Өчигдөр буюу тавдугаар сарын 7-нд Монголын цагаар 22:00 цагт Apple компани “Let Loose” арга хэмжээгээ зохион байгуулсан. Тодруулбал, тэд биднийг унтаж байхад цоо шинэ M4 чип болон 2022 оноос хойших анхны шинэ загвар бүхий iPad Pro, iPad Air таблет, Apple Pencil Pro зэрэг бүтээгдэхүүнээ танилцууллаа. Ялангуяа энэ арга хэмжээнд iPad хэрэглэгчдийн чих тавин сонсох олон өөрчлөлт, сайжруулалт багтсан гэдгийг онцолъё.
Ингээд олон үг нуршилгүй онцлох бүтээгдэхүүнүүдтэй танилцъя.
2023-2 дугаар сар: Биднийг унтаж байхад Самсунгийн танилцуулсан бүтээгдэхүүнүүд
2023-6 дугаар сар: Биднийг унтаж байхад Apple-ийн танилцуулсан бүх зүйлс
2024-1 дүгээр сар: Unpacked 2024: Биднийг унтаж байхад Самсунгийн танилцуулсан бүх зүйл
ЦОО ШИНЭ IPAD PRO
M4 чип
Онцлох эхний мэдээ бол цоо шинэ M4 чип. 2020 он гарахтай зэрэгцэн Apple компани М цувралын чипнүүдээ iMac, MacBook Pro, MacBook Air зэрэг Mac төхөөрөмжүүдэд хамгийн түрүүнд суурилуулдаг байсан бол энэ удаа M4 чипийг iPad-д урьтаж суурилуулснаараа онцлог байв. Уг шинэ чип нь хоёрдугаар үеийн гурван нанометрийн процесс дээр бүтээгдсэн бөгөөд илүү олон транзисторыг илүү жижиг орон зайд багтаасан аж. Хүчин чадлын хувьд хамгийн сүүлийн үеийн буюу зургаадугаар үеийн iPad Pro-д суурилуулсан M2 чипээс даруй 50 хувь илүү хурдтай ажиллах гэнэ. Түүнчлэн энэхүү чип нь Apple-ийн хамгийн хүчирхэг Neural engine-тэй бөгөөд секундэд 38 их наяд үйлдэл хийх чадвартай. Эдгээр үзүүлэлт нь шинэ iPad Pro-г хиймэл оюун ухаанд зориулсан гайхалтай хүчирхэг төхөөрөмж болгож байгаа юм.
Ultra Retina XDR дэлгэц
iPad Pro загвар дээр Apple 2021 онд M1 чип болон мини-LED дэлгэцийг нэмсэн бол 2022 онд M2 чип, ProRes дүрс бичлэг, Wi-Fi 6E-ийг дэмжих чадалтай болж байв. Тэгвэл энэ удаа Apple мини-LED дэлгэцийн оронд OLED хавтанг ашиглаж байгаа бөгөөд шинэ iPad Pro-д зориулан дэлхийн хамгийн дэвшилтэт дэлгэц болох Ultra Retina XDR-ийг бүтээжээ. Дэлгэцэндээ хоёр OLED хавтанг ашигласан нь илүү тод харах нөхцөлийг бүрдүүлж байгаа ба 1000 болон 1600 тодролтой (нит) гэнэ. Энэ нь iPhone 15 загваруудтай яг ижил гэсэн үг юм.
Apple-ийн хамгийн нимгэн төхөөрөмж
11 инчийн загвар нь ердөө 5.3 мм, 13 инчийн загвар нь 5.1 мм-ийн нимгэнтэй. Мэдээж өмнөх загваруудтай адил бат бөх чанараа хадгалсан төдийгүй 100 хувь дахин боловсруулсан хөнгөн цагаан материалаар хийгджээ. iPad Pro энэ удаа мөнгөлөг саарал болон сансрын хар гэсэн өнгөний сонголттойгоор, 11 инч нь 999 ам.доллар, 13 инч нь 1299 ам.доллараар тус тус худалдаалагдах аж. Ташрамд дурдахад, урьдчилсан захиалга энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
ИЛҮҮ ТОМ IPAD AIR
Зургаадугаар үеийн iPad Air нь iPad Pro шиг үсрэнгүй шинэчлэл хийгээгүй ч хэмжээний хувьд 11 болон 13 инчийн сонголттой болжээ.
“Оюутан, контент бүтээгч, жижиг бизнес эрхлэгч тэргүүтэй олон хэрэглэгч iPad Air-ийг авч явахад хялбар, гүйцэтгэл сайтай, боломжийн үнэтэй гэдгээр нь сайшаан сонгодог билээ. Тэгвэл өнөөдөр iPad Air улам сайжирч байна."
Apple-ийн Бүтээгдэхүүний маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Боб Борчерс
Онцлууштай нь шинэ iPad Air-ийг M2 чипээр тоноглосон бөгөөд илүү хурдан 8 цөмт CPU, 10 цөмт GPU-тэй тул өмнөх M1 чипээс даруй 40 дахин хурдтай ажиллах аж. Үнийн хувьд 11 инч нь 599 ам.доллар, 13 инч нь 799 ам.доллараар худалдаалагдана. Мөн л энэ сарын 15-ныг хүртэл урьдчилсан захиалга хийгдэх аж.
APPLE PENCIL PRO
iPad хэрэглэгчдийн хувьд уг арга хэмжээнээс сонссон хамгийн таатай мэдээ бол Apple Pencil Pro. Өмнөх үеүдээс ялгаатай хэд хэдэн сайжруулалт бий. Тухайлбал, Squeeze хэмээх шинэ функц. Эрхий болон долоовор хуруугаар үзэгнийхээ урд хэсгийг чанга баривал сонголт бүхий хэрэгслүүд гарч ирж, танд илүү хурдан ажиллах боломжийг олгох аж. Мөн Apple Pencil-ээ iPhone, iPad, Mac зэрэг бусад төхөөрөмжийн адил Find My аппаар хянах боломжтой боллоо. Үзгээ хаячих вий хэмээн дахин санаа зовох шаардлагагүй болно оо гэсэн үг. Та Apple Pencil Pro-г энэ сарын 15-наас өмнө 129 ам.доллараар урьдчилан захиалах боломжтой.
Энэ удаагийн “Let Loose” цахим арга хэмжээ 40 минут орчим үргэлжилсэн бөгөөд төгсгөлд нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Worldwide Developers Conference (WWDC) арга хэмжээний товыг ирэх зургаадугаар сарын 10-наас 14-ний хооронд хэмээн зарласан юм.
Технологийн салбарын мэргэжилтнүүд болон Apple-ийн үнэнч хэрэглэгчдийн зүгээс хиймэл оюун ухааны функцуудыг тэд хэрхэн ашиглаж, сайжруулах бол гэх өндөр хүлээлттэй байгаа. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Bloomberg-ийн зүгээс ирэх сард зохион байгуулагдах уг арга хэмжээгээр Apple iOS 18 үйлдлийн системээ танилцуулах төдийгүй үүнд хиймэл оюун ухааны шинэ боломжуудыг агуулсан байна хэмээн таамаглаж байсан юм. Мөн зарим хиймэл оюун ухааны функцийг iPhone үйлдлийн системийн дараагийн хувилбарт оруулах талаар OpenAI-тай ярилцаж байгаа гэх таамаглал ч бий. Одоо бидэнд Apple-ийн дараагийн нүүдэл юу байх вэ гэдгийг хүлээх л үлдлээ.