Технологийн салбарыг замдаа таарсан бүхнийг хуйлруулан урсгах хүчит давлагаатай зүйрлэж болох. Давлагаанаас давлагаа төрдөг шиг технологийн салбар өвөр дотроо олширсоор. Тэдгээр дундаас энэ жил хиймэл оюун ухаан гэх шинэ давалгаа хүчийг авав. Мөн сансрын технологийн өсөлт хурдсаж, аварга сошиал сүлжээнүүдийн өрсөлдөөн ширүүслээ. Хар салхи, нарлаг өдрүүдэд ээлжлэн ирсэн өнгөрөгч жилийг бид дараах 23 үйл явдлаар тоймлолоо.
 


Цар тахлын жилүүдэд хүчээ авсан метаверсийн хөөс удалгүй хагарсныг бид бүгд мэднэ. Энэхүү хагарлаас бодит ертөнцийг виртуалаар орлуулъя гэвэл тохирох хүчин чадалтай, ашиглахад таатай төхөөрөмж хэрэгтэйг хүн бүхэн хүлээн зөвшөөрсөн юм.

Хөөс хагарсны дараа буюу 2023 оны зун шинэ хэрэглээг түүчээлж, шинэ салбарыг төрүүлдэг Apple компани Vision Pro төхөөрөмжөө танилцуулсан нь санамсаргүй тохиолдол биш. Товчхондоо, энэ төхөөрөмж бидний мөрөөддөг тэр л виртуал ертөнцийг ойртуулах учиртай. Тэд iPhone, AirPods-ийн амжилтаа давтаж, шинэ салбарыг үүсгэж чадах болов уу? Хэрэв чадвал бид хэрхэн виртуал ертөнцөд аж төрөх бол?



Apple-ийн гэнэтийн бэлэг Vision Pro-гоор төгссөнгүй. Тэд шинэхэн iPhone 15 загварын утсаа тэр чигт нь USB-C оролттой үйлдвэрлэж, “Нэг оролт - Бүх төхөөрөмж” мөрөөдөл биеллээ олоход томоохон ахиц гарав. Тэдний хувьд томоохон зах зээлийн нэг болох Европын холбоо энэ онд тус холбооны газар нутагт зарагдах бүх ухаалаг утсыг USB-C оролттой байхыг шаардсан хууль баталсан нь энэ шийдвэрт голлох нөлөөг үзүүлсэн юм.



iPhone 15 Pro хувилбарын өөр нэг дэвшил нь дэлхийн хамгийн анхны 3 нанометр чип байв. Чипийн технологи ийнхүү нэг шат ахиж буй нь илүү бага зайд илүү их тооцоолох хүч багтаах боломжийг бүрдүүллээ.

Чип, хагас дамжуулагчийн зах зээл улс төрийн хувьд өндөр ач холбогдолтой. Учир нь орчин цагт бүх л төхөөрөмж тодорхой хэмжээгээр тооцоолох хүчин чадал шаардах бөгөөд тэдгээр үүргийг чип, хагас дамжуулагчид гүйцэтгэдэг. Ингээд харвал хэн чип, хагас дамжуулагч үйлдвэрлэнэ түүнд хүч бий гэсэн үг. Энэ жил болох олон сонгуулийн дам нөлөө технологийн салбарт яаж тусахыг хамтдаа харцгаая.



Улс орнуудын өрсөлдсөн өөр нэгэн салбар нь сансрын технологи байв. Уг өрсөлдөөн өнгөн талдаа зөвхөн технологийн өрсөлдөөн мэт харагдавч цаад талдаа сансрын уудамд байх орон зай, эрдэс баялгийг хэн захирахаа үзэх тулаан юм. Харин өнгөрөгч онд энэ тулаанд нэгэн шинэ тоглогч хүч түрэн орж ирсэн нь Энэтхэг байлаа.

Энэтхэгийн Чандраян хөлөг өмнө нь хэний ч хүрч чадаагүй байсан, Сарны өмнөд туйл дээр зөөлөн газардав. Дэлхий дээрх газрын төлөө улс гүрнүүд хэрхэн тэмцэлддэгийг бид харж байна. Тэгвэл ойрын ирээдүйд сансар гэх аугаа орон зайны төлөө яаж тэмцэх бол?



Задгай сансар улс орнуудын газар нутгаа тэлэх орон зай төдийгүй аялал жуулчлалын шинэ талбар. Энэ орон зайг олж харан хоёр арваны турш хөгжүүлэлтээ хийсэн Virgin Galactic анхны төлбөртэй сансрын аяллаа 2023 онд амжилттай зохион байгуулав. Ингэснээр бид зөвхөн дэлхий дотроо аялах бус сансарт аялахад нэг шатаар ойртлоо. Тасалбарын мөнгөө одооноос эхлээд хураая даа.



Сарыг эзэгнэх, сансарт аялахаас өөр ямар галзуу мөрөөдөл байж болох вэ? За байз. Ангараг гараг руу нүүх үү? Яг л энэ мөрөөдлийг бодит болгох SpaceX-ийн Starship хөлгийн анхны хоёр туршилтын нислэг өнгөрөгч онд тохиов. Хэдий хүлээсэн үр дүнд хүрээгүй ч хүн төрөлхтөн тэртээ холыг мөрөөдөж, түүнийхээ төлөө үйлдэл хийж байна гэдэг бахархам хэрэг биш гэж үү?



“Сансрын” зүйлс ярихаа түр зогсоож, өдөр тутмын сэдэв рүү оръё. Дэлхий дахинаа 250 сая орчим төлбөртэй хэрэглэгчтэй, стрийминг үйлчилгээний загалмайлсан эцэг Netflix нэг хаягаар олон хүн үзэж буй явдлыг таслан зогсоох олон арга хэмжээг авсаар ирсэн түүхтэй.

Тэд энэ удаа олон байршлаас нэг хаягаар ордог явдлыг “жинхэнээсээ” зогсоохоор шийдэв. Мэдээж үзэгчид энэ шийдвэрийг таатай хүлээж аваагүй. Гэхдээ өнөөх л цар тахлын нөлөөгөөр бусад томоохон компаниуд бүгд стрийминг үйлчилгээ рүү шууран орсноор Netflix байр суурь, ашиг орлогоо хамгаалахаар ингэж шийдсэн нь ойлгомжтой.



Хэрэглэгчдээ бухимдуулах ч ашиг орлогоо нэмэхийн тулд томоохон өөрчлөлт хийсэн нь зөвхөн Netflix биш. Тэргүүлэх олон нийтийн сүлжээний нэгт тооцогддог Reddit мэдээллээ бусад платформ руу дамжуулах (API) үйлчилгээнийхээ үнийг нэмснээр тус платформ дээр суурилсан Apollo тэргүүтэй аппууд модоо барив. Ер нь олон нийтийн сүлжээ хаанаас орлогоо олох ёстой юм бэ? Энэ асуултын хариултыг олохоор бүх л компаниуд үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгаав бололтой.



Илүү их мөнгө олох тухай нэгэнтээ ярьж эхэлснээс хойш Twitter буюу одоогийн X-ийг дурдах нь зүй. Учир нь Х-ийн шинэ эзэн нэгэн цагт олны танил эсвэл “чухал” хүмүүсийн эзэмшдэг байсан, сошиал сүлжээний “Алтан гадас” одонтой дүйцэх цэнхэр тэмдгийг зарж эхлэв. Эхэндээ хүн бүр энэ санааг муулж байсан ч эцэстээ Фэйсбүүк, Инстаграм мөн л цэнхэр тэмдгээ зарах болсон юм. Энэ утгаараа өнгөрсөн онд олон нийтийн сүлжээний түүхэнд цоо шинэ бүлэг эхэлсэн гэхэд буруудахгүй.



Жиргээний хүндхэн цаг үеийг далимдуулж Meta өрсөлдөгч платформыг бүтээсэн нь Thread байлаа. X, Инстаграм хоёрын нийлбэр гэж хэлж болох уг платформ нээлтээ хийсэн даруйдаа шинэ хэрэглэгчийн тоогоороо түүхэн дээд амжилт эвдсэн ч удалгүй хөөс нь хагарсан юм. Хэдий тийм ч Thread ар томтой гэдгийг мартаж болохгүй. Meta компанийн аль нэг үйлчилгээг ашигладаг хэрэглэгчийн тоо 3.59 тэрбум. Тус компани дэлхий даяарх нийт интернэт хэрэглэгчдийн 77 хувьтай ямар нэг байдлаар холбоотой гэсэн үг. Аварга гэж үүнийг л хэлэх байх.



Аваргуудын нэг TikTok-ийн хувьд урьдын адил амаргүй жил байлаа. Хэдий сар тутмын идэвхтэй нэмэгдэж хэрэглэгчийн тоо 1,7 тэрбумд хүрсэн ч тэднийг чиглэн ирэх Барууны томоохон хууль тогтоогчдын дайралт үргэлжилсээр л.

Товчхондоо, Хятад компанийн хөгжүүлж буй тус платформыг өсвөр үеийнхэн хэдийнээ голлох цахим сүлжээний сувгаа болгож, мэдээлэл хүлээн авах анхдагч эх сурвалжаа болгож буй нь Америкийн удирдагчдад таалагдахгүй байгаа юм. Зүгээр л нэг апп улс гүрний аюулгүй байдалд заналхийлэх хүчтэй болдог цаг үед амьдарч байна даа.



Улиран одож буй 2023 оны өнгийг хиймэл оюун ухаан тэр чигт нь тодорхойллоо. Тэр дундаа хамгийн алдартай модель болох GPT-4 бүхний анхааралд өртөв. Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай харьцаж сурахаас гадна эдгээр технологийн учруулж болох аюулыг таамаглах, таслан зогсоох гэрийн даалгавартай болсон юм. Элон Маск тэргүүтэй салбарын мэргэжилтнүүд GPT-4-өөс хүчтэй загварыг ойрын зургаан сарын хугацаанд хөгжүүлэхгүй байхыг ч уриалж байв. Тэгэхээр энэ технологи тоглоом биш бололтой шүү.



Элон Маскыг нэгэнтээ бичсэн учир түүний ээлжит бүтээл болох Tesla Cybertruck-ийг дурдахгүй өнгөрч үл болно. Хамгийн анх 2019 онд танилцуулж байсан тус төмөр хүлэг эцэст нь дөрвөн жилийн дараа захиалагчдынхаа гарт хүрч эхлэв. Эхний хувилбараасаа загварын хувьд бага зэрэг зөрүүтэй ч үнийн хувьд нэлээн өндөр байсан юм. Хэдий энэ нь муу мэдээ ч Элон Маск, Tesla-ийн үнэнч дэмжигчдэд нөлөөлөхгүй бололтой. Элон Маск 2025 он гэхэд жил бүр 250,000 ширхэг Cybertruck үйлдвэрлэнэ гэж таамаглаад буй.



Эргээд хиймэл оюун ухааны сэдэв рүүгээ оръё. OpenAI-ийн Гүйцэтгэх захирал Сэм Алтманы албан тушаалтай холбоотой шуугиан арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийн турш үргэлжлэв. Хэрэг явдал OpenAI-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гэнэтийн шийдвэрийн дагуу Сэм Алтман ажлаа хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлсэн юм.

Тус үйл явдлаас хэдхэн хоногийн дараа тэрээр OpenAI-ийн томоохон хөрөнгө оруулагч, урт хугацааны хамтрагч Microsoft-д орохоор болтол, нөгөө талд OpenAI-ийн ажилчид хуучин захирлаа буцаан авчрах хүсэлт гаргаж, үл зөвшөөрвөл үй олноороо ажлаасаа гарахаа ч мэдэгдэв. Ингээд технологийн салбарыг хэдэн хоногийн турш суудал дээр нь өндөлзүүлсний эцэст Сэм Алтман эргээд хуучин ажилдаа орсноор уг сэдэв хаагдсан билээ. Энэхүү дуулианы ачаар түүний нэр хүнд нэмэгдсэн нь тодорхой. Зарим нь түүнийг энэ цаг үеийн Стив Жобс ч гэж байв.



Microsoft хэдий OpenAI-ийн 49 хувийг эзэмшдэг ч бүх хөзрөө айлд өгсөнгүй. Өөрсдийн хиймэл оюун ухаант чатбот болох Microsoft Copilot-ийг танилцуулав. Бүтээмж нэмэгдүүлэх зорилготой уг чатбот нь Word, Excel, PowerPoint зэрэгт байршиж, шинэ технологийн хүчийг уламжлалт программуудад авчрах аж.



OpenAI, Microsoft гэх хүчтэй хоршлын эсрэг магад хамгийн боломжит өрсөлдөгч нь Google. Тэд ч хиймэл оюун ухааны салбарт ихээхэн боломж харсан бололтой, 2023 онд Bard нэртэй чатбот, Gemini нэртэй моделио танилцууллаа. ChatGPT-г ихэнх хэрэглэгч Google-ийн оронд хайлтын систем байдлаар ашиглаж буй нь гарцаагүй тэдний санааг зовоож, энэ салбарт хөрөнгө мөнгө, хүний нөөцөө хаяхад хүргэв. Харамсалтай нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр Gemini-ийн танилцуулгын үеэрх бичлэг нь хуурамч буюу тодорхой хэмжээнд завсар оруулсан болох нь тогтоогдсон юм. Гэхдээ л тус бичлэг хиймэл оюун ухааны чадамжийг шинэ өнцгөөс харуулсан нь сайшаалтай.



Хиймэл оюун ухааны салбарт зөвхөн текст суурьтай чатботууд ноёлсонгүй. Зураг бүтээгч Midjourney-ийн VI хувилбар олны хүртээл болж, хиймэл оюун ухааны бүтээх боломжтой зургийн хил хязгаарыг дахин тэллээ. Их сонгуулийн жил хэмээгдэж буй энэ онд эдгээр ахисан түвшний хиймэл оюун ухаанууд хэрхэн улс төр, нийгэмд нөлөөлөхийг та бид харах болно. Хуурамч зураг, бичлэгүүд айсуй!



Хиймэл оюун ухаан зөвхөн интернэтээр хязгаарлагдахгүй болохыг баталсан компани бол Humane. Тэдний бүтээсэн Ai Pin нэртэй жижиг төхөөрөмжийг энгэртээ зүүснээр та өөрийн гэсэн туслахтай боллоо л гэсэн үг. Уг туслахтайгаа зөвхөн дуу хоолойгоор бус гарын алга дээр тусах тусгалаар ч харьцаж болно.

Ямар ч технологи хэрэглэхэд хялбар, саад багатай байж гэмээнэ олны хэрэглээнд нэвтэрдэг жамтай. Тэгвэл хиймэл оюун ухаан бидний амьдралд нэвтрэх хэлбэр нь магадгүй ухаалаг утас, компьютер биш Ai Pin шиг нэмэлт төхөөрөмж байхыг үгүйсгэхгүй. Ухаалаг утас ч гэсэн нэгэн цагт энэ төхөөрөмж шиг л “харийн” бас “инээдтэй” санагдаж байсан биш гэж үү?



Өнгөрсөн он зарим компаниудын хувьд аугаа үсрэлтийн жил байсан ч заримынх нь хувьд хар дарсан зүүд мэт байлаа. Omegle-ийн үүсгэн байгуулагч тус платформын зүй бус хэрэглээ, үргэлжлүүлэн авч явахад үүсэх хэт их стресс зэргээс нь болж хаах шийдвэрийг гаргав. Түүнчлэн, ялангуяа өсвөр насныхны дунд алдартай, байршлаа хуваалцдаг Zenly орлого олох загвараа олоогүй гэдэг шалтгаанаар мөн л хаалгаа барьсан юм.



Технологийн салбарын зүрх нь цохилдог Цахиурын хөндийн томоохон банкнуудын нэг Silicon Valley Bank дампуурлаа зарлав. Удирдлага, зохион байгуулалтын алдаанаас болж 40 жилийн настай, 2022 оны санхүүгийн жилд 200 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан тус компани дампуурч, Америкийн түүхэнд гурав дахь, 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн том банкны дампуурлаар нэрлэгдсэн юм.



Санхүүгийн асуудал зөвхөн компаниудад ч тулгараад зогссонгүй. Технологийн салбарын мэргэжилтнүүдийг ч дайраад гарав. Цар тахлын дараагаас эхэлсэн “Их цомхотгол” өнгөрсөн жил ч үргэлжилж, дэлхий даяар технологийн салбарын 260,000 ажилчин ажлаа алджээ. Энэ тоо 2022 онд 165,000 байсан юм. Хамгийн олон ажилтнаа цомхотгосон компаниудыг Amazon (27,400), Meta (21,000), Google (12,100) гэсэн компаниуд тэргүүлж байна.



Нэг талд ажилчдаа цомхотгосон бол нөгөө талд томоохон компаниуд нэгдэн нийлэв. Тод жишээ нь, Microsoft цахим тоглоомын тэргүүлэгчдийн нэг Activision Blizzard-ийг 69 тэрбум ам.доллароор худалдан авсан явдал байлаа. Удаан хугацааны тохироо, эрх баригчидтай хийсэн хэлцлийн үр дүнд уг худалдан авалт амжилттай болж, Microsoft-ийн цахим тоглоомын нөлөө улам бүр ихэссэн юм.



Гэхдээ бүх тохироо амжилттай болсонгүй. Бүтээлч салбарын программууд хөгжүүлдэг Adobe компани өөрсдийн Photoshop-той төстэй Figma-г 20 тэрбум ам.доллаар худалдан авах санал гаргасан ч монополын эсрэг журмын дагуу эцэслэж чадаагүй юм. Эцэстээ “ажил удсан” хэмээн Figma-д 1 тэрбум ам.доллар төлснөөр уг хэлцэл түүх болон үлдэв.

Дурдаад барамгүй олон үйл явдал болсон жил өнгөрлөө. Технологийн нөлөөлөл жилээс жилд томорч, эцэстээ улс гүрний аюулгүй байдалд ч заналхийлэх хэмжээнд хүрэв. Эсрэгээрээ сайн үр дүнгүүд ч гарч байна. Хүн төрөлхтөн бид хөгжин дэвшиж, зөвхөн дэлхий дээрээ сайхан амьдрах бус сансарт амьдрах өдөр ч ойртсоор. Энэ бүгдийг боломжтой болгож буй технологийн салбарыг магтан дуулъя.