Апп тойм булангийн ээлжит дугаартаа нэгэн боловсролын платформыг онцолж байна. Апп биш платформ гэсэн нь ч учиртай. Өнөөдрийн гол дүр eSchool нь дотроо гурван апп, гурван системийг агуулсан, боловсролын оролцогч тал бүрд үнэ цэн, тус дэмээ өгөх нэгдсэн платформ. Одоогийн байдлаар тус платформыг нийтдээ 200 гаруй сургууль, 180 мянга сурагч өдөр тутамдаа ашиглаж байгаа юм.
2022 онд Дижитал Эдү Менежмент ХХК нь 10 орчим жил сургууль удирдлагын цахим системийг хөгжүүлж буй Номч Ай Ти Консалтинг ХХК-тай нэгдсэнээр eSchool платформын суурь тавигджээ. Ийнхүү тэд сурах, сургах үйлийг илүү ухаалаг болгохоор төрөл бүрийн системүүдийг зах зээлд нэвтрүүлж эхлэв.
Тэдгээр системүүдээс өнөөдрийн нийтлэлдээ гурван аппыг нь онцолж байна. Та өөрөө боловсролын байгууллагат ажилладаг эсвэл таны хүүхэд сургууль, цэцэрлэгт явдаг бол дуустал нь уншаарай. Хэргээ өгөх мэдээлэл олж авна гэдэгт эргэлзэхгүй байна.
Багшид зориулсан eTeacher
Багшид зориулсан eTeacher
Ирцээ журнал дээр бүртгэж, гэрийн даалгавраа самбарт эсвэл олон нийтийн сүлжээнд бичиж, дүнг нь мөн л цаасан дээр буулгадаг цаг ард хоцорчээ. Энэхүү аппыг ашигласнаар багш нарын ихэнх цагаа зарцуулдаг механик ажлууд 70 хувь хүртэл буурах гэнэ. Ингэснээр багш нарын амрах цаг уртсаж, хичээлийн агуулгадаа анхаарах цаг ихсэж, сурагч нартайгаа ч илүү тулж ажиллах боломж бүрдэх сайн талтай.
Аппаас багш нар өөрийн хичээл орох ангиудын хуваарийг харж, ирцээ бүртгэж, сурагч, эцэг эхчүүдтэй товлосон уулзалтуудаа харах боломжтой. Хичээл тус бүрд суух сурагчдын мэдээлэл, холбоо барих хаяг, илгээсэн гэрийн даалгавар болон түүний оноо, хүмүүжил гэсэн мэдээллийг мөн харж болно. Эцэг эх, сурагчдаас илгээсэн чөлөөний хүсэлтэд хариу өгөх функц магад хамгийн өндөр хэрэглээтэй байх.
Хамгийн гол нь эцэг эхэд зарлал хүргэж, шаардлагатай тохиолдолд зурвасаар харилцаж болох буюу фэйсбүүк бүлгэмд нийтэлж, чат бичиж, хэн хэнийхээ хувийн орон зайд орох шаардлагагүй гэсэн үг.
Эцэг эхэд зориулсан eParent
Бусад аппаасаа хамгийн олон функцтэй нь eParent. Хэрэглэгч нэр дээр хэдэн ч хүүхэд нэмж болох бөгөөд баталгаажсан хүүхэд бүрийн хичээлийн хуваариас эхлээд ирц, дүн, үдийн хоол хүртэлх бүх л шаардлагатай мэдээллийг харж болно. Сургуулийн автобусанд суусан, буусан, цаашлаад автобус хаана явж байгааг хүртэл мэдэж болох нь түгжрэл ихтэй энэ цаг үед тун хэрэгтэй болов уу.
Мөн хүүхдийнхээ төлбөрийн картыг цэнэглэх, үдийн хоолны мөнгийг байршуулах, сургалтын төлбөрийн үлдэгдлээ ч энэ аппаар төлөх боломжтой. Ирц болон гэрийн даалгавар хийсэн байдал, дүн зэргийг хичээл, улирлаар нь шүүж харах хэсэгтэй тул дэвтэр шалгадаг, багшаас нь лавладаг цаг ард хоцорчээ. Аппаараа чөлөөний хүсэлтээ ч мөн илгээж болох тул заавал багш руу залгах эсвэл зурвас илгээх шаардлагагүй.
Мэдээж сургууль болон багш нарын зүгээс хийх мэдэгдэл, зарлалыг харах, санал хүсэлтээ илгээж болно. “Гараас гарт” функцийн тусламжтай эцэг, эхчүүд сургуулийн эргэн тойронд ирснээ аппаараа сурагч болон багшид мэдэгдэж, заавал машинаа зогсоолд заавал байрлуулан өөрийн биеэр сургууль руу оролгүй хүүхдээ авч болох юм.
Сурагчид зориулсан eStudent
Сурагч аппаасаа хичээлийн хуваарь харах, багшийн мэдээлэлтэй танилцах, гэрийн даалгавраа зургаар оруулах, дүн гарсан тохиолдолд дүнгээ харж болно. Дүнгээ хичээл болон улирлаар шүүж харснаар өөрийн өсөлтөө хэмжих, сайжруулах ёстой талуудаа ч мэдэж болдог нь сонирхолтой санагдав.
Мөн эцэг эхийнхээ цэнэглэж өгсөн дүнгээр өдрийн хоол болон автобусны төлбөрөө төлж болно. Хоолны цэс харах, автобусны байршил харах, сургууль болон багшийн зүгээс хийсэн мэдэгдэлтэй танилцах, төрөл бүрийн дугуйлангийн хуваарьтай танилцах гээд сурах үйлд нь хэрэгтэй бүх функц багтжээ.
Түүнчлэн аппаа ашиглаад тухайн өдрийн сэтгэл санааны байдлаа бүртгэх, шаардлагатай тохиолдолд сургуулийн эмч, сэтгэл зүйчтэй уулзах цаг авах, ЭЕШ-аас эхлээд англи хэл хүртэлх олон төрлийн хичээл үзэх зэрэг нэмэлт функцүүдийг дурдахгүй өнгөрч үл болно.
Unread хэдэн оноо өгөх вэ?
Платформ хөгжүүлнэ гэдэг хэцүү даалгавар ч платформыг амьтай байлгана гэдэг түүнээс ч хэцүү даваа. Ялангуяа багш, эцэг эх, сурагч, сургууль гэсэн олон талыг оролцуулсан, төрөл бүрийн функцтэй платформын хувьд нэвтрүүлэх ажил хүндхэн байх нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч тэд энэ асуудлыг бүрэн шийдэж, eSchool боловсролын нэгдсэн платформыг хэрэглээндээ нэвтрүүлж буй сургуулийн бүх оролцогч талуудад нь сургалтууд орж, зааж сургадаг нь онцлууштай.
Өмнө нь дурдсан уламжлалт арга барил, цаасан системээс цахим руу шилжихэд eSchool-ийн бусад системүүд болох LXP (Сургуулийн удирдлагын систем), LMS (Суралцахуйн удирдлагын систем), ERP (Сургуулийн үйл ажиллагааны систем) зэрэг тус болох нь дамжиггүй. Мөн тэд сурагчийн карт, сургуулийн ухаалаг хаалга, хоолны киоск, автобусны карт уншигч зэрэг бүтээгдэхүүнтэй.
Ингээд үзвэл тэдний хувьд боловсролын нэгдсэн платформ бий болгох програм хангамж, тоног төхөөрөмж хэдийн бэлэн аж. UX/UI, ажиллах хурд, функц, хэрэглээ зэргийг үнэлэн 10-аас 8 оноо өгч байна. Ирэх жил энэ оноо улам нэмэгдэнэ биз ээ.
Сэтгэгдэл бичих