Үнэндээ энэ нийтлэлд “Биднийг унтаж байхад Apple-ийн танилцуулААГҮЙ бүх зүйлс” гэсэн гарчиг өгмөөр санагдаж байна. Учир нь жилээс жилд “гоё юм” танилцуулахаа байсан Apple-ийн арга хэмжээ энэ удаад доод цэгтээ хүрэв үү гэлтэй.
Камер удирдах шинэ товч, илүү том дэлгэцтэй Apple Watch-оос бусдаар онц шинэчлэлт бараг л байсангүй. Гэхдээ хоосон гэж хэлж ч болохгүй. Ямартай ч юу, юу танилцуулсныг товчлон хүргэе.
iPhone 16, iPhone 16 Plus
Өнгөрсөн жилийн iPhone 15-ийн зөвхөн Pro хувилбаруудад байсан “Action button” буюу хүссэн апп болон үйлдлээ тохируулж болох товч iPhone 16-ийн энгийн хувилбаруудад өвлөгдөн ирлээ.
Мөн дэлгэцийн хүчин чадал нэмэгдэж, 2000 нит хүртэл тод гэрэлтдэг болов. Камерын хувьд дорвитой өөрчлөлт ороогүй ч илүү өргөн (Apple's Vision Pro-д ашиглахад зориулсан) дүрс авах боломжтой автомат фокустай хэт өргөн өнцгийн дуран нэмэгджээ.
Мэдээж эдгээр утсыг шинэ үеийн A18 чипээр тоноглосон. Энэхүү чип нь есдүгээр сарын сүүлээр олон нийтэд нээлттэй болох iOS 18 үйлдлийн системийн Apple Intelligence хиймэл оюун ухааны функцүүдийг ажиллуулахуйц хүчтэй гэнэ.
Ялимгүй том цэнэг хураагуур болон эрчим хүчний хэмнэлттэй шинэхэн чипийн тусламжтай iPhone 16 (799 ам.доллар), iPhone 16 Plus (899 ам.доллар) хувилбарууд өмнөх загвараасаа илүү удаан цэнэгээ барьдаг болжээ.
iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max
Хар, цагаан, саарал, хүрэн өнгөний сонголттой эдгээр хувилбарууд 3 нанометр технологийн A18 Pro буюу энгийн iPhone 16-ийн чипээс илүү хүчирхэг чиптэй. Танилцуулгын дагуу уг хувилбаруудыг iOS 18-тай дагалдан ирэх хиймэл оюун ухааны функцүүдэд зориулан бүтээжээ.
Камерын хамгийн чухал дэвшилт нь 4К нягтшилтай, 120fps хурдтай бичлэг хийх чадамж. Дөрвөн төрлийн дуу хураагуурынхаа ачаар бичлэгийн дуу авиаг илүү олон төрлөөр бичих боломжтой болжээ. Жишээлбэл, олон хүнтэй дүрс бичиж байх үедээ зөвхөн нэг хүний дуу л бичиж болно.
iPhone 16-ийн бүх хувилбарт байх шинэхэн “Capture Button” бол утсаараа зураг авч, дүрс бичих хүсэлтэй хүмүүст хамгийн хэрэгтэй функц болов уу. Утасны баруун доод талд байх товч дээр нэг дарахад камер шууд нээгдэнэ. Удаан дарвал бичлэг хийнэ. Хоёр дарвал төрөл бүрийн тохиргоо гарч ирэх бөгөөд уг товч дээр хуруугаа гүйлгэснээр өрц нээж хаах, дүрсийг татах гэх мэт олон үйлдэл хийж болох юм.
Prо хувилбарын (999 ам.доллар) хэмжээ 6.3 инч, Pro Max хувилбарын (1,199 ам.доллар) хэмжээ 6.9 инч буюу Apple-ийн хийж байсан хамгийн нимгэн хүрээ, том дэлгэцтэй утаснууд билээ.
AirPods 4
Apple-ийн хамгийн амжилттай бүтээгдэхүүнүүдийн нэг AirPods-ийн дөрөв дэх үе гарлаа. Өмнөх үеэсээ илүү тухтай мэдрэмж төрүүлж, чихэнд илүү сайн суух энэхүү чихэвчийн гэрийг ч мөн шинэчилж, USB-C-ээр цэнэглэдэг болгов. Мөн толгойгоо дохиод дуудлага авдаг, хүнтэй ярьж буй тохиолдолд автоматаар дуу намсдаг зэрэг ухаалаг функцтэй болжээ.
Энгийн хувилбар нь 129 ам.доллар бөгөөд 179 ам.доллар төлснөөр ANC буюу дуу тусгаарлах чадамжтай хувилбарыг авч болно. Энэ бол энгийн AirPods-д дуу тусгаарлах боломж анх удаа бий болж буй явдал юм.
Харин илүү үнэтэй AirPods Pro 2-т нэгэн шинэ функц нэмэгдсэн нь сонсголын аппаратыг орлох функц байв. Хэрэглэгч өөрийн сонсголын түвшинг шалгаж, шаардлагатай бол уг чихэвчээ сонсголын төхөөрөмжийн зорилгоор ашиглаж болно.
Apple Watch Series 10
Хамгийн нимгэн хүрээ, хамгийн том дэлгэцтэй Apple Watch-ийг зарлалаа. Apple Watch Ultra-гаас ч том дэлгэцтэй болсон уг цаг шинэхэн S10 SiP чипийг ашиглаж, хиймэл оюун ухааны болон спорт, нойр, эрүүл мэндийн шинэ функцүүдийг дэмжих гэнэ. Apple Watch Ultra 2 харин илүү бат бөх, хар өнгийн сонголттой болов. Мөн титан оосрыг дурдах хэрэгтэй.
Энэ жилийн Apple арга хэмжээ энэ хүрээд өндөрлөлөө. Дараа жил биднийг улам гайхшируулах зүйл танилцуулна гэж найдаж байна. Ам ангайлгадаг байсан анхны Apple арга хэмжээнүүдийг ч санаж байна шүү.
U Unduxa 2024.09.11 202.131.226.86
Урам зориг, маш гоё түүх хуваалцсан нийтлэл болжээ сонирхолтой байлаа баярлалаа дүүдээ бүтээгдэхүүн авахад бүр нэг цаанаасаа гоё мэдрэмж төрүүлдэг брэнд