэг байх нь яахын аргагүй чухал асуудал билээ. Манай хотод ногоон байгууламжийн хэрэгцээ үлэмж өндөр байдаг ч томоохон бүтээн байгуулалт хийх боломж хомс. Мөн нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 м.кв. Энэ нь ДЭМБ-с зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин бага тухай уг судалгааны нийтлэлд хөнджээ.

Тэгвэл “Гончигсумлаа “сан, Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг, H.O.W Architects-ийн хамтран “Улаанбаатар Төгөл” төслийг хэрэгжүүлж, нийслэлд тулгамдаад буй ногоон байгууламжийн хүртээмжийг халаасны цэцэрлэгт хүрээлэнгээр нэмэгдүүлэхээр зорьж буй аж. Уг төслийн үр дүнд хотын ашиглагддаггүй нийтийн орон зайг хүн төвтэй дизайны аргачлалаар тохижуулж, жижиг ногоон төгөл бий болгох боломжтой.

Хотоор алхаж явахад хаа сайгүй тааралддаг эвдэрхий тоглоомын талбай, овоолсон шороо ч ногоон байгууламж болох боломжтой гэх мэт олон давуу талуудыг уг төсөл олон нийтэд санал болгож буйгаараа онцлог.


 
3. Хотын залуус ба винтэж соёл

Хэрэвзээ та хуучин хувцсаа шилж, шинэ хувцас худалдан авахаар зэхэж буй бол энэхүү нийтлэлийг тогтож уншаарай.

Японы винтэж дэлгүүрийн соёлыг гурван жилийн хугацаанд цахим орчинд түгээж, өнгөрсөн онд албан ёсоор үүд хаалгаа нээсэн Тако винтэж дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Золзаяагийн уг нийтлэлээс та чухам яагаад шинэ үеийн залуус дунд винтэж соёл хүчтэй дэлгэрэх болсон хийгээд винтэж болон хуучин хувцасны ялгаа, трифтлэх соёлын хүрээлэн буй орчин, худалдан авах зан төлөвд үзүүлж буй эерэг нөлөөллийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Сонирхуулахад, хуучин хувцсыг өнөөдөр хэрэглээнийх нь хувьд ерөнхийдөө винтэж хуучин хувцас болон энгийн хуучин хувцас гэж хоёр ангилдаг. Дор хаяж 20 жилээс дээш цаг хугацааг элээсэн үнэ цэнтэй, түүх өгүүлэх ганган чамин, ховор хувцсыг винтеж хэмээн нэрлэдэг бөгөөд энэ төрлийн хувцас борлуулдаг дэлгүүрүүд нь цор ганц, дахин давтагдашгүй загварыг шилж, сонгохын төлөө багагүй хүчин зүтгэл, цаг хугацаа зарцуулдаг гэдгээрээ энгийн трифт дэлгүүрээс ялгардаг.

Харин хуучин хувцас худалдаа нь хүмүүсийн саяхан эсвэл хэдхэн жилийн өмнө аваад хэрэглэхээ больсон хувцаснууд юм. Эдгээр хувцсыг нэг дор бөөгнүүлээд, өөр хэн нэгэнд худалдаалах зорилго бүхий дэлгүүрийг трифт гэнэ. Залуус трифт дэлгүүрээр хэсэхийг “Эрдэнэсийн эрэлд” гарах хэмээн нэрлэх нь ч бий.


4. Тал нутгийн хотыг нээхүй

“УрбанВолкс” бол Улаанбаатар хотын иргэдэд амьдарч буй хоттойгоо ахин танилцаж, хотын амьдралыг шинээр харах боломжийг олгох зорилготой төсөл юм.

“УрбанВолкс”-оор дамжуулан хотын түүхэн гудамж барилгууд, тэдгээрийн онцлог шинжийг Монголын залуу үе болон бусад гадна дотнын жуулчдад таниулах, хотын амин сүнс, дүр төрхийг хоногшуулахаар зорьж буй залуусын түүхийг та зөвхөн Sustainable Magazine сэтгүүлээс унших боломжтой.

Уг төсөл нь Монгол улсын XX, XXI зууны туулж өнгөрсөн түүх нэвт шингэн үлдсэн гэгдэх Гандангаас Сүхбаатарын талбай хүрэх маршрутыг онцолж буй. Учир нь энэ чиглэлийн дагуу байрлах гудамж, барилгууд нь анх Хүрээ хот болон худалдааны гудамж бий болсон Богд хааны үе буюу феодализмаас социализмын үе, наашлаад ардчилсан нийгэмд одоо ч оршсоор буй анхны гэх тодотголтой түүхэн барилгууд юм.

5. УЛААНБААТАР БА ДУГУЙН ЗАМ 

Автомашинаас татгалзаж, дугуй жийх нь хүрээлэн буй орчин төдийгүй хүний эрүүл мэндэд ч ээлтэй алхам гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэвч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмрээ оруулж буй Улаанбаатар хотын дугуйчдад тохиох зовлонг тоочвол барагдашгүй их. Энэхүү нийтлэлийг уншсаны дараа та дугуй унасан иргэдэд хүлээцтэй хандаж, хамтдаа шийдэл эрэлхийлэхийн төлөө санаа зовниж эхлэх нь лавтай.

Нийслэл хотын дугуйчдад тохиодог зовлонгоос онцлон жагсаавал:

-Шууд явах боломжоор хомс: Маршалын гүүрнээс Скай ресорт хүртэлх үргэлжилсэн 9.5 км дугуйн замаар явахад ямар саад тулгарч байгааг судалж үзэхэд дугуйн зам нь өөрөө стандартын бүрэн шаардлага хангаагүй, байнгын арчилгаа хийгддэггүйгээс үүдсэн олон эрсдэлтэй байдаг аж. Тиймээс ч жолоочид дугуйчдыг дугуйн замаараа явсангүй хэмээн буруутгах нь өрөөсгөл хэрэг юм.

-Дугуйн замын стандарт: Нийслэл хотын засмал замтай зэрэгцэн орших дугуйн зам нь нэгээс хоёр метрийн өргөн зайтай байх бөгөөд энэ нь дугуй унахад тун тохиромжгүй. Олон улсын стандартад дугуйтай хоёр хүн зэрэгцээд өнгөрөх боломжтой зайд дугуйн замын өргөний хэмжээг тооцоолсон байдаг. Харин манай улсын хувьд заасан хэмжээний хамгийн бага өргөн болох нэг метрийн зайд дугуйн замаа төлөвлөсөн нь дугуйтай хүн яах аргагүй машин замаар зорчиход хүргэх шалтгаан болдог ажээ.