Өнгөрсөн шөнө Apple намрын ээлжит арга хэмжээгээ зохион байгуулж iPhone 15, Apple Watch 9, Ultra 2 зэргийг танилцууллаа. Нийт 90 орчим минут үргэлжилсэн уг арга хэмжээнээс уншигч таны заавал мэдэх ёстой 16 зүйлийг онцлон хүргэж байна.
Apple Watch Series 9
Энэ удаагийн арга хэмжээний салхийг Apple Watch Series 9 хагаллаа. Apple-ийн зүгээс тус цагийг илүү ухаалаг, илүү тод, илүү хүчтэй гэх үгээр тодорхойлсон бөгөөд дараах томоохон өөрчлөлтүүд оржээ.
Apple Watch Series 9: 399 ам.доллароос эхэлнэ

Double tap control: Энэ арга хэмжээний гол амин сүнс Double tap control байв. Хэрэглэгчид дуу тоглуулах, дуудлагад хариулах, мессеж бичихдээ Apple Watch-ийн дэлгэцдээ хүрэхгүйгээр эрхий болон долоовор хуруугаа хооронд нь товшиход л хангалттай. Энэхүү функц ухаалаг төхөөрөмжтэй харьцах нэгэн шинэ арга замыг нээж тэр ч утгаараа арга хэмжээний гол баатар болов.

S9 Chip: Apple Watch-ийн түүхэнд байгаагүй хамгийн хүчирхэг чип. Уг чип нь өмнөх S8 хувилбараас 60 хувиар олон буюу 5.6 тэрбум дамжуулагчтай бөгөөд хүчин чадал нь 30 хувиар илүү юм. Мөн орчин цагийн бүх зүйлд нэн шаардлагатай болсон machine learning буюу машин сургалтын үйлдэл хийх хурд нь өмнөх загвараасаа гурав дахин хурдан болжээ.

Brighter Display: Apple Watch Series 9-ийн дэлгэц дундаж ухаалаг утастай ижил 2000 nits-ийн тод учир хэт нартай үед ч дэлгэцээ харахад асуудал үүсэхгүй аж. Өмнөх загвар болох Apple Watch Series 8-ийн энэ үзүүлэлт хоёр дахин бага буюу 1000 nits байсан юм.

Ultra Wideband Chip: Apple Watch хэрэглэгчдийн нийтлэг ашигладаг функц бол Find My юм. Тиймээс Apple алга болсон төхөөрөмж ялангуяа iPhone-оо илүү хурдан олоход туслах үүднээс хоёрдугаар үеийн Ultra Wideband чипийг Apple Watch Series 9-д суулгав. Мөн тус чипийн тусламжтайгаар HomePod-той илүү сайн хоршин ажилладаг болжээ.
Apple Watch Ultra 2
Apple Watch Series 9-ийн дараа өнгөрсөн намар олны хүртээл болж, адал явдал эрэлхийлэгч хэрэглэгчдийн үнэнч туслах болсон Apple Watch Ultra-ийн хоёр дахь хувилбарыг танилцууллаа. Гадна талаасаа өмнөх хувилбараас ялгаа байхгүй ч дотоод хүчин чадлын хувьд хэд хэдэн талаар шинэчлэгдэв.
Apple Watch Ultra 2: 799 ам.доллароос эхэлнэ

Brighter Display: Зөвхөн ухаалаг бугуйн цаг ч бус, гар утас, зөөврийн компьютер гээд Apple-ийн бүтээж байсан бүх төхөөрөмж дундаас хамгийн тод дэлгэцтэй нь Apple Watch Ultra 2 юм. Тодруулбал, уг бугуйн цаг 3000 nits-ийн тод дэлгэцтэй. Өнгөрсөн жилийн iPhone 14 Pro-ийн дэлгэц 2000 nits тод гэхээр уг цаг та бидний ашигладаг iPhone-оос дор хаяж 1,5 дахин тод гэсэн үг.

watchOS: Apple жил бүр шинэ төхөөрөмж танилцуулахын сацуу тухайн төхөөрөмжийг ажиллуулдаг үйлдлийн системийн шинэчлэлийг ч мөн зарладаг уламжлалтай. Энэ удаа тэд watchOS-ийн 10 дахь хувилбарыг бүтээснээ хуваалцав. Уг хувилбарт олон widget-үүдийг давхарлан өрөх Smart Stack, Snoopy-ийн дүртэй цагны нүүр, луужингийн аппын шинэ үзэмж, сэтгэл санааны байдлаа бүртгэх функц зэрэг олон нэмэлтүүд багтжээ. Энэхүү хувилбар Apple Watch Series 4-өөс хойш гарсан бүх загваруудад энэ сарын 18-аас хойш сууна.

On-Device Siri: Apple Watch анх удаа Siri-д ирсэн, интернэт шаардахгүй хүсэлтийг өөр дээрээ боловсруулж, хариулах боломжтой болов. Ингэснээр хэрэглэгч Siri ашиглан, өөрийн эрүүл мэнд, нойрны мэдээллээ авах болон бүртгэх, шинэ дасгал эхлүүлэх, цаг гүйлгэх зэрэг боломжуудыг эдлэх нь. Мөн S9 хүчирхэг чипийн тусламжтайгаар яриаг 25 хувиар илүү оновчтой ойлгодог болжээ.

Carbon Neutral: 2030 онд бүх бүтээгдэхүүнээ Carbon Neutral буюу “Нүүрстөрөгчийн тэнцвэртэй” байдлаар үйлдвэрлэх төлөвлөгөөнийхөө хүрээнд анхны Carbon Neutral бүтээгдэхүүнээ зарласан нь Apple Watch Series 9 болон Ultra 2 загварын ухаалаг цагууд байв. Уг хоёр цаг Carbon Neutral болсноор тус бүр өмнөх загвараасаа 75 хувиар бага нүүрстөрөгч ялгаруулжээ. Аливаа бүтээгдэхүүн Carbon Neutral байхын тулд дараах гурван шалгууртай.
- Үйлдвэрлэлтэд 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигласан байх
- Нийт жингийн 30 хувийг давхин боловсруулсан эсвэл боловсруулах боломжтой түүхий эд бүрдүүлсэн байх
- Тээвэрлэлтийн 50-иас ихгүй хувьд агаарын тээвэр ашигласан байх
iPhone 15
Жил бүр ихэнх хэрэглэгчдийг сэтгэл дундуур үлдээдэг бүтээгдэхүүн бол iPhone-ийн энгийн хувилбар байдаг. Магадгүй энэ нь уг хувилбарт шинэ зүйл ховор бөгөөд өмнөх оны Pro хувилбар дээр ашигласан технологиуд түлхүү шингэсэн байдагтай холбоотой. Тэгвэл энэ жилийн iPhone 15 дээр дараах шинэчлэлтүүд орж ирлээ. Уншигч та өөрийн дүгнэлтээ хийгээрэй.
iPhone 15: 799 ам.доллароос эхэлнэ
iPhone 15 Plus: 899 ам.доллароос эхэлнэ

Dynamic Island: Өнгөрсөн жилийн намар олны хүртээл болсон iPhone 14 Pro-ийн хамгийн олны анхаарлыг татсан элемент бол Dynamic Island билээ. Уг элемент энэ удаа Pro бус энгийн хувилбарт нэмэгдэв. Ингэснээр хамгийн энгийн iPhone 15 худалдан авсан ч Dynamic Island-ийн ид шидийг мэдрэх боломжтой болж байна.

USB-C: Бүх хүний таамаглаж байснаар Lightning оролт халаагаа өгч бид залгуурын замбараагүй хэрэглээнд баяртай гэж хэлэх боломж бүрдлээ. Учир нь iPhone 15, Airpods Pro Gen 2-оос эхлэн Apple-ийн гол бүтээгдэхүүнүүд ээлж дараагаараа USB-C оролттой болж эхлэв.

iOS 17: Энэ зуны WWDC 2023 арга хэмжээгээр танилцуулсан iOS 17 үйлдлийн систем есдүгээр сарын 18-нд хэрэглэгчдийн гарт очиход бэлэн боллоо. Уг үйлдлийн системээс онцлох зүйлсэд хүссэнээрээ дизайнаараа өөрчлөх contact хэсэг, хувийн мэдээлэл, том файл амархан хуваалцах NameDrop апп, Personal Voice Tool зэрэг багтаж байна. iPhone XS болон түүнээс хойш гарсан бүх загварын утастай хэрэглэгчид ашиглах боломж нээлттэй байх аж.

Roadside Assistance: Энэ жилийн Apple-ийн арга хэмжээ эхний минутаасаа л хэрхэн тэдний бүтээж буй технологи хэрэглэгчдийнхээ амь насыг авардаг болохыг онцолж байв. Тэр ч утгаараа iPhone 15-ийн бүх хувилбарт Crash Detection, Emergency SOS функцүүдээс гадна Roadside Assistance нэртэй дугуй хагарах, түлш дуусах, хөдөлгүүр унтрах зэрэг үед тусламжийн баг илгээх автозамын тусламжийн функц нэмэгджээ.
iPhone 15 Pro
Apple-аас хамгийн өндөр хүлээлттэй төхөөрөмж бол гарцаагүй iPhone. Тэр дундаа iPhone утасны хамгийн хүчирхэг хувилбар болох Pro болон Pro Max загварууд тухайн жилдээ дэлхийн ухаалаг утасны ноён оргил, үндсэн стандартад тооцогддог нь нууц биш юм. Арга хэмжээний төгсгөлд Apple эдгээр Pro хувилбаруудаа танилцуулж, ухаалаг утасны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлов.
iPhone 15 Pro: 999 ам.доллароос эхэлнэ
iPhone 15 Pro Max: 1,199 ам.доллароос эхэлнэ

Titanium: Pro хувилбаруудын хамгийн онцлох зүйл нь титан их бие байлаа. Apple уг материалыг сансрын хөлгийг задгай сансарт гаргахуйц хөнгөн, сансарт гараад буцаж ирэхүйц бат бөх хэмээн онцолсон юм. Жин, бат бөх байдлын харьцаа хамгийн өндөртэй титан материалаар хийсэн их бие, сайжруулсан нүүрний шил, ухаалаг утаснуудад байгаа хамгийн бат бөх арын шил зэрэг нь Pro хувилбарыг эргэлзээгүй хамгийн бат бөх iPhone болгож байна.

A17 Pro: Анх удаа 3 нанометр технологийг ашигласан чип олон нийтийн хэрэглээнд нэвтэрсэн нь Apple-ийн хамгийн хүчирхэг A17 Pro чип байлаа. Энэхүү чипийн тусламжтайгаар тэд гар утасны тоглоомын дүрслэлийг дараагийн түвшинд хүргэхээ амлаж, зөвхөн компьютер, консол дээр л байдаг тоглоомуудыг гар утсанд авчрахаа зарласан юм. Мөн уг чипийн тусламжтай iPhone анх удаа USB 3.0 технологийг ашиглаж, мэдээлэл солилцох хурд үлэмж нэмэгдлээ.

Pro Camera: Pro хувилбаруудын техник хангамж (hardware), программ хангамж (software) аль аль нь сайжирсны үр дүнд кaмер нь гурван линзтэй ч долоон мэргэжлийн түвшний линзтэй мэт ажиллах боломжтой болжээ. Хамгийн том онцлог нь Pro Max хувилбар нягтшилын алдагдалгүй тав дахин татах (120mm) чадамжаараа хамгийн өндөр оптикал зүүмтэй iPhone хэмээх алдрын эзэн болов. Мөн зураг авсныхаа дараа ч хаана нь фокуслахаа хэрэглэгч өөрөө тохируулж, өөрчилж болдог болжээ.

Action button: Өнгөрсөн жилийн Apple Watch Ultra дээр танилцуулсан Action button Pro хувилбаруудын дуу хааж, нээх товчийг орлохоор болов. Хэрэглэгч уг товчийг дарж зураг авах, чийдэн асаах, орчуулга хийх зэргээр өөрийн хүссэн үйлдлээ хийх боломжтой. Энэхүү товчтой холбоотой бүх мэдээлэл Dynamic Island дээр харагдах болно.
Дараа жилийн арга хэмжээ даанч хол байна даа. Тэр болтол технологийн мэдээллээ манай фэйсбүүк, инстаграм, твиттер сувгаас аваарай.

Сэтгэгдэл бичих

