Өнөөдрөөс хоёр сарын өмнө хэрэглээнд нэвтэрсэнiOS 17.2 хувилбарт нэгэн шинэ апп багтсан нь Journal байв. iPhone хэрэглэгчдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой уг апп нь үнэ төлбөргүй бөгөөд Music, Health, Photos зэрэг аппуудын адилаар Apple-ийн зүгээс хөгжүүлж буй ээлжит апп юм.
Тэмдэглэл
Цар тахлын үеэр дэлхий нийтээр сэтгэцийн эрүүл мэнд, өөрийгөө танин мэдэх зэрэг сэдвүүд эрчийг авав. Энэ төрлийн сэдэвтэй хэзээ ямагт хамт яригддаг ,хувь хүний хөгжлийг үлэмж тэтгэх дадал бол гарцаагүй бичих, тэр дундаа өдрийн тэмдэглэл хөтлөх. Уг үйлийн эерэг үр дүнгүүдээс дурдахад:
Сэтгэл гутралын шинж тэмдгийг бууруулах: Сөрөг бодлоо цаасан дээр буулгах нь тэдгээрийг илүү бодитой үнэлэх, дүгнэх, зөв хариу үйлдэл гаргахад тусалдаг
Дархлаа дэмжих: Өдөр бүр 20 минут тэмдэглэл хөтлөх нь уушги, зүрхний ажиллагааг сайжруулж, цусны даралтыг бууруулдаг
Талархах сэтгэлийг нэмэгдүүлэх: Тогтмол бичих нь өөрт буй зүйлсдээ талархах сэтгэл төрүүлж, нойрны чанар болон сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг
Ой санамж сайжруулах: Бичих нь тархины аливаа үйл явдлыг санах, боловсруулах үйлийг дэмжиж, улмаар ой санамжийг сайжруулдаг
Бичих, тэмдэглэл хөтлөхийн давуу талуудыг дурдаад байвал дуусашгүй. Хэдий хүн бүр сайн талуудыг нь мэддэг ч өдөр бүр тогтмол бичнэ гэдэг сонсогдож байгаа шигээ хялбар дадал огт биш. Зарим өдөр бичих цаг гарахгүй, цаг гарлаа ч бичих сэдэв олдохгүй байх нь элбэг.

JOURNAL апп
Apple-ийн хөгжүүлж буй Journal апп яг л эдгээр асуудлыг шийднэ. Ухаалаг утас бидний амьдралын ихэнх мэдээллийг маань дарсан зураг, сонссон дуу, хийсэн дасгал зэргээр дамжуулан тэмдэглэн авч байдаг. Эдгээр мэдээлэл дээр тулгуурлан бичих сэдэв гаргаж, тэмдэглэлээ баяжуулах зураг, бичлэг, маршрут зэргийг багцлан санал болгож буйд уг аппын үндсэн онцлог оршино.
Яаж ашиглах вэ?
iPhone утасныхаа үйлдлийн системийг 17.2 болгож шинэчлэхэд автоматаар үнэ төлбөргүй суух уг аппыг ашиглах зарчим тун энгийн. Ямар нэгэн бүртгэл танаас шаардахгүй бөгөөд апп руу ороход өмнө нь бичсэн тэмдэглэл болон шинэ тэмдэглэл бичих товч гарч ирнэ.
Шинэ тэмдэглэл бичихдээ та бүхнийг шинээр эхэлж, тэмдэглэлээ бичээд өөрөө хүссэн зураг, бичлэг, аудио, маршрут зэргээр баяжуулж болно. Эсвэл алгоритмын (хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн тухайн төхөөрөмж дээр боловсруулах тул хувийн мэдээллээ алдах вий хэмээн санаа чилээх шаардлагагүй ) санал болгосон сэдвийн дагуу бичих боломжтой. Жишээлбэл, өчигдөр гадуур гарч зоогийн газар орсон бол тэр үеийн зураг, алхалтын мэдээлэл зэргийг нийлүүлээд “Яагаад энэ газарт хоол идэх болсон бэ?” зэрэг асуултын хамтаар санал болгоно гэсэн үг.
Давуу тал: Тэмдэглэл бичих үйлээс бичих гэдэг хэсгийг нь даацтай хөнгөвчилж буй нь хамгийн том давуу тал. Учир нь ихэнх хүмүүс тэмдэглэл бичмээр байвч оновчтой үг сонгох, өгүүлбэр найруулах, дүрэм бодох зэргээр “бичих” гэсэн хэсэг дээрээ гацчихдаг. Харин Journal аппын тусламжтай зураг, бичлэг, аудио зэргийг ашиглан заавал бичихгүйгээр тэмдэглэл хөтөлж болно.
Тэмдэглэлээ бичих сануулгаа өдөр, цагтай нь тааруулж сонордуулга хэлбэрээр авч болох нь тууштай байхад мөн л нөлөөлнө.
Сул тал: Тэмдэглэл хөтлөх хэмээх энгийн үйлдэлтэй апп учир сул тал гэж бараг л байхгүй. Монгол хэлний сонголт байхгүй нь асуултаа ойлгох, сонгох зэрэгт нөлөөлж магадгүй. Өөрөөр ямар нэгэн ойлгомжгүй зүйл үгүй.

Дүгнэлт
Тэмдэглэл хөтлөх боломжтой Apple Notes, Google Keep, Notion, Evernote зэрэг тоймгүй олон апп бий. Эдгээрээс гадна Microsoft Word, Google Doc зэрэг бичгийн програмууд эсвэл хуучны сайхан аргаараа цаас, балаа ч ашиглах боломжтой. Иймд тэмдэглэл бичихэд ямар апп ашиглах нь бус тогтмол байх нь хамгаас чухал. Үүнд өнөөдрийн тоймлосон Journal апп үлэмж тусална гэдэгт эргэлзэхгүй байна.
Journal аппд өгөх үнэлгээ:
Туршлага: ⭐⭐⭐⭐
Үзэмж: ⭐⭐⭐⭐
Хүртээмж: ⭐⭐⭐⭐⭐

Сэтгэгдэл бичих

