Ирээдүй гэдэг хүн бүрийн хувьд сонирхолтой сэдэв. Ирээдүйд бид нисдэг автомашин унах уу, хүн оюун бодлоо роботод хуулж мөнх амьдрах боломж бүрдэх үү, харийн ертөнцийг илрүүлж, хүн төрөлхтөн олон гараг дамнан амьдрах уу гээд асар олон асуулт бий. Эдгээр асуултын хариуг мэдэхгүй ч, ганц мэдэж буй зүйл нь технологи гэх зүйл энэхүү ирээдүйг бүтээх учиртай.
Хэрэв уншигч та сүүлийн үед технологитой холбоотой мэдээ, мэдээлэл харсан бол хиймэл оюун ухаан, ChatGPT, OpenAI, Dall-E гэсэн үгсийг харсан л байж таараа. Үнэхээр л хиймэл оюун ухаан бидний төсөөлөлд байгаа тэр ирээдүйг хамгийн хурдтайгаар бодит болгож байгаа технологиудын нэг юм.

Сонирхуулахад, хиймэл оюун ухааны хөгжил хэт хурдан байгаа гэж үзэн энэ долоо хоногт Tesla-ийн Элон Маск, Apple-ийн Стив Возняк зэрэг технологийн салбарын нэр нөлөө бүхий 1000 гаруй эрхэм “Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг дор хаяж зургаан сараар зогсоох” өргөдөлд гарын үсгээ зурсан билээ. Тэдний үзсэнээр хоёр долоо хоногийн өмнө танилцуулсан, OpenAI-ийн GPT-4-с хүчирхэг хиймэл оюун ухаанд хүн төрөлхтөн бэлэн биш байгаа аж.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН МОНГОЛД
Удаашруулахаас өөр аргагүй болтлоо хурдан хөгжиж буй хиймэл оюун ухаан Монголд яг ямар шатанд байгаа вэ? Монголчуудын хувьд 2017 оноос хиймэл оюун ухаан гэх нэршлийг финтек үйлчилгээнүүдээс сонсож эхэлсэн. Харамсалтай нь одоог хүртэл бидэнд бодит үр дүнтэй, үнэн зөв ажилладаг, жинхэнэ хиймэл оюун ухаан тийм ч олон биш байгаа юм.
Энэ удаагийн Techworm буландаа хиймэл оюун ухааныг ашиглан бодит асуудлыг шийдэж, хэрэглэгчдэд үнэ цэн бий болгож буй сайн жишээнүүдийн нэг болох araa.mn-ийг онцлохыг хүслээ.
асуудал
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 1,122,644 автомашин бүртгэлтэй байдгийн 642,315 нь нийслэл Улаанбаатар хотод байдаг аж. Монгол улс дотооддоо автомашины үйлдвэргүй тул эдгээр автомашинууд аль нэг улсаас импортоор орж ирсэн байх учиртай. 2022 онд л гэхэд Монгол улсад нийт 65,600 автомашин импортоор орж ирсний 92 хувь буюу 60,100 нь Япон улсаас орж иржээ.
Япон улсаас орж ирж буй автомашины цөөн хувь нь шинээрээ, албан ёсны эрхтэй компаниар дамждаг бол ихэнх нь хуучин бөгөөд хувь хүмүүсээр дамжин орж ирдэг. Ингэж орж ирэхдээ тухайн автомашины туулсан км, үнэлгээ, эвдрэл гэмтэл, осолд орсон эсэх зэрэг чухал мэдээллийг өөрчлөх, нуун дарагдуулах тохиолдлууд элбэг гардаг байна.
шийдэл
Дээрх асуудлаас үүдэн Японоос орж ирсэн автомашин худалдан авч байгаа хэрэглэгч тухайн автомашины талаар бодит мэдээллийг авахад, цаашлаад бодит үнэ төлж байгаа эсэхээ мэдэхэд хүндрэлтэй байдаг. Японоос орж ирж байгаа автомашин бүр дуудлага худалдаанд ордог бөгөөд тэрхүү дуудлага худалдаанд орохдоо заавал бүх мэдээллийг нь агуулсан хуудсыг бөглөдөг. Зөвхөн тэрхүү хуудсан дээрх мэдээллийг өөрчлөхөд л тухайн автомашины мэдээллийг бүр мөсөн өөрчилж байгаа хэрэг юм.
Энэ асуудлыг хиймэл оюун ухаан тэр дундаа "Image recognition" буюу зураг таних технологийг ашиглан шийдсэн үйлчилгээ бол auction.araa.mn юм. Энэхүү вебийг машин сургалт, хиймэл оюун ухаан чиглэлээр дагнан судалгаа, хөгжүүлэлт хийдэг Сентрополис компани бүтээжээ.

Сентрополисийн залуусын бүтээсэн уг вебд автомашины хувьд регистрийн дугаар гэж хэлж болох арлын дугаарыг нь оруулснаар Японы дуудлага худалдааны сайтуудад хадгалагдаж буй бүх мэдээлэл дотроос тухайн арлын дугаарыг хайн олж, автомашины бодит мэдээллийг гаргаж ирдэг. Жишээг энд дарж үзээрэй.

Хэрэв хиймэл оюун ухаан байгаагүй бол олон сая мэдээлэл дундаас өөрийн хайж буй автомашины мэдээллийг олно гэдэг өвсөн дундаас зүү олохтой л ижил боломжгүй зүйл билээ.
Энэ мэтээр хиймэл оюун ухааныг зүгээр л маркетингийн үг хэллэг эсвэл хүмүүсийн анхаарлыг татах хэрэгсэл бус, бодитоор ашиглан, хамгийн гол нь хэрэглэгч бидэнд бодит үнэ цэн бий болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ улам олширч байж л бидэнд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 64.119.24.214
Neeh surtei sanagdaagui gehdee l yahav hiij baigaa ajliig ni muulahgui baihiig hhsey amjilt husey. ‘
х хэрэглэгч 203.23.199.95
хэрэглэж үзсэн машин авч байгаа хүнд амар юм билээ. Гэм нь жоохон удаан ажиллаж байгаа харагдсан шүү.