Өнгөрсөн шөнө Apple намрын ээлжит арга хэмжээгээ зохион байгуулж iPhone 15, Apple Watch 9, Ultra 2 зэргийг танилцуулав. Нийт 90 орчим минут үргэлжилсэн уг арга хэмжээнээс уншигч таны заавал мэдэх ёстой 16 зүйлийг бид өмнөх нийтлэлээр онцлон хүргэсэн билээ.

Харин энэ нийтлэлээр таны анзаараагүй үлдээсэн байх магадлалтай нэмэлт 10 зүйлийг сонирхуулъя.



iPhone гар утасны тоглоомын шинэ эринг тунхаглав

Өнөөдөр олны хүртээл болсон iPhone 15-ийн Pro хувилбаруудад байх A17 Pro чип нь дэлхийн хамгийн анхны 3 нанометр технологийн чип юм. Хурд, хүчний хослол болсон энэхүү чипийн давуу тал нь өдөр тутмын хэрэглээнд гарахаас гадна тоглоом тоглоход илүүтэй мэдрэгдэх гэнэ.

Шинээр бий болж буй энэ боломжийг тоглоом бүтээгчид ч алдалгүй ашиглаж Resident Evil Village, Assassin's Creed Mirage зэрэг зөвхөн компьютер эсвэл консол дээр тоглох боломжтой байсан тоглоомуудыг тун удахгүй iPhone-д авчрах ажээ. Зураглал, агуулгын хувьд удаан хугацаанд дорвитой шинэчлэлт ороогүй байсан гар утасны тоглоомын салбарт хувьсгалын салхи салхилав бололтой.



Apple ба Дэлхий ээжийн тэнцвэрт байдал

Дэлхий нийтээр тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол зэрэг сэдвийн талаар ярьж буй өнөө үед Apple томоохон үйлдвэрлэгч компаниуд хэрхэн нүүрстөрөгчийн ялгарлаа багасгаж, байгальдаа илүү ээлтэй байх тал дээр дорвитой алхмууд авсан байна. Энэ талаараа бүр богино хэмжээний киног ч хийж, олны хүртээл болгосон юм.

Тэдний 2030 он гэхэд бүх бүтээгдэхүүнээ carbon neutral буюу “нүүрстөрөгчийн тэнцвэртэй” байлгах зорилго тавиад буй. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ялгаруулж буй хэмжээний нүүрстөрөгчөө өөр ямар нэг байдлаар байгалиас устгаж, тэнцүүлэхийг хэлдэг. Энэ удаа арга хэмжээгээр танилцуулсан хоёр төрлийн Apple Watch уг шаардлагыг хангасан анхны бүтээгдэхүүнүүд гэдгээрээ тун онцлогтой.



Орлогоо хадгалахын тулд оролтоо солив

Европын холбоо өнгөрсөн жил 2024 он гэхэд тус холбооны нутаг дэвсгэр дээр зарагдах бүх гар утас, таблет, камер зэрэг төхөөрөмжүүдийн оролт USB-C байх хуулийг баталсан билээ. Хэрэглэгчдийн ашиглаж буй залгуурын төрлийг нэг болгох нь энэ төрлийн хог хаягдлыг багасгахаас эхлээд олон төрлийн ач холбогдолтой.

Apple-ийн нийт орлогын 25 орчим хувь нь тус холбооны улсуудаас орж ирдэг тул энэ жилээс үйлдвэрлэж буй төхөөрөмжүүдээ USB-C оролттой байлгахаас өөр аргагүй хүрсэн юм. Ийнхүү тэд энэ долоо хоногт iPhone 15-ийн дөрвөн хувилбар болон Airpods Pro Gen 2-ийг USB-C оролттой худалдаанд гаргахаа мэдэгдлээ.



Тав дахин татах дэвшилтэт дуран

Жил бүр iPhone-ий камер өмнөх загвараасаа ямагт сайжирсаар ирсэн билээ. Энэ жилийн сайжруулалтаар перископ буюу линз нь биетээр хөдөлж зүүм хийдэг камертай болно гэж олон эх сурвалж таамагласан ч уг таамаг таамгаа хараахан биеллээ олсонгүй. Гэхдээ Apple ижил технологийг ашиглан нягтшил алдахгүйгээр тав дахин зүүм хийх чадвартай линзийг танилцуулсан юм.

Мөн тэд дүрс тогтворжуулагч технологио нэг шат ахиулж, анх удаа ухаалаг утсанд гурван чиглэлд хөдөлдөг тогтворжуулагчтай болсон юм. Хэдийгээр эдгээр өөрчлөлт дуулиан дэгдээхүйц томоохон өөрчлөлт биш ч гэсэн, ирэх жилүүдийн iPhone-ий камерын хувьсгалын суурь гэж харж болно.



Apple амийг нь аварсан хүмүүсийн түүх

Энэ удаагийн арга хэмжээний эхлэлд урд өмнө нь харагдаж байгаагүй нэгэн дүрслэлийг харууллаа. Тэр нь Apple-ийн гэнэтийн ослоос хамгаалах функцийн ачаар амьд үлдсэн хүмүүсийн түүх байв. Цахим сүлжээнд алдартай болсон Rushawn хүүгийн “It’s a beautiful day” дууг ашигласан нь Emergency SOS, Crash Detection технологийн тусламжтай аюулаас аврагдсан тэдгээр хүмүүсийн түүхтэй төгс нийцэж байлаа.

Нэг талаараа бодит түүхийг өгүүлсэн ч нөгөө талаараа хэрэглэгчийн сэтгэл хөдлөл дээр тулгуурлан бүтээгдэхүүнээ борлуулах оролдлого хийсэн гэж дүгнэж болох юм.



Apple-д ашиглаагүй өнгө үлдсэн үү?

Сүүлийн хэдэн жилд Apple бүтээгдэхүүн болгон дээрээ бүх төрлийн өнгө, тэр дундаа завсрын өнгийг зоригтой ашиглаж байгаа билээ. Магадгүй ашигласан өнгө гэхээсээ илүүтэй хэрэглээгүй өнгийг тоолох нь бидэнд амар болов уу.

Өнгөрсөн шөнийн арга хэмжээгээр анх удаа ягаан өнгийн iPhone 15 болон Apple Watch-ийг танилцуулав. Олон нийтийн дунд Barbie кинотой холбоотой тус өнгийг ашигласан гэх яриа газар аваад байгаа юм. Та юу гэж бодож байна?



Apple Event 2023-ийн өнгө төрх юу байв?

Энэ жилийн арга хэмжээний өнгө, лого зэргийг олон нийт төрөл бүрээр тайлбарлаж байна. Арга хэмжээний лого дээрх тоосонцор болон Double tap control технологи нийлээд бидний мэдэх Avengers: Infinity war кинон дээр гардаг Thanos-ийн snap effect-ийг өөрийн эрхгүй санагдуулж буй. Танд ямар санагдсан бэ?

Дараа жилийн арга хэмжээ даанч хол байна даа. Тэр болтол технологийн мэдээллээ манай фэйсбүүк, инстаграм, твиттер сувгаас аваарай.