Жил хүрэхгүй хугацааны өмнө Midjourney, DALL-E зэрэг бүтээлч хиймэл оюун ухааны (Generative AI) хэрэгслүүд бий болж хүн бүр төсөөллөө бодитоор бүтээх боломжтой болсон билээ. Хиймэл оюун ухаанаар бүтсэн зургууд интернэтийн булан тохой бүрийг эзэгнэж, уран зургийн тэмцээнд түрүүлж, өнгөрснийг дүрсэлж, ирээдүйг ч таамаглах болсон. 

Гэхдээ уг үзэгдэл тур зуурынх байсангүй. Учир нь томоохон компаниуд хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг маркетинг, зар сурталчилгаандаа ихээр ашиглах болжээ. 

Хиймэл оюун ухаан зар сурталчилгааны салбарт 

  • Өдгөө Дэлхийн нийт зар сурталчилгааны зах зээлийн 45 хувийг хиймэл оюун ухаан ашигласан зар сурталчилгаа эзэлж буй.
  • 2032 он гэхэд хиймэл оюун ухаан нийт зар сурталчилгааны орлогын 90 хувь буюу 1,3 их наяд ам.долларын орлогод ямар нэг байдлаар хамааралтай болно.
  • Дэлхийн хамгийн том зар сурталчилгааны групп компани WPP хиймэл оюун ухааны салбарт тэргүүлж NVIDIA-тай хамтралаа зарлав. Ингэснээр тус компанийн уран бүтээлчид контент бүтээхдээ хиймэл оюун ухааныг түлхүү ашиглах юм.
  • Google, Meta зэрэг аваргууд хиймэл оюун ухаан ашиглан зар сурталчилгаа бүтээх платформын туршилтын хувилбараа хэдийн хэрэглэгчдэд хүргээд буй.

Яагаад хиймэл оюун ухаан гэж? 

Зар сурталчилгаа буюу та бидний өнөөдөр өдрийн хоолондоо юу идэхээс эхлээд хаана амьдарч аж төрөхөд хүртэл нөлөөлж байдаг салбарт хиймэл оюун ухаан нэвтэрснээр дараах давуу талтай.

Илүү бүтээмж: Бизнесийн байгууллагын хувьд бүтээмж өндөр байх тусам ашиг, орлого өндөр байдаг. Хэрэв хиймэл оюун ухаан үнэхээр л хүнийг орлож, шаардлагатай контентыг бүтээж чадвалямар ч бизнесийн байгууллага илүү хямд, хурдан энэхүүтехнологийг сонгох биз ээ.

Илүү сонголт: Жишээлбэл, нэгэн аялал жуулчлалын компани Хөвсгөл нуурын зурагтай постер хийхийг хүслээ гэж бодъё. Энэ тохиолдолд гэрэл зурагчдын авсан Хөвсгөл нуурын зургуудаас сонголтоо хийх хэрэгтэй болно.Тэнд хэдэн зуун сонголт бий. Харин хиймэл оюун ухаан ашиглавал камерын байршлаас эхлээд нуурын мандал дэр тусах нарны тусгалаас эхлээд бүхнийг өөрчлөх боломжтой.

Илүү ухаалаг: Асар олон зар сурталчилгаа бий болсон энэ үед хэрхэн тухайн хэрэглэгчид өөрт нь тусгайлан зориулсан зар сурталчилгаа хүргэж, сэтгэлийг нь хөдөлгөн борлуулалт хийх вэ гэдэг нүдэнд үл үзэгдэх тулаан өрнөж буй. Бид фейсбүүк дээр контент бүүст хийхэд хүрэх хүмүүсийн нас, хүйс, сонирхол зэргийг сонгож болдог нь үүний нэг жишээ билээ. Энэ тулаанд ялалт авчрах боломж буюу анхнаас нь хэрэглэгч бүрд тохирсон контентыг хормын зуурт бүтээх чадамж, боломж хиймэл оюун ухаанд бий.

Бодит жишээ 

Нийтлэлийн эхлэлд амласан ёсоор хиймэл оюун ухааныг зар сурталчилгаандаа бодитоор ашиглаж буй жишээнүүдтэй танилцъя.

COCA-COLA

Бүтээлч хиймэл оюун ухаан болон орчин цагийн дижитал эффектүүдийг ашиглан тун сонирхолтой сурталчилгаа бүтээснийг үзэж сонирхоорой. Бараг л маркетинг хэрэггүй мэт санагдах Coca-Cola шиг түмний танил брэнд хүртэл энэ чиглэлд хүчээ зарцуулж буй нь зүгээр л уйдсандаа хийсэн зүйл биш болов уу.


unitel


Моод Монголоор дуусдаг цаг ард хоцорчээ. Учир нь наймдугаар сарын 15-ыг дуустал 50GB датаг тал үнээр нь авах боломжийг бүрдүүлж буй Unitel өмнөх жилийн зураг болон дүрс бичлэгээ хиймэл оюун ухаан ашиглан сайжруулж, цоо шинэ өнгө төрхтэй болгожээ. Монгол залуусын бүтээсэн уг зар сурталчилгааг бүтнээр нь үзэж, хиймэл оюун ухааны хүч чадлыг мэдрээрэй.

Тэд зургаа бүтээхдээ Midjourney + Stable Diffusion, дүрс бичлэгээ бүтээхдээ Kaiber гэсэн хэрэгслүүдийг ашиглажээ.


HEINZ


Rethink бүтээлч агентлагаас DALL-E хиймэл оюун ухаан ашиглан кетчуптэй холбоотой зургууд бүтээж үзээд нэгэн сонирхолтой зүйлийг олжээ. Тодруулбал, тэд хиймэл оюун ухаанд ямар ч команд өгсөн кетчуп гэсэн үг орсон л бол Heinz брэндийн кетчуптэй тун төстэй үр дүнгүүд гарч байсан гэнэ. Ийнхүү тэд Heinz-тэй хамтарч кампанит ажил өрнүүлэв. Олон нийт ч гэсэн хиймэл оюун ухаан ашиглан кетчупийг олон төрлөөр бүтээж, тэдгээрийн шилдэг нь тус кампанит ажилд багтжээ.


Pepperoni Hug Spot

Pizza Later нэртэй нэгэн жиргээчийн бүх зүйлийг нь хиймэл оюун ухаан ашиглаж бүтээсэн уг сурталчилгаа Элон Маскийн талархлыг хүртэл хүртэж чадсан юм. Тэрээр уг зар сурталчилгаандаа ашигласан бүх хэрэгслүүдээ нээлттэй зарласан бөгөөд уншигч та ч гэсэн туршаад үзэх боломжтой.

Зохиол: GPT4
Зураг: Midjourney
Дүрс бичлэг: Runway Gen2
Дуу оруулалт: Eleven Labs
Ая: SOUNDRAW